Өнөөдөр /2022.03.29/ Төв банк гадаад валютын дуудлага худалдаагаар 2937.81 төгрөгийн ханшаар 60 сая ам.доллар банкуудад нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд 3 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн форвард хэлцэл байгуулах санал ирүүлсэн ч Монголбанк саналыг биелүүлээгүй байна.
2022 оны 1 дүгээр сарын 1-нд Монгол Улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар байсан бол энэ сарын 22-ны өдрийн байдлаар 3.2 тэрбум ам.доллар болж, 1 тэрбум гаруй ам.доллароор буурсныг Төв банкнаас мэдээлсэн.
Энэ нь төлбөр тооцоо, гадагш урсаж байгаа мөнгөн дүнтэй холбоотой, гадаад төлбөр тооцоо хийхэд шаардлагатай валют Төв банкны нөөцөөс л тодорхой хэмжээгээр гарч байгаа гэж тодотгосон.
Монголбанк нэгдүгээр сараас хойш гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 1.5 тэрбум ам.долларыг банкуудад нийлүүлсэн. Зөрүүлээд экспортлогч компаниудын орлого болох 500 сая ам.долларыг худалдан авсан гэж Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч мэдээлэлдээ дурдсан.
Тэрбээр “Төв банк ам.доллар хэвлэдэггүй. Төв банкны долларын нөөц Монгол Улсын бараа бүтээгдэхүүний экспортын орлогоос, Монголд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын авчирж буй ам.долларын эх үүсвэрээс, мөн олон улсын байгууллага, Засгийн газрын хэлэлцээрээр орж ирж байгаа хөнгөлөлттэй зээл, бидний олон улсын зах зээлээс босгож байгаа мөнгөн эх үүсвэрүүдээс ерөнхийдөө бүрддэг.
Монголбанк ам.доллар хэвлэдэггүй учраас өнөөдрийн байдлаар худалдаж авсан ам.доллар зарснаасаа ийм л бага байна. “Эрдэнэт Үйлдвэр” Монголбанканд 258 сая ам.доллар худалдсан. “Оюу Толгой” компани үйл ажиллагааныхаа цалин, бусад урсгал зардлыг нөхөх зорилгоор манайд 194 сая ам.доллар худалдсан. “Эрдэнэс Тавантолгой” компани 23 сая ам.доллар, мөн “Монголросцветмет”-ээс гээд нийтдээ 500 сая ам.доллар худалдаж авсан.
Бидний хувьд нөөцөө арвижуулъя гэвэл экспортоо л дэмжих ёстой нь эндээс маш тодорхой байгаа юм. Монголбанкнаас зардал дээрээ тодорхой хязгаарлалт тавьж байна гэдэг асуудал ярьж байна. Монгол Улсын аюулгүй байдал болсон гадаад валютын нөөцийг тодорхой түвшинд хадгалах нь Төв банкны үндсэн зорилго.
Төв банк бодлогын хувьд хоёр сонголтын урд л байна. Нэгдүгээрт, нөөцөө хадгалаад эдийн засгийнхаа тогтвортой, аюулгүй байдлыг хангах, зөрөөд ханшийг зах зээлийнх нь нөхцөл байдлын дагуу сулруулаад явах, эсвэл ханшаа тогтвортой байлгахын тулд нөөцөөсөө зараад явах гэсэн хоёр л сонголт байгаа. Сонголтын хувьд мэдээж эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой байдал талаасаа харж байна.
Нөгөө талаасаа өнөөдрийн энэ төвөгтэй байдал урт хугацааны байнгын гэж Төв банк үзэхгүй байна. Тоо баримтууд харахад 2 сарын 24-нөөс хойш буюу дэлхий нийтийг хамарсан төвөгтэй байдал үүссэнээс хойш тулгарч байгаа дарамт. Хэрэв ОХУ, Украины асуудал эв зүйгээ олоод шийдэгдээд, хэвийн байдалдаа ороход буцаад бүх юм хэвийн болох боломжтой. Хилийн хорио цээр хэвийн болоход экспортоор валютын урсгал хангалттай хэмжээнд орох боломжтой” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Бодлогын хүү өндөр болгох нам болгох чинь Монголд нэмэргүй,Үйлдвэрүүд өргөжөөд,эсвэл хоосроод байх юучгүй юм чиньдээ.
Бодлогын хүү өндөр болгох нам болгох чинь Монголд нэмэргүй,Үйлдвэрүүд өргөжөөд,эсвэл хоосроод байх юучгүй юм чиньдээ.
Энэ интервенцийн арга чинь ямаан дээр тэмээний гарз болгоод ямар гээч мулгуу нөхдүүд вэ Эрээний барахло,илжирсэн жимс хоцрогдоод хаягдсан төхөөрөмж чирдгийг болиулаач Экспортимпорт эрхэлдэг нэг агентлаг байгуулаад тэрүүгээрээ запас сэлбэг төхөрөмж шаардлагатай гэвэл судлаад аваад бусдыг нь богино хугацаанд 2-3 жилд хязгаарлахад хэнч сүйд болохгүй Арилжааны банкуудзориуд ханш унагаж хожиж байна.
Энэ интервенцийн арга чинь ямаан дээр тэмээний гарз болгоод ямар гээч мулгуу нөхдүүд вэ Эрээний барахло,илжирсэн жимс хоцрогдоод хаягдсан төхөөрөмж чирдгийг болиулаач Экспортимпорт эрхэлдэг нэг агентлаг байгуулаад тэрүүгээрээ запас сэлбэг төхөрөмж шаардлагатай гэвэл судлаад аваад бусдыг нь богино хугацаанд 2-3 жилд хязгаарлахад хэнч сүйд болохгүй Арилжааны банкуудзориуд ханш унагаж хожиж байна.