Төрийн компаниудын ₮762.6 тэрбумын зээлийг ЗГ-т шилжүүлснээр бодит хохирлыг хэн хүлээх вэ?

2022 оны 03 сарын 30

Хөгжлийн банкны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол өчигдөр /2022.03.29/ болж, тус  банкны удирдлагууд мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, гүйцэтгэх захирал Н.Мандуул Хөгжлийн банкны өнөөгийн байдал, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудлуудын талаар тайлан, танилцуулга хийлээ.

 

Эдийн засгийг тэлнэ гэх тодотголтой Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээж  буй Хөгжлийн банкны үйл ажиллагааг эрүүлжүүлэх талаар яригдаж эхэлсэнтэй зэрэгцэн энэ оны нэгдүгээр сард тус банкны чанаргүй болон чанаргүйдэх эрсдэлд орсон зээлүүдийг олон нийтэд зарласан.

Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 33 зээлдэгч 136.2 тэрбум төгрөг зээлийн эргэн төлөлт хийгдсэн гэж Н.Мандуул мэдэгдлээ.

Сүүлийн статистикаар Хөгжлийн банкны нийт зээлийн хэмжээ 3.2 их наяд төгрөг байна. 2021 оны Монголбанкны шалгалтаар чанаргүй зээлийн хэмжээ 1.8 их наяд төгрөг болж, нийт зээлийн 57 хувьд хүрчээ. Анхаарал хандуулах шаардлагатай зээлийн ангилалд 200 тэрбум төгрөг байгаа бөгөөд Монголбанкнаас 784 тэрбум төгрөгийн эрсдлийн сан нэмж байгуулах үүрэг өгсөн аж. Н.Мандуулын  хэлж буйгаар эрсдлийн санг энэ хэмжээгээр нэмэгдүүлснээр өөрийн хөрөнгө буурч, шаардлага хангахгүй хэмжээнд хүрэх эрсдэл үүсээд буй аж.

Хөгжлийн банкны цаашдын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд энэ онд багтаан нийт 2.2 их наяд төгрөгийн зээлд арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал,  1/3 нь буюу 762.6 тэрбум төгрөгийн зээл нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай зээлийн багц байна.

Харин 496.5 тэрбум төгрөг нь “Хөтөл”, “Кью Эс Си” ХХК-д олгосон зээл, үлдсэн 986 тэрбум төгрөг нь бусад аж ахуйн нэгжид олгосон бизнесийн зээл  аж.

Эдгээр зээлийн асуудлыг шийдвэрлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд чанаргүй зээлийн хэмжээ 12 хувиас бага болох боломжтой гэсэн юм.

Тэгэхээр Хөгжлийн банкны удирдлагын өгсөн мэдээллээс үзэхэд, Хөгжлийн банкнаас төрийн өмчит компаниудад олгосон 726.6 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газарт шилжүүлнэ гэдэг нь анхаарал татаж буй юм.



Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийг ахалсан Б.Баттөмөр гишүүн өчигдрийн сонсголд мэдээлэл хийхдээ,  ажлын хэсгээс зээлдэгчдийн судалгаанд мэргэжлийн дүн шинжилгээ хийж,  цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжтой зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах, барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх, зориулалтын бусаар ашигласан зээлүүдийг хууль, хяналтын байгууллагуудад өгөх саналыг гаргаснаа мэдэгдсэн.

Мөн цаашид Хөгжлийн банкны үйл ажиллаатай холбоотой хууль, журам, дүрэм, зааврыг сайжруулах, засаглал, бүтэц зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, Улсын Их Хурал болон Засгийн газраас тавих хяналтыг чанаржуулах, хяналт шалгалтын хүрээнд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтыг тогтмолжуулах арга хэмжээг эрчимтэй авах шаардлагатай гэж үзсэн гэх зэргээр л байр сууриа илэрхийлсэн.

Харин Хөгжлийн банкнаас төрийн өмчит компаниудад олгосон 726.6 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газарт шилжүүлснээр бодит хохирлыг хэн хүлээх вэ? гэдэг асуулт яах аргагүй анхаарал татаж буйг тодотгоё.  

 

Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас яриад л байгаа. Хэдий тийм ч хэрэг дээрээ Хөгжлийн банкны зээлийг үр ашиггүй хэрэглэсэн өөрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдийнхээ нэр сүрийг хамгаалаад, асуудалд орсон зээлийг нь Засгийн газар өөртөө шилжүүлж авлаа гэхэд эдийн засгийн бодит утгаараа энэ улс орныг хохиролгүй болгох дараа дараагийн  арга хэмжээнүүдийг  авах ёстойг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Хэрэв үгүй бол хохирлыг бодитоор нуруундаа үүрч дүүрэх шаардлага хувийн хэвшлийнхний, татвар төлөгч иргэдийн нуруун дээр л бууна.


Н.Мандуулын өгсөн мэдээллээс эшлэхэд, Хөгжлийн банкны пассивын өндөр өсөлт нь 2013-2015 онд байсан,  Чингис бондыг улсын төсөв рүү шилжүүлсэнтэй холбоотойгоор пассив нэлээдгүй буурч 4 их наяд төгрөгт хүрсэн, 2017 онд Евро бондын 580 сая ам.долларын эргэн төлөлттэй холбоотойгоор пассив 2.7 их наяд төгрөгт болж буурч, үүнээс хойш тогтмол 3 их наяд төгрөгт байгаа гэсэн мэдээллийг тэрбээр өгсөн. Засгийн газрын баталгаат эх үүсвэр өмнө нь 90 орчим хувийг эзэлдэг байсан бол өнөөдөр 24 хувийг эзэлж байгаа нь Самурай бондын эх үүсвэр гэсэн юм.  

Зээлийн багцын хувьд, өндөр өсөлт нь 2015 он хүртэл үргэлжилсэн, энэ хүртэл зээлийн чанарыг Хөгжлийн банк дотоод дүрэм, журмынхаа хүрээнд тодорхойлж ирсэн.

Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж, үүнээс хойш Монголбанкнаас баталсан дүрэм журмын дагуу зээлийн чанарыг тодорхойлох болсон гэлээ. 2018 онд Монголбанкнаас чанаргүй зээл 417 тэрбум төгрөгт хүрсэн гэх акт тавьсан ч Хөгжлийн банкнаас тохируулга хийгээгүй. Улмаар 2020 онд чанаргүй зээлийн хэмжээн 884 тэрбум төгрөгт хүрсэн гэх тайлан, тооцоо гарч байсныг мөн танилцууллаа.

Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш 9 ТУЗ, 9 гүйцэтгэх захиралтай ажиллажээ. Түүнчлэн чанаргүй зээлийн үзүүлэлтийг удирдлагын баг, бүрэлдэхүүний бүтэцтэй цаг хугацааны хувьд ангилан харуулсан мэдээлэл танилцуулсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.76.203) 2022 оны 03 сарын 30

Эхлээд АН-ын олигархуудыг буулгаж авах хэрэгтэй. Коммунист байсан улсад жинхэнэ бизнесмэн гэж байдаггүй юм.

0  |  0
Иргэн(66.181.190.78) 2022 оны 03 сарын 30

Энэ олон төрийн өмчийн гэгдэх ямар ч ашиггүй, зөвхөн мөнгө үрдэг үрэлгэн, бас ямар ч чадваргүй цүнх баригч дарга нараар дүүрсэн компаниудаа татан буулгаачээ! Одоо бүр тэдний тансагласан үрэн таран хийсэн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөөр төлөх болж байна уу…?!\nТэр яриад байгаа төр хувийн хэвшлийн түншлэл гэдгээрээ засаглалыг нь сайжруулаачээ! Төрийн нэр барьж баахан зээл авсан, одоо тэгээд үр дүн нь энэ үү…?!

0  |  0
Top