Монгол Улсын эдийн засаг 2021 онд 1.4 хувиар өссөн гэж ҮСХ-ноос мэдээлсэн билээ. Энэ нь Монголбанкны сүүлийн төсөөллөөс гурав дахин буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн энэ долоо хоногийн даваа гарагт /2022.02.28/ Монголбанкнаас эдийн засгийн төлөв, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, ДНБ-ий өсөлтийн хэмжээ өөрсдийнх нь төсөөллөөс уруудсан шалтгаануудыг нэрлэсэн юм.
Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн төлөв, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхдөө, өнгөрсөн хугацаанд ковидын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний улмаас эдийн засаг сэргэлтийн нөхцөл байдал руу орсон төлөв байдалтай байгаа ч, цар тахлын шинэ хувилбарууд тодорхойгүй байдлыг үүсгэж ирсэн талаар хэлсэн.
Цар тахлын үеийн нөхцөл байдал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг харахад, гадаад эдийн засагт нөлөөлсөн. Худалдааны түнш орнуудын гадаад худалдаан дээр тавьж байгаа хориг болон түүнээс хамаарсан нийлүүлэлтийн сүлжээний доголдол үүссэн. Тээвэрлэлтийн үнэ өссөн нь, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөсөн зэрэг асуудлуудыг дурдсан юм.
Эдийн засгийн өсөлт хүлээлтээс муу гарахад нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар дурдахдаа, 2021 оны эхний хагас хөл хорионы дэглэмтэй байсан. Дотоод хүчин зүйлс өсөлтийг дэмжих чиглэлд үр дүнгээ өгсөн боловч, хилийн хязгаарлалт өсөлтийг хязгаарласан.
Монголбанк 2021 оны 2 сард эдийн засгийн өсөлтийг 5.8 хувь гэж төсөөлсөн. 2021 оны эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 1.4 хувь гарсан. Хөрөнгө оруулалт хүлээлтээс давж өсөлтийг дэмжсэн нь эерэг өөрчлөлт байсан.
Гэвч хөл хорио суларсан ч, өрхийн хэрэглээ хүлээлтэнд хүрч сэргэсэнгүй, хилийн боомт дээрх тээвэрлэлт удааширч, экспорт буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөгөөллийг үзүүллээ. Нийт үйлдвэрлэл болон дэд салбаруудын өсөлтийг харахад, уул уурхайн салбар, тэрдундаа нүүрсний салбар уналттай байсан нь нөлөөлсөн гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
2021 оны эдийн засгийн өсөлтийг бодит байдлаас гурав дахин өсгөж, таамагласан Төв банк энэ онд эдийн засаг 5.1 хувь өснө гэж төсөөлж буйгаа мэдэгдсэн юм.
Төв банк ийн төсөөлж буй бол Монголын банкны холбооноос гаргасан сүүлийн тоймд, 2022 онд эдийн засаг 4-5 орчим хувьд өсөхөөр байна гэж таамагласан байна.
Өсөлтийг сааруулж байгаа хүчин зүйлс нь дотоодын цар тахлын нөхцөл байдал, гадаад худалдаан дээр үүссэн гацаа зэргийг дурдаж болохоор байна. Энэ хэвээрээ импортын гацаа үргэлжлэх нь өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтийг бууруулж, улмаар үнийн өсөлт цаашид эрчимжих эрсдэлтэй байна. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд цар тахлын хүнд нөхцөлд бодит сектор нэлээд хүндэрсэн. Тус нөлөө нь ирэх жилүүдэд санхүүгийн секторт хүчтэй нөлөөлөх магадлалтай байна. Тиймээс эдийн засагт үүсээд буй хүндрэлүүдийг бодлогын түвшинд шийдэх, тохируулга хийх нь үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах ач холбогдолтой байна гэж үзжээ.
Дашрамд, ҮСХ-ны мэдээллийг сануулъя.
Үйлдвэрлэлийн аргаар тооцсон Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд оны үнээр 43 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.6 их наяд төгрөг буюу 14.9 хувь, харин 2015 оны зэрэгцүүлэх үнээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оноос 0.4 их наяд төгрөг буюу 1.4 хувиар өссөн байна.
ДНБ-ИЙ ӨСӨЛТ, БУУРАЛТ, хувиар (2015 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх оны мөн үеэс)
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 4.6 хувиар буурсны -1.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, -3.0 нэгж хувийг үйлчилгээний салбар бүрдүүлж байсан бол 2021 онд 1.4 хувиар өссөний 1.8 нэгж хувь нь үйлчилгээний салбарт, 1.3 нэгж хувь нь бүтээгдэхүүний цэвэр татварт ногдож буй аж.
Тодотгоход, Үндэсний статистикийн хороо Дотоодын нийт бүтээгдэхүүнийг НҮБ-ын Статистикийн комиссоор баталсан, олон улсын аргачлалын дагуу гурван аргаар тооцож гаргадаг.
Гурван аргаар тооцох нь илүү нарийвчлах, хооронд нь уялдаа холбоотой байлгах, алдаагүй тооцсон гэдгээ хянах боломжийг өгдөг гэж статистикчид тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг үйлдвэрлэлийн аргаар тооцохдоо буруу тооцсон байна уу гэдгээ шалгах боломж бүрддэг. Хэрэглээн дээр эсвэл орлого дээр дутуу тооцсон байна уу гэдгээ хянах боломжтой. Эцсийн ашиглалтын арга, орлогын аргаар тооцоод, уялдуулж шалгадаг. Гурван тооцоогоо баланслуулж, “Нөөц ашигласны хүснэгт” гаргадаг гэсэн мэдээллийг өгдөг.
Сэтгэгдэл ( 0 )