Х.Ганбаатар: Малчин айл жуулчдад нүүдэлчин хэв маягаа сурталчилж, орлогоо өсгөх боломжтой

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Улсын эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбар хил нээгдсэнээр хөдөлгөөнд орж сэргэж эхэллээ. Монголын үзэсгэлэнт байгальтай олон газруудын нэг Дундговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж хэр байгаа талаар болон асуудал бэрхшээл юу байгаа талаар үндэсний үйлдвэрлэл эрхлэгч Х.Ганбаатартай ярилцлаа. Тэрбээр говь нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гар бие оролцож, нутаг орны хөгжлийн талаар олон хэлэлцүүлэг өрнүүлж байдаг нийгэмд идэвхтэй нэгэн.


-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Таныг үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тал дээр идэвхтэй ажилладаг гэдгээр нь хүмүүс мэднэ?

-Миний үндсэн мэргэжил физикч. Их сургуулиа төгсөөд мэргэж­лээ сольж бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж магистрын зэрэг хамгаалж байсан. Одоо Улаанбаатарт оюун ухаан хөгжүүлэх тоглоомын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр бизнес эрхэлж байна. Энэхүү үндэсний үйлдвэрлэлээрээ аялал жуулчлалын салбарт хүч сорьж яваа. Би Мандалговьд төрж өссөн. Зав чөлөөгөөрөө Дунд­говийнхон фэйсбүүк группийг хөтөлж, Дундговьд иргэний нийгэм хөгжүүлэх болон Дундговийн хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, хүмүүсийн санаа бодлоо илэрхийлэх боломжийг нээх ажлыг хийж байна.

-Дундговь аймаг байгалийн  өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар олонтой. Аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар боломж байна вэ?

-Аялал жуулчлалыг олон жил судалж хөгжүүлэх тал дээр санаагаа чилээж явдаг. Манай ах дүү нар, найз нөхөд ч аялал жуулчлалын салбарт ажилладаг. Манайтай төстэй байгальтай улс орон болон аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудын аялал жуулчлалын хөгжил, олон улс дахь аялал жуулчлалын хөгжлийн хандлагыг ажиглаж явахыг хичээдэг. Манай аймгийн хувьд аялал жуулчлалыг аймгийнхаа хөгжлийн тулгуур болгож хараасай гэж боддог. Энэ санааг Дундговьд болсон аялал жуулчлалын форум дээр аймгийн Засаг дарга хэлж байна.

Мөн Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр Дундговийн аялал жуулчлалыг үзэл санаа, үнэт зүйл, алсын харааг маш тодорхойлж хэллээ. Аялал жуулчлалын хөгжих боломжийг тоочвол олон зүйл ярина. Нэгдүгээрт, манай аймгийнхны нийтэч, найрсаг, уужуу тайван, хүлээцтэй зан чанар бол аялал жуулчлал хөгжихөд нэг давуу тал болно. Жуулчидтай сэтгэлээсээ харилцаж, сайн үйлчилгээ үзүүлбэл тэдэнд сайн дурсамж үлдээнэ. Энэ бол маш чухал. Хоёрдугаарт, байгалийн үзэсгэлэнт газрууд байна. Гуравдугаарт, нутгийн баялаг түүх, өв соёл. Үүн дээр Улаанбаатарт хамгийн ойр, автозамаар холбогдсон гээд олон давуу тал, боломжийг тоочиж болно.

-Дундговь аймаг аялал жуулчлалын салбарт оруулж буй ашиг орлогоороо хэдэн хувийг нь эзэлдэг вэ?

-Шуудхан хэлэхэд маш бага. Өмнөговь орох жуулчид замдаа хоноглох, хооллох төдийхнөөр л манай орлого хэмжигдэж байна. Дунджаар нэг жуулчнаас 50 мянган төгрөгийн орлого олдог болов уу. Зарим жуулчин огт мөнгө зарцуулахгүй, уулын аманд майхан барьж хоночихоод, хогоо үлдээгээд явж байгаа. Ихдээ 100 мянган төгрөг л үйлчилгээний хөлсөнд үлдээж байгаа даа. Ковидын нөлөөгөөр сүүлийн хоёр жил жуулчин ирээгүй. Энэ бол хоёр жилийн өмнөх тоогоор баримжаа авч ярьж байгаа юм л даа.

-Аймгийн хэмжээнд жуулчны бааз хэд байдаг вэ. Цар тахлын үед алдагдлаа хэрхэн нөхөж дотоодын аялагчдыг өөртөө татсан бол?

-Бага газрын чулуу, Цагаан суварга, Онгийн хийд гээд цөөн хэдэн байршилд нийтдээ 10 орчим жуулчны бааз бий. Цар тахлын үеэр Цагаан суваргад нээгдсэн жуулчны шинэ бааз сайн ажиллах шиг боллоо. Ихэнх нь хаалттай байсан. Зарим нь ажилчдынхаа цалинг өгөхийн тулд замын компанийн гал тогоог хариуцаад явж байгаа нь ч байна. Дотоодын аялагчид авахаар хамаг юм эвдэж сүйтгэдэг гээд огт ажиллаагүй бааз ч бий.

-Цагаан суварга дахь жуулчны бааз хүмүүсийн анхаарлыг багагүй татаад байгаа. Манайханд аялал жуулчлалын маркетинг, үйлчилгээн дээр юу дутагдаж байна гэж хардаг вэ?

-Цагаан суваргын шинэ баазын хувьд баазынхаа өнгө төрх, барилгын дизайныг гадна орчин, байгальтайгаа нийцүүлсэн нь сайн жишиг болсон гэж бодож байна. Манай аймаг аялал жуулчлал хөгжүүлэх бодлогоо өдий хүртэл сайн тодорхойлоогүй байгаа нь хамгийн том дутагдал. Аялал жуулчлал гэж юу вэ гэдгийг Дундговийн удирдлагаас эхлээд энгийн иргэд хүртлээ сайн ойлгоцгоох шаардлага бий гэж боддог. Аялал жуулчлалын бизнес бол өргөн хүрээг хамарсан кластер бизнес. Тур оператор, зочид буудал, жуулчны бааз, ресторан, жолооч, хөтөч, дэлгүүр худалдааны төвүүдийн үйлчилгээг жуулчин бүр авдаг гэхэд болно. Эдгээрээс нэг нь л алдаа гаргаж сөрөг сэтгэгдэл үлдээхэд жуулчдын ирээдүйн урсгалд нөлөөлнө. Мөн жуулчидтай зөрөөд өнгөрч буй иргэдийн харилцаа, хандлага хүртэл аялал жуулчлалын бизнест нөлөө үзүүлж байдаг.

Хэдэн монгол гэр барьчихаад жуулчны бааз барьчихлаа жуулчин хүлээж авна гэвэл өрөөсгөл болно. Хамгийн гол нь дотоод, гадаадын жуулчдад юуг санал болгох вэ гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй юм. Үүнийг Дундговийн онцлог давуу тал, түүх соёлоо судалж байж жуулчдад үзүүлж харуулах юмтай болно. Байгальд ээлтэй, нутгийн иргэдийн орлогыг дэмжсэн, орон нутагт татвар төлдөг, нутгийн онцлог давуу талыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгосон, өөр хаанаас ч авах боломжгүй бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэх  аялал жуулчлалын бодлого гаргаад хэрэгжүүлж чадаж гэмээн аялал жуулчлал Дундговийн хөгжлийн тулгуур болно. Манай аймгийн нийт өрхийн тал нь малчин өрх байдаг.

Аймгийн эдийн засаг МАА дээр тогтдог. Дундговийн айраг, сүү, цагаан идээний амт чанар сайн ч зах зээлд борлуулагддаггүй. Мөн гүүний үрс, унага тамга, боржигин найр, шагайн харваа зэрэг бусад аймгаас онцлог соёл манайд байна.

Хавар мал төллүүлэхээс эхлээд, ямаа самнах, хонь ноослох, мал саах, цагаан идээ боловсруулах, өглөө адуунд явах, унага татах, гүү саах, хонинд явах гээд малчдын өдөр тутмын ажил үйл, Монгол ахуй маань гадаадын төдийгүй дотоодын аялагчдын сонирхлыг татах аялал жуулчлалын сайн бүтээгдэхүүн болно. Малчид ойрхон саахалтын зайтай гэр барьчихаад хот суурин газрын амрагчид хүлээж авахад л манай аймагт аялал жуулчлал хөгжөөд эхэлнэ. Хотын амрагчид малчдаас мах сүү авахаас гадна сумын төвийн дэлгүүрт орлого оруулна. Хүүхдэдээ монгол ахуйгаа үзүүлж таниулангаа агаарт малын захад хэд хоног амрах хүсэлтэй олон мянган хүн Улаанбаатарт бий. 30 хоног амрагч авсан айл зөвхөн гэрийн түрээсээс багадаа 1,5 сая төгрөг олох боломжтой. 7000 малчин өрх айлын 10 хувь нь амрагч хүлээж авлаа гэхэд нийтдээ тэрбум төгрөгийг зөвхөн гэрийн түрээснээс олох боломжтой.

Бусад орлогыг нь тооцвол хоёр тэрбумаас даваад явчихна. Энэ бол байгальд ээлтэй, орон нутагт өгөөжтэй аялал жуулчлалын сайн загвар. Ялангуяа цөөн малтай, орлого багатай малчдын хувьд маш сайхан боломж нээж өгнө. Эхлээд дотоодын амрагчдадаа үйлчлээд аялал жуулчлалынхаа зарчим, үйлчилгээний стандартаа ойлгоод, сайн үйлчилгээ үзүүлээд сурчихвал  гадаадын жуулчдыг хүлээж авахад бэлтгэгдээд ирнэ. Малчид гаднын жуулчин аваад эхэлбэл сарын орлого нь 2-3 дахин өсөх боломжтой.

Үүний үр дүнд малчид малын тооны хойноос хөөцөлдөхөө болино, бэлчээрийнхээ даацад малынхаа тоо толгойг тохируулна, цөлжилт саармагжина гэх зэрэг сайн үр дагаврууд гарч эхэлнэ. Малчид маань мал сүргээ өсгөж, түүнийгээ зах зээлд нийлүүлж орлого олдог байсан бол нүүдэлчин ахуй өв соёл, амьдралын хэв маягаа таниулан сурталчилж орлогоо өсгөх боломжтой болж байгаа юм.

Монгол хүний малаа маллаж, ашиг шимийг нь хүртэж, байгаль дэлхийтэйгээ зохицож амьдарч буй уламжлалт арга ухаан, амьдралын философи нь жуулчдыг татах хүчин зүйл гэдэгт эргэлзэлгүй итгэдэг. Бид гаднын жуулчныг нэг удаа мөнгийг нь аваад буцаах төдийхнөөр хандаж болохгүй. Урт хугацаанд нөхөрлөх анд нөхрийн сэтгэлээр хандвал аялал жуулчлал бидний байнгын орлого болно.

Монгол малчны хотонд сэтгэл нь хоргодоод буцсан жуулчин заавал буцаж ирнэ. Буцаж ирэхдээ олуулаа ирнэ. Энэ бол манай аялал жуулчлалын гол маркетинг байх учиртай. Гэхдээ малчдын хувьд анхаарах ганц нэг асуудал бий. Жишээ нь, хуванцар савны хэрэглээ. Эмульсны саванд саамаа хийчихээд жуулчдад айраг аягалж өгвөл уухгүй. Зөвхөн сүү цагааны сав гэлтгүй усны цэнхэр саваа ч солих хэрэгтэй. Эсвэл цэнхэр савыг хөхүүр шиг үхрийн ширээр доторлож болно. Энэ мэт өөрчлөлтүүд нь малчдын эрүүл мэндэд ч ач тусаа өгнө. Хуванцар сав хорт хавдар үүсгэдэг гэдгийг монголчууд нийтээрээ мэддэг хэрнээ энэ асуудлыг шийддэггүй. Ийм учир жуулчин хүлээж авах айл өрхүүд сав суулганаас эхлээд наад захын стандартыг мөрдөх хэрэгтэй. Малчдын хотонд жуулчин хүлээж авах ажлыг заавал аймгийн хэмжээнд гэлтгүй сум багийн хэмжээнд тав, 10-н айлын хүрээнд эхлүүлээд явж болно.

Үүнд нэг их хөрөнгө оруулалт шаардагдахгүй. Багаас эхлээд алхам алхмаар сайжруулаад, хамрах хүрээгээ өргөжүүлээд явсан бизнес хамгийн сайн хөгждөг. Элон Маскын санаачлан хэрэгжүүлж буй Стар линк төсөл 2023 оноос Монголд хэрэгжиж эхэлнэ гэсэн сайхан мэдээ өнөөдөр харлаа. Энэ төсөл бол малчин айл бүр интернэтэд холбогдох боломжийг олгоно. Интернэтэд холбогдсон малчинд маш олон боломж нээгдэнэ. Зочлон ирсэн жуулчин найз нөхөдтэйгээ байнгын холбоотой байхаас эхлээд адуу малдаа чип суулгаж, гар утсаараа малаа харуулдах, интернэт худалдаагаар хонь малаа борлуулах гэхчлэн өргөн боломж нээгдэнэ. Гагцхүү малчдад тэр боломжийг таниулан сурталчлах ажил сум орон нутгийн удирдлагын хийх шаардлагатай. Боломжийг урьтаж харж түрүүлж хөдөлсөн нь хождог шүү дээ.

-Хил хаагдахаас өмнө Дундговьд жилд дунджаар хэчнээн жуулчид ирдэг байв, тэд говь нутгийн юуг нь илүү сонирхон зорьдог вэ?

-Нэг бааз дунджаар 2000 орчим жуулчин хүлээж авдаг гэсэн багцаа тоо байна. Монголын говийг, нүүдэлчний ахуй соёлыг үзэх гэж ирдэг гэсэн судалгаа байдаг. Манай тур опературуудын сурталчлан таниулж, давуу тал болгодог зүйл нь энэ болов уу. Дэлхийн банканд ажилладаг, Америкт амьдардаг, Япон жуулчинтай Бага газрын чулууны бааз дээр таараад ярилцаж байхад Өмнөговь явахгүйгээр энд долоо хоног амарчихаад буцмаар байна. Ийм амгалан тайван, сэнгэнэсэн сайхан агаартай газрын сайхныг мэдрэх сайхан байна гэж ярьж байсан нь санаанд орж ирж байна.

Мөн Бага газрын чулуунд болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр хадан дээр суугаад бясалгал хийж байсан Хонконг эмэгтэйн дүр зураг бас санаанд бууж байна. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Дундговьд ирсэн жуулчин тайтгарлыг олж, бие сэтгэлийнхээ алжаалыг тайлаад, хүч энерги аваад буцах зорилгоор ирдэг байвал мөн сайхан даа. Энэ санааг Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр бас хэлсэн. “Оюун санаагаа дүүргэх зам-Дундговь” гэсэн гүн утга агуулга бүхий уриаг бидэнд санал болгосон. Их хөлийн газар амьдардаг жуулчны тархи, оюун санаанд бугшсан стресс ядаргааг нь тайлж, энерги эрч хүчээр дүүргэх байгалийн болон оюуны санааны өгөгдөл нөөц боломж бидний оршин буй байгаль, дуу хуур, хөг аялгуу, өв соёл, түүх, зан харилцаанд бий гэдгийг нутгийн биш, хөндлөнгийн хүн олж хараад хэлж буй нь маш олзуурхууштай бөгөөд бодууштай санаа юм.

Мөн шашны аялал жуулчлал байж болох тухай яригдсан. Зөвхөн Бага газрын чулууны орчим гэхэд Шинэ шавийн хийд, Хорины жас, Тавины жас, Цахиуртын жас, Зуутын хийд, Чойрын хийд гээд Буддын шашны өв соёлыг хадгалсан, шашин номын авшиг шингэсэн энергитэй газрууд бий. Үүнд суурилсан шашны аялал жуулчлалын бүтээгдэхүүн үүсгэвэл зорин ирэх хүн бас байна байх. Нутгийн гаралтай эрдэмтэн лам нартай ярилцан судалж, зах зээлийн судалгаа хийгээд үзэх хэрэгтэй болов уу.

-Дундговь аймагт тэмээний ноосон бүтээгдэхүүн, ноолууран хувцас, гар урлал, сувинер, айраг, ингэний хоормог, ааруул, хармаг, хүмүүл гээд говийн брэнд олон бий. Үүнийг ЖДҮ талаас нь төр засгаас хэр дэмждэг вэ?

-Бага сага зээл өгөх, ойр зуурын сургалт хийхээс хэтрэхгүй байна. ЖДҮ гэдэг бол нэг хүний нуруун дээр маш их ачаалал өгдөг хүнд ажил. Том компаниуд бүтээгдэхүүн хөгжүүлэл, үйлдвэрлэл, технологи, маркетинг, борлуулалт, санхүү, хүний нөөц зэрэг олон алба хэлтэс, томоохон хүний нөөцийн хүчээр бизнес нь явдаг бол ЖДҮ-чид энэ бүх ажлыг ганц хүн хийх болдог.  Тоглоомын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж буйн хувьд ЖДҮ-т учирдаг саад бэрхшээл, тулгамддаг асуудлыг сайн мэднэ.

Мөн гаднын улсууд ЖДҮ-ээ хэрхэн хөгжүүлж буй талаар бага сага судалж үзсэн. Иймд төрөөс ЖДҮ-г яаж дэмжих хэрэгтэй вэ гэдгийг шууд хэлье.

Нэгдүгээрт: ЖДҮ эрхлэгчдээ нэг дор бөөгнүүлж, хямд түрээстэй байраар хангаж, ЖДҮ хөгжүүлэх парк байгуулах хэрэгтэй. Энэ парк дээрээ бүтээгдэхүүн хөгжүүлэлт буюу брэнд хөгжүүлэлт хийдэг, бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг, санхүү, маркетинг, борлуулалтыг нь хариуцдаг нэгж ажиллуулбал ЖДҮ хөгжинө. ЖДҮ хөгжөөд бие даах боломжтой болсон үед паркаас гаргаад шинэ ЖДҮ хүлээж аваад хөгжүүлэх замаар олон сайн ЖДҮ-г байгуулж болно. Гарын уртай, сайн бүтээгдэхүүн хийдэг хэрнээ бизнес гэж юу вэ гэдгийг ойлгоогүй маш олон хүн ЖДҮ эрхлэх хичээж зүтгэж байна.

Тэдэнд бизнес загварыг нь хамтдаа зурж, бизнесийнх нь үзэл санааг тодорхойлох, шаардлагатай дэм тусыг өгөх мэргэжлийн баг хэрэгтэй. Мөн ЖДҮ-г аялал жуулчлал, МАА-тай харилцан уялдаатай хөгжүүлэх нь чухал. Зөвхөн Дундговийнхон л хийдэг, Дундговьд л түүхий эд нөөц нь байдаг бүтээгдэхүүн  манай брэнд болж чадна. Жишээ нь ямааны сүүний ааруул байна. Энэ бол импортын чихэр шоколадтай өрсөлдөх, эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн болно. Үүнийг кластер хэлбэрээр малчдын хоршоололд тулгуурлан бүтээвэл амжилттай болно. 

-Дээрх брэндээ экспортолж эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд яах ёстой вэ?

-Экспортод ямар бүтээгдэхүүн гарах вэ, аль улсын ямар хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдгийг маш сайн судлах шаардлагатай. Манайхаас экспортлох боломжтой эцсийн бүтээгдэхүүн бол органик бүтээгдэхүүн байх болов уу. Бэлчээрийн шим тэжээлт ургамлаар хооллосон малаас гардаг бүх түүхий эд бол органик. Органик түүхий эдээр л органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүн экспортлох олон саад бэрхшээлийг туулж байж бүтдэг ажил.

Үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажлын байрны чанар стандартаас эхлээд олон шалгуур үзүүлэлтийг шаарддаг. Энэ тухай аялал жуулчлалын форум дээр нэг илтгэгч ярьж байсан. 2020 онд МАА-даа органик баталгаажуулалт хийх нь ямар ач холбогдолтой, хэрхэн хамтарч нэгдэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, яаж ашиг хүртэх талаар гарын авлага бэлтгэж малчдад түгээсэн.  МАА салбарын үнэ цэн өсч, 1000 малаас авдаг ашиг шимийг 500 малаас авч, малчны хөдөлмөр эрс хөнгөрөх санаачилга гаргаад явж байгаа.

-Сая Дундговьд болсон аялал жуулчлалын салбар томоохон форум дээр байгальд ээлтэй аялал жуулчлалын талаар. Энэ талаар таны бодол?

-Хэдийгээр форумд биечилж оролцоогүй ч, форум дээр тавигдаж буй илтгэлүүдийг онлайнаар үзэж, салбарын мэргэжилтнүүдийн яриаг сонсож, мэдээлэл авлаа. Дундговьд аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөөтэй болох ажлын эхлэл тавигдлаа гэж ойлгож байна. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг богино хугацаанд харахын төлөө аймгийн удирдлага хичээж ажиллана байх. Түрүүнд хэлсэнчлэн байгальд ээлтэй орон нутагт өгөөжтэй байх зарчимд суурилсан аялалын хөгжлийн бодлого гарч хэрэгжих байх гэж найдаж байна.

Байгальд ээлтэй аялал жуулчлал гэдэг нь үзэсгэлэнт байгаль, ан амьтан, өвс ургамал, булаг шанд зэргээ хайрлан хамгаалж, хор хөнөөл учруулахгүй байх тухай юм. Тухайлбал, олныг хамарсан шоу арга хэмжээг байгалийн үзэсгэлэнт газруудад аль болох хийхгүй байх. Хийсэн ч гэсэн салют буудаж ан амьтныг нь үргээж цочоохгүй байх л асуудлыг хэлж байна. Байгалийн үзэсгэлэнт газар руугаа машинтай ордог явдлыг зогсоох шаардлага ч бас байна. Жишээ нь, Бага газрын чулууны Сөдтийн ам руу машинтай ордог, уулын ам руу нь орж майхан бариад буучихдаг. Энэ нь уулан дахь ан амьтдыг үргээх, ховор нандин өвс ургамлыг талхалдаг муу үр дагавартай.

Үүнийг зогсоохын тулд уулын гадна автомашинаа парклаад, дотогшоо орохдоо нутгийн иргэдийн нөхөрлөл хоршоодын үйлчилгээг авч, ордог болгон зохицуулалт хийвэл байгальд ээлтэй, нутгийн иргэдэд өгөөжтэй аялал жуулчлал болох юм. Нутгийн иргэд аялал жуулчлал оролцож үйлчилгээ үзүүлэхийн тулд өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүснэ. Аймагтаа аялал жуулчлал хөгжүүлэх нь иргэн бүрийн оролцоо дэмжлэгээр бүтэх учир иргэддээ мэдээлэл өгч сургаж, хөгжүүлэх ажлыг орон нутгийн зүгээс хийх хэрэгтэй болов уу. Аялал жуулчлалаа эдийн засгийн голлох салбар болгоод түүндээ тулгуурлан МАА, ЖДҮ болон бусад салбараа хөгжүүлбэл аймаг маань богино хугацаанд хөгжих боломжтой гэж харж явдгаа эцэст нь хэлье.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1000(202.72.247.58) 2022 оны 03 сарын 14

Зөв санаа, санаачилга дэвшүүлж ярьжээ. Дэмжиж байна. Аялал жуулчлалын бүсэд дотоодын аялал жуулчдын хогоо хаядаг, орчноо бохирдуулдаг, хаа сайгүй очоод майхан барьдаг, бие засдаг явдлыг нутгийн оршин суугчдын хоршоотой хамтран зохицуулбал хаа хаанаа зөв санагдлаа. Нутгийн хоршоод нь ч орлоготой болж, орон нутаг нь энэхүү орлогоороо аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж гарч ирнэ гэх мэт. Бас байгаль орчноо хамгаалахын тулд аялал жуулчлалын газраас бусад газар ч гэсэн холбогдох дүрэм журам гаргах хэрэгтэй.

1  |  0
Top