Улсын Их Хурлын Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны 2022 оны анхдугаар хуралдаан өчигдөр (2022.04.06) болж, гурван асуудал хэлэлцэв.
Хуралдааны эхэнд Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Д.Тунгалаг “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний баталгаажуулалт, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийлээ.
Мал аж ахуйн салбарт шинээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль батлагдаж, 2018 оны 06 дугаар сарын 01-нээс Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан. Мал эмнэлгийн ерөнхий газар нь мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх бодлогыг оновчтой төлөвлөж, улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй.
Малын нийт тоо толгой 1970 оноос гурав дахин нэмэгдэж, одоогийн байдлаар 67.3 сая толгойд хүрчээ. Бэлчээрийн нийт багтаамж оногдох зохист хэмжээнээс малын тоо толгой хэтэрсэн байна.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т “Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А51 дүгээр тушаалаар гадаадын болон дотоодын мал эмнэлгийн гэрчилгээний загварыг баталж, холбогдох журмыг хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу 2019 оны 12 дугаар сараас мал эмнэлгийн нэгдсэн цахим системийг улсын хэмжээнд нэвтрүүлжээ. Үүнд мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний нэгдсэн систем, малын эм тэжээлийн бүртгэлийн систем, мал эмнэлгийн лабораторийн нэгдсэн систем, хүний нөөцийн удирдлагын систем, төлөвлөлт болон шуурхай мэдээллийн системүүдийг багтаасан байна. Уг системийг өнөөдрийн байдлаар 3324 хэрэглэгч ашиглаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний 1,178,272 ширхэг цахим гэрчилгээг иргэн, аж ахуй нэгжид олгосон бол 272,2 мянган мал эмнэлгийн гэрчилгээнд хяналт тавьж ажиллажээ. Мал эмнэлгийн нэгдсэн цахим систем нь малын шилжилт хөдөлгөөнийг хянах, малын хулгайтай тэмцэх, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн санг бүрдүүлэх, мал эмнэлгийн тайлан, мэдээ гаргах үйл ажиллагааг багтаасан цогц систем юм. Тус цахим системийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр амьд мал, малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөний гэрчилгээг цахимаар үйлдэж олгодог болсон бөгөөд цаасан гэрчилгээг ашиглалтаас бүрэн халсан. Энэ нь мал, амьтан өмчлөгчийн суурьт хэрэгжүүлсэн мал эмнэлгийн ажил үйлчилгээний мэдээллийг харж гарал үүслийг нь тодорхойлох, мөрдөн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Д.Тунгалаг мэдээлэлдээ дурдав.
Мал эмнэлгийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлсэн нь нүүдлийн мал аж ахуйтай манай улсын хувьд том шинэчлэлийг хийсэн ажил болсныг Улсын Их Хурлын гишүүн, Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ц.Анандбазар онцлоод бүрэн ашиглаж чадвал малын хулгайтай тэмцэх, эрүүл малын түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэх, малын генетик нөөцийг ялгах, мал амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлчээрийн даацыг шийдвэрлэх, малчдыг орлогыг нэмэгдүүлэх боломжтой болно гэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан малын гоц халдварт өвчний дэгдэлтийг бууруулах, малын эрүүл мэндтэй холбоотой асуудалд шийдвэрлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулаад хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд ямар бодлого баримталж ажилладаг талаар тодрууллаа.
Малын гоц халдварт өвчний дэгдэлтийн үед малчин 12 цагийн дотор тухайн аймаг, сумын мал эмнэлгийн байгууллагадаа хандаж бүртгүүлнэ. Бүртгэж авсан ажилтан тухайн дуудлагыг Мал эмнэлгийн нэгдсэн цахим системд оруулж, дуудлагын дагуу авсан арга хэмжээний талаарх мэдээллийг оруулдаг. Гэвч гоц халдварт өвчин дэгдсэн үед энэ дуудлагын бүртгэлийг хангалттай түвшинд хийж чадаагүй. 2021 онд шүлхий өвчин нийт 20 аймгийн 170 сумын 301 голомтод 147377 мал өвчилсөн. 2022 оны нэгдүгээр сард 16 аймгийн 92 сумын 151 голомт үргэлжилж байсан. Энэ оны эхний 3 сарын байдлаар нийт 17 аймгийн 117 сумын 245 голомтод нийт 44319 мал тусгаарлалтад байна. Мал эмнэлгийн нэгдсэн цахим системд эдгээр өвчлөлийн 50 орчим хувь нь л бүртгэгдсэн байсан. 2022 онд дуудлагын бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх зөвлөмж, чиглэлийг бүх аймаг, сумын мал эмнэлгийн байгууллагуудад хүргүүлсэн. Уг системийг нэвтрүүлснээс хойш улсын хэмжээнд 38044 дуудлага ирсэн байна. Дотор нь гоц халдварт өвчин, халдваргүй өвчин, мэс заслын, бодисын солилцооны өвчин гэх мэтээр ангилж бүртгэдэг гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Д.Тунгалаг хариултдаа хэлэв.
Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ХҮБХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХШҮДХГ-ын дарга Б.Алтансүх “Сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хэмжээнд сүү боловсруулах үйлдвэр, цех 161 байгаагаас тогтмол үйл ажиллагаа явуулдаг 36 үйлдвэр, цех бий. Хоногт 470.5 мянган тонн сүү боловсруулах хүчин чадалтай. Эдгээр үйлдвэр, цехүүд нийт ашиглалтын 44 хувийг ашиглаж байна.
2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр үйлдвэрийн аргаар 205.4 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулсан бөгөөд өмнөх оны тоо хэмжээтэй харьцуулахад 14.2 хувиар өссөн. Эрчимжсэн мал аж ахуйгаас 121.0 сая.литр, бэлчээрийн мал аж ахуйгаас 27.7 сая.литр, импортын хуурай сүү 7.0 мян.тонн буюу 56.7 сая.литр сүү байна. Энэ тоон үзүүлэлт нь сүүний хангамжийн хүн амын зохист хэрэглээний 62 орчим хувийг бүрдүүлж байна. Эрчимжсэн аж ахуйгаас нийлүүлэх сүүний хэмжээнд улирлын хамаарал ихээхэн нөлөөлж байгаа тул өвөл, хаврын улиралд төвлөрсөн хот, суурин газрын хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахад хүндрэл үүсдэг. Өнөөгийн байдлаар сүүний нийлүүлэлтийг 200-300 км-ийн радиус дотор улсын хэмжээнд 2000-2500 орчим малчин өрх, хагас эрчимжсэн сүүний үйлдвэрүүдээс аж ахуйн нэгжүүд татан авдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.3-т заасан зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Түүхий сүүний нийлүүлэлтийг сэрүүний улиралд нэмэгдүүлэх” талаар тусгасан. Энэ дагуу Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малыг, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох” журмыг баталсан. Журамд заасан шаардлагыг хангасан сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү тушаасан малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид литр тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 03 дугаар сарын 31-нийг дуустал, 2025 оны 6 сар хүртэл олгохоор заасан.
Уг журмын хэрэгжилтийг хангах зорилгоор шаардлага хангасан сүү боловсруулах 8 үйлдвэрт 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03 дугаар саруудад техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн, Үндэсний статистикийн хорооны 2019, 2020 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр баталгаажсан, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ И-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 8.585.965 литр түүхий сүү тушаасан 2.375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу 4,194,280,400.0 төгрөгийг Төрийн сангийн дансаар дамжуулан олгосон. 2022 оны урамшуулал удахгүй олгогдоно гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ХҮБХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХШҮДХГ-ын дарга Б.Алтансүх танилцуулав.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Сүүний хангамжийн асуудалд нухацтай хандаж, дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ экспортод гаргах бүрэн боломж байгааг дэд хорооны дарга Ц.Анандбазар дурдаад салбарын яамнаас ойрын хугацаанд энэ чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг танилцуулахыг чиглэл болголоо.
Дараа нь Монгол Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд малыг эрүүлжүүлэх болон сүүний үйлдвэрлэлийн салбарт төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад өгөх Байнгын болон дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах дэд хорооны тогтоолыг батлав.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг дэд хорооны гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )