-Капитал банкны битүүмжлэн тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг-
Капитал банк дампуурлаа зарласнаас хойш бараг гурван жилийн нүүрийг үзэх гэж байна. Тус банкыг хадгаламж эзэмшигч, харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон гэж үзэн 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд албадан татан буулгах шийдвэр гаргаснаа Монгол банкнаас зарласан байдаг. Тус банкны дампуурлаас болж хувь иргэн төдийгүй улс хохирсон талаар олонтаа бичигдсэн.
Тодруулбал, Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-гийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, нийтдээ 330 гаруй тэрбум төгрөг байршиж байсан тухай мэдээлэл бий. Тэгвэл өнгөрсөн хугацаанд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн энэ мөнгө төлөгдсөн үү. Тэдний хохирлыг хэн барагдуулах ёстой вэ. Өдгөө Хөгжлийн банкны зээлдэгчдийн талаар амтай болгон нь дуугарч, чихтэй болгон нь сонсож байна. Нэг дуулианыг нөгөө дуулианаар мартах учиртүй. Хэрэг хуучирдаггүй гэдэг үг ч бий Тиймээс Капитал банкны асуудлыг нэхэн санацгаая.
Капитал хэзээнээс “нурав”
Хадгаламжийн даатгалын корпораци 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн албадан татан буугдаж Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 сая хүртэлх төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгож эхэлсэн тэр цагаас асуудал хүндэрсэн байдаг.
Албадан татан буугдсан Капитал банкны 354.260 харилцах, хадгаламж эзэмшигчдэд 44.662.554.578 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоос 2021 оны байдлаар 35.695 хадгаламж эзэмшигчийн 40.346.655.185 төгрөгийн нөхөн төлбөр олгоод байгаа талаар мэдээлсэн байдаг. Нэгэнт дампуурсан банкны үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийг улсын орлого болгож, худалдан борлуулах ажлыг эхлүүлсэн талаар эх сурвалж мэдээлсэн. Баттай эх сурвалжаас ирүүлсэн мэдээллээр Капитал банк ХХК-ийн хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар зарж, хохирол барагдуулах ажлыг эхлүүлсэн гэнэ. Тус банкны хөрөнгийг худалдах нээлттэй дуудлага худалдаа энэ сард болох аж.
Капитал банкны дампуурлыг дагасан хамгийн том дуулиан
Капитал хэмээх банк дампуурсантай зэрэгцээд нийтийн дунд тархсан хамгийн том дуулиан бол Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө тус банканд хадгалагдаж байсан гэх асуудал юм. Тодруулбал, татвар төлөгчдийн 240 гаруй тэрбум төгрөг тус банкны дампууралтай хамт салхинд хийссэн явдал юм. Тэгвэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банканд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Албаны эх сурвалжаас өгсөн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үл хөдлөх хөрөнгүүдийг Капитал банк ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон байна. Үүнд дараах найман байршилд буй үл хөдлөх хөрөнгүүд бүртгэгджээ.
Тодруулбал, 2,220 ам метр талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын амны 1.1-1, 1-2, 1-3, 1-4, 1-5, 1-6, 1-7, 1-8, 1-9, 1-10 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Залаатын амны нэгдүгээр гудамжны 1/1, 1/2, 1/3,1/4, 1/5, 1/6, 1/7, 1/8, 1/9, 1/10, 1/11, 1/12, 1/13 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, 21.250 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11-ын “а” тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, 5.733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11-ын “б” тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, 5.733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн 11-ын “в” тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, 8.886 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороон дахь “Централ парк таур” үл хөдлөх эд хөрөнгө, 5.781 ам метр талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай Төмөрчний гудамж дахь 9/5 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, Зайсангийн аманд баригдаж буй “Зайсан хилл каунти” орон сууцны зориулалттай 13 блок хороолол буюу нэр бүхий гурван компанийн 61 үл хөдлөх хөрөнгө багтсан байна.
Авлигатай тэмцэх газраас дурдсан дээрх объектууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу холбогдох мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар шилжүүлсэн юм.
Засгийн газраас танилцуулсан дүнгээр Капитал банкны битүүмжлэн тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг болоод байгаа аж. Уг мөнгийг Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэн өгөх ажлыг Засгийн газар ойрын хугацаанд хийж дуусгах тухай мэдээлэл байна. Битүүмжлэгдсэн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг энэ сард багтааж, дуудлага худалдаанд оруулах гэнэ.
Хамгийн гол нь дээрх дуудлага худалдаа хэр шударга явагдаж, хэрхэн үнэлэгдэх вэ гэдэг анхаарлын төвд байгаа юм.
Зоос, Анод, Капитал гээд манай улсад банк дампуурсан тохиолдол багагүй бий. Хамгийн гол нь хэний буруутай үйл ажиллагаанаас болсон, яагаад дампуурах дээрээ тулсан нь тодорхойгүй байдлаар төгсдөг түүх үргэлжилсээр байна. Капитал банкны хувьд өнөөх л чанаргүй зээлийн асуудал яригддаг. Банк дампууртал зээл авсан нөхдүүдийн нэр ч эхнээсээ дурдагдсан. Ихэнх нь л УИХ-ын гишүүд, Монголын нэр нөлөө бүхий бизнесмэнүүд байдаг. Том зургаар хараад үзвэл тэдгээр зээлдэгчид Капитал банкны Засгийн газартай хамааралтай өрийг үүсгэгчид ч гэж хэлж болохоор байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Засгийн газартай хамааралтай өр гэгдээд буй ЭМД-ын ерөнхий газрын 136 тэрбум, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 104.1 тэрбум, Хөгжлийн банкны 56.4 тэрбум, ЖДҮХС-ийн 42.9 тэрбум, Сангийн яамны 16.8, АШУҮИС-ийн 4.1 тэрбум, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 3.9 тэрбум, Нийслэлийн ЖДҮХС-гийн 3.7 тэрбум, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 1.9 тэрбум, Татварын ерөнхий газрын 1.5 тэрбум, МУБИС-ийн 2.9 тэрбум төгрөг гэх мэт жагсаалт үргэлжилнэ.
Дээрх өрийг хэзээ барагдуулж, хэн, хэрхэн, яаж төлөх нь эргэлзээтэй. Ямартаа ч эхний ээлжинд Капитал банкны үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа энэ сард болох нь ээ. Тэндээс цугларах мөнгөөр өрнөөсөө дарж эхэлнэ гэдэгт найдахаас өөр аргагүй. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан хэрэг хуучирдаггүй. Тиймээс эл банкны томоохон зээлдэгчидтэй холбоотой асуудлыг дараа эргэн сөхөж мэдээллэх болно.
С.ӨЛЗИЙ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Банк дампууруулсан нөхдүүд өндөр албан тушаал хашдаг улс орон байдаг юм уу. Монголчууд арчаагүй болохоор
Bytsartai turiig uurchiluhuus .Uur garts zasm baihgvi .Mongolchuudaa hatuu temtsej 2 tiishee boloh tsag shaardagdaj bna.Butsartai tir niigemiig tonuulchidiig ustagah bolsoon herees heterj bna.