Б.Отгонтөгс: Хөгжлийн банкны өр төлбөрүүдийг дефольт болгож болохгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол энэ долоо хоногт болсон. Уг сонсголд оролцогчид Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид хэрхэн явуулах боломж нөхцөл байгаа талаар байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, МУИС-ийн профессор, эдийн засагч Б.Отгонтөгсийн байр суурийг хүргэе.

Тэрбээр  үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхтэй холбоотой саналаа хэлэхдээ,  Хөгжлийн банк нь үйл ажиллагаа нь бие даасан хуулиар зохицуулагддаг онцлогтой, Засгийн газрын эзэмшлийн цор ганц бодлогын банк. Зөвхөн банк биш, хөгжлийнхөө явцад санхүүгийн охин компаниудтай болж, групп болон өргөжсөн том байгууллага. Өнөөдрийн ерөнхий хяналтын сонсголын үндсэн зорилго бол тус банкны 1.9 орчим их наяд төгрөгийн чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх юм.

Эрх бүхий зарим нэг субьектээс дээрх хэмжээний өрийг Засгийн газарт шилжүүлэн, татвар төлөгчдийн мөнгөөр зээлийг төлүүлэх, эсвэл Хөгжлийн банкны үйл ажиллагааг бүрэн зогсоох гэдэг хувилбар яригдаж байна. Дэлхийн хэмжээнд сайн, муу түүхтэй 450 орчим “Хөгжлийн” банк ажиллаж байна. Монгол Улсын Хөгжлийн банк бол ихээхэн хэмжээний бондыг Засгийн газрын баталгаатайгаар, сүүлийн жилүүдэд баталгаагүйгээр авч чадсан, олон улсын санхүүгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхийн санхүүгийн зах зээл дээр бонд босгож, гэрээ хэлэлцээр хийж сурж байгаа, дэлхийн санхүүгийн интеграцчлалд орсон, олон улсын санхүүгийн талбарт маш сайн түүхтэй олон улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч юм.

Нөхцөл байдал нэгэнт өнөөдөрт хүрсэн учраас бид цаашид хэрхэх вэ гэдэг дээр ярих нь зүйтэй. Нэн тэргүүнд зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, төлүүлэх дээр төвлөрч ажиллах шаардлагатай. Ирэх жилүүдийн их хэмжээний өр төлбөрүүдийг төлөх ёстой, ямар ч байсан дефольт болгож болохгүй.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай зээлийн багцыг зээлийн үнэт цаасны хэлбэрээр арилжаалах, муу зээлүүдийг худалдан авах гэх зэргээр санхүүгийн хоёрдогч зах зээлүүдийг бүрдүүлэх, үүнийг шийдвэрлэх эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж бий. Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллахад ийм боломж бий гэж харж байна. Үе үеийн хяналт шалгалтын дараа илэрсэн зөрчлүүд, тэдгээрийг засаж залруулах зөвлөмжүүд хэрэгжээгүйгээс өнөөдрийг хүрсэн байна. Хөгжлийн банкны багийг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх нь зүйтэй. Мэргэжлийн багийн үйл ажиллагаа үнэхээр дутагдаж байгааг энд тэмдэглэж хэлье. Өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл, асуудлыг зөвхөн олон улсын түвшний, мэргэжлийн баг л шийдвэрлэж чадна. Хэтдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдэрсэн хойно 5-8 жилийн дараа ч юмуу банкны хувь эзэмшлийг өөрчилж, 80 хувь нь Засгийн газрын, 20 хувийг нь арилжааны банкуудын эзэмшилд худалдах, бүр цаашлаад 50 хувьд хүргэх гэх зэргээр үйл ажиллагааг нь явуулбал олон улсын санхүүгийн зах зээл дээр далайцтай үйл ажиллагаа явуулах чадавхтай, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж чаддаг сайн түүхтэй банк болгох боломж байна. Улмаар улс орны хөгжлийг түүчээлэх санхүүгийн механизм бий болгох боломж бий гэж харж байна.

Өнөөдөр маш олон зээлдэгчийн хэлж байгаа “ханшийн алдагдал” гэдэг асуудлын суурь шалтгаан нь ердөө мэргэжлийн эдийн засагч, санхүүчдийг ажиллуулж чадаагүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч бүрийг судалж, хянаж байдаг судалгааны нэгж Хөгжлийн банкны дэргэд ажиллаж байх ёстой гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top