Урин дулаан цаг ирж хоёр жилийн турш хөл хорионд гэртээ хашигдсан хүүхэд багачууд тоглоомын талбайдаа очиж тоглох боломжтой боллоо. Нийслэл хотын хэмжээнд 1100 гаруй тоглоомын талбай бий. Үүн дотроос стандартын шаардлага хангахгүй 600 гаруй, аюултай, нэн даруй засах шаардлагатай 470 тоглоомын талбай байгааг өнгөрөгч оны тавдугаар сард мэдээлсэн. Иймээс бид тоглоомын талбайн чанар, стандарт, аюулгүй байдлын талаар цуврал сурвалжилга бэлтгэлээ.
ЭВДРЭЛГҮЙ ГУЛСУУРТАЙ ТОГЛООМЫН ТАЛБАЙ АЛГА
Улаанбаатар хотод төрсөн хүүхдүүд мэндэлсэн өдрөөсөө эхлэн чамгүй олон бэрхшээлийг давж байна. Хоёр нас хүрмэгцээ төрийн өмчит цэцэрлэгт хамрагдах гэж бүртгүүлэвч азтай нь сур гэсэн шиг сугалаанд орно. Хэрэв сугалаанд “аз од нь гийхгүй” бол цэцэрлэггүй үлдэж, дөрвөн хананы дунд амьдралын хамгийн чухал төлөвшлийг олж авах насаа үднэ.
Гэрээсээ гараад тоглоё гэтэл тоглох тоглоомгүй, аюултай тоглоомын талбай тэднийг угтана. Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэсийн арал” бичил цэцэрлэгийг Сангийн яам 100 жилийн ойгоо угтаж тохижилтыг нь хариуцаж 2011 онд нээсэн.
Гэвч одоо гулсуурууд нь хэмхэрч хүүхэд тоглох аргагүй болсон байна. Мөн тоглоомын талбайн хамгаалалтын зөөлөвч дэвсгэрүүд хууларч унасан бөгөөд доороос нь цемент ил гарч ирсэн байв.
Цаашлаад бусад тоглоомын талбайгаар ороход мөн л зөөлөвч дэвсгэрүүд хууларсан, зарим хэсэгт нь цемент болон төмөр ил гарч ирсэн харагдана. Хэрэв хүүхэд унавал газарт байрлах хаягдал төмөр, цементэн дээр унаж гар, хөлөө гэмтээн хувцсаа урах нөхцөл байдалтай байлаа. Чингэлтэй дүүрэг, тэр дундаа Улсын их дэлгүүрийн ойр орчим бол хотын А зэрэглэлийн бүсэд орно. Энэ орчмын тоглоомын талбайн эвдэрхий тоглоомыг нь тоолоод дэмий. Яагаад гэвэл бүрэн бүтэн, стандарт, аюулгүй байдлыг хангасан тоглоом маш цөөн.
Тус газрын ойр орчмын тоглоомын талбайн хажуугаар өдөр бүр түмэн хүн холхиж олны нүдэнд ил байдаг тул тохижилт сайтай, аятайхан хэмээх тодотголдоо ордог. Гэрэлтүүлэггүй, олны хөл хөдөлгөөнөөс хол, алслагдсан дүүргийн тоглоомын талбай үүнээс дор гэж бодохоор хүүхдүүдэд тоглох орчин үгүй мэт санагдана.
Хамгийн түрүүнд тоглоомын талбайд хаягжуулалт, гэрэлтүүлэг, камержуулалт, харуул хамгаалалт, хашаа хаалт, аюулгүй ажиллагааны заалт зэрэг зүйлс хэрэгтэй. Мөн зай талбайгаас үл хамааран дор хаяж хоёр хогийн савтай байх ёстой гэх мэтчилэн ерөнхий шаардлага бий.
Угтаа бол стандартад нийцээгүй тоглоомыг байрлуулахыг хориглох ба сар бүр хоёр удаа шалгах хуудсыг бөглөж, үл тохирлыг засварлах ёстой аж. Түүнчлэн талбайн хэмжээний хувьд 2-5 настай хүүхдийн тоглоомын талбай 100 ам.дөрвөлжингөөс дээш байх ёстой хэмээн стандартад заасан ч зарим бүсэд 50 ам.дөрвөлжин хэмжээ хүрэхтэй үгүйтэй байгаа нь харамсалтай. Бидний очсон бүсийн хороо бүрд 2-3 тоглоомын талбайн гулсуур нь цоорхой байлаа. Гулсуураас буух хэсэг нь өм цөм хагарсан ийм тоглоомыг засахгүй байгаагаас үүдэж хүүхдүүд гэртээ утас, компьютерийн дэлгэц ширтэхээс өөр аргагүйд хүрч буйг зарим эцэг эх хэлсэн юм.
Зөөлөвч дэвсгэр нь хууларсан гулсуур дээр гулгах 5-6 орчим насны багачууд тус тоглоомыг эвдэрхий гэж гололгүй инээд хөөр болж байлаа. Тэднээс энэ гулсуур дээр яаж гулсдаг, доошоо буухдаа гэмтэж байсан эсэхийг асуухад “ Бид нар наад цементтэй хэсэгт нь хүрэлгүй хөлөөрөө гулсчихдаг юм аа. Хөлөө жийж суугаад гулсвал мэдээж наад хэсэгт чинь хувцасаа урна шүү дээ, эгчээ. Гэхдээ шинэ тоглоом авчираад засвал гоё л байна” хэмээн хээв нэг хариулцгаалаа.
ЗАХИСАН ТОГЛООМ ХИЛ ДЭЭР ГАЦСАН ГЭЖ ХЭЛЭЭД ЗУРГААН САР БОЛОВ
Ингээд хүүхдээ тоглуулах гэж тоглоомын талбайд ирсэн эцэг эхчүүдийн төлөөллөөс зарим асуудлыг тодруулахад эерэг сэтгэгдэл хэлсэн хүн олдсонгүй.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн I хорооны иргэн О “Ерөнхийдөө нийтийн эзэмшлийн тоглоомын талбайд хүүхдээ тоглуулах осолтой болсон байна. Хашлага хаалт байхгүйгээс үүдэж бөмбөг хөөсөн хүүхэд санаандгүй машин зам руу орж гэмтэж ч болохоор харагддаг. Манайх эндэхээс гадна Энканто таун хороололод мөн оршин суудаг. Тэр хорооллын тоглоомын талбайн тохижилтыг СӨХ-ноос бүрэн шийддэг тул жижиг гэлтгүй бүх эвдрэлийг тухай бүрд нь засдаг. Энд ирэхээрээ охиноо гадаа тоглуулах дэмий санагдах болсон. Хуучны төмөр гулсуур нь хэт эгц, хурц ирмэгтэйгээс гадна буух хэсэгт нь байрлах зөөлөвч нь хуулраад цемент ил гараад ирсэн болохоор хэцүү санагддаг. Хүүхдийн тоглоомыг хуванцар, төмөр гэх мэт материалаар хийх дэмий. Оронд нь модоор хийж, хурц ирмэггүй болгоод лакдаж бүрвэл манай орны нөхцөлд тохиромжтой санагддаг” гэв.
Мөн бусад эцэг эхчүүд ч иймэрхүү сэтгэгдэлтэй байлаа. Бид өнгөрсөн оны аравдугаар сард тус дүүргийн тохижилт үйлчилгээний газартай холбогдож нэн яаралтай засварлах, тоглоомыг нь солих шаардлагатай тоглоомын талбай байгаа талаар мэдээлэл өгсөн.
Тухайн үед биднийг холбогдож тайлбар авахад Чингэлтэй дүүргийн Хот тохижилтын хэлтсийн Тохижилт, гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн Х.Энхбат энэ талаар “Хуванцар гулсуурын ёроол хэсэгт цууралт үүссэн хэд хэдэн тоглоомын талбай бий. Хил гааль хаасантай холбоотойгоор шинээр захиалсан тоглоомууд маань урд гацчихаад байна. Жил бүр нийслэлийн төсвөөс дүүрэг бүрд тохижилт үйлчилгээнд зориулж төсөвлөсөн мөнгө өгдөг. Түүгээрээ засвар шинэчлэлийн ажил хийхэд зарим тохиолдолд захисан бараа, эд материал ирэхгүй байх тохиолдол байна” хэмээн хариулж байлаа.
Харин өнөөдөр дахин холбогдож засвар хийсэн талаар тодруулбал, “Их дэлгүүрийн зүүн талын орон сууцны дунд байрлах тоглоомын талбайн гулсуурыг нэн даруй засах шаардлагатай гэсэн төлөвлөгөөнд оруулсан. Бидний захисан бараа эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс гэх мэт зүйл биш учир хил гааль дээр гацсан хэвээрээ байна. Тиймээс ирсэн даруйд нь солино” хэмээсэн юм.
ШИНЭ СТАНДАРТ БАТАЛСАН Ч БОДИТООР ХЭРЭГЖСЭНГҮЙ ХОЁР ЖИЛ ӨНГӨРЛӨӨ
2019 онд тоглоомын талбайд мөрдөх стандартыг шинээр баталсан. Тус стандартын дагуу шинээр баригдах талбайн тоглоомын хийц, материалыг шийдэж буй. Харин түүнээс өмнө баригдсан тоглоомын талбайн хувьд эвдрэл гарсан тохиолдолд сэлбэн засварлахаас өөр аргагүй байгаа аж. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тоглоомын талбайн хязгаарлах бүсийн хилээс зургаан метрээс дээш зайд машин явах журам бий. Тоглоомын талбайн гулсуурыг хямд үнэтэй, нимгэн хуванцараар хийж буй нь жилийн дөрвөн улиралтай манай оронд тохиромжгүй юм.
Учир нь салхи шороо, өвлийн хүйтэн, зуны халуун, аадар бороо зэрэг цаг агаарын хүчин зүйлсээс хамааран нимгэн хуванцар материал химийн урвалд орж хэврэгшинэ. Улмаар хэврэг болсон хуванцар гулсуур энд тэндээ өм цөм хагархайтай болж эвдэрч байна. Эвдэрсэн тоглоомыг засварлах ажил аль эрт эхлэх байсан ч цагийг нь тулгадаг монгол зангаар хил гааль хаасан учир тоглоомууд “урд” гацчихлаа гэсэн шалтгаар халхлагдах жишээтэй. Дээр дурдагдсан асуудал бол нэг дүүргийн нэг хороон дахь талбайн л жижиг жишээ.
Цааш явсаар Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд очиход тэс өөр орчин угтлаа. Хоёр гаруйхан километрийн зайд тэнгэр газар шиг өөр дүр зураг харагдаж байна. Баригдсан цаг хугацааны хувьд ондоо ч засвар шинэчлэлийн ажилд хэтэрхий хойрго, сэтгэлгүй ханджээ. Машины зогсоол болон замтай нийлчихсэн жижигхэн талбайд гурван настай хүүхэд даваад гарчихаар хашлага тавьжээ. Гулсуурын доод хэсэгт зориулалтын зөөлөвч бус сул шороо, жижиг хайрга чулуу, цемент бүрхсэн газар байгаа нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.
СӨХ сар бүр оршин суугчдаас 20-40 орчим мянган төгрөгийн хураамж авч түүгээрээ тохижилтын ажил хийдэг гэж тайлбарладаг. Гэвч бодит байдал дээр арваад жил хүний гар хүрээгүй тоглоомын талбайнууд нийслэлд байсаар. Өнгөрсөн оны жишээг авбал зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт 182 тоглоомын талбай байгаагаас 122 нь эвдрэл, гэмтэлтэй, засах шаардлагатай байсан гэх тоо бий. Өөрөөр хэлбэл хотын захын дүүрэгт байрлах тоглоомын талбайнуудын дийлэнхи нь чанарын шаардлага хангахгүй байгаа гэсэн үг.
Зөөлөвчгүй, ёроол нь цоорхой гулсуур, савлуургүй тоглоом, доороо цементтэй турник, сандалгүй сүүдрэвч нийслэлийн хаа сайгүй үзэгдэх нь хэвийн үзэгдэл болсон мэт. Гулсуур, савлуур байрлуулчихвал л тоглоомын талбай болчихно гэж боддог сэтгэлгүй, харалган албан тушаалтнууд нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.
Үргэлжлэл бий...\
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )