Улсын хэмжээнд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол эрс багассан ч улирлын томуугийн дэгдэлт оргил цэгтээ хүрлээ. Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж ор олдохгүй байгааг хүүхдээ үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх гэсэн эцэг эхчүүд хэлсээр байна. Тиймээс ЭХЭМҮТ болон Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгээс нөхцөл байдал, орны хүрэлцээний талаар сурвалжилга бэлтгэлээ.
ЭХЭМҮТ-ИЙН ҮЗЛЭГИН ДАРААЛАЛ ДҮҮРЧ,
ДҮҮРГҮҮДИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТ ОР ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА
Улсдаа ганц гэж хэлж болохуйц ЭХЭМҮТ-ийн хашаан дах авто зогсоол машин багтах зайгүй болжээ. Тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасаг болон Хүүхдийн зөвлөх поликлиник хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүдийн хөлд дарагдсан байна. Учир нь цэцэрлэгийн танхимын сургалт эхэлж, 2-3 настангууд цэцэрлэгтээ явах болсон. Тиймээс анх удаа олон нийтийн дунд орж гэрээс өөр орчинд очсон хүүхэд ханиад томуу тусах нь элбэгшжээ.
Энд голдуу нярайгаас зургаа орчим насны хүүхдүүд үзүүлэхээр эцэг эхтэйгээ цуг дугаарлаж байв. Ханиад хүрсэн, хамар нь битүүрсэн хүүхдүүд уйлагнаж, хөлд орсон нь зугтааж гүйх, аашлах мэтээр эмнэлгийн хонгилыг орилооноор дүүргэх бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ аргадаж сууцгаана.
Яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхимд хүүхдээ үзүүлэх гэж дотогш орсон эхнэрээ хүлээн суух аавуудтай таарлаа.
Иргэн Н-ийн хүү дөрвөн сартай бөгөөд хоёр хоногийн өмнөөс халуурч, гүйлгэж, ханиасан тул тэр дороо дүүргийнхээ эмнэлэгт ханджээ. Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгээс хүүг нь хэвтэх шаардлагатай гэж хэлсэн боловч ор байхгүй тул өөр тийшээ хандахыг зөвлөжээ. Мөн өрхийн эмнэлэгтээ хандахад нь 13А маягт бичиж өгсөн тул ЭХЭМҮТ-д ирсэн гэв. Түүний хажууд суух аав мөн л ижил шалтгаантай ирсэн гэж хариуллаа. Эцэг эхчүүдийн хэлж буйгаар тэд хүүхдээ халуурч эхэлмэгц өрхийн эмнэлэгтээ үзүүлэхээс гуравдугаар шатлалын эмнэлэгт очихыг илүүд үзэж байгаа аж.
Мөн дүүргийн эмнэлгүүд орны хүрэлцээгүй байгаа тул хүндэрсэн хүүхдийг шууд гуравдугаар шатлалын эмнэлэг рүү аваачиж байгаа гэв. Яаралтай тусламжийн төвөөс гараад Хүүхдийн зөвлөх поликлиник орвол хаалга хүртэл дараалал үүсжээ. Үзлэгийн өрөөний гаднах сандал дээр хүүхдээ тэврэн сууж, багтахгүй бол босч зогсох хүмүүс эмнэлгийн хонгилоор дүүрэн байв. Үүдэнд байрлах автомат төхөөрөмжөөс авсан дарааллын дугаараа барьж зогсох эцэг эхчүүдийн заримаас нь тодруулбал хүүхэд нь тоглож байгаад нүүрээ хурц ирмэгтэй зүйлээр гэмтээсэн, чих, хамар хоолойн эмчид үзүүлэх гэсэн гээд олон шалтгаанаар иржээ.
Үүн дунд амьсгалын замын халдварт өвчин туссан хүүхдүүд ч бий. Үзлэгийн цаг авахад ихээхэн төвөгтэй. Даваа-Баасан гарагийн хооронд 08.30-16.50 цагийн хооронд утсаар холбогдож үзлэгийн цаг авах ёстой боловч хүүхдээ үзүүлэх гэсэн иргэд тухайн утас руу дор хаяж 10-аас дээш удаа залгаж байж холбогддог байна. Аль эсвэл утас нь холбогдохгүй болдог тохиолдол ч байдаг аж. Зарим эцэг эхчүүдийн хэлж буйгаар Хүүхдийн зөвлөх поликлиникт үзлэгт орох дараалал зургаадугаар сар хүртэл дүүрсэн гэнэ. Мөн тархины цахилгаан бичлэгийн цаг 2023 он хүртэл дүүрсэн гэдгийг ярьж байлаа.
ХАЛУУРСАН, ГҮЙЛГЭСЭН ХҮҮХДҮҮД ЭМНЭЛГИЙН ШАЛАН ДЭЭР
ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
Хүүхдүүд ханиад нь хүндэрч хатгаа болсон тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь тодорхой. Тэднийг хүлээн авч эмчилгээ хийх хамгийн боломжит шатлалын эмнэлэг нь дүүргийн эмнэлэг байдаг. Өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн цэцэрлэгтээ явж эхэлсэн багачууд хэдхэн хоногийн дотор ханиад хүрч тэр дороо хатгаа болон хүндэрч байгааг хэлэх эцэг эхчүүд олон байна.
Ханиаж халуурч эхэлсэн эхний өдрөөс нь л өрхийн эмнэлэгтээ үзүүлж эмчилгээ бичүүлсэн ч маргааш нь гэхэд хүндэрч амьсгаа нь боогдож, цээж нь хэржигнэн хатгаа болох үзэгдэл олширчээ. Улсын хэмжээнд нэртэй томоохон хувийн эмнэлгүүд ханиад томуу нь хүндэрсэн хүүхэд хэвтүүлэх оргүй болсон байна. Иймээс эцэг эхчүүд дүүргийнхээ эмнэлэгт хандах нь эцсийн найдвар болжээ.
Биднийг Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт очиход эмчилгээгээ дуусгаад гэртээ харих гэсэн хүүхдүүд эцэг эхээрээ хувцаслуулж байв. Эмч нар орны хүрэлцээний талаар яриа өгөхөөс татгалзаж нааш цаашаа гүйлдэх бөгөөд амьсгаа ч авах завгүй харагдана. Тус дүүргийн оршин суугч залуу эцэг эх хоёр хүүхдээ шалавхан хувцаслаад гэртээ харих гэж буйтай таарлаа.
Ингээд эхнэрээс нь хэр удаж байж эмнэлэгт хэвтсэн, хүүхэд нь ямар зовуурьтай байсан талаар тодруулахад ”Хоёр хүүхдийн маань том нь цэцэрлэгт явдаг. Хэд хоногийн өмнөөс цэцэрлэгт явж эхэлсэн ч долоо хонолгүй ханиад хүрчихсэн. Гэртээ ирээд дүүдээ халдаачихсан болохоор нэг л мэдэхэд хоёулаа зэрэг гүйлгэж, бөөлжиж, өндөр халуурсан. Орой болчихсон болохоор түргэн тусламж дуудтал яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүл гэсэн. Дүүргийн эмнэлэгт ор олдохгүй байгаа нь үнэн. Бид хэд өнгөрсөн долоо хоногт шөнө хүргэгдэж ирэхэд ор байхгүй байсан. Хүүхдүүд маань эмчилгээ хийлгэх зайлшгүй шалтгаантай учраас эхний нэг өдрөө хонгилын шалан дээр гудас дэвсээд гурвуул хэвтсэн. Өдөрт цөөн хүүхэд эдгэрээд гэртээ харьж буй учраас нь маргааш орой нь тасагтаа орж ортой болсон. Хоёр хүүхэд маань ротовирусний халдвараар өвчилснийг эмч хэлсэн. Яаралтай арга хэмжээ авахгүй бол нэг л өдрийн дотор хүндэрдэг өвчин байна” гэв.
Мөн эмч нарын ярьж буйгаар орны хүрэлцээ дээд цэгтээ тулсан байна. 200 гаруй ортой тус эмнэлэгт өдөр бүр хатгаа, вирусний гаралтай ханиад нь хүндэрсэн гэх оноштой хүүхдүүд ирэх тул сүүлд ирсэн нь хонгилд хэвтэж эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй аж.
Өчигдөр шөнө хоёр хүүхэд эдгэрч гарсан болохоор одоогоор тэр хэмжээний л орны нөөц гарлаа гэхээс өөр хариулт хэлсэнгүй. Түүнчлэн хүүхдүүд цэцэрлэгт явж эхэлмэгц элдэв халдварт өвчин тусах нь элбэг. Хүүхдээ халуурч, гүйлгэж, ханиаж байгааг үл тоон эмийг нь атгуулаад цэцэрлэгийнх нь хаалгаар оруулаад харайн одох хайхрамжгүй зарим эцэг эхчүүдийн балгаар анх удаа цэцэрлэгт явсан багачууд гэдэсний халдварт өвчний вирусээр үүсгэгдсэн ханиад тусч байна.
Хүүхэд нь ханиаж, халуурсан бол өөрийн болон өрөөлийн хүүхдийн эрүүл мэндийг бодолцож эмчилгээг нь хийж эдгээсний дараа цэцэрлэгт нь явуулахгүй бол эрүүл хүүхдүүд нэмж олноороо халдвар авч эмнэлгүүдийн ачааллыг дээд цэгт нь тулгаж байна.
Үүнээс гадна иргэд хүүхдээ өвдсөн даруйд нэгдүгээр шатлалын буюу өрхийн эмнэлэгт үзүүлэх сонирхолгүй аж. Бидэнтэй таарсан эцэг эхчүүд цөм өрхийн эмнэлэгт үзүүлээгүй, шууд гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлсэн гэж байлаа. Эрүүл мэндийн тусламж үзүүлэх анхдагч шатлалын эмнэлэгт хамгийн залуу, туршлага багатай эмч нараа томилж, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаагаас үүдэн дараагийн шатлалын эмнэлгүүд үзлэгийн ачааллаа дийлэхгүй байна.
Хэрэв хороо бүрд байрлах өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээ, эмч нарын ур чадвар хангалттай сайн байсан бол гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх гэж иргэд олон өдрийн ажлаа алдаж, замын түгжрэлд бухимдахгүй.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Ий м байж бүх нийтийг эрүүл мэндийн үзлэгт хаана ямар нөхцөлд үзэж шинжлэнэ гэж ярьж мөнгө төсөв гаргадаг юм бол ,дугаарласаар байгаад хүмүүс залхах биз..харин мөнгийг нь яах болоо!!
Энэ чинь л гамшиг шдээ Эрх баригчид аа. Одоо нөгөө хөшөө барих мөнгийг эмнэлэг барих, эмнэлгийг тоног төхөөрөмжийг сайжруулахад зарцуул. Эцэг эхийн зовлон шаналлаыг буурулахад зарцуул даа.
МОНГОЛЧУД БИД ӨВЧНИЙ ҮҮР БОЛЖ ДУУСЛАА. БҮХ ТӨРЛИЙН ӨВЧИН ГАЗАР АВЧ БҮХ ЭМНЭЛГҮҮД ПИГ ДҮҮРЭН БАЙНА
Цэцэрлэгт 3 наснаас эхэлж явуулахгүй бол ийм л юм болно.