Архины онцгой албан татварыг нэмж олсон орлогыг нь хавдрын эмнэлэг барина хэмээн Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан өчигдөр мэдээлсэн. Хэрэв архидалттай тэмцэх гэж байгаа бол албан татварыг нь нэмэх гэсэн ядмаг арга хэрэглэх нь манай оронд зохимжгүй. Учир нь архидалтад живсэн хэсэг нь олны нэрлэж заншсанаар гудамжны архичин гэсэн ангилалд багтдаг.
Нийгмийн хамгийн эмзэг буюу ёроолын давхаргад хамаарах тэдгээр хүмүүс архины үнэ тэнгэрт хадах тусам буруу аргаар түүнийгээ орлуулах гэж хичээнэ. Бидний санаж буй нэгэн жишээгээр олон жилийн тэртээ “Азийн чоно” хэмээх чанар муутай архинаас болж хүмүүс хордлогод орсны улмаас улс даяар архи зарахыг хэдэн өдрөөр хориглож байв. Үүний үр дүнд дахин этилийн спиртэд хордсон, өөрсдөө гар доорх аргаар архи найруулсан, дэлгүүр дээрэмдсэн гэсэн хэцүү мэдээ цуварсан юм.
Мөн саяхан гэхэд л коронавирусний халдвараас сэргийлэх хатуу хөл хорионы үеэр архи худалдаалахыг тас хориод нэлээд олон хоносон билээ. Түүний улмаас мөн л шагийн үнээр архи борлуулах наймаа ид цэцэглэж, цахилгаан шатанд байрлуулсан гар ариутгагчийг авч уусан гэх мэт үр дагаврууд илэрсэн. Монголд архины үнэ хямд биш. Солонгост нэг шил сөжү 1100 воноор зарагддаг хэрнээ тэнд архинд живсэн бүхэл бүтэн нийгмийн бүлэг алга.
Тэр улсын иргэд архи уудгаараа хөгжлөө тодорхойлсон бол өдгөө манайхаас ч долоон дор байх байсан. Гэхдээ солонгост хөдөлмөр эрхлэхийн сайхныг яс махандаа тултал ойлгосон иргэд нь түүнийхээ үр шимийг хангалттай хүртчихдэг тул улсаараа архинд живсэнгүй. Хэрэв архины үнэ тэнгэрт хадах юм бол хүүхдийнхээ 100 мянган төгрөгөөр архи авч уудаг эцэг эхчүүдийн авир улам догширч үр хүүхдээ зовоож дарамтална гэдгийг яагаад бодохгүй байна вэ.
Үүний оронд архины хамааралтай болчихсон, хүүхдийнхээ мөнгөөр уучихдаг хэсэг бүлэг иргэдээ ажилтай, амьдралтай болгож чадвал тэр жинхэнэ тэмцэл болно. Ажилтай, орлоготой, зорилготой хүн архинд толгойгоо живүүлэхийг хүсэх нь юу л бол. Архитай тэмцэхийн тулд эхлээд үнэ, тоо ширхэг бус архитай, архигүй амьдралаа аваад явах тэгш боломж, ээлтэй нийгмийг бий болгохсон.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
зѳв зѳв.архитай ингэж тэмцснээс ажилгүй хүмүүсээ ажилтай болгох,цхлин хѳлсийг нь сайн нэмэх арга хэмжээ авах нь тун оновчтой
Тэр архичдыг ажилтай амьдралтай болгоно гэж үнэндээ байхгүй. Тэднийг засардаг гэж боджийно уу. тэдэнд тэгж үргүй зардал гаргаж байснаас ажилтай амьдралтай хэсгээ яаж өөд нь татах вэ гэдгээ бодсон нь дээр. Тэд бол цагийн жамаар үрэгдээд дуусна. Харин ажилта, анхиатай хэсэг нь илүү боломжтой болсноор нийгэм тэр чигээрээ өөрлөгдөх болно. савлаж яваанууд нь тэдний эгнээнд шилжинэ. тийм таатай нөхцөл бүрдэхгүй бол савлаж яваа хэсэг нь архичдын эгнээ рүү шилжинэ. Тэднийг харин тийшээ алдаж болохгүй