Төр, түмэн хамт гэдгийг таниулж яваа залуус

2022 оны 03 сарын 31

Монгол бол ардчилсан орон. Энэ нь иргэд сонгуульд оролцох замаар өөрийн төлөөллийг төрд илгээж, олонх болсон нам нь Засгийн газраа байгуулдаг. Улмаар гүйцэтгэх засаглал нь шат шатны төрийн байгууллагыг зангидаж үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо юм. Ийм төр нь иргэнийхээ өмнө захиргааны биш үйлчилгээний байгууллага байх учиртай. Гэвч нийгэм шилжээд 30 гаруй жил өнгөрсөн ч захиргааны аргатай, дарга төвтэй хуучин системийн үзэл санаа амь бөхтэй оршсоор байна.

Монгол даргын талаар бараг хүн бүхэнд байдаг ойлголтоор төсөөлөөд үзье л дээ. Ингэвэл сайд, дарга гэдэг нь удирдаж буй байгууллагынхаа дээд давхарт, цэлгэр өрөөнд, урт вандан ширээний цаана сууж байдаг хүн гэдэг зураглал гарна Энд дурдагдаж буй “дарга” гэдэгт аливаа төрийн байгууллагын удирдлага, сайд нарыг оруулж байгаа юм. Түүнээс биш дунд, доод шатны тухайлбал, нийслэлийн тохижилт үйлчилгээний байгууллагын бригадын дарга зэргийг хамаатуулаагүй юм.

Дээр нь нэмэхэд тойрон хүрээлсэн, өөрийнх нь эго, ая тухад тааруулан харилцдаг дагалдагч нараараа ертөнцийг төсөөлдөг гэдэг дүгнэлт ч нэмж болох юм. Нөгөө талд тэр эрх мэдэлтэнтэй уулзаж, асуудлаа ярихын тулд жирийн албан хаагч хийгээд иргэд чөлөө завыг нь асууж, цаг нартай нь тааруулах гэж сар, жилээр хүлээдэг байдал хавтгай. Төсөөлөл шүү. Гэхдээ л нэг ийм хэв шинжит дүр тодроод байгаа биз.

Тэгвэл ийм даргатай төрийн байгууллага иргэдээсээ хол байдаг гэдэг энгийн гаргалгаа үүснэ. Хаалттай, хүнд сурталтай байх хэрээр тэнд авлига цэцэглэх магадлал ихэснэ. Гаргасан шийдвэр нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, иргэдийг чирэгдүүлсэн болоход гайхах юм байхгүй. Эсвэл бүр дарга нар нь ажил хийх гэхээсээ илүүтэй албан тушаал гэдэг гоёл чимэгтэй болоод нийгмийн өөр давхаргад гарсан мэт аашилж, ажил үүргээ гүйцэтгэхгүй алга болчих нь бий. “Нөү дабл стандарт” гэх мэт хөдөлгөөнүүд дэмжигч ихтэй байгаагийн учрыг эндээс хайх хэрэгтэй. Төр нь иргэндээ үйлчлэх гэхээсээ илүүтэй дарангуйлагч болчихвол, Монгол Улсын бүрэн эрхт иргэнийг үл тоомсорлодог байвал хэн дуртай байх юм бэ.

Ялангуяа ардчилсан нийгэмд өсөж торнисон, өөрийн эрх үүргийг мэддэг орчин цагийн залуусын төрд дургүйцэж явдгийн шалтгаан энэ. Гэхдээ бас цаг үеэ дагаад удирдах арга барил өөрчлөгдөж эхэлж байгаа зүйл ч анзаарагдаж байна, аа. Хэдийгээр элбэг биш ч төрийн албанд иргэндээ үйлчлэхийг урьтал болгодог, олон нийтийг бухимдуулахгүйгээр сайд, даргын ажлыг хийж болдгийг харуулж байгаа залуус олон болжээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нараар жишээ авч болж байна. Олон хүн байж болно. Одоо бол энэ гурав л санаанд орж байна. Тэднийг эрх мэдэлд хэрхэн хүрсэн талаар намтар зохиол ч бичиж болох байх. Гэхдээ өнөөдрийн хувьд эрх мэдлээ хэрхэн ашиглаж байгаа нь илүү сонирхолтой байгаа юм.

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан олны танил болоод хэдхэн жил өнгөрч байгаа. Өвдөгний үе солих мэс заслын чиглэлээрээ бол ёстой “алтан гар”-тай юм гэнэ лээ. Энэ удаад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж эхэлснээс нь яривал зөв байх. Залуу дарга Гэмтлийн эмнэлгийг ямар болгосон тухайд салбарынхан нь илүү ярина.

Үйлчлүүлэгчийн өнцгөөс харахад түүнийг ажиллаж байх хугацаанд тус эмнэлэг иргэдэд үйлчлэх тал дээрээ бол бараг л үсрэлт хийсэн. Өөрөө эмнэлгийн дарга байхдаа нэгдүгээр давхарын хүлээн авахын дэргэдэх өрөөнд суудаг байв. Үйлчилгээтэй холбоотой аливаа санал, гомдол хэлэхийг хүслээ гэхэд эмнэлгийн дарга нь дэргэд байж байна гэсэн үг. Өвдөж зовсон хүмүүс ямар л байдаг билээ. Үүний дээр улсын эмнэлгээр үйлчлүүлж байгаа бол гомдол, саналын тухай ярилтгүй. Ийм байдлыг өөрчилсөн юм даа.

Дараа нь Нэгдүгээр эмнэлгийн даргаар очсон. Эмнэлгийн нэг давхарт угтагчийнхаа дэргэд зогсчихоод “Тэр хүн ийш, тийшээ хараад юм асуух гээд байх шиг байна. Очихгүй юм уу” гээд байж байгааг нь харж л байлаа. Эрүүл мэндийн байгууллага иргэндээ чиглэсэн, уян хатан үйлчилгээний газар гэдэг ойлголтыг авчирсан юм. Ажиллаад гарсан эмнэлгүүдийнх нь өнгө төрх эрс өөрчлөгдсөн. Хожим Эрүүл мэндийн сайд болсон, цар тахлын үед хэрхэн ажилласан, хөшигний ард юу болсон талаар бол одоо дүгнэхэд эрт байна. Юутай ч тэр гал дунд ажилласан.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн тухайд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхаасаа иргэдийн дунд орчихсон шуугиулж явдаг нөхөр байв. Бодлогын яам толгойлоод ч  тэр зангаа тавихгүй л явна. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт юу хийсэн бэ гээд эхэлбэл их гэнэн яриа болно. Том салбарын ажил, тэр тусмаа бодлогын яамны шийдвэрийн үр дүн тэр дороо гараад ирдэггүй. Наад зах нь нэг, хоёр жилийн дараа үнэлж цэгнэх байх. Гэхдээ очсоноос нь хойшхи зүйлийг анзаараад байхад БОАЖЯ гэдэг газар иргэдэд нээлттэй болсон байна.

Нэг цонхны үйлчилгээгээ шинэчилж, үйлчлүүлэгчдээ ая тухтай байхад анхаарал тавьжээ. Иргэдийн санал гомдол хүлээн авдаг, жуулчдад мэдээлэл олгодог 117, 118 үнэгүй утаснууд ажиллуулж эхэлсэн. Иргэдтэй уулзах өдөр бий болгож тов зарласан. Тусгай зөвшөөрлүүдийг ил тод болгох, цахимжуулах ажлуудыг эхлүүлсэн гээд дурдаад байвал цөөнгүй ажил бий. Гадаад, дотоодын дипломатуудтай уулзаж, 21 аймгаар явж байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхантайгаа уулзаж санал бодлыг нь сонсож байгаа гээд үргэлжилнэ.

Дээрээс даалгавар өгч шахах биш доороос саналыг нь авч ажилдаа тусгах гэсэн идэвх харагдаад байгаа юм. Уржигдар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт оччихсон нийслэлийн ундны ус, амралтын газруудын нүхэн жорлон гээд асуудал ярьчихсан явж байна лээ. Хүмүүсийн дунд орж, асуудалтай газар нь өөрөө очиж чадаж байна. Өмнө нь ямар сайдаас ийм идэвх гарч байсан юм бэ. Ялангуяа байгаль орчны сайд нар Тэрэлжийн газарт очихоос бараг халширдаг байсан санагдаад байх юм. Өөрсдөө олгочихсон газраа нүхэн жорлон тоолоод явбал амьтны нүд хорсоно биз дээ. Харин шинэ сайдаас бол шударга ажиллах юм байна гэсэн итгэл харагдаад байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гэх залууг одоо танихгүй хүн байхгүй дээ. Цар тахлын эхэн үед Дархан-Уул руу очиж буй иргэдийг тосож, шинжилгээ авах ажлын үеэр өөрөө хараад суучихсан байгааг нь зурагтаар үзээд “Яасан хэнхэг нөхөр вэ” гэж бодож л байлаа. КОВИД-19 цар тахлын үеэр хамгийн зохион байгуулалттай байсан, авсан арга хэмжээ нь дэмий зардал багатай ажилласан газар бол Дархан хот.

Сэтгүүлчдийн хувьд утсаа авдаг дарга гэдгээрээ зард гарсан нэгэн. Дархан хотын иргэдийг хамарсан цахим хуудсуудад “Б.Азжаргалаа энд зам ховхорсон байна”, “Тэнд гэрэл унтарсан байна” гэж ховлодог. Түүнийг нь тухай бүрд нь засаж янзалчихдаг гэж байгаа. Хүмүүстэй уулзахаас залхдаггүй, хэн нэгнийг дугаарлаж харилцдаггүй, аж ахуйн ажлуудыг жижиг, томоор нь ялгадаггүй гээд сайн чанар олон байна. Асуудал гэдэг хаана ч байдаг зүйл. Түүнийг тоолгүй өнгөрдөггүй, өмнөх албан тушаалтнууд эсвэл ажилтнууд руугаа чихээд суугаад байдаггүй, шийдэхийн төлөө явдаг гэдгээр нь хүмүүс ам сайтай байх юм билээ.

Энд дурдсан гурван хүнд нэг ижил хандлага бий. Тэр нь иргэддээ үйлчлэх сэтгэлгээ. Хүмүүстэй уулзаж, бодит байдлыг үнэлж цэгнэж чаддаг нь юм. Ямар нэгэн өрөө тасалгаанд дурласангүй. Том байх гэж оролдсонгүй. Ажлыг яг ажил хэвээр нь элдэв хээнцэргүй хүлээн авч байна. Ажлыг ингэж хийж байгаагаараа тэд ирээдүй цагт босго тавьж байгаа юм.

Дараа нь ямар ч дарга, сайд ажил авсан энэ түвшинд нь хүргэх шаардлага үүснэ гэсэн үг. Үүгээрээ залуус өөрсдийнхөө өвийг үлдээж байна. Дээр нь төрийн нэр хүндийг сэргээж эхэлж байна гэж хэлж болно. Өнөөдөр монголчуудад хэрэгтэй байгаа зүйл бол эв нэгдэл. Тэр юунаас эхэлдэг вэ гэвэл төрийн нэр хүндээс эхэлнэ. Монголд төрөөс том эрх мэдэлтэн байхгүйгээс хойш тэр нь иргэдийнхээ итгэлийг олсон байх ёстой биз дээ. Төрөө тойрон бэхжиж байж хөгжих, тусгаар тогтнолоо хамгаалах үлдэх бололцоотой болно гэдэг өнцгөөс хараад олзуурхаад байгаа юм. Түүнээс гэнэтхэн хүн магтах гэсэн юм алга.

Монголд магтаал хүртэх хэмжээний сайн удирдагч, манлайлагчид үеийн үед байсан. Байх ч болно. Гэхдээ бидэнд яг одоо бол нэг дор илүү олноороо хэрэгтэй байгаа юм. Итгэл хүлээлгэчихвэл энэ зэрэгтэй ажиллах залуу Монголд олон бий. “Ард түмний дундаас л удирдагч төрдөг” гэх аугаа үг томдож магадгүй ч орчин цагт нэн таарч тохирсон үг болоод байна. Энэ өнцгөөс нь харж үлгэр жишээ аваасай хэмээн сануулж байгаа хэрэг.

Б.ПҮРЭВ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн:(192.82.70.184) 2022 оны 03 сарын 31

Төр гэж ер нь хэн, юу юм бэ? Хэнийг тойрон нягтрах тухай ярьж байна аа. Ингээд бодохоор бидэнд төрийн тухай ойлголт олон янз яг юуг төр гэж үзэх вэ? Багийн дарга үүнд хаммрах уу? Эсвэл зөвхөн УИХ-ын гишүүд хамаарах уу? Тэргүү нь тэр төрөө удирдах уу? үгүй юу гээд эргэлзээтэй асуудалтай тулж байдаг.

0  |  0
Top