Жил бүрийн дөрөвдүгээр сарыг аутизмыг таниулах сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Аутизмын талаар олон нийтэд зөв мэдээлэл хүргэх зорилгоор шинжлэх ухаан талаас нь бичсэн, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч, Сэтгэцийн эмгэг судлал, Сэтгэл засал судлалын их эмч П.Болортуяагийн нийтлэлийг хүргэе.
Монголд сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэг хэмээх сэтгэцийн нэг төрлийн эмгэг нилээдгүй оношлогдож байгаа нь эмчийн үзлэгийн бүртгэлээс харагдаж байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэцийн кабинетаар үйлчлүүлсэн F84 Аутизмын хүрээний эмгэгээр оношлогдсон иргэдийг оноор нь авч үзвэл:
2017 онд-1 хүүхэд хүйсийн хувьд 1 эрэгтэй
2018 онд -7 хүүхэд хүйсийн хувьд 7 эрэгтэй
2019 онд -11 хүүхэд хүйсийн хувьд 9 эрэгтэй 2 эмэгтэй
2020 онд -33 хүүхэд хүйсийн хувьд 21 эрэгтэй, 12 эмэгтэй
2021 онд -34 хүүхэд хүйсийн хувьд 23 эрэгтэй, 11 эмэгтэй 2022 оны эхний 3 сарын байдлаар -18 хүүхэд хүйсийн хувьд 14 эрэгтэй, 4 эмэгтэй хүүхэд үйлчлүүлсэн байна.
2017-2022 он хүртэл нийт 104 хүн Аутизмын хүрээний эмгэг /F84/-ээр оношлогдсоныг хүйсээр нь авч үзвэл эмэгтэй 29 (27.8%) эрэгтэй 75 (72,2%) байна.
2017-2022 он хүртэл нийт 104 хүн Аутизмын хүрээний эмгэг /F84/-ээр оношлогдсоныг насаар нь авч үзвэл 1-4 насны 25 (24%), 5-9 насны 48 (46.1%), 10-14 насны 17 (16.3%), 15-19 насны 14 (13.4%) байна. Дээрхи үзүүлэлтээс харахад хамгийн их нь 5-9 насныхан 48(46.1%) буюу хүүхдүүд оношлогдсон байна.
Дээрх эмчийн үзлэгийн дүнгээс харахад жил ирэх бүр оношлогсодын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тэгвэл Аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ?
Аутизм гэдэг ганцаардах гэсэн утгатай үг бөгөөд ганц гэсэн үгийн дор захирагддаг нэг төрлийн сэтгэцийн эмгэг юм. Ганцаараа байх дуртай, ганц үйлдэлээ л давтан хийдэг, ганц цамцаа л байнга өмсөх сонирхолтой, ганцхан тоглоомоор бүхэл бүтэн сарын турш, бүр түүнээс ч илүү хугацаанд өглөө, өдөр, орой тоглож чаддаг.
Тэд хоолны халбага, халууны шил, кола ундааны бөглөө, ганцхан тоглоомон загас, чихмэл бамбарууш, даалуу, хөзөр, төмөр усан цэргүүд гэх мэт тодорохой ганц тоглоомоор тоглоно. Гагцхүү ганцхан тоглоомоор бүхий л амьдралынхаа турш хэзээ ч уйдахгүйгээр тоглож чаддаг нэг төрлийн сэтгэцийн эмгэг юм.
Жишээлбэл: Ундааны бөглөөг дээш нь нэг нэгэн дээр нь давхарлан нурах хүртэл нь өрөх бөгөөд нураад унах үед гарах чимээг анхааралтай сонсоно. Үүнийг дахин дахин давтан хийнэ. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд дуу чимээнд их мэдрэг байдаг бөгөөд бөглөөг өндөр өрөөд нурах чимээ, 2 халбага хооронд нь ташаад гарах чимээ, төмөр түмпэн нүдээд гарах чимээ, хөгжмийн ая зэргийг анхааралтай чагнан хэдэн цагаар ч хамаагүй хөдөлгөөнгүй анхаарлаа маш сайн төвлөрүүлэн сонсон тоглож суудаг.
Аутизмын хүрээний эмгэг үүсэх шалтгаан нь юу вэ?
Аутизм өвчин хэрхэн үүсдэг ямар шалтгааны улмаас бий болдог талаар одоогоор шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо олдоогүй байна. Харин хэд хэдэн таамаглал байдаг бөгөөд өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлийн талаар тэмдэглэсэн байдаг. Удамшлын хүчин зүйл, халдварт өвчин, вакцинжуулалттай холбоотой таамаглал, жирэмсэн үеийн сэтгэл зүйн гэмтэл гэх мэт янз бүрийн шалтгаантай байж болох талаар судалгаанууд хийгдсэн байдаг ч нэгдсэн нэг дүгнэлтэд хүрээгүй байна. Гэвч аутизмын хүрээний эмгэгийн үед тархины тодорхой хэсгийн үйл ажиллагааны сааталд орж тархины эмгэг голтомт үүссэн байдаг.
Аутизмын хүрээний эмгэгийг бага байхад нь хэрхэн таних вэ?
Хүүхдийн амьдралын эхний 2 жилд аутизмын хүрээний эмгэгийн үед илэрдэг шинж тэмдгийг эцэг эхчүүд анзаарсан байдаг. Сул, аяархан намдуу чимээнд мэдрэг хандаж зогсолтгүй уйлах, тайван биш болох эсвэл эсрэгээрээ чанга дуунд сул хариу үйлдэл үзүүлж болно. Мөн эцэг эх нь ярих, дуугарах, инээх зэрэг өөрт нь хандахад тоож харахгүй байгаа хэрнээ амьгүй зүйлд буюу дээр нь өлгөсөн тоглоомыг удаан хугацаанд анхааралтай уйлахгүйгээр ажиглах, тоглох, харах байдлаар илэрч болно. Гэвч ганцхан энэ шинжээр аутизмын хүрээний эмгэг гэж оношлож болохгүй гурвалсан шинж гэж байдаг.
1. Нийгмийн харилцаанд оролцох бэрхшээл: Аутизмтай хүн нийгмийн харилцаанд бүрэн орох чадваргүй байдаг. Нийгэм гэдэг нь гэр бүлийнхэнтэйгээ ах, эгч, дүү нартайгаа харилцах, сургууль, цэцэрлэгийн найз нартайгаа харилцах зэрэг нийгмийн харилцаанд оролцоход бэрхшээл учирна. Нэрээр дуудахад харахгүй байх, бага инээмсэглэх, хүний нүд рүү харахгүй байх, өөрт хэрэгтэй байгаа зүйлээ авахдаа хүний гарыг дагуулж удирдах замаар хүслээ илэрхийлдэг. Эргэн тойронд болж байгаа үйл явдалд огт оролцохгүй, өөртэй нь харилцах, ярилцах гэж оролдоход маш дургүй, тухгүй байдалтай болдог.
2. Хэл ярианы бэрхшээл: Аутизмтай хүүхдүүд уур уцаартай байж болох бөгөөд энэ нь тухайн хүүхдийн хэл ярианы хөгжил муу, хэлд удаан ордог, өөрийгөө илэрхийлэхдээ муу, бусад хүмүүстэй хэл яриагаар ойлголцохгүй байгаатай холбоотой уур уцаартай байж болно. Мөн аутизтай хүүхэд үгийн сан бага байх бөгөөд бусад хүмүүсийн хэлсэн үгийг давтан хэлэх буюу ээждээ хайртай юу гэхэд ээждээ хайртай юу гэж давтан хэлэх эсвэл чиний нэр хэн бэ гэж асуухад таны нэр Бороо гэж, чи гэсэн төлөөний үгийг би гэж орлуулдаггүй.
3. Хязгаарлагдмал, дахин дахин давтагдсан зан үйл: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд ямар ч зорилгогүй хөдөлгөөн хийдэг. Доороо эргэх, гараа даллах, толгойгоо эргүүлэх, биеэ сэгсрэх, хойш, урагш биеэ хөдөлгөн найгах, хивсний хээг даган тойрч гүйх зэрэг хөдөлгөөнийг дахин давтан байнга хийнэ. Нэг л хүүхэлдэйн киногоо, нэг л сонсдог дуугаа дахин дахин давтан үзнэ.
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн онцлог юу вэ?
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн зарим нь ер бусын авьяас чадвартай байдаг.
Урт мөртэй шүлгийг нэг сонсоод л шууд давтан унших, дууг нэг сонсоод л ая нугалааг нь яг л даган дуурайж дуулах, ямар ч хэцүү ноттой сонгодог аяыг нэг сонсоод л шууд төгөлдөр хуур дээр тоглодог гэх мэт гайхалтай ер бусын авьяастай байхаас гадна баримлын шавраар өөрийн ертөнцийг бүтээх, математикийн шийдвэрлэгдээгүй бодолтуудыг бодох, шинэ зүйлийг зохион бүтээх гэх мэт гоц ухаантай, ер бусын хүүхэд байдаг. Эсвэл сайхан уран зураг зурдаг ч байж болно. Нийгмийн харилцаанд орж чадахгүй ч нэг зүйлийг гайхалтай сайн хийж чаддаг гоц хүүхдүүд юм. Тэд ирээдүйд зохион бүтээгч, хөгжимчин, бүжигчин, зураач, яруу найрагч, математикч, физикч, балетчин гэх мэтийн хамгийн шилдэг нь байж болно.
Аутизмын хүрээний эмгэгийг хэрхэн яаж эмчлэх вэ?
Оновчтой эмчилгээ байхгүй ч олон талын танин мэдэхүйн, зан үйлийн эмчилгээнд хамрагдах, хүүхэд өөртөө туслах чадвар, бусадтай харилцаа холбоо тогтоох чадвар, ажлын ур чадварт суралцахад нь туслах, сургах, мөн шинж тэмдгийн эмийн эмчилгээний аргуудыг ашиглах нь ямар ч арга хэмжээ авахгүй байснаас илүү дээр гэдгийг олон олон судалгааны үр дүнгүүд харуулж байна.
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд хаана хандах вэ?
Харьяа дүүргийнхээ сэтгэцийн эмч нарт хандаж эмчилгээ, үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл авч болно.
Сэтгэгдэл ( 0 )