Монгол Улс энэ сарын 4-10-ны өдрүүдэд авто замаар 1666 чингэлэг, төмөр замаар 600 чингэлэг нүүрс гаргажээ. Ингэснээр оны эхнээс 1,602.7 мянган тонн нүүрс гаргасан үзүүлэлттэй байна.
УУХҮЯ-ны мэдээллээр энэ оны эхнээс хоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 1,196.9 мянган тонн нүүрс экспортод гаргасан байсан. Тэгэхээр 14 хоногийн хугацаанд 400 мянган тонн нүүрс экспортод гаргажээ.
Дашрамд сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын эхээр БНХАУ-д ажлын айлчлал хийсэн. Айлчлалын үр дүнд Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарлаа гэсэн мэдээллийг Засгийн газраас өгсөн.
УУХҮЯ-наас өгч буй нүүрсний экспортын хэмжээг илтгэх тоон мэдээллээс үзэхэд, экспорт асуудалтай хэвээрээ байгаа бөгөөд өнөөдрийн учиг шалтгаан нь царигийн асуудлаас гадна ковидын нөхцөл байдалтай холбоотой юм.
2021 оны нэгдүгээр сард ковидтой холбоотойгоор нөхцөл байдал амаргүй байсан ч, Монгол Улс 2.5 сая тонн нүүрс экспортод гаргаж байв. Мөн оны хоёрдугаар сард 2 сая гаруй тонн нүүрс экспортод гаргаснаар, 2021 оны эхний хоёр сард нийтдээ 4.5 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан.
Гэтэл энэ оны эхнээс гуравдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд гаргаж чадсан нүүрсний хэмжээ өнгөрсөн оны эхний хоёр сард экспортод гаргасан хэмжээнээс гурав дахин бага байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улс энэ оны хоёрдугаар сарын байдлаар экспортод 1180.2 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт экспортын 27.7 хувийг чулуун нүүрс эзэлжээ. Экспортод гаргасан нүүрсний 93.1 хувийг БНХАУ-д нийлүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )