Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир ахын “Голын тохой дээр” шүлгийг манай үеийнхэн ааруул шиг хүлхэж, аагтай цай шиг оочилж явдаг юм. Манай үеийнхэн гэж оюутан ахуй цагаасаа шүлэг найраг хэлэлцэж, өөрсдийгөө “гайхамшигтай амьтад” мэтээр бодож явсан үеийн хэдэн нөхдөө хэлээд байгаа хэрэг. Дээрх шүлгийг нь бид хоолой нийлүүлэн уншицгаахыг анх сонсчихоод ах “Шүлгийг бас дуу шиг түрж, хоорлож болдог оо” гээд инээж билээ.
Харин ажил амьдралын эрхээр Сэлэнгэ мөрний эрэг дээр түүнээс хойш олон удаа зогсжээ. Хавар намар, өвөл зуны хэдийд ч очсон Өргөн Сэлэнгэ мөрөн сэр, сэр салхинд илбүүлэнхэн байдаг нь сэтгэлд дотно байдаг л.
Ханш нээсэн хаврын саруудад зорин очиход цөнгөө түрж, мөсөн хуягаа яран эрэг рүүгээ түлхэж их дуу гаргах нь сүрдмээр. Гэтэл хөхөө өвлөөр аяны дөрөө мулталхад алс цагийн хэзээ нэгтээ ахын сэтгэлд шивнэсэн шигээ ахиад нэгэн шүлгийг аанай л балчир залуухан найрагчийн чихэнд шивнэх биз хэмээн бодогдоно. Аяны шувуудын буцах дуутай, амраг хосын хайрын шивнээтэй саруудад хүрээд ирэх, аагим халуунд эцэс сульдаад амьсгаагаа дарж байхад нь очиход ч өөр, өөр санагдана. Гэсэн хэдий ч Сэлэнгийн салаа тохой дээрх сэр, сэр салхин л нэг л янзаараа, өнөөх л хэвээрээ байдаг билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )