Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс хаврын тариалалтын бэлтгэл болоод ургамал хамгааллын бодис, шатахууны нөөцийн талаар тодрууллаа.
-Энэ жилийн хаврын тариалалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?
-Хаврын тариалалтын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаад Засгийн газрын түвшинд тодорхой ажлуудыг зохион байгуулаад явж байна. Энэ жил нийт 362 мянган га талбайд улаанбуудай тариална. Төмс 17 мянга, хүнсний ногоо 12 мянга, тосны ургамал 60 гаруй мянган га талбайд тариалахаар төлөвлөж байна. Мөн малын тэжээлийн ургамал 70 орчим мянган га-д тариалахаар бэлтгэл ажил хангагдаад явж байгаа. Хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарсан. Хүнсний ногоо тариалдаг хүмүүст урамшуулал олгох журмыг боловсруулаад эхэлсэн. Улсын төсвөөр худалдан авсан хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлж, шинээр хүнсний ногоо тариалах гэж байгаа иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлыг ХХААХҮЯ-аар дамжуулан зохион байгуулна.
Одоогоор үрийг худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Мөн манай яамнаас тухайн онд хэрэглэх ургамал хамгааллын бодисын тоо хэмжээг батлан гаргаж, квотыг энэхүү бодисыг худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд олгодог. Энэ хүрээнд Эрүүл мэнд, Байгаль орчин, аялал жуулчлал, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаалаар өнгөрсөн хоёр сард тоо хэмжээг баталсан. Тиймээс тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг үндэслэн олгоно.
-Өнгөрсөн жил тавдугаар сард орж ирэх ёстой ургамал хамгааллын бодис наймдугаар сард орж ирсэн. Үүнээс болоод улаанбуудай чанаргүй болсон гэдгийг тариалан эрхлэгчид хэлж байгаа. Тиймээс энэ жил товлосон хугацаандаа орж ирж чадах уу?
-Ургамал хамгааллын бодис импортлогч аж ахуйн нэгжүүд оруулж ирдэг. Энэ жил үүн дээр онцгой анхаарч, ургамал хамгааллын бодисын тоо хэмжээг эрт баталсан. Тусгай зөвшөөрөлтэй байгууллагууддаа квотоо өгөөд дуусаж байна. Ихэнх нь гэрээ хэлцэлээ хийсэн, зарим нь ачилт хийгдсэн гэсэн мэдээтэй байгаа.
-Хэдэн сард орж ирэх вэ?
-Ургамал хамгааллын бодисууд чинь өөр, өөр байдаг. Үр ариутгал, ургалтын үед, уринш боловсруулалтад ашиглах гээд өөр, өөр байдаг л даа. Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сараас эхлээд ороод ирнэ.
-Хаврын тариалалтад шаардлагатай шатахууны нөөцийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ. Ер нь манайх тариалалт, ургац хураалтад хэдий хэр хэмжээний шатахуун хэрэглэдэг вэ?
-Нийтдээ 22.5 мянган тонн шатахууны хэрэгцээ шаардлага байгаа. Энэ нь хаврын тариалалт, уринш боловсруулалт, талбайд хийх арчилгаа, ургац хураалтад нийтдээ хэрэгтэй. Хаврын тариалалтын үед л гэхэд 6.5 мянган тонн шатахууны хэрэгцээ бий. Шатахууны нөөц, хэрэгцээг хугацаанд зохион байгуулж, бэлдэх зайлшгүй шаардлага байдаг. Тиймээс УУХҮЯ-тай хамтраад шатахууны хэрэгцээний тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа.
-Өнгөрсөн жилийн ургацаас илүү гарсан улаанбуудайг төр худалдаж аваач гэсэн хүсэлтийг тариаланчид тавьж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Ноднин жил цаг агаарын тааламжтай байдал, тариаланчдын маань нөр их хөдөлмөр, төр засгаас авч хэрэгжүүлсэн үр дүнтэй арга хэмжээ зэргээс шалтгаалан улаанбуудайн ургац хураалт 30 жилд байгаагүй өндөр хэмжээг үзүүлсэн. Улаанбуудайн борлуулалтыг дэмжих үүднээс Засгийн газраас зээл гаргаж, гурилын үйлдвэрүүдэд олгосон. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас стратегийн нөөц бүрдүүлэх чиглэлээр ажилласан. Гэсэн хэдий боловч тодорхой хэмжээний улаанбуудай тариаланчид дээр байсаар байгаа. Тиймээс тодорхой стандарт, шаардлагыг хангасан улаанбуудайг Хөдөө аж ахуйг дэмжих санд нөөц бүрдүүлэх чиглэлээр худалдан авах бэлтгэл ажлыг хангаад явж байгаа.
-Нэг тонн улаанбуудайг хэдэн төгрөгөөр авах вэ?
-Үнийг нь хоорондоо тохиролцож байж шийднэ.
-Улаанбуудайн үнийг чөлөөлөх хэрэгтэй саналууд гардаг. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Улаанбуудайн үнийг нэг их тогтоогоод байдаггүй. Гэхдээ энэ бол стратегийн хүнс, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн. Тиймээс Засгийн газраас улаанбуудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Стратегийн хүнсний хангамж, нөөцийн асуудал чухал. Ийм ч болохоор улаанбуудайд мөнгөн урамшуулал олгодог. Дээрээс нь ургамал хамгаалах бодис, шатахуун зэргийг зээлээр олгодог юм.
Т.ДАРХАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )