Санхүүгийн зохицуулах хорооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмуудыг баталжээ.
Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангаж хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, гадаад хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхээс гадна Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангах үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг боловсруулсан. Улмаар УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр баталж, энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын төслүүдийг боловсруулж, олон нийтээс санал авахаар Хорооны цахим хуудсанд байршуулсан.
Мөн журмын төслүүдийг төрийн байгууллага, виртуал хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээд, олон нийтийн төлөөллийг хамруулан 6 удаа хэлэлцүүлэг өрнүүлсний зэрэгцээ санал авах ажлыг Азийн сан, “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо” ГҮТББ-тай хамтран зохион байгуулсан. Энэ хугацаанд төрийн байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, иргэдээс нийт 324 саналыг ирүүлснийг хүлээн авч хэлэлцүүлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар журмуудыг баталснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нарийвчилсан харилцааг тодорхой болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, ФАТФ-ын зөвлөмжийн биелэлтийг хангах нөхцөл бүрдлээ гэж тайлбарлаж байна.
Тодруулбал, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”-аар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх, бүртгэхээс татгалзахтай холбоотой харилцааг, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”-аар зохистой засаглал, үйл ажиллагаа, өөрийн хөрөнгийн хэмжээ, тайлан мэдээнд тавигдах шаардлагыг тодорхойлохтой холбогдох харилцаа, ФАТФ-ын “аяллын дүрэм”-ийн харилцааг зохицуулжээ.
Харин “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журам”-аар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбоотой харилцааг, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоох журам”-аар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоосон байна.
Сэтгэгдэл ( 0 )