Хөгжлийн банк УИХ, ЗГ-ын хяналтаас гарсан гэх ДҮГНЭЛТ 2016 онд гарч байв

2022 оны 03 сарын 09

2016 онд Засгийн газрын Ажлын хэсгээс Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн   хяналт, шалгалтын хүрээнд гарсан дүгнэлт төрийн болон албаны нууцад орсон байдаг. Түүнчлэн Хөгжлийн банкны анхаарал татсан зээлүүдийн мэдээлэл ил болсонтой зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Энхбаяр нарын зүгээс уг асуудлыг нууцаас гаргах хэрэгтэй талаар хэлж ярих болсон.

Тэгвэл  өнөөдрийн /2022.03.09/ Засгийн газрын хуралдаанаар, уг асуудлыг хэлэлцээд 2016 оны хяналт, шалгалттай холбоотой 130 хуудас хуудас материалыг нууцаас гаргахаар болж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын өгч буй мэдээллээр, тухайн үед Монгол Улс эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах үүднээс  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлага үүссэн учраас санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа нууцлах ёстой гэж үзэн, тус Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцад оруулж байжээ.

Тодотгоход,  Хөгжлийн банкинд 2016 онд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн мэдээлэл зарим нь ил болж байсан билээ. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан  Б.Энхбаяр Ажлын хэсгийг ахалж байв. Түүнчлэн шалгалтын дүнг Б.Энхбаяр танилцуулж байсан юм. Ажлын хэсгийн зүгээс Хөгжлийн банк УИХ болон Засгийн газрын аль альных нь  хяналтаас гарч, үйл ажиллагаагаа явуулсан байна хэмээн мэдэгдэж байв. Тухайн үед нийт 5.5 их наяд төгрөгийн зээл олгосон байсан.  Үүнээс улсын төсвөөс эргэн төлөгдөх 3.2 их наяд төгрөг, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 1.5 их наяд төгрөг, арилжааны банкнаас 1.2 наяд орчим төгрөгийн нийт 370 зээл олгогдсоноос 93 нь төлөгдсөн байсан. Банкны нийт активийн 79 хувийг зээл эзэлж байсан бөгөөд  эргэн төлөлт хийгдэхгүй байгаа учраас алдагдалд орж болзошгүй байна гэсэн дүгнэлтийг Ажлын хэсгээс гаргаж байжээ.

 

Ажлын хэсгийн зүгээс дараах мэдээллийг өгч байсан юм.

 

  • "Шинэ төмөр зам” төслийн хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.

 

  • Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.

 

  • Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан. Төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.

 

  • Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.

 

  • Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.

 

  • Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардалд 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн.

 

  • Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоолгүй гаргасан.Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440,0 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй гэхчлэн анхаарал татсан асуудлуудын талаар тухайн үед  мэдээлэл өгч байв.

 

  • Мөн Хөгжлийн банкны цалингийн зардал 2011-2012 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны эцэст 4 тэрбум 700 сая болж нэмэгдсэн гэж тухайн үед шалгалт хийсэн Ажлын хэсгийн зүгээс мэдэгдэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.84) 2022 оны 03 сарын 09

АН Монгол улсыг санаатайгаар дампууруулсан байна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Top