Ганц өдрийн баяраар хүний эрхээ солимооргүй байна

2022 оны 03 сарын 09

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Эрхийг хамгаалах өдрийн мэндийг шүү. Баяр гэж андуурав. Баярлаж болно оо. Бололгүй яахав. Гагцхүү эрхийг хамгаалах өдрийг баяр хэмээн андуурсаар, дараагийн үеийнхэндээ ч буруу утгаар ойлгуулмааргүй байна. Гутранги үзэл, сөрөг бодолтой гэх мэтээр юу ч гэж тодорхойлсон хамаагүй. Гэхдээ гуравдугаар сарын 08-ны өдөр яав ч баярын өдөр биш.

Өдөр бүр баяртай байх боломжгүй ч өдөр бүр тэгш эрхтэй баймаар байна. Ердөө л тэрхүү эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөх өдрийг баярын өдөр болтол нь хөгжүүлсэн нь нэг бодлын авьяас, чадвар биз ээ. Хайрын баярын өдөр эсвэл ээжүүдийн өдөр ч биш юм сан. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэрхэн бий болсныг эргэн санах хэрэгтэй.

Германы марксист онолч, эрдэмтэн Клара Цеткин гэх бүсгүй бий.

 

Тэрээр 1857-1933 оны хооронд амьдарч байсан бөгөөд тэгш эрхийн төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд бүхий л амьдралаа зориулсан нэгэн юм. АНУ-ын социалист нам Нью-Йорк хотноо 1909 онд Эмэгтэйчүүдийн өдрийг зохион байгуулжээ. Уг хуралд Германаас оролцсон Клара Цеткин, Кэйт Дюнкер тэргүүтэй төлөөлөгчид 1910 онд Олон улсын социалист эмэгтэйчүүдийн хурлыг зохион байгуулах санааг дэвшүүлж байсан аж. Энэхүү хурал нь өнөөдрийн бидний тэмдэглэн өнгөрүүлдэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм.

Нийгмийн аль ч цаг үед эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж ирсэн. Хүйсийн ялгаатай байдлыг сул тал хэмээн үзэж ямар ч цаг үед эрхээ бүрэн дүүрэн бүү хэл хагастай нь тэнцэхүйц байдлаар эдэлж чадахгүй байгаа явдал дэндүү шударга бус.

Эмэгтэйчүүдийг багаас нь эзэгтэй, эхнэр хүн болгохын тулд зааж, сургаж, гэрийн ажлыг илүүтэй хийлгэж өсгөдөг нь эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх суурь болдог аж. Тухайлбал, насанд хүрсэн эмэгтэй хүн гэрийн ажилд дунджаар таван цаг зарцуулдаг бол эрэгтэй хүн 1.5 цагийг зарцуулдаг байна. Харин ажил хөдөлмөр эрхлэлтэд эрэгтэйчүүд өдөрт дунджаар 5.9 цагийг зарцуулдаг бол эмэгтэйчүүд 6.2 цагийг зарцуулдаг гэх тоо баримтыг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Үүнээс харвал эмэгтэй хүн өдөрт дунджаар 11 цагийг зөвхөн цалинтай болон цалингүй байдлаар хөдөлмөрлөхөд зарцуулдаг аж.

Харин эрчүүдийн хувьд долоон цагийг зарцуулж байна. Тэгэхээр гэрийн ажилд эмэгтэйчүүд илүү их оролцоотой байдаг нь гэрээ цэвэрлэж, тоосоо соруулж, хоолоо хийвэл эрэгтэй хүний хийморь лундаа муудна гэх угшсан хачин ойлголтоос үүдэлтэй зүйл. Хамтын амьдралаа эхлүүлсэн бол хоёр биендээ хүндэтгэлтэй, хамтдаа гэрийн бүхий л ажлаа хуваан хийх нь “Мартын 8” хэмээн тэмдэглээд буй баярын өдрөө ганц сарнай өгснөөс илүүтэй үйлдэл юм.

Охидоо эхнэр болгоход бэлдэж гэрийн ажлаар дарах айл өрх нэлээдгүй бий. Хөлсгүй хөдөлмөр эрхлэх буюу гэрийн ажил хийхэд 12-15 насны охид хөвгүүдээс хоёр дахин их цаг зарцуулдаг ажээ. Тэгэхээр хамгийн энгийнээр харахад гэрийн ажилд ч тэгш оролцоотой байх нь тэгш эрхийг бүрдүүлэх нэгэн хүчин зүйл болж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн эрх олон байдлаар зөрчигддөгийн нэг нь гудамжны халдлага юм. Дэлхий даяар “Street harassment” буюу гудамжны халдлага хэмээн нэрлэх энэхүү халдлагын талаар олон нийт төдийлөн мэдлэг, мэдээлэл хомс авдаг нь харамсалтай. Гудамжны халдлагад ямарваа нэгэн тодорхойлолт байхгүй.

Гэвч АНУ-ын “Stop street harassment” ашгийн бус байгууллага гудамжны халдлагыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд “Олон нийтийн газар танихгүй этгээдийн зүгээс үзүүлж буй ёс бус үйлдэл, үйл хөдлөл, үг хэллэгийг гудамжны халдлага гэнэ. Шүгэлдэх, машины дуут дохио дуугаргах, ёс бус үг хэллэгээр дуудах, доромжлох, зураг дарах, дагах, замыг нь хаах, эмзэг хэсэгт нь хүрэх, олон нийтийн газар гар хангалга хийх гэх мэтийг гудамжны халдлагад тооцно” хэмээн тодорхойлсон байдаг ажээ.

Манай улсад гудамжны халдлагатай холбоотой албан ёсны судалгаа, тоо баримт байхгүй. Арга ч үгүй дээ. Хүний халдашгүй байх эрхийг зөрчсөн энэ мэт үйлдэлд авах арга хэмжээ, зохицуулалт манай улсад байхгүй. Албан бус судалгаагаар манай улсад насанд хүрсэн гурван эмэгтэй тутмын нэг нь ямар нэгэн байдлаар гудамжны халдлагад өртсөн байдаг аж. Харин гурван эмэгтэй тутмын нэг нь гудамжны халдлагад өртсөн гэдгээ ч мэдэхгүй, анзаараагүй өнгөрсөн байдаг ажээ. Хэдийгээр албан бус судалгаа ч гэлээ үнэнтэй дөхөх биз.

Гудамжны халдлагад өртсөн эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад өөрийнх нь эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол гаргавал хохироож буй хүнд хуулийн дагуу арга хэмжээ авах боломжгүй. Харин олон нийтийн газар биеэ зүй бус авч явсан хэргээр хохироогчид арга хэмжээ авна. Ямар сүртэй юм бэ, ийм зүйл байдаг шүү дээ хэмээн та бодож магадгүй. Гэвч сургуульдаа явж буй охиноосоо асуугаарай. Ажилдаа явж буй эгч, найз, охин, ач, зээгээсээ ч асуугаад үзээрэй. Зүгээр л гудамжинд алхаж явсныхаа төлөө хэн нэгнээр элдвээр хэлүүлж, доромжлуулж, биеийн эмзэг хэсэгтээ гар хүргэх нь энгийн зүйл биш юм шүү.

Энэ мэтчилэн дурдвал эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх олон жишээг дурдаж болно. Ажлын байрны, сэтгэл санааны, биеийн гэх мэтээр тоочоод дуусахгүй. Эмэгтэй хүн нүүрээ будаж гоё хувцас өмсөх ёстой. Эмэгтэй хүн салбагар хувцаслаж, ноомой харагдах ёсгүй. Эрэгтэй хүн өөрийгөө захирч чадахгүй учраас эмэгтэй хүн задгай хувцас өмсөж болохгүй. Эмэгтэй хүн шөнө оройн цагаар ганцаар явж болохгүй. Эмэгтэй хүн эр нөхрөө хүндэлж амьдрах ёстой. Эмэгтэй хүн айл гэрийн эзэгтэй учраас гэрийн бүх ажлыг хийх ёстой. Эмэгтэй хүн нөхөр нь нэг удаа гар хүрсэн ч зүгээр л амьдрах ёстой. Эмэгтэй хүн удирдах албан тушаалд тохирохгүй. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг учраас карьер хөөх шаардлагагүй.

Эмэгтэй хүн, эмэгтэй хүн, эмэгтэй хүн. Яагаад нийгэм тэр чигтээ эмэгтэй хүмүүсийг эсрэг байр суурьтай байдгийг ойлгохгүй байна. Ардчилсан нийгэм, үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөөт нийгэм атлаа хуульд заасан тэгш эрх нь хэлбийсэн нийгэмтэй. Эмэгтэй хүмүүс нь өөрсдөө ч эмэгтэй хүнээ “иддэг” харгис тогтолцоотой.

Нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийн хүн амын 80 хувь буюу нийт 75 оронд явуулсан судалгааны үр дүнд дэлхийн хүн амын 90 хувь нь эмэгтэйчүүдийн эсрэг өрөөсгөл хандлагатай болохыг социологичид тогтоосон аж. Мөн тус судалгаанд хамрагдсан гурван хүн тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийллийг зөвтгөдөг байна.

Дээр дурдсан буруу ойлголт, сөрөг хандлагыг залруулахын тулд боловсрол, мэдлэг, хандлага хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Гудамжинд цэцэг барин алхах залуусын нас багассаар цэцэрлэгийн насны хөвгүүд хүртэл гуравдугаар сарын 08-ны өдөр цэцэг, жимс, шоколад барин алхах болжээ. Тэд энэ өдрийг баярын өдөр хэмээн андууран алхаж байгаа. Гэвч энэ өдөр болохгүй байгаа, цаашид залруулах ёстой эрхийнхээ төлөө дуугарах ёстой өдөр. Гэнэт ухаан орон дэргэдээ байгаа эмэгтэйд хайртайгаа зарлах өдөр биш.

Жилдээ нэг өдөр баярлаж, үлдсэн 364 өдөр “саарал”-таж амьдарч, хүний эрхээ эдлэхгүй, өрөвдөлтэй оршихуй болж болохгүй учраас тэмцэх ёстой гэсэн утга бүхий өдөр бол гуравдугаар сарын 08 юм.

Английн философич, зохиолч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, феминизмийн суурь философийн бүтээл туурвигч Мари Воллстоункрафтын хэлсэн “Би эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс илүү хүчтэй болоосой хэмээн хүсдэггүй. Ердөө л эмэгтэйчүүдийг өөрсдийгөө давж, хүчтэй болоосой хэмээн хүсдэг” гэх алдартай эшлэл бий.

Эцэстээ нийгэмд бид өөрөө өөрсдийгөө даван туулахын тулд амьдардаг учраас бусдын оршихуйг хүндэлж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүний эрхийн мэдлэг мэдээлэл дутмаг, түүнийгээ тоохгүй, таньж мэдэхийг хүсэхгүй атлаа энэ л өдөр баярлан цэнгэж, эгээтэй л бусад өдөр элдвээр хэлүүлдэгтээ дасчихдаг болчимгүй байдлаа хэзээ засах вэ. Цахим хуудастаа гомдлоо тайллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Үүнийг ч мөн ойлгох хэрэгтэй. Тэгш эрхийн талаарх мэдээллийг олонд хүргэж, хүүхдэд багаас нь ойлгуулж, таниулж, олон нийтийн дунд буй угширсан хүний эрхийн социалист хандлагыг өөрчлөх шаардлага тулгараад байна. Үгүй бол баяр гэх нэрийдлийн дор эрхийнхээ төлөө тэмцэх боломжоо ч алдахад хүрээд байна шүү дээ.

Н.АНУЖИН

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnc(202.126.89.228) 2022 оны 03 сарын 09

jaahn 1 taliig barisan ghde bichsen fact bolgon chn boditoor tohiolddog heviin baijip baidag zuul meteer buruu oilgogdson factuud bn taalagdlaa

0  |  0
Top