Өнөөдөр 2022.04.04. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 06 цаг 25 минутад мандлаа, 19 цаг 25 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -2 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр олон улсын Интернэтийн өдөр. Мөн Уурхайн ослоос хамгаалах, уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих олон улсын өдөр. Хонконг, Тайваньд өнөөдөр Хүүхдийн өдөр бол, Сенегалд Тусгаар тогтнолын, Анголд Энхтайвны өдөр юм.
Энэ өдөр Их Британи-Австралийн жүжигчин Хьюго Уивинг, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт бага Роберт Дауни, Оросын жүжигчин Дмитрий Нагиев, Канадын хоккейч, олимпын аварга Роберто Луонго, тус улсын жүжигчин Сара Гадон, хоккейч Эндрю Манджипани зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1944 оны энэ өдөр “Пионерийн үнэн” сонины анхны дугаар хэвлэгдэн гарчээ.
1958 оны энэ өдөр БНХАУ-ын Биеийн тамирын хорооны урилгаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Биеийн тамирын хорооны мотоспортын хэлтсийн дарга н.Халтархүү тэргүүтэй Монголын баг тамирчид 19 хүн Тяньжин хотод хагас сар айлчлал хийхээр явжээ.
1988 оны энэ өдөр Ханш нээх баярыг тохиолдуулан БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин сайдын зөвлөх Ван Баомин Элчин сайдын яамны ажилчдын хамт БНМАУ-аас БНХАУ-ын ажилчдад зориулан Улаанбаатар хотноо байгуулсан оршуулгын газрыг цэвэрлэж, хөшөөнд цэцэг өргөв.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1967 оны энэ өдөр Мартин Лютер Кинг Нью-Йорк хотын Риверсайдын сүмд “Вьетнамын ард: Аниргүйг цочоосон цаг хугацаа” илтгэлээ тавьжээ.
1968 оны энэ өдөр Аполло сансрын хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Сансар судлалын агентлаг “Аполло 6” хөлгийг хөөргөв.
1969 оны энэ өдөр Америкийн эмч Дентон Күүли хиймэл зүрх суулгах мэс ажилбарыг дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа гүйцэтгэжээ.
1973 оны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотод Дэлхийн худалдааны төв нээгдэв.
1975 оны энэ өдөр АНУ-ын Нью Мексико мужийн Албукерк хотод Билл Гейтс, Пол Аллен нар “Майкрософт” компанийг байгуулжээ.
Энэ өдөр үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно.
Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Хол газар явах бол зүүн хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )