М.Отгонгэрэл: "Тогоруутай нуур" дуу гэгээн жим татуулж өгсөн

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Хаврын улиралд хачин гэгэлгэн дуу сонсоод алхах гоё. Хүний зүрх руу нэвчиж, сэмрээж, гэгэлзүүлж дуулдаг дуучин бол СТА дуучин М.Отгонгэрэл. Тэрбээр “Тогоруутай нуур”, “Эрчүүдээ дуулъя”, “Зүрхэн цэцэг”, “Хайр буруугүй” зэрэг олон дуугаараа ард түмний хайртай дуучин болсон билээ. Нам гүмхэн боловч дотогшоо асаж уран бүтээлээ чимээгүй туурвиж яваа түүнтэй ярилцлаа.


-Уран бүтээлийн олз омог их үү, ойрд нам гүм байна уу даа?

-Наанаа нам гүм байгаа боловч цаанаа уран бүтээлээ хийгээд л явж байна. Уран бүтээлийн дөрөв дэх цомог дээрээ ажиллаж байгаа. Цар тахлын хоёр жилийг уран бүтээлдээ шамдаж өнгөрүүллээ. Дуутай шуутай хэр нь хүнд үлдэцгүй зүйл хийхээсээ илүү даруухан байж байгаад даацтай бүтээл гаргахыг зорьдог. Сүүлийн үед гаргасан бүтээлийнхээ үүцийг тун удахгүй ард түмэндээ задална.

-Жаахан байхдаа та ямар хүүхэд байв. Дуучин болохоо хэзээ мэдрэв, түлхэц болсон зүйл нь юу байв, анхны дууныхаа түүхийг хуваалцана уу?

-Би Дундговь аймгийн Өндөршил сумын хүн. Айлын есөн хүүхдийн найм дахь хүүхэд. Өндөршил сумандаа найман жилийн дунд сургуулийг төгсөөд арван жилээ аймгийн төвийн нэгдүгээр сургуулийг дүүргэсэн. 2002 онд СУИС-ийн уртын дуучин мэргэжлээр таван жил суралцаж 2007 онд төгссөн. Хүүхэд байхдаа дэггүй, эршүүд, моринд эрэмгий хүүхэд байлаа. Аль болох догшин морийг сонгож унадаг байлаа. Зургаа, долоодугаар ангид байхдаа сумынхаа урлагийн үзлэгээр дуулж эхэлсэн. Манай эгч, ээж хоёр минь сайхан дуулдаг болохоор намайг дуулж магадгүй гэж бодсон уу, хөгжмийн багш маань дуулуулж үзээд тэр цагаас хойш дуу хууртай нөхөрлөжээ.

Дуучин болоход найман жилийн сургуулийн дуу хөгжмийн Л.Отгонтамир багш, Дундговь аймгийн III сургуулийн математикийн багш Ц.Ганхуяг багш, Өндөршил сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Мөнхцэцэг нар маань маш их түлхэц болж, урам зориг, итгэл хайрласан. Энэ хүмүүс намайг олж хараагүй бол магадгүй би дуучин болох ч байсан юм уу, мэдэхгүй юм. Анх 2004 онд СУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа дуучин Б.Болдбаатартай хамтарч Б.Оролзодын үг, Н.Шонхорын аялгуу “Тогоруутай нуур” дууг дуулж байлаа. Энэ дууг дуулснаар үзэгч сонсогчдод маш хурдан хүрч, анхны уран бүтээлийн гараагаа их сайхан эхэлж байлаа. “Тогоруутай нуур” дуу миний уран бүтээлийн тэнгэрт гэгээн жим татуулж өгсөн.

-Уран бүтээл хийх хугацаандаа хэдэн тоглолт хийж байсан бэ. Хамгийн мартагдашгүй ямар тоглолт байсан бэ?

-Бие даасан хоёр тоглолт, хамтарсан хоёр тоглолт хийж байжээ. Хамгийн мартагдашгүй нь 2012 онд бие даасан “Эрчүүдээ дуулъя” анхны бие даасан тоглолт байдаг. Монгол эрчүүдийн маань босоо цагаан хийморь лундаа, огшсон баярласан сэтгэл гэдэг дуучнаа ч сэвхийтэл өргөөд явчихдаг юм шиг санагддаг. Үнэндээ эрчүүд маань нийгэмд орхигдоод байгаа нь нууц биш. Энэ л цаг үеийг олж онож гундсан сэтгэлийг нь хөг эгшгээр хөгжөөн дуулсан шиг санагддаг.

“Дэргэд ханхайх эрчүүд байхгүй бол

Дэнж хотолзтол хэн зодоглох юм бэ

Тэргэл саран шиг гэрэл гийсэн

Тэнгэр хишигтэй эрчүүдээ дээдэлье юү” гээд дуулаад ирэхээр хийморь цог нь бадраад ирнэ шүү дээ. Манай монгол эрчүүд ухааны цараатай, уул шиг нөмөртэй сайхан хүмүүс. Дэлхийн аль ч улсын эрчүүдтэй харьцуулахад эр хүн шиг эр хүн гэвэл монгол эрчүүдээ л хэлнэ.

-Үнэхээр л "Эрчүүд ээ дуулъя", "Эрийн хийморь" дуугаараа монгол эрсээ та бахдан дуулсан шүү. Ер нь эр хүнийг хэнээр хэмжиж, эр хүний ямар занг хүндэлдэг вэ?

-Эр хүнийг магтан дуулсан дуу надад олон бий. Ард түмэнд хүрсэн нь тэд боловч “Эцсийн тушаал”-аас эхлээд эрчүүдээ магтан дуулсан нэлээн хэдэн дуутай. Миний шинэ цомогт эдгээр дуу орох юм. Монгол эр хүнийг өөрийнхөө дөрвөн ахаараа жишиж боддог доо. Аав минь намайг гурван настай байхад тэнгэрийн оронд одсон болохоор аав гэдэг хүний орон зайг ах нар маань нөхөж өсгөсөн. Дөрвөн сайхан ахаараа монгол эр хүний жудаг ёс, хүн чанарыг харж өссөн. Манай нутаг усныхан ах нарыг маань мэдэх нь мэддэг байх. Миний цээжинд нэг үг санаанаас гардаггүй юм. Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн “Эрүүл, согтуу хоёртоо аль алинд нь ав адилхан зантай  байхыг эр хүн гэнэ” гэж. Эр хүнийг ямар ч үед нэг л зангаараа, нэг л үгээрээ байгаасай гэж боддог доо.

-Таны бүтээлд гол төлөв нутаг ус, хайрын тухай, ээжийн тухай дуунууд байдаг. Дуулсан дуу бүхэн тань хүний сэтгэлд хүрдэг шүү дээ. Дууг дуулахдаа юу бясалгаж, мэдэрч дуулдаг вэ?

-Миний уран бүтээлд нутаг ус, аав ээж, хайр сэтгэлийг магтан дуулсан дуу тэнцүүхэн жин дарах байх. Өөрийнхөө сэтгэлд бууж байгаа дууг л дуулдаг даа. Миний сэтгэл зүрхэнд ойрхон  байж, миний эд эсээр дамжин өнгөрч буй аялгуу, үг бүхэн хүний сэтгэлд хүрдэг болов уу. Сэтгэл зүрхэнд минь нутаг ус, аав ээж, хайр сэтгэл гэдэг ухагдахуун хамгийн ойр, дотно халуун санагдаж явдаг. 21 аймгийн 330 суманд надад очоогүй газар цөөхөн. Хангай бол хангай, говь бол говь өөр өөрийн гэсэн үзэсгэлэн гоо, өвөрмөц тогтоцтой, хүн зонтой, ёс заншилтай. Энэ бүхнийг үзэж харж мэдэрч туулаад явчихсан учраас надад дуулахад бэрхшээлтэй санагддаггүй.

-Та дуундаа няхуур хандаж сонгодог шиг санагддаг. Сүүлийн үед иийтийн дуу, эстрад дууны цензур хаашаа явж байна гэж боддог вэ?

-Түрүүн хэлсэн шиг энэ дуу надад таалагдаж, энэ дууг би дуулж чадах юм байна, миний сэтгэл зүрхийг хөглөж чадаж байвал би дуугаа сонгож дуулдаг. Үнэхээр миний дурлаж тэмүүлсэн дуу байвал би тухайн уран бүтээлчид хүсэлт тавьж дуулж байсан ч удаа бий. Миний ойлголтоор сүүлийн үеийн нийтийн дуу, эстрад дууны хэв маяг эрлийз болоод байх шиг. Нийтийн дуу нь нийтийн дуугаараа, эстрад дуу нь эстрад дуугаараа баймаар байгаа юм. Энэ хоёр холилдоод юу ч биш болоод байгаа нь таалагддаггүй.

-Та сүүлийн үед ямар дуу дуулах сан хэмээн бодож явна даа?

-Миний дотор нууцхан асаж явдаг мөрөөдөл бол эх орноо магтан дуулсан, нэлээн ур чадвар шаардсан дуу дуулахыг хүсэж байна. Энэ дуундаа эх орноо бүхлээр нь багтааж хаа ч бахдан дуулмаар тийм л дуу дуулах юм сан гэж бодоод байдаг болжээ.

-Нэг үе таныг “хагас нүцгэн зургаа татууллаа” гэж шуугиад байсан. Тэр үед зориг гаргасан шалтгаан юу байв. Хүмүүсийн магтаал, шүүмжлэлийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Хагас нүцгэн ч гэж дээ, мөр нь л гарсан зураг шүү дээ /инээв/. Тэр үе 2006, 2007 он юм уу даа, “Донж”-ийн Төгөлдөр ах “Миний дүү ингэж зургаа авахуулж, өөртөө өөрчлөлт хийвэл яасан юм” гэж зөвлөсөн. Энэ саналыг хүлээж аваад өөртөө зориг гаргаж зургаа авахуулсан юм. Мөр нь гарсан зургийг хүмүүс дөвийлгөж хагас нүцгэллээ энээ, тэрээ гэж л байсан. Хүмүүс чинь үргэлж онож, магтаж байна гэж юу байхав. Магтаалыг нь ч, шүүмжлэлийг нь ч хүлээж авна шүү дээ. Шүүмжлэлээс нь өөртөө дүгнэлт хийж өөрийнхөө алдааг зөвөөр ухамсарлаад засаад явчих хэрэгтэй. Ингэж чадвал байнга хүмүүсээр шүүмжлүүлээд  байхгүй шүү дээ.

-Таны дууг сонсдог ард түмэн Отгонгэрэлийг үгүйлж, хүлээж суудаг юм билээ. Тэдэндээ ямар бэлэг барихаар зэхэж байна вэ?

-Энэ хүлээлтийг мэддэг, мэдэрдэг. Маш олон хүн надад цахим хаягийн хувь чатаар, дууны дор комент хэсэгт, утсаар “Отгонгэрэл минь уран хаачив аа, уран бүтээлээ хийгээч ээ, дуугаа дуулаач ээ” гэсэн хүсэлт ирүүлдэг. Тийм болохоор сүүлд гарч буй уран бүтээлдээ илүү чанартай, ард түмэндээ ойрхон, хүсэн хүлээсэн сэтгэлийг нь сайхан уран бүтээлээр бэлэг барьж сонсогчдоо баярлуулъя гэсэн чин хүсэл байна. Дөрөв дэх цомгоо наадмаас өмнө гаргаад, сүүлийн уран бүтээлүүдээ дүрсжүүлээд намар уран бүтээлийнхээ бие даасан тоглолтоо хийе гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна даа.

-Эмэгтэй хүний хувьд та ямар зан араншинтай хүн бэ, мөн монгол бүсгүйчүүдийнхээ тухай таны бодол?

-Би ер нь эршүүд, өөрийнхөөрөө зантай. Аливаа зүйлд эмзэглээд, хүндээр тусгаж аваад байдаггүй хүн. Гэхдээ хувь хүн нь дотроо зөөлхөн хүн шүү дээ. Хүмүүс намайг эршүүд, шулуун араншинтай гэж дүгнэдэг нь ч үнэний талтай.

Монгол бүсгүйчүүд сошиал гэдэг зүйлд хэт автаж, эрхэм чанар, үнэт зүйлээ алдаж, эвдрээд байна уу даа гэж хараад байгаа. Сошиал орчин гэж байхгүй үед эмэгтэйчүүд маань ёс жудагтай сайхан л байсан юм шиг санагддаг. Одоо бол бие биенийгээ үгүйсгэсэн, доромжилсон, шүүмжилсэн л улс болж. Манай бүсгүйчүүд өөрийн гэсэн биет ухамсраараа аливаа зүйлийг зөвөөр харж, зөвөөр шүүмжилж, өөртөө тусгаж авч бодож үзэж байгаасай. Манай бүсгүйчүүд ухаантай даа. Цар тахал дэлхий даяар гарч хүмүүсийн сэтгэл зүй тогтворгүй нэг хэсэг савлагаатай байлаа шүү дээ. Сайхан цаг ирэх байлгүй дээ.

-Дуугаа дуулж байхад яг өөрт тань тохиолдсон сэдэвтэй дуу таарч байсан уу?

-Таарч байсан шүү. Би 2011 онд ээжийгээ алдсан. Болор цомын эзэн Б.Болорцэрэн найзын маань үг, Х.Амгалангийн ялгуу “Ээжийн эзгүйд” дууг дуулахад сэтгэлдээ ээжийгээ маш их үгүйлж, санаж байсан. Б.Болорцэрэн маань ч ээжийгээ алдсан хүн. Энэ сэдэв их хөндүүр л дээ. Ээжийн эзгүй хорвоод гэртээ очиход ямар байдаг билээ, гэрээсээ явахад ямар байдаг билээ, нутагтаа очиход ямар байдаг билээ, нутаг руу ойртоод ирэхэд ямар байдаг билээ,

Ээж минь уйлсан гээд бодохоор

Нулимсаа барьж дийлмээргүй

Ээж минь дуулсан гээд бодохоор

Нутгаа орхиж чадмааргүй” тэр л бүх л дотоод сэтгэлийн эмзэг хөндүүрийг мэдрүүлсэн дуу. Дуу маань ээжийнхээ итгээд үлдсэн хорвоод ээжийгээ жаргааж яваа сэтгэл бүхэнд баярлаж явдаг хэмээн жаргадаг. Үнэхээр л хүн гэдэг ээжийгээ дэргэд нь байхад л жаргааж яваасай гэж ээжийгээ баярлуулж яваа хүн бүхэнд талархаж явдаг. Миний сэтгэлд  ийм л сэтгэлтэй  минь ойрхон дуу байсан.

-Нутагтаа хамгийн сүүлд хэзээ очсон бэ, нутгаасаа авдаг мэдрэмж, гуниг, баяр юу байсан бэ?

-Нутагтаа энэ жилийн Цагаан сараар очоод хоёр хоноод ирсэн. Хүний унасан газар угаасан ус гэдэг ер бусын гайхамшигтай мэдрэмж, эрч хүчийг өгдөг. Баяр гэвэл нутагтаа зорьж очоод нутгийнхантайгаа уулзаад явах нь сайхан. Гуниг гэвэл тосоод авдаг ээж минь байхгүй байх хамгийн хэцүү мэдрэмж дээ. Хүн амьдралдаа хүн энэнээс илүү гунигтай, таагүй мэдрэмжийг авахгүй байх, авдаг ч үгүй байх.

-Танд хийх дуртай сонирхол хобби байдаг уу?

-Байлгүй яах вэ. Хүүхэд байхдаа спортоор хичээллэнэ гэж боддог байсан боловч спортоороо ч явсангүй, хичээллэсэнгүй.  Гар бөмбөг, волейболл тоглох дуртай. Хааяа зав гарахаар найзуудтайгаа тоглохыг хичээдэг дээ.

-Дуучин хүний ёс зүйн талаар таны бодол ямар байдаг вэ?

-Дуучин хүний ёс  зүй бол зайлшгүй байх ёстой зүйл. Олон нийтийн өмнө соёлтой, хүндэтгэлтэй байхгүй бол бүдүүлэг, хайнга харагдах шиг муухай зүйл байхгүй. Соёлын салбарт соёлыг түгээх үүрэгтэй яваа урлагийн хүмүүс болохоор өөрийн биеэрээ, дуу хоолойгоороо хүргэж явахдаа ч, эгэл жирийн амьдрал дээрээ ч зөв  байгаасай гэж боддог. Өөрийн зүгээс урлагийг төлөөлж яваа хүний хувьд дээд зэргийн ёс зүйг баримталж, хүн чанартай байж, бусдыг хүндэлж явахыг хичээдэг.

-Та тайзан дээр дуулахдаа ямар мэдрэмж авдаг вэ?

-Тайзан дээр аавынхаа нэрээр овоглоод, алдар нэрээрээ зарлуулаад дуу эхлэхэд ертөнцөөс тасраад л явчихна шүү дээ. Өөрөөсөө гарч яваад эрхэмсэг, тансаг өөр ертөнцөд очоод ирэх шиг болдог. Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм даа. Нэг мэдэхэд л дуу дуулаад ёсолж байдаг шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top