Дэлхийн банкны “НҮДЭЭР” Монголын эдийн засаг хамгийн өндөр хувиар БУУРНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

Дэлхийн банкнаас  “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм: Шуургыг сөрөх нь” шинэ тайлангаа энэ сарын эхээр танилцуулсныг мэдээлсэн билээ.

Уг тайланд, Украины дайн болон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж байна гэж дүгнэсэн бөгөөд их хэмжээний өртэй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Монгол Улс, мөн түүнчлэн экспортоос ихээхэн хамааралтай Малайз болон Вьетнам зэрэг улс орнууд дэлхийн санхүү, эдийн засгийн цочролд өртөмтгий байхаар байна хэмээн тодотгон хүргэсэн.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын төлөвийн талаарх Дэлхийн банкны үнэлэлт, дүгнэлтийн талаар манай дотоодын эдийн засагчид юу хэлж буй нь сонирхолтой сэдэв юм. Тэгвэл эдийн засагч Д.Ган-Очир Дэлхийн банкны “нүдээрх” Монголын эдийн засгийн талаар дараах байр суурийг илэрхийлллээ.

Тэрбээр “Дэлхийн банк энэ оны дөрөвдүгээр сард “Шуургыг тэсвэрлэх нь” нэртэйгээр Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн тойм тайлангаа гаргажээ. Энэ тайлантай <https://openknowledge.worldbank.org/.../9781464818585.pdf> линкээр танилцах боломжтой.

Монголын эдийн засгийг тухайн бүс нутаг дахь бусад орнуудтай харьцуулахад ямар дүр зурагтай байгааг тайланд дурдсанаар энд авч үзье.

Улс орнуудын 2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөв өнгөрсөн оны аравдугаар сард авч үзэж байснаас буурсан хэдий ч хамгийн өндөр бууралтыг Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийн тоо харуулж байна. Тухайлбал, 2022 оны өсөлтийг 2 дахин бууруулж, 2.5%-тай, хамгийн багадаа 0.7%-тай байх төсөөллийг гаргажээ.  

Улс орнуудын өсөлтийн төлөв буурахад гадаад эдийн засгийн орчинд гарч буй дараах 3 үйл явдал нэгэн зэрэг тохиолдож байгаа нь нөлөөлж буйг онцолсон. Үүнд:

 

  • АНУ-ын өндөр инфляц, мөнгөний бодлогын төлөв чангарч буй явдал;

 

  • БНХАУ-ын “тэг-ковид” бодлого, үл хөдлөх салбараас үүдэлтэй санхүүгийн хүндрэл;

 

  • ОХУ-Украины нөхцөл байдал, түүнээс улбаатай түүхий эд болон санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлт, тодорхой бус байдлыг онцолсон.

 

Эрчим хүч импортлогч орны хувьд, дээрээс нь Их-7 орнуудын эдийн засгийн өсөлт саарч буй нөлөөг нэмж оруулан тооцвол өсөлтийг дунджаар 2.2 орчим нэгж хувиар бууруулах нөлөө гарч байна. Энэ нь гадаад шокоос хүчтэй хамааралтай манай эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.2%-аас 2.5% руу бууруулсантай нийцтэй байна. (Эдгээр гадаад орчны манай эдийн засагт үзүүлэх нөлөөллийн сценарио шинжилгээний талаарх Монголбанкны судлаачидтай хамтран хийсэн “Их гүрнүүд найтаахад бидэнд яаж нөлөөлөх вэ?” судалгааны үр дүнгээ Та бүхэнтэй удахгүй хуваалцах болно).

 

Монгол Улсын эдийн засаг цар тахлын өмнөх (2019 оны) түвшиндээ хүрч сэргээгүй, дээрээс нь макро-санхүүгийн эмзэг байдал өндөртэй улс орнуудад багтаж байна. Ялангуяа, макро-санхүүгийн эмзэг байдлын индексээр бүс нутагтаа тэргүүлэгчдийн нэг байна.

Энэ нь бодлогын сонголтын хувьд маш төвөгтэй (сайн сэргэж амжаагүй эдийн засгаа сэргээх <=> санхүүгийн сахилга батыг хангах) байдлыг бий болгож байгаа хэдий ч эдийн засгийн, санхүүгийн, өрийн тогтвортой байдлыг хангах чиглэлд сангийн болон мөнгөний бодлогын тохиргоог хийх шаардлагыг бий болгож байна.

Монгол Улс КОВИД-19 цар тахлаас үүдэн орлогын тэгш бус байдал нэмэгдсэн үзүүлэлтээр Зүүн Ази, Номхойн далайн орнууд дундаа тэргүүлж байна. Тухайлбал, зардалд суурилсан жини индекс 0.5 нэгжээр өссөн тооцоо хийжээ. Бүс нутагтаа суурь инфляцын түвшин нь маш өндөр, бодлогын хүү өндөр, засгийн газрын зардал ДНБ-ий 80%-д хүрсэн зэрэг үзүүлэлтээр мөн л “тэргүүлж” байна.

Засгийн газраас хэсэгчлэн болон түр хугацаанд үнийн хяналт тогтоож (шатахуун, хатуу түлш зэрэг бараанд) байгаа нь богино хугацаанд инфляц бага байхад нөлөөтэй боловч, үнийн хяналт буцах үед инфляц хүчтэй нэмэгдэж байгааг онцолжээ.

Манай улс гадаад секторын эмзэг байдлын үзүүлэлтээр мөн л бүс нутагтаа 1-д эрэмбэлэгдэж, үүнд урсгал тэнцлийн алдагдал, богино хугацааны өр, өрийн үйлчилгээний төлбөрийн ДНБ-д эзлэх хувь маш өндөр (43%) байгаа нь нөлөөлжээ.

Тухайлбал, урсгал тэнцлийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь -12.7%, гадаад өр, ДНБ-ий харьцаа 145%, гадаад санхүүжилтийн хэрэгцээний ДНБ-д эзлэх хувь 43%, богино хугацааны гадаад өрийн гадаад валютын нөөцөд эзлэх хувь 115% байна. Энэ тооцоонд компани доторх гүйлгээ (толгой компаниас охин компанидаа өгсөн зээл гэх мэт)-г оруулаагүй.

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар, түүний санхүүгийн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөллөөс үүдэн орон сууцны салбарын хөрөнгө оруулалт  10 гаруй хувиар буурах, импорт 3 хувиар багасах тооцоо хийсэн бөгөөд зөвхөн энэ нөлөөгөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0.4 нэгж хувиар саарах тооцоог гаргасан байна. Харин “Тэг-Ковид” бодлогын нөлөөгөөр БНХАУ-ын хөрөнгө оруулалт, ДНБ-ий жилийн өсөлт 0.5 нэгж хувиар буурах, импортын өсөлт 1.8 нэгж хувиар буурах, үүний үр дагаварт Монгол Улсын өсөлт мөн л 0.4 нэгж хувиар буурах тооцоо гарчээ.

Өөрөөр хэлбэл, зөвхөн Хятадтай холбоотой энэ 2 шалтгаанаар л манай өсөлт 0.8 нэгж хувиар буурахаар байна.

Санхүүгийн секторын хувьд чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь, нийт активын өгөөж, өр төлбөрийн хувьд хугацаа хэтэрсэн эсвэл ирэх 6 сард хугацаа хэтрэхээр хүлээгдэж буй үзүүлэлтээр мөн л бүс нутагтаа өндөрт орж байна.  

Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас олгосон дэмжлэг тусламж нь маш өндөр зардалтай, дээрээс нь зорилтот бус, хэт хавтгайрсан байсныг онцолсон. Тухайлбал, 2020, 2021, 2022 онуудад дамнуулаад олгосон зөвхөн цар тахалтай холбоотой зардал нь ДНБ-ий харгалзан ойролцоогоор 6.5%, 7%, 3.5% байгаа нь бусад орнуудын үзүүлэлтээс 2 дахин өндөр байна. Бусад орнуудын хувьд 2022 оны хувьд цар тахалтай холбоотой дэмжлэгүүдээ бараг зогсоогоод байхад Монголд үргэлжилж байна. Цар тахлын үед засгийн газрын дэмжлэгийг ямар нэгэн орлоготой нийт өрхийн 80 гаруй хувь нь авчээ. Түүнчлэн 2021 оны хувьд төсвийн алдагдлын болон өрийн таазын дүрэм зөрчигдөх нөхцөл байдал үүсэж хуулиа эргэн өөрчилснийг дурджээ.

Эдгээр сангийн бодлого дээр өгч буй зөвлөмж, анхааруулгыг 2022 оны төсвийн тодотгол дээр бид онцгой анхаарах учиртай…

Төсөв дэх хүүний зардал төсвийн орлогын 7%, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа 80%, улсын нэрээр авсан өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа 2.9 жил байгаа нь бүс нутагтаа хамгийн муу үзүүлэлт буюу төрийн санхүүгийн эмзэг байдлыг бий болгож байна.

Бодлогын хувьд сангийн бодлогын үр ашгийг сайжруулах, инфляц зорилтот түвшнээс давсан хэвээр байгаа Монголтой адил орнуудад инфляцын хүлээлтийг хяналтаас алдахгүйн тулд мөнгөний бодлогоо чангаруулах, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлд анхаарлаа хандуулах, зээлийн эрсдэлийн даах өөрийн хөрөнгийн буфертай байхыг баталгаажуулах, гадаад худалдаа, тээвэр, логистик, инновацын бодлого дээр онцгой анхаарах шаардлагатай зэргийг дурджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха(99.230.64.174) 2022 оны 04 сарын 19

Олон жилийн турш улс эх орноосоо хулгайлсан хулгайчдыг мөнгийг олж гадаад өрөө төлөх хэрэгтэй шдээ, одоо ард түмэн татвар төлөхгүй барьцах цаг нь болсон шүү,,,,

0  |  0
Top