Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт хэрэгжиж буй ногоон сургууль, цэцэрлэгийн төслийн явц болон түүнээс гарсан үр дүнг өчигдөр танилцууллаа. Танилцуулгад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, доктор Ш.Цэрэндулам, Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн (ДДНХИ) Монгол дах суурин төлөөлөгч Аннака Питерсон ба бусад холбогдох албан тушаалтнууд оролцсон байна. Уг төсөлд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 болон 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамрах юм байна.
Ерөнхий боловсролын 122 дугаар сургууль нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын аманд байрладаг аж. Тус сургууль нь ногоон халаалтын систем бүхий өргөтгөлийн барилгаа өнгөрсөн онд хүлээн авчээ. Ногоон халаалтын систем буюу газрын гүний насосоор халдаг өргөтгөлийн барилга ашиглалтад орохоос өмнө 2500 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэдэг байсан аж.
Тус сургуулийн үндсэн барилгын нүүрсээр галладаг нам даралтын зуух бүхий халаалтын системийг улсын төсвийн санхүүжилтээр (Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төсөв) газрын гүний дулааны насосоор сольсон байна. Энэхүү насос нь 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орснос хойш ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллаж байгаа ажээ. Цэвэр буюу газрын гүний дулааны насосоор ажиллах уг халаалтын системийн техник, эдийн засгийн үнэлгээг ДДНХИ нь БОАЖЯ-ны захиалгаар 2018 онд гүйцэтгэсэн аж.
Ташрамд дурдахад, сургуулийн үндсэн барилга нь ЖАЙКА байгууллагын санхүүжилтээр Монгол Улсад баригдсан 54 дэх сургуулийн барилга юм байна. Барилгын эрчим хүчний хэрэглээгээр С ангилалд хамрагддаг ажээ. Сургуулийн 3315 ам.дөрвөлжин үндсэн барилгын дотор агаарын температурыг 17-21 хэм байлгахад 174 кВт газрын гүний дулааны насос бүхий халаалтын систем ажиллаж байгаа аж. Халаалтын систем нь дунджаар 120 м гүнтэй, нийт 24 цооног, цахилгаанаар ажилладаг насосоос бүрджээ.
Уг системийг ашиглалтад оруулснаар сургуулийн халаалтын сарын зардал 2.7 дахин буюу 16 саяас зургаан сая төгрөг болж багасч, агаар орчинд ялгаруулах бохирдуулагч хэмжээ буурсан үзүүлэлттэй гарчээ. Цахилгаан ба хийгээр халаах туршилтын төслүүдтэй харьцуулахад энэхүү газрын гүнээр халаах технологи нь анхны хөрөнгө оруулалт өндөр боловч, ашиглалт үйлчилгээний хувьд харьцангуй давуу талтай байгааг БОАЖЯ-наас мэдээлжээ.
Цахилгаанаар халдаг цэцэрлэгүүдэд зарим нэгэн техникийн асуудлууд тулгараад байгаа бол хийгээр халдаг сургууль, цэцэрлэгийн зардал харьцангуй өндөр гарч байгаа аж. Төрийн өмчит ногоон цэцэрлэгийн барилгын ажил хараахан ашиглалтад ороогүй ба Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрладаг ажээ. Тус ногоон цэцэрлэгийн барилгын зургийг БОАЖЯ санаачилга, ДДНХИ-ын техникийн туслалцаатай боловсруулсан байна. Барилгын ажлыг 2020 оны аравдугаар сараас эхлэн АХБ-ны санхүүжилтээр эхлүүлжээ. Цар тахлын улмаас барилгын ажил удааширсан байна.
Н.АНУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )