Өнгө сэтгэхүйд нөлөөлөх нь

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Гэрлээр үүсгэгдэж буй өнгө нь нэг төрлийн энерги юм. Энэ энерги нь бидний бие махбодын үйл ажиллагаанаас гадна оюун ухаан, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Хэдийгээр нүд нь харааны эрхтэн боловч бодит байдал дээр тархинд дүрсийг буулгадаг хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэдэг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Юмсыг нүдний торлог бүрхэвчний сая сая мэдрэлийн төгсгөлүүд ажиглаж, тархины холбогдох хэсэгт дамжуулан, дүрсийг таньдаг.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан хийсэн судалгааны үр дүнд өнгө нь тархины долгион, мэдрэлийн систем, дааврын үйл ажиллагаанд нөлөөлж, янз бүрийн сэтгэл хөдлөлийг өдөөдөг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, бид өнгө болон сэтгэл хөдлөлийн аль алинд нь хариу үйлдэл үзүүлдэг юм байна.

Бидний тархи болон бидний үйлдэл хоёрын хооронд холбоо байдаг. Тархи хэрхэн өдөөгдөж байгаагаас хамааран хүн баяр хөөртэй, ууртай, гунигтай, түгшүүртэй болдог. Судалгаанаас үзэхэд мэдрэлийн эсээс хүлээн авсан өдөөлт бүр эхлээд тархины иш*, дараа нь бүх мэдрэлийн системд нөлөөлдөг бөгөөд хүн өдрийн цагаар олон төрлийн өдөөлтөд өртдөг. (Mahnke, 1993)

Өнгө нь гэрлийн энергийн тусламжтайгаар биеийн үйл ажиллагаа, оюун ухаан, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг ба тархи, бүтээлч байдал, бүтээмж, суралцах чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг харуулсан судалгаа байдаг.

Европын эмч Понза 1875 онд өнгөт шил, хана, тавилга бүхий өрөөнүүдийг ашиглан төрөл бүрийн туршилт хийжээ үүндээ Понза улаан, цэнхэр өнгийг ашигласан байна. Хэдэн өдрийн турш хийсэн судалгаанд цэнхэр өрөөнд оруулсан түрэмгий өвчтөн нэг цагийн дотор тайвширсан бол, идэхээс татгалзсан хүн хоол идэхийг хүсч эхлэв.

1942 онд Голдштейн өнгө нь бие организмд үзүүлэх нөлөөг судалж, өвчтөнүүдэд судалгаа хийн, эерэг ба сөрөг нөлөө үзүүлдэг өнгийг ажиглажээ. Судалгааг Паркинсоны өвчтөнүүдэд түлхүү анхааран хийсэн байдаг. Улаан өнгө Паркинсоны өвчтнүүдийн эмгэгийг улам дордуулдаг бол ногоон өнгө сайжрахад хүргэж байв. Тархины гэмтэлтэй өвчтөнүүд улаан өнгөнд сөрөг хариу үйлдэл үзүүлдэг.

1957 онд улаан өнгө нь цэнхэр өнгөтэй харьцуулахад харааны үйл ажиллагаа, мэдрэлийн системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг болохыг тогтоосон байдаг.

1974 онд К.В. Жейкобс, Ф.Э.Хастмайер нар улаан өнгө нь ногооноос илүү, ногоон өнгө нь цэнхэр, шараас илүү өдөөгч болохыг харуулсан. Энэхүү судалгаагаар долгионы урт ихтэй өнгө нь богино долгионы урттай харьцуулахад илүү их сэтгэл хөдөлгөгч болдог гэдгийг баталжээ.

Эдгээр судалгаагаар улаан өрөөнд үлдсэн хүн илүү хүчтэй өдөөгдөж байдаг бөгөөд өрөөнөөс гараад хэсэг хугацааны дараа хэвийн байдалдаа ордог болохыг харуулжээ.

Хэт их өдөөлтөд өртөх нь амьсгалын хэлбэр, импульс, цусны даралт, булчингийн хурцадмал байдалд өөрчлөлт оруулдаг. Нөгөөтэйгүүр, хэт бага өдөөлт нь сэтгэлийн түгшүүр, нойргүйдэл, хэт их сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, анхаарал төвлөрөл алдагдах, сандрах зэрэгт хүргэдэг гэнэ. Жишээлбэл, нилэнхүй цагаан орчин нь өдөөлтийн дутагдалд хүргэдэг бөгөөд энэ нь тайван амгалан байна гэсэн үг биш юм.

1976 онд Рикард Куллер өнгө нь зөвхөн тархины гадна давхаргад төдийгүй бүх төв мэдрэлийн системд нөлөөлдөг болохыг нотолсон байдаг.

Мөн судалгаагаар өнгө нь тархины альфа долгионыг өөрчилдөг болохыг харуулсан ба эрэгтэй, эмэгтэй хүмүүс өнгөнд өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд өнгө нүднээс тархинд дамжих үед тархи нь сэтгэл хөдлөл, оюун санаа, энергийн түвшинд нөлөөлдөг даавар ялгаруулдаг байна. Өнгө, сэтгэл зүйд үзүүлэх сөрөг болон эерэг нөлөөлөл нь тухайн өнгөний хослолыг үндэслэн хүний биед ажиглагддаг.

Куллер 1981 онд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар өнгө нь зүрхний цохилт, сэтгэл хөдлөлийн мэдрэмжинд маш сайн нөлөө үзүүлдэг болохыг харуулсан байдаг.

ТАРХИНЫ ИШ - тархины цилиндр хэлбэртэй бүс юм. Энэ бол тархи ба нугасны хоорондох холбоо ба сүүлчийн илгээсэн бүх мэдрэлийн импульс тархины бүтцэд хүрэхийн тулд тархины ишний хэсгүүдээр дамжин өнгөрөх ёстой.

 

Эх сурвалж: http://renketkisi.com/en/psychology-and-color.html Мэдээлэл технологийн салбар, ЭША, Г. Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top