ОХУ-аас сая тонн шатахуун авах хүсэлтээ илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хурал ОХУ-ын Буриад улсын Улаан-Уд хотноо зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын нэгний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Монголын талаас ЗГХК-ын Монголын талын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Идэвхтэн, Улаан-Үд хотод суугаа консул Л.Жавзмаа, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле, ЗТАЖ-ын дэд сайд А.Гансүх болон ТӨХ-ны дарга Д.Сугар, ГЕГ-ын дэд дарга А.Мурат, МХЕГ, Мал эмнэлэг үржлийн газар, Цөмийн энергийн газар, Газрын тосны газар,МҮХАҮТанхим,Алтанбулаг чөлөөт бүсийн удирдлагууд тус тус оролцлоо. Нөгөө талаас ЗГХК-ын Оросын талын дарга И.Е.Левитин, Зам тээврийн яамны дэд сайд А.Н.Недасеков, Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга Е.Н.Попов, ГХЯ-ны газрын дарга И.З.Азизов, Хилийн газрын хэлтсийн дарга А.Н.Володченко болон бусад салбарын удирдлагууд оролцлоо. Хурлаар Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг голлон ярилцсан юм. Тэр дундаа Монгол Оросын хамтарсан үйлдвэр, эрчим хүч, уран, хоёр улсын хил гаалийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох, ХАА, тээвэр, барилга, дэд бүтэц, нефтийн асуудлуудыг хөнджээ. Тээвэр, эрчим хүчний салбарын хувьд ОХУ-аас экспортлож байгаа эрчим хүчийг урт хугацаанд тогтмол авах, 2011 ондоо багтааж УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх, 1949 төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үргэлжлүүлэх зэрэг асуудлыг нааштайгаар шийдэв. Харин Оросын талаас Монголд баригдаж байгаа эрчим хүчний станц, барилгын ажлуудад оролцох хүсэлт тавьсан байна. Харин ураны салбарын хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэх, Хөдөө аж ахуйн чиглэлээр мал эмнэлгийн салбарт ойрын үед харилцан санамж бичиг зурах, Монголын тал ОХУ-д жил бүр 10 мянгаас доошгүй тонн мах экспортлох, шүлхийн вакциныг ойрын үед татах зэрэг асуудлыг шийджээ. Дээрх асуудлуудаас гадна ойрын үед нефть авах асуудлаар Тэргүүн шадар сайдын тавьсан хүсэлтийн дагуу хамтын уулзалтаар тохиролцоонд хүрчээ. Тиймээс ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин өөрийн биеэр яаралтай зохицуулах үүрэг өгч, эхний ээлжийн А-92 бензин Монгол руу ачигдаж эхэлсэн байна. Түүнчлэн цаашид нефтийн асуудлаар урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцож чадсаны дээр жилдээ саяас доошгүй тонн нефть авах саналыг Монголын талаас тавьжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top