Д.Осгонбаяр: Мартагдах шахсан дарьганга, үзэмчин дуугаар цомог гаргана

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 08

Хаврын улирал ирж, анхны яргуй газрын хэвлийг түрэн яргах цагаар Олон улсын эмэгтэйчүүдийн баяр тохиодог билээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, уянгалаг хоолой, ялдам аашаар орчлон ертөнц дүүрэн гэрэлтдэг жамтай. Бүсгүйчүүдийн баярыг угтаад “Наран мандах нутаг”, “Оюу Нанаа”, “Ээлтэй хорвоо”, “Ганга нуурын шувуу” зэрэг дуугаараа олонд танигдсан Үндэсний урлагийн их театрын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Осгонбаяртай уран бүтээлийн яриа өрнүүллээ.


-Дэлхий ертөнцөд хавар айлчилж усны шувууд уринаас зорин ирэх цаг дөхөж байна. Энэ л гэгэлгэн улирлыг ямархан уран бүтээлтэй тосож байна даа?

-Миний төрсөн нутаг Сүхбаатар аймаг. Ганга нуур минь шувуудаа тосохоор цөнгөө түрж байгаа даа. Хүүхэд байхад усны шувуудаа тосон гэгэлзэж, нуураа дүүрээд ирэхэд сэтгэл хүртэл халгиад ирдэг байлаа. Ээж минь уртын сайхан дуугаа талаа дүүртэл дуулж, гөеө /эмээ/ маань ирж буй цагийг тэнгэр бурхандаа залбиран угтдаг ийм л дүр зураг сэтгэлд бууж байна даа.  Уран бүтээлч бид сэтгэлийн хөдөлгөөн ихтэй улс шүү дээ. Айлсаж буй хаврыг нэг л догдлонгуй, уран бүтээлийн олз омог ихтэй, хос цомогтой угтаж байна. Мөн энэ хавар кино концертоо гаргаж ард түмэндээ мялаалга өргөлөө.

-Ямар сайхан мэдээ вэ. Цомгийнхоо талаар танилцуулаач?

-Цомог маань нэг нь 16, 17 орчим дуутай. Нэг тал нь “Наран мандах нутаг” нэртэй, энэ цомогт зохиолын дуунууд багтсан. Нөгөө тал нь “Өөшгөө юу даа” гэдэг нэртэй. Сүхбаатар нутаг дарьганга, үзэмчин ардын дуугаараа өргөн баялаг сантай. Нутгийнхаа хүн ардын үеийн үед дуулж ирсэн, өнөө мартагдах шахсан дарьганга, үзэмчин ардын дууг багтааснаараа онцлогтой. Өөшгөө гэдэг нь найз гэсэн утгатай нутгийн аялгууны үг л дээ. Уртын дуу өөрөө их увдистай. Дуулж байхад сэтгэл зүрхээрээ алсын алсад алсраад нисчих шиг санагддаг. Дууны шуранхай авах үедээ тал сайхан нутаг нүдэнд харагдаад л ирдэг дээ.

-Та бол үндэсний язгуур урлаг, тэр дундаа үзэмчин ардын дуу дуулдаг. Танай нутгаас Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, МУГЖ Ч.Шархүүхэн гээд сайхан урлагийн эмэгтэйчүүд төрсөн. Тэднээсээ үг сургаалийг нь сонсож, үлгэр дуурайл авч л явдаг байх?

-Үндэсний урлагийн их театрт орж ирэхээс өмнө ардын дуу нэг их дуулж байгаагүй. Чуулгад орж ирээд ардын дуу задгай явахаар, уртын дуу дуулахаар хоолойны өнгө дээрдээд, доод өнгө нь хайргадаад болж өгдөггүй ээ. Тэгээд Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эгч дээр очиж уртын дуун дээр ажиллаж, заавар зөвлөгөө авч байлаа. Ш.Чимэдцэеэ эгч бол дахин давтагдашгүй авьяастай, гайхалтай сайхан хоолойтой, сайхан ч эмэгтэй. Хайрлаж хүндэлж явдаг даа. Хүмүүс танай нутгаас яагаад ийм сайхан дуучид төрдөг юм бэ гэж асуудаг. Тал нутгийн авшиг юм болов уу гэж боддог доо. Ер нь манай нутгийнхан ажилсаг, сайхан сэтгэлтэй, уянгалаг хоолойтой, сайхан бүсгүйчүүд олонтой шүү.

-СУИС-д сурахаасаа өмнө аймгийнхаа театрт та дуучин байсан гэдэг. Хотод ирж ажиллаж амьдрах хөшүүрэг нь юу байв?

-Би СУИС-д 2005 онд орж МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн удирдлага дор суралцаж төгссөн. Багш минь маш чадварлаг, ур дүйтэй, ээж шиг сэтгэлээр биднийг сургаж хүмүүжүүлсэн. Сургуульд орохоосоо өмнө аймгийнхаа “Жаахан шарга” театрт ажилладаг байлаа. Хотод сургуульд явах гэтэл шалгуулж байж явуулна гэлээ. Ардын жүжигчин Ч.Шархүүхэн эгч дээр очиж уулзсан юм. Ч.Шархүүхэн эгч өөрийнхөө цомгийг өгч, эндээс хэдэн дуу сураад ир гэж даалгавар өгөв өө. Долоо хоногийн дотор “Торой банди”, “Хөөрхөн халиун”, “Жаахан шарга” гэсэн дөрөв, таван дуу сураад очтол их л тоосон юм даг. Уртын дууг сүрхий сайн дуулж чадахгүй ч дөхүүлээд л дуулсан байх. Тэгээд намайг номын дууг нь сонсоод ирэхээр хөөрхөн сурчихмаар хүүхэд байна гээд их урам өгсөн дөө.

“Жаахан шарга” театр бол миний анхлан босгыг нь алхаж, арав гаруй жилийн хугацаанд суралцаж, хөдөлмөрлөсөн их тайз, сайхан хамт олон. Би 2017 онд хотод ирж ажилласан.  2015 онд “Бөхийн өргөө”-нд анхны бие даасан тоглолтоо хийх үеэрээ Улаанбаатарт үлдэх бодолтой байсан ч боломж бүрдээгүй. Олон хүн “Наран мандах нутаг”-ийн Осгонбаяр дуучин таг чимээгүй болчихлоо гэх болсон л доо. Залуу хүний хувьд хот хүрээ бараадах нь уран бүтээлийн хувьд өрнүүн, олз омог ихтэй, идэвхтэй байх юм байна гэж хотод амьдрахаар шийдсэн.

-Хүүхэд байхдаа дуучин болох сэрэл мэдрэмжийг хэрхэн авч байв даа?

-Ээж минь сайхан дуулдаг. Сүхбаатар аймгийн Бүрэнцогт уурхайд Соёлын төвд ажилладаг байлаа. Соёл урлагийн 10 хоногт “Бандан хээр” ардын дуу дуулж байсан юм билээ. Миний ээж их уран дуулдаг, чамин хоолойтой, би ээж шигээ дуулах гэхээр бардаггүй юм. Ээжийнхээ хоолойны хаана нь ч хүрдэггүй. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүүхэд. Хүүхэд байхдаа хурдны морь унадаг эршүүд хүүхэд байлаа. Сумын наадамд дөрөвт давхиад бай шагнал авч байснаа санадаг юм. Намайг манай нутгийнхан морь унаад адуунд давхидаг байснаар минь  илүү мэднэ дээ. Ингээд урлагийн хүн болчихно гэж төсөөлөөгүй байх /инээв/. Дуунд дурлах шалтгаан минь ээж минь юм даа. Багаасаа л том тайзан дээр дуулж байна гэж төсөөлдөг, зүүдэлдэг байлаа. Гэртээ орны хөшгөө нээж байгаад л концерт тоглодог байлаа шүү дээ.

-Ганга нууранд чуулдаг намар намрын хунгийн чуулганыг үзэж байв уу. Нутаг усныхаа тухай олон сайхан дуу дуулсан шүү дээ?

-Ганга нууран дээр наймдугаар сард нэвтрүүлгийн зураг авалтаар очиход 400-гаад хун чуулсан байсан. Хун шувуу их бүлсэг амьтан. Халуун бүлээрээ бүлэг бүлгээрээ амьдардаг. Яг тэр арав, арваннэгдүгээр сарын уйт намрын гунигт дүр төрхийг харж байгаагүй. Хөл нь гэмтсэн, хөгшин болсон гээд урт холын аяныг дааж чадахгүй хунгаа орхин одож буй хагацлын дуу зүрх шимширмээр гэж нутгийн хөгшид ярьдаг. Тийм болохоор хунгийн чуулганыг зорьж үзэхийг нэг их таашаадаггүй. Их л гунигтай, харуусал дүүрэн, шүүрс алдам мөч юм уу даа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Батсайханы хөгжим, дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг “Ганга нуур” гэж сайхан дууг манай нутгийн театрын дуучид олон жил үе дамжин дуулж ирсэн. Би ч гэсэн энэ дуугаа дуулах дуртай. Хамгийн сүүлд МУУГЗ Б.Магсаржавын аялгуу, МУСГЗ Д.Төрбатын шүлэг “Ганга нуурын шувуу” гэдэг дууг дуулсан даа маш их баяртай байгаа. Нэг өдөр Маагаа ах “Ийм дуу хийчихлээ, чи ирж дуугаа сурах уу” гэхээр нь би ч ийм том хүн намайг тоож дуу өгч байхад тэр дор нь гүйж очоод дуулж байлаа. Саяхан болсон түүний “Мялаалга” хүндэтгэлийн тоглолт дээр нь энэ дууг дуулсан. 

-Таны нэр их содон юм. Осгонбаяр гээд нэрнийхээ тухай сонирхуулаач?

-Би хоёр ах, нэг эгчтэй, айлын бага. Отгонбаяр гэдэг нэрийг маань аав, ээж минь өгсөн. Гөеө намайг өхөөрдөөд “осгон” юм байгаа юм гээд л их дууддаг байсан гэдэг. Гөеө маань хөл өвдлөө гэхийг “өвслөө”, хавдлаа гэхийг “хавслаа” гэж нутгийн аялгаар ярьдаг хүн байсан. Тэгээд гэрчилгээн дээр нэрийг минь Осгонбаяр болгоод бичүүлээд ирсэн. Тэр нэрээрээ урлагт хөл тавьж, олонд танигдаж явна даа.

-Таныг анхлан таниулсан дуу бол яахын аргагүй “Наран мандах нутаг”. Энэ дуугаа дуулах болсон түүхээсээ хуваалцана уу?

-”Наран мандах нутаг”-аа би 2005 онд дуулсан. МЗЭ-ийн шагналт, яруу найрагч С.Амартайван, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Батсайхан нарын сайхан бүтээлийг дуулж, олонд хүргэх боломж олдсонд талархаж явдаг. Нэг өдөр Ш.Батсайхан багш намайг “Манай ангид ороод ир. Нэг дуу дуулуулж үзэх гэсэн юм” гэлээ. Тухайн үед Соёл урлагийн их сургуульд ороод удаагүй, аймгийнхаа театрт ажилладаг залуу уран бүтээлч учраас эмээнгүй хүлээж авсан. Анх дуулахад хоолойгоо шахаад, нэг л эвлэж өгөхгүй байх шиг санагдаад, жигтэйхэн сандарлаа. Гэтэл багш “Зохиж байна. Болмоор юм биш үү” гэж урам өгсөн. Тэгээд ардын хөгжимтэй бичүүлж, хөгжмийн найруулга хийгээд “Жаахан шарга” театрынхаа тайзан дээр анх дуулж байлаа. Түүнээс хойш гарсан тайз бүхэн дээрээ дуулсан. Одоо Үндэсний хөгжмийн их найралтай дуулсаар яваа. Мөн 2010 онд “Наран мандах зүг” киноны дуу болж цацагдсан. С.Амартайван ах Эрдэнэцагаан, Ш.Батсайхан багш Асгат сумын уугуул. Тэгэхээр энэ дуу сүхбаатарчуудын нутгаа гэсэн их сэтгэлээс амилан гарсан юм. Мөн намайг олонд таниулсан, ард түмний сэтгэлд хүрсэн бүтээл болохоор энэ дуундаа их хайртай.

-Үндэсний урлагийн их театрт ямар бүтээл дээр ажилалж байна вэ. Ойрын үед тоглогдох уран бүтээлийн талаар яривал?

-Манай театрт энэ сарын 17, 18-нд  Данзанравжаа хутагтын “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг тавигдах гэж байна. Энэ жүжгийн бэлтгэл сургуулилтаа хийж байна даа. Мөн энэ сарын 07, 08-нд “Монголын их хатад” бүжгэн туульс тоглогдоно. Цар тахлын үед театр маань хоёр жил хөшгөө нээгээгүй. Энэ хугацаанд хувийн уран бүтээл дээрээ түлхүү ажилласан. Цаг сайхан болж үзэгч олонтойгоо театрынхаа тайзан дээр учран золгоно гэдэг хамгийн сайхан мөч.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Мэргэжил нэгтэй урлагийн хүн үү?

-Би нөхөртэйгээ “Жаахан шарга” театртаа танилцсан. Манай хүнийг  Х.Отгонбаяр гэдэг. Намайг 2005 онд театрт ороход театрын бүжигчнээр ажиллаад жил болчихсон байсан. Бид  хүү, охин хоёртой. Хань маань хотод ирээд мэргэжлийн ажлаасаа хөндийрч гэр бүлийнхээ бат ар тал болж өөр чиглэлээр ажиллаж яваа. Адилхан урлагийн хүн болохоор намайг маш сайн ойлгож дэмждэг. Тиймдээ ч би бардам, тайван амгалан уран бүтээлээ хийж байна даа.

-Мартын 08-ны баярын өдөр болж байгаа учраас монгол бүсгүйчүүдийнхээ тухай хууч дэлгэвэл. Сайхан монгол эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?

-Сайхан гэдэг өөрөө олон талтай. Сайхан эмэгтэй гэвэл би ээжийгээ хэлнэ. Ээж минь жинхэнэ монгол эмэгтэйн бүхий л сайхан шинжийг агуулсан. Ээж минь жирийн монгол айлын эзэгтэй. Ажилсаг, чамбай, сайхан сэтгэлтэй хүн. Манай монгол бүсгүйчүүд яг л миний ээж шиг амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, үр хүүхдийнхээ төлөө гэсэн зүрхтэй. Миний ээж Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эгчийн уртын дууг үргэлж сонсдог байлаа. Тэр үед нь би нэг их тоодоггүй, ойлгодоггүй байж. Одоо бодоход ямар их тайтгарал, тайвшралыг авч амардаг байсан юм бэ, ямар их урлагт хайртай, элэгтэй байсан юм бэ гэж санадаг даа. Би чинь нулимс ойрхон болохоор эмэгтэй хүний тухай, ээжийнхээ тухай ярих гэхээр уйлчих гээд байдаг юм. Сайхан эмэгтэйчүүд Монголд олон байна даа. Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ гээд нэрлэвэл олон. Тэднээс үлгэр дуурайл авч явахыг хичээдэг. Тэд сайхан төрснийхөө төлөө атаа жөтөөг туучиж давж яваа хэр нь үргэлжийн мөнх гандашгүй, гундашгүй гоо үзэсгэлэнтэй, гоё сайхан  биеэ авч явдаг. Дуусаж дундрашгүй авьяас билгээрээ  гайхагдан хүндлэгдсэн манай урлагийн хүүхнүүд бүгд л сайхан даа. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтанцэцэг(202.179.21.232) 2022 оны 05 сарын 10

Сайхан дуулдаг бүсгүй шүү\n

1  |  0
Top