Үнийн өсөлтөөр алдагдлаа нөхөх эрх баригчдын хүлээлт талаар болох ЭРСДЭЛТЭЙ

2022 оны 03 сарын 30

 

Манай улс энэ сарын 18-24-ний өдрүүдэд авто замаар 2601 чингэлэг, төмөр замаар 650 чингэлэг нүүрс экспортод гаргажээ. Ингэснээр оны эхнээс нийт 2,208.2 мянган тонн нүүрс экспортоллоо гэж УУХҮЯ-наас мэдээлэл өгч байна.

Сануулахад, энэ сарын 11-17-ны өдрүүдэд авто замаар 2438 чингэлэг, төмөр замаар 750 чингэлэг нүүрс экспортод гаргаж, оны эхнээс нийт 1,900.8 мянган тонн нүүрс экспортлоод байсан. Энэ нь тухайн долоо хоногт 300 мянган тонн нүүрс экспортод гаргасан үзүүлэлт байсан.

Тэгвэл 24-ний өдрийг хүртэлх сүүлийн долоо хоногт мөн 300 мянган тонн нүүрс экспортод гаргажээ.

Тодотгоход, ковидтой холбоотойгоор нөхцөл байдал амаргүй байсан өнгөрсөн оны мөн үед нүүрсний экспорт одоогийнхоос өндөр байсан. 2021 оны 1 дүгээр сард 2.5 сая тонн, 2 дугаар сард 2 сая гаруй тонн нүүрс экспортод гаргаснаар, тухайн оны эхний хоёр сард нийтдээ 4.5 сая тонн нүүрс экспортод гаргаж байв.

Харин энэ оны эхний хоёр сард нийт дүнгээр 1.2 сая тонн нүүрс гаргасан. Энэ сарын сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногуудын жишгээр 300 мянган тонныг гаргалаа гэхэд оны эхнээс нийт дүнгээр 2.5 сая тоннд л хүрэхээр байна.

Харин цаашид буюу дөрөвдүгээр сарын 1-нээс нүүрс тээвэрлэлтийн уртын тээврийг эхлүүлэх шийдвэр хэрэгжиж, Гашуунсухайт, Цагаанхад руу тээвэрлэлт хийгдээд эхэлчихвэл экспортын биет хэмжээ нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт үүсээд буй. Гэхдээ БНХАУ-аас гол асуудал хамаарна.

Эрх баригчид энэ оны улсын төсвийг батлахдаа уул уурхай, олборлох салбарын орлогыг 4.3 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Тухайлбал, 36.5 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортод гаргахаар төсвийн тухай хуульдаа тусгасан баталсан.

Хил боомтын хорио цээрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гол түүхий эдүүдийн экспортын биет хэмжээ уг тооцоололд хүрэх эсэхэд бодитой эрсдэлүүд байна.

Харин УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэлэхдээ энэ оны улсын төсвийн тухай хуульд тусгаж баталсан 36.5 сая тонн нүүрсийг экспортод гаргах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлээд буй юм.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ,  Гол экспортыг урд хөрш хязгаартайгаар авч байгаа тул АМНАТ төдийлөн төвлөрөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-гоос өгсөн мэдээллээр 280 орчим тэрбум төгрөгийг банкуудаас зээлж, төсөвт төлөх ёстой АМНАТ-аа төлөхөөр болж байна.

Өнөөдрийн хурлаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн олборлолт, ачилтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл уртын тээврийг  эхлүүлэхээр боллоо. Уртын тээвэр эхэлснээр боомтын асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш. Ямар ч байсан АМНАТ-ын төлбөрийг эхлүүлнэ. Дахиад Цагаан хаданд их хэмжээний нүүрс овооруулахгүйн тулд экспортоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Зэс, алт зэрэг манай экспортолдог түүхий эдийн  үнэ өндөр байна. Харамсалтай нь өссөн хэмжээгээр экспортолж чадахгүй байгаа нь боломжийг алдаж байна" гэсэн юм.

Tradingeconomics.com-ийн мэдээллээр, тонн нүүрсний үнэ 258 ам.доллар байна. Тэгэхээр хоёрдугаар сарын сүүлчээр 400 гаруй ам.доллар даваад байсан нүүрсний ханш уналттай байна. Биет хэмжээ буурсан ч, үнийн өсөлтөөр алдагдлаа нөхнө гэх улс төрчдийн тооцоололд зах зээлийн төлөв байдал эрсдэл учруулахаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top