Б.Энхболд: Оюуны өмчийн гэрчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулна

2022 оны 04 сарын 11

Өглөөний сонин"-ы энэ удаагийн зочноор Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Гүйцэтгэх захирал Б.Энхболдыг урилаа. Түүнтэй манай улсын хөрөнгийн үнэлгээний нөхцөл байдал, хэрхэн үнэлгээ хийдэг болоод тухайн байгууллага цаашид ямар ажлыг хийх талаар ярилцсан юм.


-Хоёулаа ярилцлагынхаа эхлэлд уншигчдад байгууллагын талаар танилцуулах нь зүй ёсных нь болов уу. Монголын мэргэшсэн үнэлгээний институт буюу хөрөнгийн мэргэжлийн байгууллага шүү дээ. Ямар үйл ажиллагаа явуулдаг талаараа тайлбарлахгүй юү. Мэдэхгүй хүмүүс байгаа байх?

-Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага гэдэг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үнэлгээчинг бэлтгэх, сургах, мэргэшүүлэх, үнэлгээний тайлантай холбоотой зарга маргаан шийдвэрлэх гэх мэт хөрөнгийн үнэлгээтэй холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий хувь иргэн үнэлгээчдийн эрх ашгийг хамгаалах, төрд тэдгээр үнэлгээчдийг төлөөлөх зэрэг хөрөнгийн үнэлгээтэй холбоотой бүхий л харилцааг нь мэргэжлийн байгууллага хариуцдаг.

Мэргэжлийн байгууллага нь 1997 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улмаар УИХ-аас 2010 онд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баталсан. Баталсан хуулийн дагуу өмнө нь байсан мэргэжлийн байгууллагууд нэгдэж, өнөөдрийн институтыг байгууллаа. Өнөөдрийн байдлаар 280 гаруй үнэлгээчин тусгай зөвшөөрөл авсан байгаа. Хуулиараа бол үнэлгээ хийх хүн зайлшгүй тусгай зөвшөөрөлтэй байх ёстой хэмээн заасан байдаг. Үнэлгээний 70-90 компани бий. Энэ салбарт хоёр мэргэжлийн байгуул­лага үйл ажиллагаа явуулж байна.

-Та Тэргүүлэх үнэлгээчин юм билээ. Үнэлгээний мэргэжилтэн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ. Хөрөнгийн үнэлгээг ямар хүмүүс хийж болдог вэ. Дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү?

-Хөрөнгийн үнэлгээчин гэдэг бол бага зэргийн өвөрмөц мэргэжил. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар бол 5-6 мэргэжлийн хүмүүс үнэлгээчин болж болдог. Хуульч, нягтлан бодогч, эдийн засагч, санхүүч, бизнесийн удирдлага болон инженер гэх мэргэжилтэй хүмүүс үнэлгээчин болох боломжтой. Энэхүү зургаан мэргэжил эзэмшсэн хүн үндсэн мэргэжлээсээ гадна нарийсч мэргэших юм. Эдгээр хүмүүст зохих шаардлага тавьдаг. Сургуулиа төгсөөд л үнэлгээчин болно гэсэн утга биш.

Эзэмшсэн мэргэжлээрээ багадаа таван жил ажилласан, үнэлгээний чиглэлийн сургалтад хамрагдсан, үнэлгээний дадлагыг гурван жил хуримтлуулсан, тодорхой туршлага бүхий хүмүүс үнэлгээчний шалгаруулалтад орж тэнцсэнээр үнэлгээчин болдог. Мэргэжлийн байгууллагын хувьд үйл ажиллагаа эрхлээд 10-аас доошгүй жилийн туршлага хуримтлуулсан, судалгаа, шинжилгээний ажлууд хийсэн бол Тэргүүний үнэлгээчин болно. Тусгай зөвшөөрөл нь гурав, гурван жилээр сунгагддаг.

-Тэгэхээр зөвхөн дээрх зургаан мэргэжил бүхий хүмүүс л сургалтад хамрагддаг гэсэн үг үү?

-Ямар ч мэргэжил эзэмшсэн хүн хамрагдах боломжтой. Эдгээр хүмүүст тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй. Үнэлгээчин гэх мэргэжил маш их тооцоо судалгаа хийж, дүгнэлт гаргадаг. Гаргасан дүгнэлт нь үйлчлүүлэгч байгууллага, иргэдийн өмч хөрөнгийг бодитой үнэлсэн байвал тухайн хөрөнгө эдийн засгийн эргэлтэд ороход ихээхэн тус болно. Мөн хөрөнгөтэй холбоотой шүүхийн маргаан, банкны зээл, хөрөнгө оруулалт татах гэх мэт олон төрлийн аргаар хөрөнгийн үнэлгээг хийдэг. Тиймээс өмнө дурд­сан зургаан мэргэжил бүхий хүмүүст тусгай зөвшөөрөл өгөөд байгаа юм.

-Ер нь яагаад хөрөнгөө үнэлүүлэх ёстой вэ. Хүмүүс өөрс­дийн хөрөнгөө байнга үнэлүүлж байх ёстой юу, эсвэл тодорхой шалтгааны улмаас л үнэлүүлэх ёстой юу?

-Сонирхолтой асуулт байна. Өмнө нь үл хөдлөх хөрөнгийн гэрчил­гээнд үнийн дүнг бичдэг байсан. Ингэхдээ үнэлгээчнээр тухайн үл хөдлөх хөрөнгөө үнэлүүлдэг байсан гэсэн үг. Зах зээ­лийн эрэлт, нийлүүлэлтийн жамаар үл хөдлөх хөрөнгийн үнэл­гээ хувьсаж байдаг. Тиймээс гэрчилгээнд бичсэн үнийн дүн байнга өөрчлөгдөх нөхцөл байдал үүссэн учраас үнэлгээчнээр үнэлүүлэхээ больсон. Тэгэхээр үнэлгээчин одоо юу хийгээд байна вэ гэх асуулт гарч ирнэ. Хамгийн түрүүнд үнэлгээний зорилгыг тодорхойлох юм. Олон янзын зориулалт байгаа шүү дээ. Жишээлбэл, аж ахуйн нэгж байгууллагын хувьд бол хөрөнгөө санхүүгийн тайлан бүртгэлдээ тусгахын тулд үнэлгээ хийлгэнэ. Хөрөнгөө банканд барьцаалж болно. Барьцаалах юм бол зээлийн барьцааны зориулалттай үнэлгээ хийлгэдэг. Дуудлага худалдаанд оруулах, хөрөнгө худалдаж авах болон борлуулах, хөрөнгөтэй хол­боо­той маргааныг шүүхээр шийд­вэрлэж буй тохиолдолд, бизнест хөрөнгө оруулах, татах, нэгдэх, хуваагдах гэх мэт олон зориулалтаар үнэлгээг хийлгэж байна.

-Таны дурдсан олон жишээ бол өнөөгийн нийгэмд үнэлгээг хийх шаардлагатай зүйлс мөн. Хүмүүс хөрөнгөжихийн хэрээр хөрөнгөө үнэлүүлж, зээл, борлуулалт, худалдаа гэх мэт зүйлсэд ашиглаж байна. Нөгөө талаас энэ салбарт буй мэргэжлийн үнэлгээчид нь зах зээлдээ хангалттай хүрэлцээтэй байж чаддаг уу гэх асуулт төрж байна л даа?

-Өнөөдрийн байдлаар тус­гай зөвшөөрөл авсан 280 гаруй үнэлгээчин байгаа гэдгийг өмнө нь дурдсан. Эдгээр үнэлгээч­дийн тодорхой хувь нь төрийн байгууллагад ажилладаг. Үнэлгээ­чин хийж буй хүмүүс илүү нарийсч, төрөлжсөн байдлаар ажиллаж байгаа. Тухайлбал, хохирлын үнэлгээчин, үнэлгээний үйл ажил­лагаа эрхлэгч гэх мэтээр ажиллаж байна л даа. Үнэлгээ гэдэг зөвхөн газар, үл хөдлөх хөрөнгөөр хязгаарлагдахгүй байна. Тэгэхээр үнэлгээний зүйл буюу хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгө гэх мэт зүйлсэд үнэлгээ хийдэг.

Эдийн бус хөрөнгөд оюуны өмч, лиценз, судалгаа, шинжилгээний бүтээлүүд гэх мэт бүхий л зүйл хөрөнгийн үнэлгээний объект болж байгаа юм. Үнэлэх гэж буй зүйл маань маш олон янз. Энэ болгоныг 280 үнэлгээчин үнэлж дуусахгүй, хүрэлцэхгүй. Мөн бүхий л үнэлгээг эдгээр хүмүүс хийх юм уу гээд харвал бас л үгүй. Эдгээр хүмүүсийн тодорхой хувь нь үл хөдлөхийн үнэлгээчин. Түүн дотроо дахин нарийсч, мэргэшдэг. Зарим нь орлого дээр үндэслэж тооцоо хийж чаддаг бол, зарим нь зах зээл дээрх арилжааны үнийн судалгаа, шинжилгээн дээр тооцоолж, үнэлгээ дүгнэлтээ гаргаж чаддаг байх жишээтэй. Хүмүүсийн чадвраас хамаараад дотроо төрөлждөг.

-Сүүлийн үед манай улс оюуны өмчийг хүндэлдэг болж байна. Үүнээс үүдэж бүтээлээ оюуны өмчөөр баталгаажуулах нь ихэсжээ. Гэвч гэрчилгээгээ хэрхэн ашиглахаа мэдэхгүй байна уу, эсвэл эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах нь ээдрээтэй байдаг юм уу?

-Оюуны өмчийн тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хууль хүчин төгөлдөр болсноор оюуны өмч хөрөнгийг үнэлэх асуудал шинээр тусгагдсан гэсэн үг. Өмнө нь олон субъект оюуны өмчийг үнэлдэг байсан бол одоо тусгай зөвшөөрөл бүхий оюуны өмчийн чиглэл рүү мэргэшсэн үнэлгээчин үнэлэх ёстой болж байгаа юм. Өмнө нь оюуны өмчийн үнэлгээ хийдэг байсан боловч одоо хуулийн зохицуулалттай болж чадсан онцлогтой. Оюуны өмчийн гэрчилгээгээ авчихаад ямар байдлаар ашиглах, түүнээсээ хэрхэн өгөөж хүртэх вэ гэх мэт асуулт үүсэж байгаа юм.

Энэ ажлыг мэргэжлийн байгууллага хоёр шатаар хийдэг. Нэг нь Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо гэх холбогдох байгууллагуудтай хамтарсан байдлаар үнэлгээчнийг сургах, мэргэшүүлэх хөтөлбөрийг хамтарч, зохион байгуулна. Нөгөөх нь Шинжлэх ухаан, технологийн сантай хамтраад оюуны өмчийн чиглэлээр ажиллаж байгаа. Шинжлэх ухаан, технологийн санд хийсэн эрдэмтдийн бүтээлүүд бий. Тэд олон жилийн судалгааныхаа оюуны өмчийн эрхийг авчихаад хэрхэн ашиглахаа мэддэггүй. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Сантай хамтраад судлаач нарт нэгдсэн ойлголтыг өгөх томоохон форумыг зохион байгуулж байсан. Өнгөрсөн онд ч мөн хамтарч хэд хэдэн томоохон ажлыг хийсэн.

-Тэрхүү ажлуудаасаа дурдвал?

-Эрдэмтний Шинжлэх ухаан технологийн сан дээр хийсэн судалгааны бүтээлийг үнэлгээний хэд хэдэн зорилгоор үнэлэхээр болсон. Үнэлсэн үр дүнг нь сургалтын материал, арга зүйн материал болгож боловсруулж гаргах ажлуудыг эхлүүлсэн. Жишээлбэл, оюуны өмчийн нэг гэрчилгээг хэд хэдэн аргаар үнэлнэ. Барьцаалахад, хөрөнгө оруулахад, худалдахад хэрхэн ашиглах вэ гэдгийг судлаачдад таниулах юм.

-Хөрөнгийг хэрхэн үнэлдэг вэ. Ямар аргыг ашиглаж, үнэлдэг талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Үнэлгээ хийхэд олон улсад баримталдаг нийтлэг арга зүй, стандарт гэж зүйл бий. Үнэлгээний олон улсын стандартын консул гэх байгууллагаас 160 орны үнэлгээчдэд нэгдсэн нэг стандартыг гаргаж өгсөн. Үүнийг улс орнууд өөрийн улсад тохируулж, баяжуулдаг. Манай эрдэмтдийн хийж буй судалгаа, бүтээл патент болж гарлаа гэхэд зөвхөн дотооддоо хэрэглэгдэхгүй. Олон улсад хөрөнгө оруулалт татах, зарах, түүнээсээ өгөөж хүртэх явдал юм. Манай улс консулд 2015 онд элссэн. Бүхий л төрлийн хөрөнгийг гурван хандлагаар үнэлдэг. Орлогын, өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлгээ хийдэг юм.

Мөн хэд хэдэн аргуудыг ч давхар ашиглаж болно. Гурван хандлага нь дотроо олон аргуудтай байдаг. Энэ хөрөнгийг ашигласнаар ямар өгөөж хүртэх вэ гэдэгт тулгуурлаж орлогын хандлагаар үнэлгээ хийдэг юм. Хоёр дахь хандлага нь энэхүү хөрөнгөд хэр хэмжээний зардал гарсан бэ гэдэг зүйл. Уг зардалтай холбоотойгоор үнэ цэнийг нь тогтоож байгаа юм. Зах зээлийн хандлага гэдэг нь энэхүү хөрөнгийг нээлттэй зах зээл дээр хэчнээн төгрөгөөр худалдаалж байгаа вэ, патентыг хэдэн төгрөгөөр үнэлдэг гэх мэт мэдээлэл дээр тулгуурлаж үнэ цэнийг нь тогтооно. Маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа юм.

-Үнэлгээний хороо юу хийдэг байгууллага болох, үнэлгээг хэрхэн хийдэг, хэн хийдэг, яагаад хөрөнгөө үнэлүүлэх ёстой зэргийг мэдэж авлаа. Энэ хүртэлх яриан дундаас нэг асуулт төрж байна л даа. Тусгай зөвшөөрөл авах боломжтой зургаан мэргэжил л байгаа юм бол яагаад бусад мэргэжлийн хүмүүс үнэлгээчний сургалтад суух ёстой, давуу тал нь юу болох талаар ярьж өгөөч?

-Үнэлгээчин болно гэх нэг хэсэг хүн байна. Эдгээр хүмүүс бол шалгуураа хангахын тулд зайлшгүй сургалтад суусан байх ёстой. Өмнө нь ярьсан шүү дээ. Нөгөө хэсэг хүмүүс үнэлгээчин болох боломжгүй ч гэлээ үнэлгээний салбарт ажиллах сонирхолтой, үнэлгээг өөрийн мэргэжилд ямар нэгэн байдлаар ашиглах хүсэлтэй хүмүүс байдаг. Энэ чиглэлийн хүмүүс тэрхүү сургалтад хамрагддаг гэсэн үг.

-Цар тахлын хугацаа буюу өнгөрсөн хоёр жилд танай байгууллага ямар ажил хийж байв. Халдварт өвчин бүх шатны байгууллагад ихээхэн нөлөө үзүүллээ шүү дээ?

-Сургалтыг зайнаас, цахим орчинг ашиглаж хийж чадсан. Цар тахлаас болж монголчууд цахимаар ажиллаж сурлаа шүү дээ. Хөрөнгийн үнэлгээний газрын хувьд сургалтаа зайнаас хийж болох ч үнэлгээг зайнаас хийх боломжгүй. Зайлшгүй тухайн хөрөнгийг үзэж байж, газар дээр нь очиж байж үнэлгээ хийдэг. Энэ мэт үйл ажиллагаа зогссоноос үүдэж, үнэлгээ хийх хугацаа хойшилдог.

Манай байгууллагын хувьд нэг давуу тал байсан. Бид 2018 оноос хойш цахим руу шилжих бодлогыг барьж ажиллаж байлаа. Үнэлгээчдийн нэгдсэн системийг хөгжүүлж байсан юм. Сургалт, гом­дол маргаан, мэдээллийн сан, үнэлгээчний бүртгэл зэргийг цахим­жуулахаар иж бүрэн цахим системийг хөгжүүлэх ажил эхэлсэн. Энэхүү системийг 2020 оны нэгдүгээр сард туршилтын журмаар ашиглах үед хөл хорионд орсон юм. Бидний хувьд хэдэн жил бэлдсэн систем байсан учраас учрах хохирол маань харьцангуй бага байсан гэж хэлж болно.

-Хөрөнгийн үнэлгээний хуулийн шинэчлэлийг өргөн барь­сан гэх юм билээ. Танай байгууллагын энэ жил хийх ажлуудын нэг үү?

-Нэгдүгээрт, хуулийн шинэчлэл хийгдэж байгаа. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг 2010 онд баталсан. Энэхүү хуульд өнөөд­рийг хүртэл ямар нэгэн шинэчлэл ороогүй 12 жил болсон. Одоо бол нэмэлт өөрчлөлт хийх шаардлага тулгараад байгаа юм. Хөрөнгийн үнэлгээний асуудлыг Сангийн яам хариуцдаг. Сангийн яамнаас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг шинэчлэх төслийг УИХ-д өргөн барьсан.

Энэхүү хуулиар хэд хэдэн зарчмын өөрчлөлт орно. Нэгд, тусгай зөвшөөрлийг хувь хүн дээр олгодог байсан явдлыг болиулсан. Үүний оронд аж ахуйн нэгж буюу компани дээр нь тусгай зөвшөөрлийг олгосноор үнэлгээчнээр үнэлүүлэх зарчимд орох юм. Хоёрт, үнэлгээг төрөлжүүлж хөгжүүлэх асуудал. Гуравт, хуучин хуулиар үйлчлүүлэгч, үнэлгээчний харилцааг зохицуулдаг байсан. Үйлчлүүлэгч гэдэг нь үнэлгээ хийлгэхээр захиалга өгч буй этгээд юм. Шинэ хуулиараа үйлчлүүлэгчээс гадна өмчийн эзэн, хөрөнгийн эзний эрх үүргийг хангах талаар тусгасан.

Хоёрдугаарт, ашигт малтмалын орд, лицензүүдийг өмнө нь үнэлдэг байсан. Гэвч шинэ дүрэм, журам, зохицуулалттай болж байгаа. Бид үүнд ихээхэн анхаарал хандуулж байна. Уул уурхайн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Австрали Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төсөл салбарын ажлыг ихээхэн дэмжиж ажиллаж байгаа. Ашигт малтмалын үнэлгээг хийх, арга зүйг нь боловсруулах, мэргэжлийн хүмүүсийг нь бэлтгэх чиглэлийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэхүү чиглэлээр нийт 50 хүнийг сургалтад хамруулсан.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top