Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мөнгөний бодлогын хүүгээ 2.5 хувиар өсгөж есөн хувь болгосон. Тиймээс Мөнгөний бодлогын хүүгийн өсөлтийн эерэг болоод сөрөг тал, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар СЭЗИС-ийн багш, дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Монголбанкнаас бодлогын хүүгээ өсгөж есөн хувь болголоо. Энэ шийдвэрийн талаар эдийн засагчийн хувиар байр сууриа илэрхийлээч?
-Бодлогын хүүний түвшинг өсгөнө гэдэг ер нь эдийн засагт хийж байгаа үйлдлийнхээ хувьд сайн зүйл биш. Учир нь бодлогын хүү гэдэг зүйл эдийн засгийн суурь хүүг тодорхойлдог. Үүнийг дэлхийн Төв банкууд байгаа мөнгөний бодлогын гол арга хэрэгсэл болгон ашигладаг. Бодлогын хүүг өсгөж байгаа нь ерөнхийдөө зах зээлийн суурь хүү гэдэг агуулгаараа нийт хүүнд сөрөг нөлөөлдөг.
Үүнийг дагаад хадгаламжийн хүү, зээлийн хүү өсөх, урт хугацаандаа мөнгөний нийлүүлэлт багасах нөлөөтэй зүйл. Тийм учраас ерөнхий агуулгаараа эдийн засгийн сайн шийдвэр, хүсэл зүйл биш. Харин үүнийг хийж байгаа Монголбанкны шалтгааныг ойлгохыг хичээх хэрэгтэй. Өнөөдөр манай улсын эдийн засгийн нөхцөл байдал маш эргэлзээтэй, хүнд нөхцөл байдалд байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш өсөж байна.
Үүний ард Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл, эдийн засгийн нөхцөл байдал их муу байгаа. Тийм ч болохоор Төв банкнаас нэлээд өндөр хэмжээгээр мөнгөний бодлогын хүүгээ өсгөж, үүний эсрэг арга хэмжээ авч байна гэж ойлгох нь зөв байх. Төв банкны зүгээс авч хэрэгжүүлдэг нэг гол арга нь энэ л дээ. Тодруулбал, Монголбанк өөртөө байгаа гол зэвсгийг ашиглан үүссэн нөхцөл байдлын эсрэг тэмцэхийг хичээж байна гэсэн үг. Миний хувьд ч бодлогын хүүг өсгөж эдийн засагт дохио өгөх хэрэгтэй гэсэн санааг ноднин жилийн аравдугаар сараас хэлж, энэ чиглэлд санал нэгтэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ дан ганц Монголбанк бус Засгийн газар мөн энэ тал дээр хүчин чармайлт гарган ажиллах хэрэгтэй. Мөн энэ хоёрын аль нь голлох байр суурьтай байх вэ гэдэг нь чухал.
-Үнийн өсөлт, валютын ханшийн эсрэг авч байгаа арга хэмжээ гэж байна. Тэгэхээр бодлогын хүүг өсгөснөөр ямар эерэг зүйл гарах вэ?
-Хадгаламж, зээлийн хүү өснө. Нэгээс хоёр улирлын дараагаар мөнгөний нийлүүлэлт хязгаарлагдаж эхэлнэ. Төв банкны мөнгөний бодлогуудын арга хэрэгслийн нэг онцлог нь татвартай адилхан шууд тэр өдрөөсөө нийгэм, эдийн засагт нөлөөллөө үзүүлэх нь бага. Хугацааны хувьд хоцрогдолтой нөлөөлдөг. Мөнгөний нийлүүлэлт ингэж буурснаараа зах зээл дэх мөнгөний захаар дамжсан энэ эрэлтийг хязгаарлаж байгаа л гэсэн үг.
Ингэснээрээ Төв банкны хүүлэлт, үнийн түвшин, валютын ханш дээр ирэх дарамтыг бууруулна гэж үзэж байгаа юм байна. Эдийн засгийн хувьд сайн нөлөөлөл багатай боловч энэ мэт нөлөөлөл гарах нь гарцаагүй. Зах зээлд байгаа нийт мөнгөний хэмжээнд нөлөөлчихөөр эрэлт тодорхой хэмжээгээр саарна. Монголбанкны зүгээс мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах замаар, үнэ, валютын ханшаар дамжиж эдийн засагт ирэх эрсдэлийг сулруулах зорилготой байна гэж ойлгож байгаа.
-Тэгвэл үүнээс үүдэн гарах сөрөг тал нь юу байх вэ?
-Сөрөг тал нь мөнгөний нийлүүлэлт буурна. Ер нь сөрөг тал олон. Өнөөдөр манай улсын эдийн засаг маш муу байна. Маш муу байгаа үед мөнгөний нийлүүлэлтийн олон суваг дотроос харьцангуй маш сайн сувгаа хязгаарлаж байгаа явдал нь эдийн засаг дахь идэвхжилтэд сөрөг нөлөөлөх хандлагатай. Энэ бол бидний хамгийн түрүүнд бодох ёстой зүйл. Эдийн засаг дахь идэввхжлийг дарна гэдэг маань улсын эдийн засаг муу байгаа үед сэргэлт удааширна. Ер нь сөрөг нөлөөллийг нь давхар тооцох нь зүйтэй.
Миний харж байгаагаар Төв банкны зүгээс өөрийнхөө гарт байгаа боломжит гол арга хэрэгсэлээ ашиглалаа. Тэдэнд үүнээс өөр сонголтын боломж хязгаарлагдмал. Эдийн засаг муу байхад хоёр муу сонголтоос арай сайныг сонгох шаардлагатай тулгарлаа гэж харж байна. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлын эсрэг Монголбанк гарцаагүй өөрийнхөө хийж чадах зүйлээ л хийлээ.
Харин улс орны хэмжээнд асуудал арай өөрөөр харагдана. Гэхдээ үүсээд байгаа нөхцөл байдлын эсрэг бодлогын сонголт олон биш, хэрэгжүүлэх арга хэмжээ ч сайн биш. Гэхдээ Засгийн газрын хувьд Монголбанкнаас илүү боломж бий. Цар тахлын хуулийн дагуу төсвийн гадуур маш их хэмжээний мөнгө эдийн засаг руу орж байна. Энэ тал дээр Засгийн газар түлхүү ажиллаж төсвөө чанаржуулах, мөнгөний шууд болон шууд бус нийлүүлэлт зөв харах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэхүү төсөв болон бусад эх үүсвэрээс дамжсан мөнгөний нийлүүлэлтүүдээ эргэж харах, эдийн засгаа идэвхжүүлэх чиглэлээр арга хэмжээ авах нь манай хувьд бодлогын хамгийн сайн сонголт мөн.
Даанч өнөөдөр Монголын хувьд эдийн засгаа дотроо идэвхжүүлэх арга хэрэгсэл бага учраас зөвхөн урд хөршийн хилийн нөхцөл байдлыг харсан байдалтай байна. Хүмүүсийн эмзэглээд байгаа гол зүйл нь мөнгөний бодлогын хүүг өсгөснөөр мөнгөний захаар дамжиж гарч байгаа эдийн засгийг маш сайн дэмждэг, зээл хэлбэрээр гардаг тэр мөнгөний үнэ нэмэгдэж, хэмжээ багассанаараа эдийн засгийн сэргэлтийг удаашруулах явдал юм. Бизнесийн гол улирал эхэлж байгаа энэ үед сайн зүйл биш гэж хэлээд байгаатай би санал нийлж байгаа.
-Мөнгөний бодлогын хорооноос өнгөрсөн нэгдүгээр сард бас 0.5 хувиар бодлогын хүүг өсгөж байсан. Ингэж ойр, ойрхон нэмээд байж болдог зүйл юм уу?
-Бодлогын хүүний хувьд ингэж нэмж болно, болохгүй гэсэн ойлголт байхгүй. Өмнө нь нэг удаагийн шийдвэрээр 4.5 хувиар 2016 оны төгсгөлд нэмж байсан тохиолдол бий. Мөн 2009 оны хямралын үед бодлогын хүүгээ огцом нэмж байсан.
Тэгэхээр ойрхон давтамжтайгаар нэмэх, бууруулах асуудал байж болно. Гол нь эдийн засаг дахь нөхцөл байдлааа зөв олж харсан, бодлогын арга хэрэгсэл нь байгаа зөв онох л шаардлагатай. Миний хувьд бодлогын хүүгээ тодорхой хэмжээгээр өсгөж зах зээлдээ дохио өгөх шаардлагатай гэдэг байр суурийг өмнөх оны төгсгөлөөс л илэрхийлж байсан. Гэхдээ үүн дээр нэмээд Засгийн газрын зүгээс эрэлтийг өдөөх мөнгөн урсгалуудаа хязгаарлах ёстой. Энэ нь илүү их оновчтой арга гэдгийг тодотгомоор байна.
-Бодлогын хүүг өсгөсөн нь дөнгөж эхэлж байгаа эдийн засаг, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн орлогод нөлөө нь яаж тусах бол?
-Мөнгөний бодлого, түүний шилжих механизм гэж байдаг. Нэгдүгээрт, гарцаа байхгүй хүүнүүд дээр очно. Би түрүүн ч хэлсэн. Банкуудад байгаа мөнгөний гадагшлах урсгал багасна. Тодорхой нөөцүүд Төв банк руу татагдаж болзошгүй. Манай Монголын санхүүгийн бүтэц өөрөө их өрөөсгөл. Банкны салбарт суурилсан санхүүгийн тогтолцоотой. Тийм болохоор мөнгөний захаар дамжиж гардаг мөнгийг багасгаснаараа бизнесийн орчныг дэмжиж байгаа тэр урсгал нь татарчихаж байгаа юм.
Ингэснээрээ иргэдийн орлого нэмэгдэх, ажлын байртай болох, цар тахлын үеийн сөрөг нөлөөллийг хурдтай дарах байдал зэргээр дамжаад иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Дахин хэлэхэд үүсээд байгаа нөхцөл байдал Төв банкны хийх бодлогын сонголт нь эрсдэлийг бууруулах байсан учраас л энэ шийдвэрийг гаргалаа гэж би хувьдаа үзэж байна. Гэхдээ Монголбанкны өөрийнх нь хийж байгаа үйлдэл, сонголтод хэн нэгэн хүчээр нөлөөлөх нь зохисгүй. Бид зөвхөн гарч болзошгүй үр дүнгийн талаар өөрсдийнхөө дүгнэлтийг л хийх ёстой.
-Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээ авах ёстой гэдгийг та хэлж байна. Тэгэхээр ингэхийн тулд одоо бид юу хийх ёстой вэ?
-Ер нь эдийн засгийг идэвхжүүлэх боломжит аргуудыг ярихын тулд хоёулаа Монголын эдийн засаг өнөөдөр юун дээр тогтоод байгаа вэ гэдгийг ярих нь чухал. Өнгөрсөн 1990-ээд оноос хойш Монгол Улсын эдийн засаг ерөнхий бүтцээ алдчихсан. Аж үйлдвэрийн салбарын нөхцөл байдал доройтсон, энэ салбар дотор боловсруулах үйлдвэр буюу нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн гаргадаг байдлын хувийн жин маш багассан. Аж үйлдвэрийн салбар дотроо уул уурхай 70 гаруй хувийг нь эзэлдэг болчихсон ийм л эдийн засаг байна. Өнөөдөр яг үнэндээ манай улсын эдийн засгийн өсөлт, бууралтыг уул уурхайн салбар л тодорхойлж байна.
Дээрээс нь эдийн засгийн бүтцийн хувьд манайх уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны улс болчихоод байгаа. Тийм учраас эдийн засгийг идэвхжүүлэх бодлогын сонголт нь өмнөх явж ирсэн эдийн засгийн бүтэц, хөгжлийн бодлогын алдаанаас болоод хягаарлагдмал болчихсон. Хэрвээ бид үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан байсан бол дотоод нийлүүлэлт, эрэлтээр дамжуулан энэ хүндрэлийг сөрөн зогсох боломжтой. Гэтэл бид энэ боломжоо өөрсдийн гараар үгүй хийчихсэн. Харин өнөөдөр бидний хийж хэрэгжүүлж чадах зүйл нь томоохон төслүүдээ эрчимжүүлж, түүгээр дамжин орох валютын урсгалаа дэмжих. Дараагийн бидний үндсэн тулгуур арга бол эрдэсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх.
Энэ тал дээр БНХАУ-тай ойлголцолд хүрэх, дотоодын цар тахлаа богино хугацаанд дарах шаардлагатай. Дээрээс нь нөгөө яриад байгаа авто болон төмөр замаараа хилийн боомтуудаа нэн яаралтай холбож, нэвтрэх чадварыг нь дээшлүүлэх ийм л арга замууд байгаа. Учир нь манайд гадаадын хөрөнгө оруулалт муу байна. Валютын орлогын гол жинг дарж байгаа экспортын орлого муудчихсан. Эдийн засгийн дотоод нөөц бололцоо гэдэг зүйл нь уул уурхайгаас шууд хамааралтай. Бид аялал жуулчлал, боловсруулах үйлдвэр гээд бусад салбараа хөгжүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бүтэц их тааруу байгаа учраас бодлогын сонголт их багатай байна.
-Арилжааны банкууд ам.долларын гүйлгээн дээрээ хязгаар тогтоосон. Энэ нь улсын валютын нөөцийг хадгалах, тогтоон барих гэсэн арга гэж ярьж байсан. Энэ ер нь хэр үр дүнтэй арга байдаг юм бэ?
-Ноднин жилийн тавдугаар сар буюу жил хүрэхгүй хугацааны өмнө Монголбанкны валютын нөөц тав орчим тэрбум ам.доллар байсан. Энэ нөөц нь сүүлийн хоёр сард нэлээд огцом буурч, одоо гурван тэрбум гаруй валютын нөөцтэй байх шиг байна. Төлбөрийн тэнцэл, урсгал дансны алдагдал ч их өндөр явж байгаа. Дээр нь сүүлийн хэдэн жилийн төсвийн алдагдал өндөр. Валютын орох урсгал татарчихсан энэ үед хэдийгээр Төв банкнаас зарлаж байгаагаар 7-8 сарын импортын хэрэгцээг хангаж чадахуйц нөөцтэй гэж байгаа боловч валютыг зоргоор нь гарах боломжгүй болж байгаа учраас ийм хязгаар тогтоосон.
Сүүлийн үед Төв банк валютыг банкуудын өгсөн захиалгын хэмжээнд гаргахгүй, нөөцөө хямгадаж эхэлсэн. Тэр нь дамжаад банкуудад нөөцийн хомстол үүсгээд хязгаар хийхээс өөр аргагүй байдал үүсгэж байгаа юм. Энэ үед бодлогын сонголт нь байгаа валютаараа ханшинд дээр ирж байгаа дарамтыг түр зуур хаах гэж оролдох уу, эсхүл нөөцөө аажим газардуулах бодлогын сонголт хийх үү гэсэн хоёр сонголт гарч ирнэ. Харин Монголбанк аажим газардуулах сонголтыг хийж байх шиг байна. Өнөөдөр байгаа нөөцөө дураар нь гаргавал бидэнд тулгарч байгаа асуудал урт хугацаанд үргэлжилж, Орос, Украины нөхцөл даамжирвал валютын ханш, нөөцтэй холбоотой бүр их эрсдэлд орж болзошгүй гэсэн байдлаар харж байна уу даа гэж бодож байна.
Мөнгөний бодлогын мэдэгдэл хийх үедээ ч иймэрхүү санаануудыг дурдсан байх шиг байсан. Орох урсгал хязгаарлагдмал, эрэлт нэмэгдсэн ийм үед хомстол үүсэх нь зайлшгүй. Он гарснаас хойш эрдсийн бүтээгдэхүүний маань экспорт 30-аад хувиар уначихаад явж байна шүү дээ. Энэ жил одоогоор дөнгөж 1.9-хөн сая тонн нүүрс гаргачихаад сууж байна. Тиймээс л ам.долларын орох урсгалыг нэмэгдүүлэх боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Засгийн газраас онц шаардлагагүй мөнгөн гарах урсгалуудаа танаж, валютын эрсдэлийг өдөөх арга хэмжээ авахгүй, бусад сувгаар дэмжихгүй байх арга хэмжээнүүдийг авах ёстой. Манайд орох урсгал бол тодорхой. Алт, экспорт, гадаадын хөрөнгө оруулалт л байгаа. Эсвэл гаднаас зээл тусламж авч болж байна. Валютын орох урсгал ойрын хугацаанд нэмэгдэхгүй бол бид илүү том эрсдэлд орж болзошгүй гэж харж байгаа.
-Сангийн сайдын хэлснээр бол Орос, Украины асуудал үүссэнээс хойш нийтдээ 180 гаруй сая ам.доллар зөвхөн шатахууны төлбөрт өгсөн гэж байсан. Харин цахим орчинд Оросын банкны машин Монголд орж ирээд хамаг долларыг хамаад явчихлаа гэсэн зүйл явсан. Ийм байх боломжтой юм уу?
-Энэ байж болох зүйл. Гэхдээ сошиал ертөнцийн хүмүүсийн хардлага дэврээж байгаа байх. Төв банкны мэдээлэлд энэ тухай дурдаж байсан. Үүнийг хүмүүс нэгдүгээрт, арай л их хардаж байна. Нөгөө талдаа бодит байдал дээр арилжаа нэмэгдээд байгаа гэдэг нь баталгаажиж байна шүү дээ. Тийм учраа бид цаашдаа ОХУ-тай хийх худалдааны асуудал, рубль, долларын солилцоон дээр илүү их анхаарах шаардлагатай. Аливаа худалдааг рублиэр хий гэж барууны орнуудыг шахаж байх шиг байна. Тиймээс манайх ч гэсэн валютын урсгалаа долларын биш рублиэр төлбөр тооцоо хийх боломжит хувилбарыг ч гэсэн харах хэрэгтэй.
-Орос, Украины асуудал урт хугацаанд үргэлжилбэл манайд хэрхэн нөлөөлөх бол?
-Бидний хувьд гадаад бодлогын үндсэн үзэл баримтлал дээрээ л хатуу зогсох хэрэгтэй. Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс, бид бол энхийг эрхэмлэгч. Дээрээс нь бид хоёр хөрштэйгөө найрсаг хамтын ажиллагаатай, гуравдагч хөрштэйгөө олон талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэсэн үзэл баримтлалтай. Орос, Украины асуудал гээд байгаа нь дэлхийн геополитикийн том зөрчил гэж би хувьдаа харж байгаа. Тиймээс энэхүү нөхцөл байдал цаашдаа үргэлжилбэл бид гадаад бодлогын хувьд ямар байх ёстой вэ. Монголд ирж болзошгүй геополитик, геоэдийн засгийн эрсдэл нь юу байх вэ гэдгийг сайн тооцож, түүнд нь гадаад бодлого, эдийн засгийнхаа хувьд зөв хариу үйлдэл үзүүлэх бодлогыг барих нь чухал гэж бодож байна.
-Сангийн дэд сайдын хэлж байгаагаар манай экспортын хэмжээ буурсан ч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн тиүүхий эдимйн үнийн өсөлтөөс шалтгаалан олох орлогын хэмжээ буураагүй гэж байгаа. Тэгэхээр энэ үнийн өсөлт цаашдаа хэр удаан хугацаанд тогтвортой байх төлөвтэй байгаа вэ?
-Сангийн дэд сайдын хэлсэнтэй тодорхой хэмжээнд санал нэг байна. Учир нь ноднин жил бид 16 гаруйхан сая тонн нүүрс гаргасан. Хэдий тийм боловч түүхий эдийн үнэ өндөр байсан учраас тухайн эрдсийн бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээ буураагүй. Экспорт, импорт, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан. Харин 2022 онд ийм байдал үргэлжилж, өмнөх жилүүдийн экспортын орлого буурахгүй байх боломж байна уу гэвэл харьцангуй эргэлзээтэй.
Хамгийн гол нь одоо ийм өсөлттэй байгаа үед дээр нь түүнийг ашиглах хэрэгтэй байна. Хэзээ өмнөд хил нээгдэх вэ, бид хэр хэмжээний бүтээгдэхүүн үнийн өсөлттэй байхад нь гаргаж чадах вэ гэдгээс 2022 оны эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, валютын ханш гээд олон зүйлд чухал нөлөө үзүүлнэ. Зэсийн үнэ дээр дэлхий нийтээрээ харьцангуй эерэг таамаглалтай байгаа. Дунд хугацаандаа 10 мянгаас давсан хэмжээгээ хадгалах, урт хугацаандаа 15 мянга ч хүрэх боломжтой гэсэн таамаглал байна. Нүүрсний хувьд нүүрсний үнэ буурчихаар нөхцөл бага юм болов уу гэсэн байдалтай байгаа. Хамгийн гол нь хилийн боомтоо бүрэн нээж, БНХАУ-ын талтай яаралтай тохиролцоонд хүрэх шаардлага бидний өмнө байна.
-Ханшийн өсөлт өндөр байгаа энэ үед үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэ цэнтэй байлгахын тулд манай улс яаралтай ямар алхамуудыг хийх хэрэгтэй вэ?
-Мөнгөний бодлогын хүүн дээр дурдагдаагүй нэг зүйл маань энэ л дээ. Өнөөдөр валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Төгрөгийн өөрийнх нь үнэ цэн буурч байгаа үед бодлогын хүүг өсгөнө гэдэг нь төгрөгийн өөрийнх нь өгөөжийг хамгаална. Ингэснээрээ төгрөгт хандах иргэдийнхээ хандлагыг бууруулахгүй байх ач холбогдолтой. Энэ талаас нь харвал бодлогын хүүг өсгөний нэг эерэг үзүүлэлт. Аливаа улс орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш гэдэг бол өнөөгийн нийгэмд тухайн улсын өөрийнх нь эдийн засгийн үндсэн чадавхаас хамаардаг. Мөн тэр улсын гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлтэй холбоотой асуудал байдаг. Гуравдугаарт, төсвийн бодлого үр ашигтай, алдагдал бага байх ёстой.
Харин өнөөдрийн нөхцөлд манай улсын эдийн засгийн хүчин чадал сул байна. Тиймээс үндэсний мөнгөн тэмдэгтээ хүчирхэгжүүлье гэвэл бид эдийн засгаа л төрөлжүүлэх ёстой. Экпортоо төрөлжүүлж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний суурь зангилаа нь сүүлийн 30 жил Монгол Улсын хөгжил, эдийн засгийн цогц, зөв бодлогогүй явж ирсэн. Үүнтэй холбоотой эдийн засгийн бүтэц алдагдсан, цаасан дээр батлагдсан бодлого, төлөвлөлт байгаа боловч хэрэгжилт тааруу зэргийн үр дагавар юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Эдийн засагчид гээд Дэлгэрасйхан гэх мэт хүмүүс 30 жил нэг л ийм зэгэл саарал юм ярьдаг.барьж авахаар юм юуч байхгүй Нэг л их ухаантай царай гаргасанСэтгүүлчид маань угаас мэдлэг өндөртэй боломжгүй,цалин авахын тулд Арго багш,”сум” Дашзэвэг,” олон улсын нэрт” сэтгүүлч,секс Дашзэвэг,Ойрдын Галдангийн хойд дүр Нанжаа Дашзэвэг,ГХудал-ны Сайд Буянгийн Жагай гэх мэт”Сод” хүмүүсээс ярилцлага авдаг.Дээр нь АН-н ардчилагчид гэжЗика,ЖенкоСалга саарал,Тарвагадорж,Хувалз Баавар нарыгтойроод гүйлдпээд байх.Конглемерат,гайхалтай,хөгжлөөлдөө
Эдийн засагчид гээд Дэлгэрасйхан гэх мэт хүмүүс 30 жил нэг л ийм зэгэл саарал юм ярьдаг.барьж авахаар юм юуч байхгүй Нэг л их ухаантай царай гаргасанСэтгүүлчид маань угаас мэдлэг өндөртэй боломжгүй,цалин авахын тулд Арго багш,”сум” Дашзэвэг,” олон улсын нэрт” сэтгүүлч,секс Дашзэвэг,Ойрдын Галдангийн хойд дүр Нанжаа Дашзэвэг,ГХудал-ны Сайд Буянгийн Жагай гэх мэт”Сод” хүмүүсээс ярилцлага авдаг.Дээр нь АН-н ардчилагчид гэжЗика,ЖенкоСалга саарал,Тарвагадорж,Хувалз Баавар нарыгтойроод гүйлдпээд байх.Конглемерат,гайхалтай,хөгжлөөлдөө
Ажил мэдэхгүй ЕРӨНХИЙ САЙД-тай байгаа нь хамгийн том хамаарал