Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг өчигдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн, гишүүдийн илэрхийлсэн санал, асуулгыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Монголбанкны ерөнхийлөгч "Хаан" банкыг Худалдаа хөгжлийн банкинд өгсөн. Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хууль зөрчиж зээл өгсөн талаар Ч.Хүрэлбаатар гишүүн байнга ярьдаг. Гэтэл Ерөнхий сайд Б.Лхагвасүрэнг маш сайн ажиллаж байна гэх байр суурийг илэрхийлсэн. МАН бодлогоо нэгтгээч. Монголбанканд итгэх иргэдийн итгэл алдарч байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Миний байр суурь тодорхой. Хямралтай цаг үед ялангуяа гол стратегийн албан тушаалууд тогтвортой байгаасай гэж хүсч байна. Хууль хяналтын байгууллага тогтооно биз. Би Б.Лхагвасүрэнг анх томилоход нь оролцож байгаагүй. Тэр хүнийг хамгаалсан зүйлгүй. Одоо бол цаг үе өөр болсон. Энэ хүнд үед хүн солиод дахиж шинэ хүн УИХ-аар томилогдож багаа бүрдүүлж Засгийн газартай ойлголцох гэсээр байтал байдал улам хүндэрч магадгүй. Тогтвортой ажиллах нь улс орны язгуур эрх ашигт нийцнэ гэж бодож байна. Өнөөдөр би хууль оруулж ирж байна. Түүнээс биш Монголбанкны Ерөнхийлөгчийг арын өрөөндөө дуудаад УИХ-аас нууц шийдвэр гаргах гэсэнгүй. Би юуг ч нуухыг хүсэхгүй байна. Дэмжигдэхгүй бол би ойлгоно. Ардчилсан зарчим ийм байдаг. Эрх баригч сөрөг хүчин гэж талцахгүйгээр асуудлыг илүү өргөн цар хүрээнд харж байгаа АН, ХҮН-ынханд талархаж байна.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 2012-2016 он хүртэл хэрэгжүүлсэн. Тэр үед Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёр гарын үсэг зураад хэрэгжүүлсэн бол өнөөдөр асуудлыг УИХ дээр ярьж байна. Зарчмын хувьд том ялгаатай. Гэсэн хэдий ч хэрэгжүүлж байгаа арга хэрэгсэл, үүнийг хүртэж байгаа хүмүүс нь ижилхэн. Өмнөх хөтөлбөрөө дүгнэж хаах хэрэгтэй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк 4.8 их наяд төгрөгийн зээл олгосон. Энэ зээлийг зориулалтын бусаар ашигласан хэдэн аж ахуйн нэгж байгаа вэ. Улс төрийн нөлөө бүхий этгээд зээл авсан баримтыг би ШӨХТГ-ын дарга байхдаа олж мэдсэн. Өмнөх хөтөлбөрийг дүгнэсний дараа энэ хуулийг батлах нь зөв. Энэ асуултад Төв банкны ерөнхийлөгч хариулаарай. Хэрэв тухайн хүн валютын орлого олдоггүй бол валютын хадгаламжийг хязгаарлах хэрэгтэй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Т.Аюурсайхан гишүүнтэй санал нэг байна. Улстөрчдийн шуналаас болж асуудал их үүсч байна. Хөгжлийн банкны асуудал ч тэр. Гаднын мэргэжилтэн мэргэжлийн ТУЗ бүрдүүлээд байж байхад нь бонд босгосны дараа бүх сайдууд ороод хуваагаад авсан юм билээ. Засгийн газрын тогтоол дээр маш тодорхой байгаа. Үүн дээр хуулийн дагуу арга хэмжээ авна. “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг олон нийтэд ил гаргана. Сангуудыг ухвал олон гишүүд гарч ирнэ. Нэрсийг нь олон нийтэд дэлгэхээр бэлдсэн. Гишүүд ийм зүйлд оролцохоо больчих хэрэгтэй. Олон нийтийн ёс зүйн шаардлага, хараа хяналт их сайн ажилладаг болсон. Ардчилал төлөвшиж байна. Гишүүн байх уу, бизнесмен байх уу гэдгээ шийдэх цаг иржээ. Шинэ 30 жил эхэлж байна. Өмнөх зүйлээ дүгнээд шаардлагатай бол хариуцлага тооцно. Авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон нөхдүүдийг олон нийттэй хамт шахаж гаргахад л улс төр цэвэршинэ. Тиймээс өөрсдөөсөө эхлээд үлгэр жишээ үзүүлье. Манлайлал үзүүлнэ. Авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулж бууруулж чадвал хөрөнгө оруулалтын орчинд маш том нөлөө үзүүлнэ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрт 7.2 их наяд төгрөг зарцуулсан. "Сайн хашаа", "Сайн хувьцаа" гэх мэт хөтөлбөр ч бий. Зарим зээл нэг хувийн хүүтэй байсан. Олон улсын аудитын компани энэ хөтөлбөрт хяналт хийсэн. Хөтөлбөрийг Төв банк дангаараа хэрэгжүүлээгүй. Арилжааны банк хохирол хүлээсэн жишээ бий. Капитал банкнаас Төв банк эх үүсвэрээ татангуут хүнд байдалд орсон. Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 5.4 их наяд төгрөг болж буурсан. Бид арилжааны банкуудаас энэ онд гаднаас татах эх үүсвэрийг судлан нэгтгэсэн. Богино, урт хугацаат своп хэлцэл хийн, богино хугацаанд нэг тэрбум ам.долларын нөөц татна. Үүнд "Эрдэнэс Тавантолгой" гэх мэт ААН-ийн урьдчилан олох орлого ч багтсан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Гурил, мах, шатахууны үнийг анхаарна гэхээр цаана нь төрөл бүрийн будаа, ургамлын тос, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсчих вий. Нийлүүлэлтийг хангахын тулд ямар арга хэмжээ авах вэ? Бага цалинтай хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна. 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг гадагш гаргахыг хориглосон. 20 саяас их бол яах нь тодорхой биш байгаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Монгол Улс хоригийн хоригт орсон. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш НҮБ-ын хувьд ийм хүнд сорилттой дэлхий нийт нүүр туллаа. Монгол Улс түдгэлзсэн байр суурьтай байгаа. Шулуухад хэлэхэд НҮБ-ын зүгээс анхааруулж байгаа өлсгөлөн болбол адаглаад махтай, гурилтай, шатахуунтай байх хэрэгтэй. Ургамлын тос, элсэн чихэр, будаа, төмс, сонгино гээд өргөн хэрэглээний барааг үнэ тогтворжуулах хуульд хамааруулсан бол төсөв ачааллаа дааж чадахгүй. Тэр үед ганц боломж нь импортийн татварыг тэглэх л байх. Тэглээ гээд үр дүнд хүрэхгүй. Хилийн чанадад үнэ нэмэгдвэл импортийн бараа бүтээгдэхүүний инфляц урсаад орж ирнэ гэсэн үг. Хуулийн төслийг боловсруулж байхад эм, эмнэлгийн хэрэгсэл, элчин чихэр, ургамлын тос оруулъя гэж байсан. Ингээд Сангийн яам тооцоолол хийж үзээд импортын татвар тэглэхээс өөр байдлаар бид яаж ч чадахгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хүлээлт үүсгээд олигтой үр дүнд хүрч чадахгүй.
Хууль батлагдсанаар энэ гурван бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийхээс биш ид шидийн мэт үнийг нь барина гэж байхгүй. Гэхдээ гурван гол бүтээгдэхүүн дээрээ анхаарлаа төвлөрүүлье гэж байгаа юм. Ер нь манайхан их эмзэг. Тайван цагт амьдраад сурчихсан учраас сэтгэл зүйн хувьд эмзэг, бараа бүтээгдэхүүний татан авалт болон бусад асуудал дээр туйлын хүндрэлтэй. Тиймээс бид Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан нефтийн үйлдвэртэй болох, эрчим хүчний хувьд хараат бус болох, дотооддоо хүнсээ хангадаг, зоорь хүлэмжтэй болох ёстой. Энэ бүх зүйлийг бид хийхээс өөр гарцгүй. Ийм амаргүй нөхцөл байдал дунд орчхоод байна. Аливаа асуудалд эс үйлдэл хийж байгаад цаг алдахыг Ерөнхий сайдын хувьд хүсэхгүй байна. Өнөөдөр шатахуун 1000 төгрөгөөр нэмэгдэнэ биз гэж ярих хүмүүс ч бий. Үүнийгээ дагаад цалин, тэтгэврээ нэмж чадахгүй. Өнгөрсөн онд тэтгэврийг 650 орчим тэрбум төгрөгөөр нэмээд одоо бидэнд ямар ч орон зай үлдээгүй. Цаашдаа байнгын зардал болоод төсөв дээр урсгал зардал болоод явна. Тиймээс Ерөнхий сайдын хувьд эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй гэж шийдсэн. Би УИХ-аас ямар ч асуудлыг нуухгүй ил тод байх зарчмыг баримтална. Ирэх долоо хоногоос Эрдэнэбүрэнгийн УЦС-тай холбоотой асуудлыг оруулж ирнэ гэж төлөвлөж байгаа асуудал байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-ОХУ гадаад төлбөр тооцоогоо рублиэр хийнэ гэдгээ зарласан. Хэрэв Монголд рубль байдаг байсан бол үүн шиг таатай нөхцөл байхгүй л дээ. Энэ байдлаас гарахын тулд ОХУ-ын Төв банктай сүүлийн арав гаруй жилийн турш мөнгөн тэмдэгтүүдээр солилцоо хийх талаар ярилцсан. Энэ удаагийн үүссэн нөхцөл байдалтай уялдуулаад шийдчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Хоёр төв банкны хооронд мөнгөн тэмдэгтүүдээр солилцоо хийчих юм бол энэ хүнд цаг үед ам.долларын дарамтаас бага ч болов хөнгөрөх боломжтой.
Шатахууны төлбөрт жилд оргил үедээ 1.8 тэрбум ам.доллар зарцуулдаг байсан бол одоо 1.4-1.5 тэрбум ам.долларыг зарцуулж байна. Он дуустал тэрбум орчим ам.доллартай тэнцэх рубль, төгрөгийн солилцоо хийвэл валютын нөөцийн дарамт буурна. Энэ тал дээр ажиллаж байна. Үнэ тогтворжуулахын тулд Засгийн газар хууль санаачлаад оруулж ирсэн. Мөнгөний бодлогын орчинд төсвийн бодлого, хуулийн хүрээнд ажиллана. Гадагш төлж байгаа нэг ам.доллар бүр эргээд бидэнд нэг ам.доллар 20 центын дарамт болж ирж байна. Инфляц, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц дээр ч тэр. Төв банк мөнгөний бодлогын хүүг өсгөж нэг төгрөгийн нэмэлт мөнгөний нийлүүлэлт хийгдэхгүй гэдгээ зарласан. Боломжит хэмжээгээр зах зээлээс мөнгөө эргүүлэн татна. Үүнтэй төсвийн бодлого уялдана. Гэхдээ хамаагүй хутгалдаж болохгүй. Зааг хязгаараа барина. Төв банк мөнгө хэвлэхгүй.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:
-Наймдугаар сард төв суурин газрын хүн амын махны хэрэглээг тогтвортой хангах, үнийг тогтвортой түвшинд барихын тулд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргасан. Үүнд 23 байгууллага 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн худалдаалж эхэлсэн. Долоодугаар сарын 10-н хүртэл төв суурин газрын хүн амын хэрэглээг хангана. 100 тэрбум төгрөгийн зээлээс 98 тэрбум төгрөгийг 23 байгууллага зээлж зах зээл рүү гаргасан. Энэ бүхэн малчдад орлого болж очно. Махны үнэ нийт хэрэглээний үнийн инфляцад дангаараа 20-21 хувиар нөлөөлдөг. Энэ бол өндөр үзүүлэлт. Махны үнийг дагаад бусад бүтээгдэхүүний үнэ өсдөг. Махыг хангамж талаас нь тогтвортой, үнийг барих зорилгоор үнэ тогтворжуулах хуульд махны асуудлыг тусгасан. Нөгөө талдаа Европын улсууд цаг агаарын таагүй нөхцлийн улмаас ургац алдаж байна. Улаан буудайны гол нийлүүлэгч хоёр орон хоорондоо сөргөлдөөнтэй байна. Орос, Украин улс өөрсдийн дотоод хэрэгцээнээс гадна улаан буудайн зах зээлийн 27 хувийг нийлүүлдэг. Бидэнд эрсдэл үүсэх нь тодорхой учраас дотоодын улаан буудайн тариалалтаас эхлээд бүх ажлыг цаг хугацаа алдалгүй тариалалтын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ИХ ХУРАЛ БАЙНА УУ ЗАСАГ БАЙНА УУ ШИЙДВЭР НЬ НЭГ Л АДИЛ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХАД БАЙНА ДАА. НӨГӨӨ 2013-2016 ОНД ҮНЭ ТОГТВОРЖУУЛАЛТ ЯВУУЛСАН ГЭЭД ЯЛЛААД БЙАСАН БИШ БИЛҮҮ. ОДОО ӨӨРСДӨӨ ИЙМ ЮМ ХИЙГЭЭД ЗӨВ ГЭХ . ИНЭЭДТЭЙ АМЬТАД ШҮҮ