Үнийн өсөлт, инфляцын эсрэг суулт залуучуудаар хүрээгээ тэлж байна

2022 оны 04 сарын 07

Иргэн О.Отгонтөгс үнийн хөөрөгдөл, инфляцын эсрэг сандалтай суултыг энэ сарын 04-ний өдөр эхлүүлсэн. Тэгвэл уг суултад нэгдэх иргэд өдрөөр бус цагаар нэмэгдэж байлаа. Манай сурвалжлах баг очих үеэр төв талбайд суулт хийх иргэдийн тоо 100 орчим байсан юм. Төрөл бүрийн насны иргэд сууж байсан ч онцлох зүйл нь ид хөдөлмөрийн насны залуучууд найз нөхөд, ажлын хамт олноороо нэгдэж буй нь анхаарал татлаа. Энэ удаагийн сурвалжилгаа төв талбайгаас бэлтгэн хүргэж байна.


 

МАНАЙ УЛСАД НЭМЭГДДЭГГҮЙ ГАНЦ ЗҮЙЛ ЦАЛИН Л БАЙНА ГЭВ

 

Инфляцын өсөлт, үнийн хөөрөгдөл иргэдийн амьдралд дараа болсоор. Хөдөлмөрлөөд олох орлого нь амьдралд хаанаа ч хүрэхгүй, үйлдвэрлэлгүй, эдийн засгийн уналтад орсон өнөөдрийн нийгэмд туйлдсан иргэд олширчээ. Засгийн газраас энэхүү нөхцөл байдалд арга хэмжээ авч ажиллаж буй гэх боловч иргэдийн хувьд илүү сайн шийдэл хэрэгтэй байгааг хэлж байсан юм. Учир нь иргэд дуу хоолой, үзэл бодлоо хамгаалж талбайд суулт хийх үеэр Ерөнхийлөгч өндөр градустай архи хэрэглэхийн эсрэг зарлиг гаргасан. Эдийн засгаа сэргээх нэн тэргүүний асуудал байгаа ч Ерөнхийлөгчийн энэхүү үйлдэлд дургүйцсэн иргэд байлаа.

Тэдний төлөөлөл бол 21 настай оюутан А.Лхагва-очир юм. Уг суултад нэгдээд цаг хагас болж буй ажээ. Тэрбээр “Монголчууд үнэхээр бухимдалтай байна. Сүйрэл рүүгээ инээж алхаж буй ард түмэн хэмээн тодорхойлоход буруудахгүй. Үнийн өсөлтийн мэдээ, мэдээллийг хараад сууж байна. Төгрөгийн ханш, инфляцын өсөлт гэх мэт асуудлуудыг дурдаад дуусахгүй. Хүн бүр эдгээр зүйлсийн талаар ярьж байгаа байх.

Би арай өөр өнцгөөс нь ярья. Өнөөдрийн байдалд хүрсэн нь монголчуудын өөрсдийнх нь буруу. Залуучууд арчаагүй байна. 50 мянган төгрөгөөс болж сонгуулийн үеэр саналаа худалдсан. Хүчээ нэгтгэе хэмээх бичигтэй фудволк өмсөж явсан хүмүүс өнөөдөр хаана байна. Цахим ертөнцийн нөлөөлөгчид талбай дээр байна уу гээд харвал үгүй. Залуус уван цуван ирж байна. Иргэд өөрсдийнхөө төлөө суух хэрэгтэй. Залуучууд дуу хоолойгоо өргөж, ирж нэгдээсэй.

Хэвлэл мэдээллийн олон байгууллага ч ирээгүй. Бүх зүйл мөнгөнөөс хамааралтай болсон байна. Би Монголдоо амьдрах мөрөөдөлтэй. Өнөөдрийн байдал үргэлжилсээр байвал эх орондоо амьдарна гэдэг хэцүү. Би сурахын хажуугаар ажил хийдэг. Цалингаасаа суутгалаа хасвал 780 мянган төгрөгийг гар дээрээ авч байна. Сургалтын төлбөр, хоолны мөнгөндөө дөнгөн данган хүргэж байна. Орон нутгийн оюутнуудад орон байрны түрээс нэмэгдэх жишээтэй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Манай улсад нэмэгддэггүй ганц зүйл цалин л байна даа” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.

Харин ахмад үеийн төлөөлөл н.Отгонсүрэн “Том компаниуд бүгд эрх мэдэлтэй болж, бүхий л зээл тусамжийг идэж байна. Энэ нь залуучуудад хөгжих боломжийг олгохгүй байгаа юм. Бүх зүйлээр нь боомилж байна. Ажил хийхийг хүссэн нэгнээ дэмжихгүй. Байр сууриа олсон компаниуд нь нэгнийхээ халаасанд орсон. Мөн төрд олон жил болсон хүмүүс хөгжлийг гацааж байна. Тэдний олон жилийн ноёрхол авлигыг цэцэглүүлсээр. Энэ мэт үйлдлүүд нь бүтээлч, аливааг хийх хүсэл эрмэлзэлтэй нэгнийг уландаа гишгэж, хойш нь чангааж байна. Улс шиг улс, төр шиг төртэй бол манай улсад бүхий л зүйл хөгжих боломжтой. Монголчууд үнэхээр сөхөрч байна. Ажил хөдөлмөрт нас зааж байна. Ажил хийх хүсэлтэй 60, 65, 70 насныхан яах юм. Ажиллаж чадах хүмүүсээ ч ашиглах чадахгүй байна шүү дээ” гэв.

 

Э.ҮҮРТУЯА: ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ

 

Төв талбайд жагсаж буй хүмүүсийн хамгийн залуу агаад өндөр насны иргэдийн төлөөлөл дээрх байр суурийг өгсөн юм. Өмнө хэлсэнчлэн залуучууд буюу ид хөдөлмөрийн насны иргэд ихээхэн бухимдахаас гадна өөр өөрийн байр суурийг илэрхийлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байлаа. Тэдний нэг болох иргэн Э.Үүртуяа бусад асуудлуудаас урьтаж эдийн засгаа сэргээхийн тулд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж ажиллахыг хүсэж байсан юм. Ямар ч орон үйлдвэрлэгч байсан цагт эдийн засгаа өөд нь татаж байдгийг дурдав.

Тэрбээр  “Өнөөдрийн бүх асуудлуудыг түр хойш тавья. Утаагаа түр мартъя. Нүүрс гэх мэт зүйлсээ ярихаа түр азная. Элгээрээ хэвтсэн эдийн засгаа л сэргээгээд өгөөч дээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж болохгүй юм уу. Шүднийхээ чигчлүүрийг хүртэл урд хөршөөсөө авдаг байдлаа зогсооё л доо. Яасан ичдэггүй юм бэ. Залуучууд юуг ч хийж чадахаар эр зориг, хүсэл эрмэлзэл байна. Гэвч хийх нөхцөл, орон байр, хөгжих боломжийг нь дандаа хааж байна. Томоохон албан тушаалтнууд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнүүр орж бүхий л боломжийг нь хулгайлахаа болиоч дээ. Чадалтай, ажил хийж чаддаг нэгнээ үргэлж доош нь дарж, гутаадаг. Эсрэгээрээ мэдлэг, боловсролгүй хүмүүсээ дээш нь татаж гаргадаг. Дахиад хэлье. Утаа, агаарын бохирдлын асуудлыг түр хойш нь тавьчих. Мэдлэггүй болохоор ухаан нь ч энэ ажлыг хийхэд хүрэхгүй. Зүгээр үйлдвэрлэлээ дэмжээд өгөөч” хэмээн өөрийн байр суурийг илэрхийллээ.

Мөн 29 настай иргэн Д.Даваадалай “Залуучууд нийгмийн оролцоогоо нэмэх хэрэгтэй. Нэг өдрийн ажлаа таслаад суулт хийх боломжгүй. Ганц өдрийн цалин хүртэл хэрэгтэй цаг үе. Тиймээс цайны цагаараа суулт хийж буй залуусаа дэмжээд ирээд байгаа минь энэ. Зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн дуу хоолойгоо хүргэх асуудал биш. Залуус ч би оролцох ёстой гэх байр суурьтай байгаасай хэмээн хүссэн дээ суултад нэгдсэн” хэмээв.

Иргэн Э.Билгүүнбаатар 30 настай бөгөөд талбай дээр цайны цагаараа ажлын хамт олонтойгоо ирж суултад нэгдсэн байлаа. Тэрбээр “Одоогийн нөхцөл байдал хүнд байна. Суултад нэгдэж буй хүмүүс өөр өөр байр суурийг илэрхийлэх боловч угтаа бол нэг л зорилготой гэж бодож байгаа. Цалингаа хадгалж, хүссэн газар руугаа аялахад зориулан хуримтлуулж, амьдралдаа хангалуун хэрэглэх гэх мэт боломжуудыг төр бүрдүүлж өгөх хэрэгтэй шүү дээ. Хэчнээн олон цагаар хэдэн ч ажлыг хийсэн эрүүл мэнд муудахаас биш, амьдрал дээшилсэн зүйл алга. Бидэнд амьдрах нөхцөл байдал, тогтолцоог нь өөрчилж өгөөсэй гэж хүссэндээ суултад нэгдээд байна” гэлээ.

Суултад оролцож буй хүмүүс дунд залуу гэр бүлийн төлөөлөл байв. Түүнийг н.Уянга гэдэг ба хоёр хүүхдийн ээж ажээ. Түүний хоёр хүүхэд цэцэрлэгийн насных бөгөөд хоёулаа сугалаанд сонгогдож чадаагүй байна. Мөн нөхөртэйгээ хоёулаа ажилладаг хэдий ч цалин нь тэдний гэр бүлд хангалттай хүрэлцэж чаддаггүй аж. Тэрбээр “Суултад үр хүүхдийнхээ, дараа үеийнхний төлөө оролцож байна.

Тэрнээс биш талбай дээр хүмүүс яагаад сууж байгаа явдал чухал биш. Нэгдүгээрт, өнөөгийн нийгмийн байдал маргааш ч давтагдах үзэгдэл. Нөхөртэйгээ хоёулаа ажил хийж байгаа ч амьдралын хаана ч хүрэхгүй байна. Хоёрдугаарт, сургууль, цэцэрлэгийн асуудал их хэцүү. Бидэнд янз бүрийн хөшөө, бунхан хэрэггүй. Хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг хэрэгтэй байна. Том хүүхдээ хувийн цэцэрлэгт өгсөн. Ээжийгээ гуйж, бага хүүхдээ харуулж байгаа. Нөхөр бид хоёр хоёулаа ажил хийсэн ч үнийн өсөлтийн өмнө хүнд байдалд орж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өссөнөөс үүдэж цалин хаанаа ч хүрэхгүй байна шүү дээ. Гуравдугаарт, том хүү маань цэцэрлэгт яваад ханиад хүрсэн. Эмнэлэг хүрэлцээгүйн улмаас хүүгээ гэрээр эмчиллээ. Эмчилгээний эм тариа 150 мянган төгрөг болсон. Том хүү маань эдгэсний дараа дүү нь өвдлөө. Дүү нь хатгаа болоод хүндэрсэн. Эмээтэй нь хамт эмнэлэгт хэвтүүллээ. Өдрийн найман цагийн тарианаас өөр эмчилгээ хийхгүй байна. Оргүйн улмаас коридорт илүү ор гаргаж хэвтүүлсэн. Баянзүрх дүүргийн эмнэлэг тийм байдалтай байна.

Мөн шалан дээр гаднаас хөнжил, гудас авч хэвтэж байгаа хүмүүс нэмэгдсэн. Хувийн эмнэлэгт хүртэл хөл тавих зайгүй. Энэ мэт байдлыг бид яагаад тэсэж, тэвчээд байгаа юм бэ. Үнэхээр суулт хийж буй хүмүүсийн дуу хоолой эрх баригчдад хүрч чадвал сайн байна. Бүхий л зүйл дээр хааж, боосон, хавчигдмал нийгэмд амьдарч тэсэж ханалаа шүү дээ” хэмээн байр сууриа хуваалцлаа.

Энэ мэтээр нийгмийн аль ч бүлэгт хамаарах иргэд төв талбай дээр суултад оролцож байсан юм. Минут өнгөрөх бүрд иргэд улам нэмэгдэж, тэр дундаа залуу үеийнхэн нэмэгдсээр байлаа. Уг суултад ямар нэгэн захиалагч тал байхгүйгээс гадна иргэд цэвэр сайн дурын үндсэн дээр нэгдэж байсан юм. Цар тахлаас хойш өөрийн үзэл бодол, байр суурь, дуу хоолойгоо хүргэх иргэд ч төв талбайд удаа дараа жагсаал, цуглаан, суулт хийсээр байна.

Мөн өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн байгууллагуудад шаардлага багатай хурал цуглаан, арга хэмжээг хориглоно” хэмээсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засаг амаргүй үед шаардлагагүй зардлыг багасгана” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Иргэд төв талбайдаа суулт хийх үеэр төрийг удирдагчид нь  хуралдаан, хэлэлцүүлгээ хийсээр байна. Мөн нэмэлтээр мэдээлэхэд зарим бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан юм. Цагаан будаа кг нь 3900 төгрөгөөр, элсэн чихэр 2520 төгрөгөөр, ургамлын тос 2600 төгрөгөөр, сүү 800 төгрөгөөр, үхрийн мах 2000 төгрөгөөр, шар будаа 2200 төгрөгөөр, атар талх 300 төгрөгөөр, шатахууны үнэ 1000 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
обуна гуай(202.21.114.139) 2022 оны 04 сарын 07

цалингаа огт ярихгүй гаргадаг барааных нь үнэ тэртээ тэргүй мөнл өссөн орлогоо олж л бгаа штээ ард түмнээ яаж ингэж нэг хэмнэлд ядуу амьдруулж гайхалтай чадаж бнаа дайнд юу ч үгүй сүйрсэн солонгос герман вьетнам 30 жилийн дотор л өөдөө боссон танай 2 нам ээлжлээд 32 жил боллоо одоо яахуу,,,,,,,,,

0  |  0
Top