''Эдийн засгийн форум''-аар 10 гол ажлыг хэлэлцэж, ирэх жил үр дүнг нь харна

2022 оны 04 сарын 09

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд “Монголын эдийн засгийн чуулган-2022” форумыг Төрийн ордонд хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Энэхүү форум нь манай улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болон түүний шийдлийн талаар хэлэлцдэг билээ. Форумд төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, салбарын судлаачид, гадаадын төлөөлөгчид өөрсдийн байр сууриа солилцож, бүтээлч хэлэлцүүлгүүдийг өрнүүлэг. Тэгвэл форумын пүрэв гаригийн чуулганд дурдагдсан онцлох мэдээллүүд болон байр суурийг хүргэж байна.


БООМТЫН СЭРГЭЛТ: Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудаа төмөр зам болон автозамаар холбох ажээ. Төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барих аж.

ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ: Энэхүү сэргэлтийн бодлогын хүрээнд Дулааны II, III цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Тавантолгой, Багануурын дулааны станц, Төвийн бүсийн тав дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц барих юм байна. Мөн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажээ.

АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ: Уг сэргэлтийн бодлогын хүрээнд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснийг Ерөнхий сайд дурдаж, 2023 оны эхний хагас жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллана гэлээ. Гүний уурхайн аргаар олборлолт хийж эхэлснээр экспортыг хоёр дахин тэлж, агууламжийн хувьд өөрчлөлт гарна хэмээн үзэж байгаа аж. Уурхай 2023-2027 бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд зэсийн нийлүүлэлтээрээ эхний тавд орох юм. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн ордыг иж бүрэн ашиглах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолбор барих ажээ. Мөн Дарханы арьс шир боловсруулах болон махны үйлдвэрийг байгуулж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах зорилт тавьсан байна.

ХОТ ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ: Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлэх ажээ. Богдхан уулыг тойрсон 136 км төмөр зам барих аж. Түүнчлэн Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км хурдны зам барих юм байна.

НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ: Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогын хүрээнд “Тэрбум мод”  үндэсний хөтөлбөрөөр 600 мянган га талбайд мод тарих ажээ. “Хөх морь” үндэсний хөтөлбөрөөр Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл хэрэгжүүлж, усны нөөцийг хуримтуулж говийн бүсийн ус хангамжийг сайжруулах юм байна. Нийт хог хаягдлын 40 хувийг дахин боловсруулж, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх ажээ.

ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ: Уг сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх хоёр жилийн хугацаанд Монгол Улсын авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах саналыг Эдийн засгийн форумаар дэмжвэл Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн, хамтран ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн төрийн албаны бүтцийг шинэчлэх ажээ. Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50 хувиас доошгүй бууруулж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх юм байна.

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: СТАТУСЫН ХУВЬД УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ БОЛОХ ЗАРИМ АЙМГИЙГ ШИЙДНЭ

 

Чуулганыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн юм. Манай улсыг нэг өрх айл гэж үзвэл бид бүхэн 40 их наяд төгрөгийг хамтдаа бүтээж байгаа гэдгийг тэрбээр хэлж байлаа. Товчхондоо манай улсын эдийн засгийн багтаамж нь 40 их наяд төгрөг гэсэн үг. Үүнээс 9.4-9.5 их наяд төгрөгийг урсгал зардалд зарцуулдаг байна. Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал  2,5, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган хүн ажилтай болно гэж тооцжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 мянга орчим ам.долларыг богино хугацаанд 10-12 мянган ам.долларт хүргэх боломж байгаа гэдгийг дурдсан юм.

Тэрбээр “Энэ удаагийн чуулганаас зөвлөмж бус 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар 10 ажлынхаа үр дүнг харъя” хэмээлээ. Хэлэлцүүлгийн үеэр тэрбээр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн, Богдхан уулыг тойрсон 2-3 дагуул хотыг барьсан цагт Улаанбаатар хот олон тулгууртай болно гэсэн юм. Тиймээс техник, эдийн засгийн үндэслэл болон бусад асуудал дээр конвенцын хувьд Өмнөд Солонгос болон Сингапурын мэргэжилтнүүдтэй нарийвчлан ярьж байгааг дурдав. Мөн тэрбээр “Статусын хувьд улсын зэрэглэлтэй хот болох зарим аймгийг шийднэ. Үүнийг эрх зүйн хувьд шийдэх боломжтой шийдэл рүү орно” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.

 

МАРСЕЛЛО ЭСТИВАО: МОНГОЛ УЛС АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСЭД ХАМГИЙН ӨНДӨР ГАДААД ӨР БОЛОН ИНФЛЯЦТАЙ УЛС БОЛСОН

 

Эдийн засгийн чуулганы эхний илтгэлийг Дэлхийн банкны макро эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал Марселло Эстивао тавилаа. Монголын гадаад өр болон инфляцын талаар анхаарах хэдэн хэдэн зүйлийг онцолж хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар Ази Номхон далайн бүс нутагтаа дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа. Тодруулбал, Монголын гадаад өр  дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувь байна. Энэ нь Монгол шиг орны хувьд үлэмж өндөр хувь юм. Хөгжлийн банкны өр дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай тэмцэж байна.

Мөн Монгол Ази номхон далайн бүс дэх хамгийн өндөр инфляцтай орон болсон. Төв банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэсэн хэдий ч бодит хүү нь инфляцыг оролцуулбал хасах тоотой гарч байгаа. Төсвөө зүгээр л халамж, тэтгэмжид зарцуулах нь зохисгүй. Ерөнхий сайдын хэлж байгаа үг бол дунд хугацаандаа тэр чигтээ анхаарах зүйл. Миний хувьд үүнд урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв гэнэтийн савлагаа үүсвэл төсөвт хүчтэй нөлөөлнө. Эдийн засгийн засаглалаа сайжруулахын тулд банкны салбарын шинэчлэлийг хийх хэрэгтэй. Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг ил тод болгох нь чухал. Валютын ханшийн хямрал ирж байна. Энэ нь эдийн засаг болохгүй байна гэх дохио юм. Тиймээс макро эдийн засгийн үр дүнтэй менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй” гэлээ.

 

ЮН СОК ХЁН: ХАШАА БАРИХЫН ТУЛД НӨӨЦӨӨ ШАВХААД БАЙЖ БОЛОХГҮЙ

 

Монгол Улсад суугаа ОУВС-гийн суурин төлөөлөгч Юн Сок Хён Эдийн засгийн форум-2022 чуулганы хэлэлцүүлэгт оролцсон юм. Энэ үеэр манай улсын одоогийн нөхцөл байдалд хийж буй интервенц нь сайн үр дүн өгөхгүй гэдгийг дурдлаа. Тэрбээр “Монголбанк жилийн дотор 1.6 тэрбум ам.долларыг нөөцөөсөө гаргажээ. Дотоодын валютын арилжаагаа зохицуулахын тулд интервенц хийх шаардлагатай ч зохицуулалт нь зөв байх ёстой. Ханш өсөх тусам аж ахуйн нэгжүүдийн гадаад төлбөр тооцоонд эрсдэл учирна. Тиймээс болгоомжтой хандах хэрэгтэй. Хашаа барих гээд нөөцөө шавхаад байж болохгүй.

Төсвийн орлого, зарлагаа эргэн харах шаардлагатай. Түүхий эдийн үнэ өндөр байгаа үеийг ашиглах хэрэгтэй л дээ. Үгүй бол төсвийн орлого тасалдах эрсдэлтэй тулгарна. Нүүрсний үнэ гурав дахин өссөн. 320 ам.долларт хүрлээ. Гэвч хилийн асуудлаас улбаалж түүхий эдээ экспортлож чадахгүй байна. Хятад улсын цар тахлын эсрэг чанга бодлого эдийн засагт нөлөөлсөн. Мөн Орос болон Украины дайны нөлөөнөөс гадна Монгол Улс цар тахлын үеийн цочролоо бүрэн даваагүй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Р.БОЛД: ХЯТАД ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР ТАЙВАНИЙГ ЭЗЛЭН АВАХАД БИД БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

 

Гадаад харилцааг хөндсөн, салбар хэлэлцүүлэгт Элчин сайд асан, Стратеги судалгааны хүрээлэнгийн зөвлөх, доктор Р.Болд кибер аюулгүй байдал болон гадаад харилцаанд тулгарах эрсдэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Манай урд хөрш бидний талаар их мэдээлэл цуглуулсан байдаг бол хойд хөрш өөр. Кибер хилээ тогтоох хэрэгтэй. Үүний тулд кибер хилээ тогтоохын тулд хууль батлах хэрэгтэй юм. Орос болон Украин улсын асуудалд бид аль алинд нь хүндэтгэлтэй хандах шаардлагатай. Үүссэн нөхцөл байдлын улмаас Ази Номхон далайн орнууд руу анхаарах хэрэгтэй. Европ дахь дипломат төлөөлөгчийн газруудаа энэ бүс нутаг руу шилжүүлэх нь зүйтэй юм. Гэвч энэ бүс нутгийн ихэнх орнууд Оросын эсрэг хоригт нэгдсэн. Гадаад харилцаанд тулгарч болзошгүй эрсдэл бол урд хөрш хэзээ нэг өдөр Тайванийг эзлэн авна. Бид үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээлээ.

 

Б.ЛХАГВАСҮРЭН: ВАЛЮТЫН АРИЛЖААНД ЛИМИТ ТОГТООСОН НЬ ТҮР ЗУУРЫН АРГА ХЭМЖЭЭ

 

Хэлэлцүүлэгт Монголбанкны ерөнхий­лөгч Б.Лхагвасүрэн валютын нөөцтэй холбоотой асуултад хариулт өглөө. Тэрбээр “Манай банкны систем энэ ондоо 600-700 сая ам.долларыг урт хугацаанд своп хэлцлээр авчрах төлөвлөгөөтэй байгаа. Эрдэнэт, Оюу Толгой, Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй уул уурхайн компанид болон валютын орлоготой бусад компани экспортын валютын бараа бүтээгдэхүүнийг урьдчилж зарах боломж байна гэдэг хариу өгсөн.

Тиймээс ирэх хоёр сарын хугацаанд Монгол Улсад 1-1.5 тэрбум ам.доллар урсан орж ирэх боломж харагдаж байна. Бид энэ ажлыг амжилттай зохион байгуулвал гадаад валютын нөөц тэр хэмжээгээр нэмэгдэх юм. Улмаар ханш болон гадаад валютын нөөц дээр дарамтгүй болно” гэлээ. Мөн “Манай банканд хангалттай хэмжээний валютын нөөц байгаа. Одоо 3.3 тэрбум ам.долларын нөөц бий. Энэ нь 6-7 сарын импортын хэрэгцээг хангах дүн. Өнгөрсөн гуравхан сард 1.5 тэрбум ам.доллар гарсан. Тиймээс төв банк нөөцөө хамгаалахын тулд валютын арилжаанд лимит тогтоосон нь түр зуурын арга хэмжээ авсан юм. Удахгүй энэ байдлаас гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

Ж.ОДЖАРГАЛ: ХУВИЙН ХЭВШЛҮҮДИЙН ХИЙЖ ЧАДАХ АЖЛЫГ ТӨР АВДГАА БОЛЬЁ

 

М-СИ-ЭС группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал тус чуулганы эхний хэлэл­цүүлэгт оролцсон юм. Тэрбээр хувийн хэвшлүүдийн төлөөлөл болж, тус чуулганд өөрийн байр суурийг хуваалцлаа. Шинэ сэргэлтийн зургаан бодлогын хувьд хөгжлийг хурдасгахад зайлшгүй шаардлагатай бодлогуудыг тусгасан байна хэмээн харж байгаа ажээ. Тэрбээр “Хувийн хэвшлүүдийн хувьд зөвхөн төрд ачааг үүрүүлэх бус хамт үүрэлцэх хэрэгтэй гэж бодож байна. Энэхүү зургаан бодлогыг харахад бэрхшээл үүсэж болзошгүй зүйл байна хэмээн харсан. Жишээлбэл, Эрчим хүчний шинэ сэргэлт. Үнэ төлбөрийн асуудлыг хөндөхөөс өөр аргагүй юм билээ. Удахгүй бид эрчим хүчний хомсдолд орох талаар сайд дурдаж байсан.

Мөн хувийн хэвшлүүдийн хийж чадах төслийг тэднээр хийлгэсний дараа тэдний хийж чадахгүй төслийн ажлыг төр хийдэг үндсэн зарчмаа хуульчилж, албажуулвал зөв гэж бодож байна. Хувийн хэвшлүүдийн хийж чадах ажлыг төр авдаг өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлаа бид залруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч нар гадаадын ч бай, дотоодын ч бай ашгийн байгууллага юм. Гэвч дэлхийн инфляц ийм байгаа үед хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг хайдаг. Инфляц өсөхөд хөрөнгө оруулалтын үнэ цэн багасдаг учраас инфляцаас илүү үр өгөөжтэй хөрөнгө оруулагчид хайна. Жишээлбэл, уул уурхайн бүтээгдэхүүн бий. Тус бүтээгдэхүүний үнийн өсөлт сайтай учир боломжуудаа ашиглах нь зүйтэй гэж бодож байна” гэсэн юм.

 

Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙГ ХУРДАЦТАЙ СЭРГЭЭХ БОЛОМЖ

 

Чуулганы үеэр эдийн засагч Ж.Дэлгэрсайхан өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хурдацтай сэргэх гол боломж гэв. Засаглалын чадамж, бодлого хэрэгжүүлэх чадавх нь эдийн засгийн хүндрэлийн суурь асуудал гэсэн юм. Эдийн засгийг богино хугацаанд сэргээхийн тулд ямар арга хэмжээ авах нь энэхүү чуулганы гол сэдэв гэлээ. Тэрбээр “Валютын өсөлт, ядуурал, үнийн өслт зэрэг нь өнөөгийн эдийн засөг сөрөг нөлөө их үзүүлж байгаа. Энэ нөлөө жилийн туршид үргэлжлэх төлөвтэй байна. Мөн томоохон хөрөнгө оруулалтуудыг эрчимжүүлж, анхаарах хэрэгтэй. Төсвөөр дамжуулан үнийн болон валютын ханшийн дарамт бий болгохгүй байх бодлого хэрэгжүүлэх, төсвийн тодотгол хийх, зардлыг үр ашигтай түвшинд байлгах зэрэг гарцыг хэлэлцэх болов уу гэж харж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр мөн уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсөж байгаа нөхцөлд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэйг ч санууллаа.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top