Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан" үндэсний чуулган "Корпорайт" зочид буудалд өнөөдөр (2022.04.13) болж байна.
Зөвлөгөөнийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“АТРЫН IY АЯН - ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” ҮР ТАРИАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН
Эрхэмсэг хатагтай, ноёд оо
Эрхэм хүндэт тариаланчид аа
Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д газар тариалангийн салбарыг онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Өнгөрсөн хоёр жилд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, хөл хорио тогтоон, урьдчилан төсөөлж байгаагүй нөхцөл байдал үүссэн нь хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг нотлон харууллаа.
Хүн төрөлхтөн цар тахлын амаргүй сорилттой нүүр тулж, дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаа энэ цаг үед Төрөөс газар тариалангийн салбарт дэвшүүлсэн бодлого зорилт, хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, тариаланчдын маань нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд бид чамлахааргүй амжилт бүтээлтэй, арвин ургацтай он жилүүдийг үдэж, дараа оны тариалалтынхаа босгон дээр тулж ирээд байна.
Салбарынхаа тогтвортой хөгжлийг шинэ үе шатанд гаргах, бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангах чиглэлээр төрөөс гаргаж байгаа шийдвэрүүдийг амьдралд үр дүнтэй хэрэгжүүлснэээр тариалангийн салбарт томоохон ахиц дэвшил гарна гэж үзэж байна.
2021 онд төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд 605.0 мянган тонн үр тариа, үүнээс 567.0 мянган тонн улаанбуудай, 181.0 мянган тонн төмс, 118.0 мянган тонн хүнсний ногоо, 302.0 мянган тонн тэжээлийн ургамал, 53.0 мянган тонн тосны ургамал буюу нэгж талбайгаагаас улсын дунджаар 15.0 цн үр тариа, 91.0 цн төмс, 118.0 цн хүнсний ногоо, 28.0 цн малын тэжээл, 5.0 цн тосны ургамал тус тус хураан авсан бөгөөд үр тарианы нэг га талбайгаас аймгийн дунджаар Орхон аймаг 33.0 цн, Төв аймаг 19.4 цн, Өвөрхангай аймаг 18.7 цн ургац хураан авсан ажлын бахдам амжилт үзүүллээ.
Тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж салбараа манлайлан яваа олон аж ахуйн нэгжүүд байгаагаас Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундрага”, “Орхон тариа”, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур”, мөн аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал-Уул”, “Цэгээн хуст” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн үр тарианы нэг га талбайгаас хураан авч буй дундаж ургац 30.0-35.0 цн-т хүрч тогтворжин, цаашид өсөн нэмэгдэж байгаа нь тариалангийн салбарт нэвтрүүлж буй дэвшилтэд технологи, техникийн шинэчлэл, тариаланчдын хичээл зүтгэлийн үр дүн гэж харж байна.
Газар тариалангийн салбарт гарч буй амжилт ололтын зэрэгцээ шийдлээ хүлээсэн асуудал цөөнгүй байна. Үүнд: Үндсэн нэр төрлийн таримал ялангуяа үр тариа, тос, тэжээлийн болон төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үйлдвэрлэл доривтой нэмэгдэж дотоодын хэрэгцээгээ тогтвортой хангаж чадаагүй, зарим төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэний хангамжийн түвшин хэт доогуур, хүнсний шинэ таримлууд болох цагаанбудаа, чихрийн манжин, төрөл бүрийн буурцагт таримлын тариалалт огт байхгүй зэргээс импортын бүрэн хамааралтай, улмаар техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд санхүүгийн түрээсийн үйлчилгээ нэвтэрч чадаагүй хэвээр байна.
Цар тахлын улмаас дэлхийн улс орнууд газар тариалангийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай орцууд болон тариалангийн гаралтай бүтээгдэхүүндээ хориг, хязгаарлалт тавьж байгаа энэ хүнд цаг үед бид хүн ардынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чиглэлээр олон ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Юуны өмнө өнгөрсөн он жилүүдэд хүрсэн ажлын ололт, амжилтаа батжуулан 2022 онд 386.0 мянган га-д үр тариа, үүнээс 363.0 мянган га-д улаанбуудай, 70.0 мянган га-д малын тэжээл, 66.0 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12.1 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж, 340.0 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Тариалангийн салбар нь байгаль цаг уурын өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай, эрсдэлд хэт өртөмтгий хэвээр байгаа бөгөөд хөрсний үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх, усалгаатай болон хамгаалагдсан хөрсний тариаланг хөгжүүлэх асуудлууд доривтой шийдэгдэж чадаагүй байна.
Иймд цаашдаа газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлж хураан авах ургацын хэмжээг тогтворжуулж, чанарыг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар зарим төрлийн бүтээгдэхүүн экспортлох зорилтыг дэвшүүлж энэ салбарт урт хугацаатай, хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр томоохон шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Эрхэм хүндэт тариалнчид аа
Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник технологийн иж бүрэн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, тос, малын тэжээл, жимс, жимсгэнэ, ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар зарим төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох, бүс нутгийнхаа хүнсний хангамжийг тогтворжуулахад тариаланчид та бүхний маань хүчээл зүтгэл юу юунаас иүү үнэтэй байх болно.
Тиймээс хаврын тариалалтын ажлаа технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, стратегийн таримал болох улаанбуудай болон төмс, голлох нэрийн хүнсний ногооны тариалалтад онцгой анхаарал хандуулж, хүнд цаг үед төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахыг та бүхэндээ хандан уриалж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.
Ургац арвин байх болтугай.
Сэтгэгдэл ( 0 )