Төрийн компаниудын зээлийг төрд шахахаас өөр гарц алга уу, Хөгжлийн банкны удирдлагууд аа...

2022 оны 04 сарын 07

Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид хэвийн явуулахын тулд эдийн засаг, санхүүгийн бодлого, шийдвэрийн нөөц, гарц, гаргалгаанууд байгаа гэдгийг эдийн засагчид, судлаачдын зүгээс хэлж, ярьж байна. Харин Хөгжлийн банкийг одоо удирдаж буй удирдлагын багийн нөхдийн амнаас унаж буй үгсийг анзаарахад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгогдоод, эрсдэлтэй ангилалд орсон зээлүүдийг төрд, Засгийн газарт л шахчих гэсэн улиг болсон арга замыг хэлж, ярьцгааж байгаа юм.

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр Хөгжлийн банкны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол болсон билээ. Сонсголын хүрээнд тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл хийхдээ, үйл ажиллагааг цаашид хэвийн явуулахын тулд энэ онд багтаан 2.2 их наяд төгрөгийн зээлд арга хэмжээ авах шаардлагатайг тодотгосон. 2.2 их наяд төгрөгийн зээлийнх нь 1/3  буюу 762.6 тэрбум төгрөгийн зээл нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай зээлийн багц бөгөөд уг багцыг Засгийн газарт шилжүүлэх арга хэмжээ авна гэсэн юм.

Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал гадаад, дотоод аль аль талдаа тун амаргүй байгаа ийм цаг үед  буюу энэ онд багтаж олон зуун тэрбумаар хэмжигдэх эрсдэл бүхий зээлийн багцыг Засгийн газарт шилжүүлснээр, төрийн компаниудын гаргасан алдаа дутагдлын хариуцлагыг хувийн хэвшлийнхэн, эгэл жирийн татвар төлөгчид нуруундаа үүрч дүүрэх нөхцөл байдал үүсч болзошгүй талаар өмнөх бичвэрээрээ хүргэж байсан билээ.

 

  • Сангийн сайд Б.Жавхлан энэ асуудлаар дөрөвдүгээр сарын 5-ны өдөр  байр сууриа илэрхийлэхдээ, “Хөгжлийн банкнаас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг төсөв рүү шилжүүлэхгүй,  төсөв үүрэг хүлээгээгүй, иргэдийн  татвараар төлөхгүй. Хөгжлийн банкнаас төсөв рүү шилжүүлэх  санал гаргаагүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

  • Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ж.Эрхэмбаатар “Засгийн тогтоолоор авсан зээлийг Засгийн газар л төлнө шүү дээ” гэсэн байр суурийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр илэрхийлэв.

 



Тэгэхээр засгийн сайд болоод Хөгжлийн банкны удирдлагуудын байр суурийг харахад, Засгийн газрын тогтоолоор олгогдсон зээлүүд  холбогдох хууль, тогтоолын хүрээнд Засгийн газарт шилжих магадлал ерөнхийдөө байна. Гол нь Сангийн сайдын хэлсэнчлэн уг зээлээс учирсан хохирлын дүнг төсөв рүү шилжүүлэхгүйгээр бүр тодруулбал, хохирлыг нь ард иргэдэд үүрүүлэхгүй байх тал дээр ямар гарц, боломжууд байгаа юм бэ гэдэг асуулт хариулт нэхэж буй.

Эхэнд хэлсэнчлэн энэ талаар эдийн засагчид судлаачид байр сууриа илэрхийлж байна.  Эдийн засагч Б.Отгонтөгс хэлэхдээ “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай зээлийн багцыг зээлийн үнэт цаасны хэлбэрээр арилжаалах, муу зээлүүдийг худалдан авах гэх зэргээр санхүүгийн хоёрдогч зах зээлүүдийг бүрдүүлэх, үүнийг шийдвэрлэх эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж бий. Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллахад ийм боломж бий гэж харж байна. Үе үеийн хяналт шалгалтын дараа илэрсэн зөрчлүүд, тэдгээрийг засаж залруулах зөвлөмжүүд хэрэгжээгүйгээс өнөөдрийг хүрсэн байна. Хөгжлийн банкны багийг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх нь зүйтэй. Мэргэжлийн багийн үйл ажиллагаа үнэхээр дутагдаж байгааг энд тэмдэглэж хэлье. Өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл, асуудлыг зөвхөн олон улсын түвшний, мэргэжлийн баг л шийдвэрлэж чадна. Хэтдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдэрсэн хойно 5-8 жилийн дараа ч юмуу банкны хувь эзэмшлийг өөрчилж, 80 хувь нь Засгийн газрын, 20 хувийг нь арилжааны банкуудын эзэмшилд худалдах, бүр цаашлаад 50 хувьд хүргэх гэх зэргээр үйл ажиллагааг нь явуулбал олон улсын санхүүгийн зах зээл дээр далайцтай үйл ажиллагаа явуулах чадавхтай, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж чаддаг сайн түүхтэй банк болгох боломж байна. Улмаар улс орны хөгжлийг түүчээлэх санхүүгийн механизм бий болгох боломж бий гэж харж байна” гэсэн юм.

Харин эдийн засагч Ч.Отгочулуу Хөгжлийн банкны эрсдэлд орсон зээлүүдийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Зарим зээлүүд  манай макро эдийн засгийн орчин угаасаа муу байгааг л харуулж байгаа юм. Эдийн засаг тэлэхгүй байна. Тэлэх гээд том бодлого явуулсан байтал улс төржүүлээд бүгдийг нь зогсоосон. Улмаар эрэлтээс давсан хүчин чадалтай үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ зарж чадахгүй байдалд орсон. Мөн гадаад хүчин зүйлсийн нөлөөллүүд байна. АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дэлхийн эдийн засгийг нэлээн хөргөсөн шүү дээ. БНХАУ-ын эдийн засаг экспортоос асар их хамааралтай. АНУ-ын хэрэглээ өсөх юм бол БНХАУ-ын экспорт өсдөг, БНХАУ-ын экспорт өсөхөөр манай экспорт өсдөг хамааралтай. Гэтэл энэ хоёр улсын хооронд худалдааны дайн болоод АНУ хэрэглээгээ багасгачихаар БНХАУ-ын экспорт унасан. Тэр нь манай экспортод нөлөөлсөн. Мөн ковидоос шалтгаалж сүүлийн 2-3 жил бүх юм хаагдлаа шүү дээ. Одоо ингээд Орос, Украины дайны нөлөөлөл үүсэж байна. Гадаад шокоос шалтгаалж зарим зээл их муудсан. Ерөнхийдөө манай  эдийн засгийн тамир тэнхээ их муу байна. Энэ бол зээлдэгчдийн буруу гэхээсээ давагдашгүй хүчин зүйл. Гэхдээ зарим зээл бол үнэхээр барьцаа муутай, улс төрийн шалтгаанаар олгосон нь бас байгаа байх. Тэдгээрийг ялгаж салгахгүй бол бүгдийг нь ингэж харлуулж байгаад, банкийг дампууруулаад цоо шинэ банк байгуулах юм бол, далимд нь ёстой луйврын зарим зээлүүд нь нуугдаж үлдээд, татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх боломжтой болчихно шүү дээ. Жинхэнэ зальтай хүмүүс нь дүйвээн дундуур ашиг хонжоо олоод үлдчих магадлал байгаа” хэмээн хэлж байсан юм.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид хэвийн явуулахын тулд эрх баригчид гал унтраах байдлаар хандах бус засаглалын бодитой өөрчлөлт хийх, нөгөө талаас хариуцлага алдсан зээлдэгчдийг төр, хувийн хэвшил гэж дээр, доор нь эрэмбэлж ялгалгүй, ижил тэгш хандах шаардлагатай юм. Мөн нөгөө талаас  зээлдэгчдэд зээлээ эргэн төлөх боломжийг эдийн засгийн агуулгаар нь олгох шаардлагатайг нөхцөл байдал харуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top