Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэгийн 41 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчааг Өглөөний зочин буландаа урьж, ярилцсан юм. Тэрбээр ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар эл өдөр сансарт ниссэн байдаг. Ингэснээр манай улсын анхны, дэлхийн 101 дэх сансрын нисгэгч болжээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
-Юуны өмнө танд сансарт ниссэн тэмдэглэлт өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн ярилцлагаа хоёулаа олон жилийн тэртээгээс таны дурсамжаар аялж эхлүүлье. Булган аймгийн хүү анх хэзээ хот газрыг зорин ирж байсан бэ?
-Баярлалаа. Нийслэл хот бол хөдөө газрын хүмүүсийн хувьд их холын газар санагддаг. Арга ч үгүй дээ. 1940-1960-аад оны үед Улаанбаатар хотод орж ирээгүй хүмүүс өчнөөн байлаа. Тийм учраас нийслэлд очих сон гэх бодол хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүмүүст байсан биз ээ. Би 1960-аад онд анх удаа хотод ирж байсан. Ингэхдээ номхон зээрд морьтой ирж байлаа. Зүгээр ч морьтой явалгүй, мал тууж ирж байсан юм. 1950-аад оны сүүл, 1960-аад оны эхээр улс даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн. Малчдын хувьд хэдэн малаа худалдаалж, мөнгөтэй болох бодол байсан биз ээ. Тэр бодлын улмаас манай нутгийн хүмүүс мал туун хот газрыг зорьсон хэрэг. Тэдгээр хүмүүсийн малыг хамт туулцсаар долоо хоногийн дараа хотод ирж байлаа. Тэр үед Тасганы овоонд хэдэн малаа идээшлүүлж, амрааж, Ганданд таньдаг айлдаа байрладаг байсан юм. Тасганы овоо ч тал газар шиг байсан даа.
-Хот газрыг анх харахад ямар санагдаж байв?
-Яасан ч олон хүнтэй, хөл хөдөлгөөнтэй, ямар ч олон машин тэрэгтэй газар вэ хэмээн бодож байсан. Тэр үеийн Улаанбаатарыг өнөөдрийнхтэй харьцуулвал хүн ам ч цөөхөн, машин тэрэг ч гэж үзэгдэж, харагдах зүйлгүй байлаа шүү дээ. Гэсэн ч хөдөөний бидний хувьд анх удаа хот газрыг харж буй нь тэр юм. Би дөрөвдүгээр ангийн хүү байсан гэхээр 12-13 настай байж дээ. Нутаг буцахдаа нэгдлийн машинд сууж явсан.
-Таны ажил, амьдрал чинь Налайхаас эхэлсэн гэдэг байх аа?
-Улмаар 1966 онд аравдугаар ангиа төгсөөд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн хуваарь авч оюутан болж ирсэн. Цэргийн албыг 1968 оноос гурван жилийн хугацаатайгаар хааж байлаа. ЗХУ-д сургуульд явж, эргэж ирээд Цэргийн ангид ажилласан. Агаарын цэргийн инженерийн академид 1972 онд суралцав. Сургуулиа дүүргээд Налайх хотод суурьшиж, гэр бүлтэй болж, анхны хүүхдээ ч өлгийдөн авсан. Налайхаас ажил амьдрал маань эхэлсэн юм. Тус газарт Цэргийн нисэх онгоцны инженерээр ажиллаж байхдаа 1976 оны эхэн үетэй золгосон доо.
-Сансрын баг бүрдүүлэх Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд анх дөрвөн залууг сонгосон юм билээ. Ямар шалтгааны улмаас дахин хүн сонгохоор болсон бэ?
-1977 оны долоо, наймдугаар сарын үед Интеркосмос хөтөлбөрт хуучин социалист гэгдэх бүхий л орнууд хамрагдан, оролцож байсан. Энэхүү хөтөлбөр нь сансар огторгуйг энх тайвны замаар судалж эзэмших олон улсын хөтөлбөр. 1961 онд хүн сансарт ниссэний дараа буюу 1962 оноос хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр юм. Олон улсын хэрэгжүүлсэн ХХ зууны хамгийн том хөтөлбөр нь энэхүү хөтөлбөр байсан болов уу хэмээн боддог. Хөтөлбөрийн дагуу олон хиймэл дагуул хөөргөсөн. Сансар судлалд асар их түлхэц өгсөн. Сансарт нисэх хүмүүсийг сонгон шалгаруулах ажил 1976 онд эхэлсэн байсан. 1977 оны дунд үед дөрвөн залууг сонгосон байдаг. Түүний гурван гишүүн нь байлдааны нисгэгч, дунд боловсролтой залуус. Тэднийг н.Шаравсамбуу, н.Лхагвасүрэн, н.Эрхэмбаяр гэдэг юм. Харин дөрөв дэх гишүүн нь Иргэний нисэхийн нисгэгч, дээд боловсролтой Д.Сүрэнхорлоо байлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд 1976 онд оролцогч улсуудын Засгийн газрын тэргүүнүүд Москва хотод цугларч, хуралдсан юм. Хурлаар энэхүү хөтөлбөрт оролцогч улс орны иргэдийг Зөвлөлтийн сансрын хөлгөөр нисгэх, судалгааны ажлыг улам лавшруулах Засгийн газар хоорондын гэрээг хийсэн байдаг. Уг хөтөлбөрийн тэргүүн нь академич Петров юм. Петров 1977 онд Монголд ирж, хамтарсан нислэгийн оролцох хүмүүсийг сонгосон байдалтай танилцаад өнөөх сонгосон дөрвөн хүнтэй уулзсан байдаг. Бусад орны байдлыг харахад дээд боловсролтой хүмүүсийг сонгож байсан учраас манай улс дахин сонголт хийхээр болсон юм.
-Нийт 10 мянган хүний анкетаас хамтарсан нислэгийн хүмүүсээ сонгосон гэдэг байх аа. Хэрхэн сонгосон талаар нь та судалж байв уу?
-Техникийн мэдлэгтэй, дээд боловсролтой залуучуудын дунд анхан шатны эмнэлгийн үзлэг хийж, улс даяар явсан. Тэр эмнэлгийн үзлэгийг олон залуусын дунд хийсэн байдаг. Эрүүл мэндийн хувьд шаардлага хангах хүмүүсийн анкетыг цуглуулсаар байсан юм билээ. Таны хэлсэнчлэн 10 мянган хүний материалаас сонгосон хэмээн хэлдэг. Гэхдээ хэрхэн сонгосон талаар би сайн мэдэхгүй байна.
-Та өөрөө энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгч байв уу, эсвэл үзлэгийн материал дундаас таныхыг сонгож байсан уу. Мөн тантай хамт сонгосон гурван хүнээс С.Сайнцог хасагдсан байдаг. Эрүүл мэндийн шалтгаантай байсан уу?
-Дахин хүмүүсийг сонгохоор боллоо гэх мэдээллийг сонсоод Цэргийн ангидаа хүсэлт гаргасан. Анги дэмжээд, яам руу явуулж, улмаар үзлэгт орж болно гэсэн юм. Нийт материалуудаас сонгосон 13 залууг Улсын төв нэгдүгээр эмнэлэгт байрлуулан, үзлэг шинжилгээнд хамруулсан. Тэдгээр залуусын олонх нь дулааны автоматик инженер, цэргийн мэргэжилтэйгээс гадна энгийн хүмүүс байлаа. Бид 13-аас гурван хүнийг сонгосон. Цэргийн инженер С.Сайнцог, автоматикийн инженер М.Ганзориг болон миний бие сонгогдсон юм. Бидэн дээр Д.Сүрэнхорлоо маань нэмэгдсэн. Бид Монголд Тэрэлжийн жуулчны баазад бэлтгэлээ хангадаг байсан. Бид дөрвийг ЗХУ руу 1978 оны хоёрдугаар сард явуулсан. Тус газарт Цэргийн нэгдсэн эмнэлэг гэж бий. Тэнд сар гаруй хугацаанд ачаалалтай дасгал хийлгэж, эцсийн үзлэгт оруулсан. Улмаар С.Сайнцог маань хасагдаж, бид гурав шалгарсан. С.Сайнцогийн хувьд шинжилгээгээр цуснаас нь нэг элемент илэрсэн гэдэг. Нарийн учрыг нь сайн хэлж мэдэхгүй юм.
-Намын гишүүнээс гадна нисгэгч хүн учраас Д.Сүрэнхорлоог сонгогдох байх даа хэмээн М.Ганзориг та хоёр бодож байв уу?
-Тухайн үед Монголд маш том комисс байгуулагдан ажиллаж байсан. Намын төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адъяа тус комиссын даргаар ажилаж байсан юм. Тус комисс бидний нэгийг хасахын тулд хуралдаж байсан нь гарцаагүй. М.Ганзориг бид хоёрыг сонгож, бидэнд асуудал үүсвэл Д.Сүрэнхорлоог маань орлуулахаар үлдээж байсан. Яагаад үлдээснийг нь мэдэхгүй. Түүний хувьд гомдолтой байсан нь мэдээжийн хэрэг биз ээ. М.Ганзориг бид хоёр Д.Сүрэнхорлоо явах нь баараггүй хэмээн ярьдаг байлаа. Намын хорооны гишүүнээс гадна, жинхэнэ нисгэгч хүн учраас тэгж бодсон хэрэг.
-М.Ганзориг болон та хоёрын нэгийг сонгох үед танд ямар мэдрэмж төрж байсан бэ. Тухайн нөхцөлд ямар нэгэн зүйл бодогдож байгаагүй гэвэл худлаа хэлсэн болох байлгүй дээ?
-Тийм байлгүй яахав дээ. Сансарт нисэхээс 48 цагийн өмнө Улсын комисс хуралдсан. Энэ хурлын үеэр В.А.Жанибеков бид хоёр буюу нэгдүгээр багийг сансарт нисгэхээр томилсон. Тухайн үед М.Ганзориг бид хоёр хоёулаа хүсэж, тэмүүлж байсан ажил шүү дээ. Гурван жил байтугай мөрөөдөж байсан байх. Нэг цэгт ирээд чи үлд, чи урагшаа яв хэмээн хэлэх нь хүний сэтгэл зүйд ихээхэн хэцүү санагдана. Би ч М.Ганзоригтоо ямар санагдаж байгааг тухайн үед ч бас мэдэрч байсан. Манай хүн бол тэр хэцүү байдлыг эр хүн шиг давж, гарсан даа.
-Та нар гурван жилийн хугацаанд ямар төрлийн бэлтгэл хийдэг байсан бэ. Өдөр бүр нэг ижил бэлтгэл хийдэг байсан уу?
-Мэдээжийн хэрэг хөлөг, станц хоёрыг нарийн судалдаг. Сансрын хөлөг гэдэг бол ихэд автоматжуулсан хөлөг. Гэсэн ч хүний оролцоо, хяналт үргэлж байх ёстой зүйл юм. Нэгдүгээрт, сансрын хөлөг, станцаа судалж эзэмшинэ. Хоёрдугаарт, өөрийгөө бэлтгэдэг. Сансрын орон зай гэдгийг энгийн хар үгээр хэлбэл хүн амьдрахад тохиромжгүй нөхцөл. Сансрын юу ч байхгүй хоосон орон зайд хүнийг амьдруулахын тулд бүхий л нөхцөлийг хангах ёстой юм. Тиймээс сансрын хөлөг болон станцаа судлах ёстой л доо. Сансрын хөлөг битүү байх ёстой. Хөлгийн дотор агаар, даралтыг барьж гэмээн хүнийг амьдруулна. Сансрын хөлөг гэдэг том биет биш шүү дээ. Хүн амьдрах хоёр хэсэг бий. Буугч операторын урд тал болон амралтын тасалгаа хоёр юм. Энэ хоёр нийлээд 10 шоо дөрвөлжин эзэлхүүнтэй. Ийм битүү орчинд амьдрах боломжгүй. Мөн хөлөг температурын өөрчлөлтөд их ордог. Наран талдаа их халж, сүүдэр талдаа их хөрдөг. Цаг хагасын хугацаанд бараг 300 хэмийн температурын өөрчлөлт болдог. Энэ температурын өөрчлөлтөөс хамгаалах ёстой зүйл бол хөлөг. Зүүний сүв шиг жижиг нүх ч байж болохгүй. Янз бүрийн эвдрэл гэмтэл гарвал ямар арга хэмжээ авах талаар шалгалт бас өгнө.
Мөн агаарын даралтыг хангаж өгөх ёстой. Хөлгийн бүхээгт байгаа агаар дэлхий дээрхтэй ижил. Бидний гаргасан нүүрсхүчлийн хийг шингээж төдий хэмжээний хүчилтөрөгч ялгаруулж байж бүхээгийн даралт хэвийн байна. Хоол, ундаа идсэний дараа боловсруулаад ялгаруулах үе шат ч сансарт өөр байдаг. Үүнд бэлтгэдэг. Мөн нэг чиглэлд эргэдэг сандал хүний тэнцвэрийн эрхтнийг хөдөлгөж чадахгүй. Тиймээс олон төрлөөр эргэлдэж байж хүний биед цочроо өгдөг. Тухайлбал, сандал тэнхлэгээрээ эргэхээс гадна хоёр тийшээ савлах гэх мэт. Энэ үедээ 360 градус эргэдэг байх жишээтэй. Биеэ чийрэгжүүлэх дасгал сургуулилалт ч их хийнэ. Энэ бүхний эцэст эцсийн байдлаар шалгалт өгдөг. Хоёр баг хоёулаа энэ мэт бэлдэнэ. Нэг бэлтгэлийг байнга хийж байгаа боловч үзэж харж буй зүйл нь өөр. Нисэх өдөр дөхөөд ирэхээр өдрийн ихэнх цагаа хөлөгт өнгөрүүлдэг. Сансрын станцтай нийлэх, салах, буцаж буух зэргийг олон дахин хийдэг. Улаан болон цэнхэр ном байдаг юм. Тэрхүү номонд бүхий л дарааллыг бичсэн байдаг боловч ном уншиж байх зав байхгүй. Тиймээс дадлага дээр хийсэн зүйлээ биедээ шингээж, мэдрэхээс өөр сонголтгүй. Азаар В.А.Жанибеков даргын хоёр дахь нислэг байсан нь надад маш их дэм болсон. Сансрын хөлгийг гараар удирдана гэдэг ур чадвар болон ухаан хэрэгтэй. В.А.Жанибеков их мэдрэмжтэй хүн. Тиймээс би өөрийгөө ч мөн азтай нэгэн гэж боддог.
-Сансрын хөлөгт суугаад хөөрөх үе энгийн бэлтгэлтэй ижил байсан уу?
-Хүнийг сэтгэл зүйн хувьд, аль ч тохиолдолд сансрын хөлгийн бэлтгэлээр ихээхэн бэлтгэдэг. Сансрын нислэгийн бэлтгэл гэдэг бол бусад бэлтгэл сургуулилтаас хамаагүй илүү. Хүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэхийн хамгийн том жишээ юм уу даа хэмээн бодсон. Нисэх гэж буй үед ч догдолж, айхтар их юм бодох зав байгаагүй. Догдлоод байхааргүй бэлтгэл хийсэн гэсэн үг. Яг л энгийн бэлтгэл хийдэг өдрүүдтэй ижил байсан. Харин ялгаатай ганц зүйл бий. Биед ирэх хэт ачаалал бэлтгэлээс их байсан. Товчхондоо маш их даралт мэдэрсэн гэсэн үг.
-Та нар жингүйдлийн бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан бэ. Тухайн үед дэлхий дээр жингүйдэх боломж бололцоо бараг л байгаагүй байх?
-Жингүйдэхэд хүн дасаагүй байдгийн улмаас олон төрлөөр биед нөлөө үзүүлдэг. Хүний тэнцвэрийн үйл ажиллагааны эрхтнээс болоод хүний бие хямрахаас эхэлнэ. Тэгэхээр жингүйдэхэд дадсан байхын тулд гурван жилийн хугацаанд олон удаагийн нислэг хийсэн. Цэргийн онгоцуудаар нислэг хийж, жингүйдэх орчинтой ойролцоо нөхцөлийг бий болгож бэлтгэлээ хийдэг байсан. Маш богино хугацаа буюу 22 секундэд л жингүйдэх боломжтой. Онгоц чөлөөт уналтаар унах үед жингүй байдалд ордог. Бид хэзээ ч дэлхий дээр жингүйдэх бололцоогүй шүү дээ. Тиймээс тэр 22 секундийн хугацаанд хувцас өмсөх, тайлах, хоол идэх гэх мэт үйлдлийг хийдэг. Жингүйдэх үед бие эрхтэн хэр хүлээж авдаг, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, ажиллах чадвар хэр байна зэргийг судалдаг.
-Жингүйдлийн үед ямар сөрөг шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хүний зүрх босоо байрлалд үйл ажиллагаа явуулдаг. Хүний цусыг тархи руу илүү их хүчээр шахдаг юм. Жингүйдлийн нөхцөлд зүрх ажилладаг хэмээрээ ажиллана. Гэвч хүний биеийн цусыг толгой руу шахдаг. Хөл рүү очих цусан хангамж багасна. Олон хоног тийм байдалтай байвал хөлийн ажиллагаа сулардаг. Жингүйдлийн орчинд толгой руу цус их шахагдсанаас үүдэж толгой өвдөх, бадайрах зэрэг шинж тэмдэг арилахгүй.
-1981 оны энэ өдөр сансарт нисэх болсон нь ямар нэгэн учир шалтгаантай юу?
-Тийм ээ. Бидний сансарт нисэх хөлөг Салют-6 станцтай залгалт хийх ёстой байлаа. Тэр залгалт хийх хугацаа төдийлөн тохиогоод байдаггүй үе байсан юм. Бараг хоёр сард нэг удаа тохиолдох үе байсан. Өөрөөр хэлбэл сансрын Байконур буудал дээгүүр Салют-6 станц нисэж өнгөрөх яг тэр агшинд сансрын хөлөг гараанд гарах учиртай. Сансрын хөлөг ганцхан хавтгайд эргэлддэг. Энэ хавтгай нь ямар ч хөдөлгөөнгүй. Дээр үеийн сансрын хөлөг нисгэсэн мэдээллийг харахад хөлгийг 40, 62.7 градус налуутай тойрог замд гаргалаа хэмээн мэдээлсэн байдаг. Энэ бол тийм налуутай хавтгай замд сансрын хөлөг эргэлддэг гэсэн үг. Тэгэхээр Байконур буудлын цэг тэрхүү хавтгайд ирэх хугацаа нь 1981.03.22-ны өдрийн Москвагийн цагаар 17.58.59 цагт байсан юм. Секундийн нарийвчлалтай байхаас өөр аргагүй. Сансрын хөлөг нэг секундэд найман км зам туулдаг. Тиймээс тэгж нарийвчилж гаргадаг юм. Манай үндэстний хувьд энэ өдөр сансарт ниссэн нь их хувь тохиол гэж боддог. Хаврын өдөр шөнө тэнцлийн өдөр, Наурызын баяртай давхацсан өдөр сансрын хөлгийн гараа тохиосон юм.
-Сансарт нэг гарсан хүн дахин гарахыг хүсдэг гэдэг. Таны хувьд сар руу тэмүүлж байв уу?
-Би Марс гэх мэт холын зүйл боддоггүй байжээ. 20-30 жилийн өмнө сар үнэхээр сонирхол татаж байна, очих юм сан, үзэх юм сан гэж боддог байлаа. Мөрөөддөг байлаа. Сансраас дэлхийгээ харсан хүний хувьд саран дээрээс дэлхийг харвал их гоё хэмээн боддог байсан юм. Би ганцаараа ч сар руу тэмүүлдэггүй байсан юм билээ. Зөвлөлтийн нисгэгч Николай ч ингэж боддог байсан. Сарыг судлах ажил их ирээдүйтэй. Улс орнууд тийшээ их тэмүүлж байна. Дараагийнх нь Марс гээд л явж байх шиг байна даа.
-Ярилцлагынхаа төгсгөлд хүн төрөлхтөн тэр бүр мэдрээд байдаггүй мэдрэмжийн талаар асуумаар байна. Дэлхийг сансраас харахад ямар мэдрэмж төрж байсан вэ?
-Хүн гэдэг их сонин. Надад лав сонин санагддаг. Сансарт гарна гэхээр газар дэлхий ямар харагддаг бол гэдгийг хамгийн түрүүнд харах гэж яардаг биз. Өөрийн нүдээр харах нь кино, бичлэгээс харахаас ондоо мэдрэмж. Дэлхийг гаднаас нь харахад дэлгэсэн тэрлэг шиг харагдахгүй. Хил хязгааргүй газар нутаг л харагдана. Хил гэдгийг хүмүүс өөрсдөө зохиосон. Хэрвээ сансраас харвал газар дэлхий нэг л харагдана. Сансарт гарсан хүн дэлхийн талаар л боддог. Олон ч хүн надад тэгж хэлсэн. Хэмжээ хязгааргүй галактикийн орон зайд газар дэлхий минь ганц юм даа гэдгийг л ойлгоно. Газар дэлхийгээ л хайрлахаас өөр зүйл бодогдохгүй. Манай дэлхий их жижигхэн харагдана. Ёстой л жинхэнэ уяхан замба тив, гар хүрэмгүй хаврын яргуй шиг цэвэрхэн, цэнхэр зүйл. Би өөрийгөө дэлхийгээ хайрлаж байхыг хойч үедээ хэлэх учиртай хүн гэж боддог. Эх дэлхийгээ хайрлаарай, хамгаалаарай хэмээн хойч үедээ хашгирч хэлж, дэлхийгээ хайрлах хайраар үр хүүхдээ өсгөх сөн.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )