Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол энэ долоо хоногт болсон. Уг сонсголд оролцогчид Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид хэрхэн явуулах боломж нөхцөл байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа саналаа хэлсэн.
Тэрбээр “Бид олон талын мэдээлэл, саналыг сонслоо. Улсын Их Хурал цаашид энэ асуудлыг шийдвэрлэх Түр хороо байгуулах, улмаар холбогдох арга хэмжээ авах эцсийн шийдвэрийг гаргах нь нэн чухал. Хөгжлийн банкны удирдлагын санал болгож байгаа шиг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай 700 гаруй тэрбум төгрөгийн зээлийн багцыг төсөв рүү шилжүүлэх тохиолдолд Сангийн сайдын хэлсэнчлэн боломжгүй, төсөвт асар их дарамт болно гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний хувиар хэлмээр байна.
Тиймээс Хөгжлийн банкнаас зээл авсан, түүнийгээ зүй зохистойгоор ашиглаж, хуваарийн дагуу төлж чадахгүй байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах, менежмент хийх, шаардлагатай бол эрх зүйн орчныг өөрчлөх зэрэг арга замаар асуудлыг шийдвэрлэх боломж бий гэв.
Мөн тэрбээр Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн 2019 оны аудитын дүгнэлтэд “… тус банк 2012-2016 онд тооцоо судалгаагүйгээр их хэмжээний эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлснээс үүдэн их хэмжээний алдагдал хүлээсэн байна, худалдан авалтын үйл ажиллагаа нь хуулиас гадуур байгаа нь буруу байна, үүнийг засаж, улсад учруулсан хохирлыг барагдуулах, хууль хяналтын байгууллагаар шалгуулж холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй…” гэдэг зөвлөмжийг аль аль шатандаа хэрэгжүүлээгүйгээс өнөөдрийн нөхцөл байдалд хүрснийг дурдаад дүрмийг тодорхой болгож, оролцогчдыг чадавхжуулснаар эерэг үр дүн гарах боломж байна гээд Улсын Их Хурал энэ чиглэлд ажиллаасай гэж хүсч байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )