Алт худалдан авалт ӨССӨН ч валютын нөөцийн БУУРАЛТ хурдтай байна

2022 оны 04 сарын 04

Монголбанк энэ оны гуравдугаар сард  985.6 килограмм үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.4 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 533.2 килограммаар өссөн үзүүлэлт аж.

УУХҮЯ-ны зүгээс ч уг өсөлтийг тодотгон мэдээлж байна. Төв банк оны эхнээс гуравдугаар сарын 31-ний байдлаар 3,439.0 килограмм алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 529 мянган тонн буюу 18.2 хувиар өссөн үзүүлэлт хэмээн мэдэгдлээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад алт худалдан авалт 18.2 хувиар өссөн нь мэдээж сайн мэдээ.

Гэхдээ өмнөх оны мөн үетэй буюу 2021 оны дөрөвдүгээр сартай  харьцуулахад, Төв банкны валютын нөөц 1.6 тэрбум орчим ам.доллароор буурчихаад байгаа. 2021 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын валютын нөөц 4.8 тэрбум ам.долларт хүрээд байсан юм.

Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нд Монгол Улсын гадаад валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар байсан бол гуравдугаар  сарын 22-ны өдрийн байдлаар 3.2 тэрбум ам.доллар болж, 1 тэрбум гаруй ам.доллароор буурсныг Төв банкнаас мэдээлсэн.

Энэ нь төлбөр тооцоо, гадагш урсаж байгаа мөнгөн дүнтэй холбоотой, гадаад төлбөр тооцоо хийхэд шаардлагатай валют Төв банкны нөөцөөс л тодорхой хэмжээгээр гарч байгаа гэж тодотгосон. Монголбанк нэгдүгээр  сараас хойш гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 1.5 тэрбум ам.долларыг банкуудад  нийлүүлсэн. Зөрүүлээд экспортлогч компаниудын орлого болох  500 сая ам.долларыг худалдан авсан гэсэн мэдээллийг өгсөн юм.

Жилийн өмнөх энэ өдөртэй харьцуулахад, төгрөг ам.долларын эсрэг 121 төгрөгөөр суларсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны тухайд ковидоос шалтгаалан эдийн засгийн идэвхжил сул, импортын хэмжээ бага байсантай холбоотойгоор ханш тогтвортой, нөөц эрсдэлгүй түвшинд байсныг хаа хаанаа мэдэж буй.

Харин энэ оны тухайд нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн төгрөг өдөр бүр суларсан үзүүлэлттэй байна. Төв банкны зүгээс ОХУ Украины цэрэг дайны асуудал эхэлсэн хоёрдугаар сарын 26-наас хойш ханш, нөөцөд эрсдэл үүссэн гэж тайлбарлаж байгаа ч статистик харахад, нэгдүгээр сарын 30-наас хойш ам.доллар өдөр бүр төгрөгийн эсрэг чангарсан. Төв банк долоо хоног бүрийн  тогтсон хоёр өдөрт байнга интервенц хийж, зах зээлд валют нийүүлсэн байгаа юм.

Түүнчлэн нөөц хязгаарлагдмал учраас өнөөдрийн тулгамдсан асуудлууд үүсчихээд байна. Валютын нөөцөө арвижуулъя гэвэл экспортоо л дэмжих ёстой гэж Төв банкны ерөнхийлөгч хэлээд буй. Тэгвэл экспортыг өсгөхөд төр, хувийн хэвшил бүгд гар нийлж  ажиллах шаардлагатай. Тухайлбал, хоёр хөрш орны нөхцөл байдал сорилттой, хил гааль гацаатай байгаа ийм үед уул уурхайн түүхий эд тэрдундаа нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхэд амаргүй байгаа учраас валютын урсгалыг наашлуулах алтны экспортыг агаарын тээврээр хийхэд Төв банк, Засгийн газрын зүгээс анхаарч ажиллах боломж, орон зай байгаа талаар эдийн засагчид сануулсаар байгаа. Гэвч эрх баригчдын хандлага, байр суурийг харахад эрсдэлийг хохирол багатай даван туулах чиглэлд бодлого, шийдвэрийн нөөцгүй, “бүсээ чангал” гэсэн хуучны уриатай хэвээрээ байгаа нь л ойлгогдож буй юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.42) 2022 оны 04 сарын 04

Оросуудад валютын нөөцөө шавхаж өгч байна.

0  |  0
Top