Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарыг мэргэшүүлэх шаардлага байна

2022 оны 04 сарын 02

“Аутизмыг таниулах дэлхийн өдөр”-ийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд тэмдэглэдэг. Эл өдрийг дэлхий дахинд 15, манай улсад 10 дахь жилдээ тэмдэглэж буй. Энэ өдрийн тохиолдуулан “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгийн эрхлэгч Д.Одончимэгтэй ярилцлаа.


- Цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар уншигчдад танилцуулахгүй юу?

- Манай “Аутизм Монгол-Анд” ТББ нь анх 2012 оны 05 сарын 04-нд “Анд Хүүхдүүд” ТББ нэртэйгээр Аутизмтай хүүгийн гэр бүл үүсгэн байгуулсан бөгөөд Монголд буй аутизмын хүрээний эмгэг (АХЭ)-тэй байж болзошгүй хүүхдүүдэд оношлогоо хийж, оношлогдсон хүүхдүүдэд сургалт, засалд хамруулах, тэдний эцэг эхчүүдэд сэтгэл зүйн болон мэргэжлийн зөвөлгөө өгөх, чадавхжуулах түүнчлэн АХЭ-тэй хүүхдүүдтэй ажиллах багш мэргэжилтнүүдийг бэлтгэх, олон нийтэд АХЭ-ийн талаар ойлголт, мэдээлэл өгөх, түгээх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн.

Цаашлаад тэдгээр хүүхдүүдийн боловсрол, нийгмийн хэрэгцээ шаардлагаар 2014 оны 09 сарын 01-нд дэргэдээ “Анүүлэн аз жаргал” цэцэрлэг байгуулж, АХЭ-тэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд манай цэцэрлэгт давхардсан тоогоор 172 хүүхэд хамрагдсан байна. Одоогоор 3 тусгай бүлэг, 1 ердийн бүлэг, 12 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

- Цэцэрлэгийн сургалтын онцлогийн талаар мэдээлэл хүргэхгүй юу?

- Манай цэцэрлэгийн хувьд АХЭ-тэй хүүхдүүдийг нийгэмшихэд бэлтгэн, нийгмийн харилцаанд ороход шаардлагатай дадал, зуршлыг олгоход анхааран ажиллаж байна. Аутизмтай хүүхдийн онцлогт тулгуурсан сургуулийн өмнөх боловсрол олгох хөтөлбөрөөс гадна бие даах чадвар олгох ахуй заслын хичээлүүд хоол идэх, бие засахаас өгсүүлээд гадуур хэрхэн биеэ авч явах, дэлгүүр, шүдний эмнэлэг, кино театр, ресторанаар хэрхэн үйлчлүүлэх зэрэг төсөлт, тоглоомд суурьласан сургалтууд, мэдрэхүйгээр дамжуулан танин мэдэхүйн ойлголт өгөх хичээлүүд, гэх мэт хүүхэд нэг бүртэй багш нар, сэтгэл зүйчид маань биечлэн ажилладаг.

Аутизмтай хүүхэд бүрийн онцлог, хүлээн авах чадвар өөр, өөр байдаг учраас 5 настай хүүхэд яг ийм чадвартай байх ёстой гэж шаардахгүй тухайн хүүхдийн өөрийн онцлогт тулгуурлан тохирсон арга барилаар төлөвлөгөө гарган тусгай хөтөлбөр, арга зүйгээр дэмжвэл бүх хүүхэд хөгжих боломжтой.


- Хүүхдээ оношлуулахаар хэр их эцэг эх ханддаг вэ? Тэд аутизмын хүрээний эмгэгийн талаар мэдлэг мэдээлэл хэр байдаг вэ?

- Манай “Аутизм Монгол-Анд” ТББ нь 2014 оноос ХБНГУ, БНСУ, Тайвань болон АНУ-ын мэргэжилтэнүүдийг урьж авчран хамтарсан оношилгоо, үнэлгээ хийдэг байсан бол 2017 оноос АНУ-ын Доктор, профессор Мэрилин Кафф багшийн удирдлага дор бие даан үнэлгээ хийж эхэлсэн. Энэ хугацаанд манай байгууллагаар 380 гаруй хүүхэд үнэлгээнд хамрагдаад байна.

Эцэг эхчүүд харьцангуй мэдээлэл сайтай болжээ. Ингэснээр үнэлгээ оношлогоонд эрт үедээ хамрагдаж онош тогтоолгож байна. Жишээ нь хүүхэд 2 нас хүрээд хэлд орохгүй байхад аав ээжүүд маань эрэгтэй хүүхэд хэлд хожуу ордог ч гэдэг юм уу, эсвэл аав нь оройтож хэлд орсон аавыгаа дуурайсан гэх мэтээр тоохгүй явах хандлагатай байдгаас хүүхдүүдээ хожуу оношлуулдаг байсан бол одоо монгол хэл дээрх цахим мэдээллүүд ч нилээн байгаа мөн Аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын ажлын үр дүнтэй холбоотой юм болов уу.

- Танай цэцэрлэг сэтгэл зүйчийг дэргэдээ ажиллуулдаг юм байна.  Ингэснээр энэ хүрээний эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл хүргэдэг гэж ойлголоо. Энэ тухай?

- Бид хүүхдүүдтэй ажиллахаас гадна цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй сэтгэл зүйчид маань  нэг бүрчлэн ярилцаж хүүхдийн асуудалтай зан үйл дээр хэрхэн хамтран ажиллах вэ?, цаашид юун дээр анхаарч, тэдэнтэй хэрхэн харилцах вэ? гэдэг тал дээр өдөр тутам зөвөлгөө хүргэж байдаг. Ялангуяа манай хүүхдүүдийн хөгжил багш, сэтгэл зүйч, эцэг эхийн хамтын ажиллагаатай байснаар илүү ахиц гардаг.  

Мөн дөнгөж оношлогдоод ирж байгаа эцэг эхчүүдэд зөвөлгөө, мэдээлэл өгөх, цаашид хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, хөгжүүлэх, ажиллах тал дээр мэргэжлийн зөвөлгөө боломжоороо өгч байна. Утсаар ч зөвөлгөө авах боломжтой.

- Улсын хэмжээнд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг цэцэрлэг хэр олон байдаг вэ?

- Улсын хэмжээнд сайн мэдэхгүй байна. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 186-р цэцэрлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10-р цогцолбор, 249-р цэцэрлэг болон төрийн бус өмчийн манай цэцэрлэгээс гадна “Тэмүжингийн андууд”, “Хүслийн ордон” зэрэг цөөхөн хэдэн цэцэрлэгүүд Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хүлээн авч сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Мөн ердийн цэцэрлэгүүдэд 1 ангид 1-2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах боломжтой гэсэн журам байгаа. Цаашид ердийн цэцэрлэгүүд ч бас бүгдээрээ АХЭ- тэй болон бусад хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авдаг болох байхаа.

- Аутизмын хүрээний эмгэгтэй эцэг эхчүүд юун дээр анхаарах шаардлага байна вэ?

- Манай аав, ээж нар маань хүүхдээ маш сайн ажигла, хүүхэдтэйгээ маш сайн харилц, хүүхэдтэйгээ тоглоорой. Бусад хүүхэдтэй хүүхдээ битгий харьцуулаарай. Хүүхдийнхээ бодит чадварыг хүлээн зөвшөөрчихвөл дараагийн алхам хийхэд дөхөм болж багш, сэтгэл зүйч нартайгаа хамтран ажиллах хялбар байдаг.

АХЭ-тэй хүүхдүүд олон төрлийн чадвар дутмаг байдаг. Тиймээс бүх зүйлийг тайлбарлаж, бие даах чадварыг хөгжүүлэхийн тулд хүүхэдтэйгээ олон үе шаттайгаар ажиллах шаардлага гардаг. Гэвч ихэнх тохиолдолд эцэг, эхчүүд хурдан бөгөөд амархан аргыг сонгох гээд байдаг. /Жишээ нь: хоолыг нь халбагдаж өгөх, хувцасыг нь өөрөөр нь өмсүүлж, тайлуулж сургахгүй байх гэх мэт/ Аутизмтай хүүхдүүдэд аливаа юмыг заахад маш олон давтамжтай, үйлдэл бүрийг задлан тайлбарлаж заах хэрэгтэй болдог. Хүүхэд ярьж чадахгүй байсан ч гэсэн хүүхдийн ойлгох чадварт тохирсон үгнүүд ашиглаж тайлбарлаж, ярилцаж байх нь хүүхдийн нийгэмшилд чухал нөлөө үзүүлдэг гэж бодож байна. Энэ нь хугацаа шаардсан, тууштай байдал, уйгагүй ажилласны үр дүнд ахиц гардаг. Зөвхөн цэцэрлэгт найдаад үлдээх биш АХЭ-тэй хүүхэдтэй гэр бүлийн бүх гишүүдэд хамаатай.  

- Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг төрөөс хэрхэн анхаарал хандуулж хамтран ажилладаг вэ? цаашид юун дээр анхаарал хандуулах шаардлага байна?

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах журам батлагдаад хэрэгжиж байгаа ч багш нарт аутизмын талаар мэдлэг, мэдээлэл, сургалт хомс байгаагаас ангид нь 1 аутизмтай хүүхэд ороод ирэхэд тэр хүүхэдтэй яаж ажиллах арга зүй, учраа олохгүй тэвдэж байх шиг байна. Аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн ТББ-д л эцэг, эх, багш, нийгмийн ажилтан нарыг чадавхжуулахад чиглэсэн сургалт, мэдээ мэдээлэл түгээж байна. Манай цэцэрлэгт жишээ нь шинээр ажилд орж байгаа багш, сэтгэл зүйчид Аутизмын талаар ямар нэгэн ойлголт мэдээлэлгүй ирдэг. Бид багш, ажилчидаа дотооддоо ажлын байран дээрээ дадлагажуулан, дагалдуулан бэлтгэдэг. Энэ нь бидэнд хүүхэдтэй ажиллахаас гадна бас багш нартайгаа ажиллах эхнээс нь заах хэрэгтэй болдог.   Энэ ажлыг төрийн зүгээс бодлогоор зохион байгуулж Аутизмтай хүүхдийн сурах орчныг бүрдүүлж, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай байгаа юм.

- Иргэд энэ төрлийн эмгэгийн талаар мэдлэгтэй АХЭ-тэй хүүхдээ эрт оношлуулж эмгэгийг засах боломжтой гэж харж байна?

- Тиймээ. Нэг үеэ бодвол хүмүүс Аутизмын тухай мэдээлэл, ойлголттой болсон. Аутизмыг эмчлэх арга одоогоор байхгүй ч эрт оношилж, тохирох тусламж, чанартай сургалт, дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх нь чухал.. Хэдий чинээ эрт эхлэнэ, төдий чинээ бие даах чадвар, өөртөө үйлчлэх чадвар,  нийгэмших үйл явцад эерэгээр нөлөөлдөг. Аль болох эрт нийгмийн харилцаанд дасгах, цэцэрлэг, сургуульд хамруулсанаар байдлыг сайжруулах, хөгжүүлэх боломжтой. Хүүхдийн бусдыг ойлгож, мэдрэх, хийж байгаа зүйлээ бусдад нийцүүлэх, олон хүнтэй орчинд хамт байх чадварт ахиц гардаг. Аутизмыг эрт илрүүлэхэд дан ганц эцэг эх, СЭМҮТ, үнэлгээ хийдэг байгууллага гэлтгүй хүүхдийг сар бүр хянадаг өрхийн эмнэлэгийн эмч нар, цэцэрлэгийн багш нар бас чухал үүрэгтэй.

- Ярилцсанд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR RUH(197.210.71.164) 2022 оны 04 сарын 03

Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

0  |  0
Haha(66.181.161.97) 2023 оны 08 сарын 29

Erguu pizdaanuud shaarnuud

0  |  1
Top