Цахим орчинд бага насны хүүхдүүд цэцэрлэгтээ үрсэлгээ болон ахуйн ажилд суралцаж буй зураг олон нийтэд хүрсэн билээ. Хөвгүүд нь мужааны хөнгөн ажилд суралцаж, охид оёдлын машин ашиглах, хүүхдэд зориулсан бяцхан гал тогоонд аяга тавгаа угааж, хоол хийхэд суралцаж буй үйл явц цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхаарлыг татсан юм. Тэгвэл тус цэцэрлэг нь хаана байрладаг, хүүхдийн сурах орчинг хэрхэн тохижуулсан талаар өнөөдрийн сурвалжилгаар бэлтгэн хүргэж байна.
Улсын хэмжээнд 2021 оны жил эцсийн байдлаар 1453 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Тэр дундаа хүүхдийн сурах орчинг аятай бүрдүүлсэн эко цэцэрлэг төдийлөн олдохгүй биз ээ. Энэ удаад эко сурах орчинг бүрдүүлсэн цэцэрлэгээр зочилсон юм. Хүүхдийг багаас нь насандаа тохирсон ажил хийлгэхэд сургах, бие даах чадварыг нь төлөвшүүлэх, ахуйн ажил сурч бусдад туслах, өөрийгөө үнэлэх, бусдыг хүндлэх зэрэг чадварын суурийг тавих үүднээс цэцэрлэгээ тохижуулсан газар бол Нэгдүгээр цэцэрлэг юм.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлах Нэгдүгээр цэцэрлэг 1976 онд байгуулагджээ. Өдгөө 46 дахь жилтэйгээ золгож буй тус газар 2017 онд Улсын тэргүүний цэцэрлэг болж байсан аж. Одоогийн нөхцөл байдлыг харахад Улсын тэргүүний гэх нэрээ хангалттай хадгалж буй хэмээхэд буруудахгүй болов уу. Учир нь хүүхдэд зориулсан эко цэцэрлэг болон ажиллах зорилтыг тавьсан нь хангалттай үр дүнгээ өгсөн ажээ. Гадна талбайдаа хүүхдийн тоглоомын талбайгаас гадна бие бялдар хөгжүүлэх талбайтай байлаа. Зөвхөн энэхүү бүтээн байгуулалтыг хийсэн үү гэвэл үгүй. Ногооны талбай, Соёлын өргөө зэрэг томоохон бүтээн байгуулалтаас гадна дотор танхимууд нь төрөл бүрийн сонирхолтой засалтай байсан юм. Ногооны талбайгаа Туршилтын талбай хэмээн нэрийднэ.
Өнгөрсөн онд 12 нэр төрлийн 4700 цэцгийн үрсэлгээг тарьж, ногоон эко орчинг бий болгосон байна. Мөн цэцэрлэгийн хашаандаа тарьсан үхрийн нүдний 30 ширхэг бут, 20 ширхэг монос, 15 ширхэг өрөл, 10 ширхэг улаалзгана, 10 ширхэг тэхийн шээгийн бут болон чацарганы модноосоо ихээхэн ургац хураан авчээ. Хаврын тариалалттай зэрэгцэн энэ жилийн цэцгийн үрсэлгээгээ ч хийж байсан юм. Харин Соёлын өргөөд хүүхэд багачуудыг соёлд сургаж, танин мэдүүлдэг байна.
Дотор анги танхим нь сурагчдын сонирхлыг ихээхэн татах нь гарцаагүй. Учир нь өнгөлөг агаад хүүхдүүдэд тохирсон бяцхан гал тогоо, мужааны өрөө, оёдлын, аяллын, одон орон судлалын гэх мэт төрөл бүрийн өрөөг тохижуулсан нь тэдэнд сурах таатай орчныг бүрдүүлсэн дүр зураг байв. Тус цэцэрлэгт өнөөдрийн байдлаар 2-5 насны 183 хүүхэд суралцаж байгаа ажээ. Нийт долоон бүлгээр хичээллэдэг байна.
Тус цэцэрлэгийн одоогийн эрхлэгч Л.Алтаншагай эрхлэгчийн албан тушаалаа аваад хоёр дахь жилтэйгээ золгож байгаа ажээ. Багш, ажилчдын санаачилгаар цэцэрлэгийн одоогийн дүр зургийг гарган тохижуулсан талаар Л.Алтаншагай мэдээлсэн юм. Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Засаг дарга захирамж гаргасан. Дэлгэцийн донтолтоос хүүхдүүдээ сэргийлье гэх санаачилга бүхий захирамж юм л даа. Энэ нь хүүхдүүдийг гар утас, таблет, телевизор гэх мэт сөрөг нөлөө бүхий зүйлсээс холдуулж, амьд харилцааг бий болгох зорилготой. Сүүлд манай цэцэрлэг нэгэн өргөөг босгосон.
Тэрхүү өргөө дотор хүүхдүүд хоол хийх, өндөг чанах, шарах, аяга тавгаа угаах, хувцас индүүдэх, юм оёх гэх мэт өөрт тохирсон ажлаа хийдэг. Мөн жижиг алчуураа угааж, индүүдэх гэх мэтэд суралцдаг. Ингэснээр хүүхдүүд гэртээ хариад эцэг эхдээ ахуйн орчинд тусалж, хүүхэд өөрөө үйлийн эзэн байж, би хийнэ гэх байр суурь, үзэл бодолтой болж төлөвшинө. Аймгийн Засаг даргын хийж буй аяны хүрээнд бид хүүхдүүдээ бодит амьдралд ойр өсгөх зориулалттайгаар хоорондоо ярилцсаны үндсэн дээр цэцэрлэгээ ийнхүү тохижуулсан” хэмээв.
Энэхүү цэцэрлэгийн тохижилтод зөвхөн багш, ажилчид оролцоогүй ажээ. Тус сумын иргэн бүр өөрсдийн чадах хэмжээгээр оролцсон байлаа. Тухайлбал, газар тариалан, модон эдлэл гэх мэт олон төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд сайн дурын үндсэн дээр, нийгмийн үүргийнхээ дагуу хандив, туслалцаа үзүүлэх, хувь айл өрх ном, сурах материал, хогийн сав, мөнгөн тусламж болон өөрийн хийж чадах ажилд гар бие оролцох зэрэг олон төрлийн аргаар цэцэрлэгийн хөгжилд тусалдаг ажээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулахад санаа амар, хүүхдүүд өөрсдөө ч цэцэрлэгтээ явахад ямарваа нэгэн асуудал үүсдэггүй байна. Хүүхдүүдийг ахуйн хэрэгсэлтэй харьцахад аюулгүй байдлыг хэр хангадаг талаар тус цэцэрлэгийн багш нараас тодруулсан юм.
Тэдний зүгээс хүүхдүүд уншиж чадахгүй болохоор зурган хэлбэрээр ахуйн техникүүдийг ашиглах зааврыг зааж өгдөг талаараа хэлэв. Мөн ашиглаж болно, болохгүй гэх дүрсэн, зурган зааврыг зарим ахуйн хэрэгсэл дээр наасан байдаг аж. Тиймээс хүүхдүүд багш нартайгаа хамт ахуйн хэрэгслүүдийг ашигладаг байна. Улмаар дур мэдэн ашиглаж, өөрийгөө бэртээх асуудал ямар нэгэн байдлаар гардаггүй байна. Мөн цэцэрлэгийн хоолонд асуудал тулгардаггүйг цэцэрлэгийн зүгээс хэлж байв. Учир нь хүүхдийн хоолыг өдөр бүр цахим хаягаараа мэдээлдэг ажээ. Эцэг эхчүүдтэй цахим сүлжээнд нэгдсэн групп чат үүсгэж, өдөр бүрийн хоолны мэдээллийг ч түгээдэг талаараа хуваалцав. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдүүд нь ямар хоол идэж буй мэдээллийг шуурхай авдаг аж.
Тогтвортой хөгжлийн боловсрол олон улсын Эко-цэцэрлэг хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлаас сэргийлэх, хогоо ангилан ялгаж хаях, хогийг дахин боловсруулах, мэдлэг боловсролыг бага насны хүүхдэд олгох ажлын хүрээнд төсөлт ажлыг ч зохион байгуулжээ. Энэхүү аяны хүрээнд 24 ширхэг хогийг ангилан ялгах савтай болсон байна. Тухайн сумын эцэг эхчүүд, малчдын хандиваар хүүхэд суралцаж, хөгжиж, танин мэдэхүйд нөлөөлөх Туршилтын талбайг бүтээн байгуулжээ. Мөн сурагчдадаа зориулсан тоглоомын болон биеийн тамирын талбайтай болсон аж.
Өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан сагсны шийд, гар бөмбөгийн тор, сандлын сүүдрэвчийг ч оёж урлажээ. Хогоо ангилан хаях, хаягдал зайг тусгай саванд цуглуулах, гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, мандлын цэцгийн үрсэлгээ хийх, номтой нөхөрлөх, Орон нутаг судлах танхимаар зочлох, малчны хотоор аялах, одон орон судлах танхим, замд гаръя танхим, мужааны хэсэг гэх мэт олон танхимуудыг бий болгосон нь өнөөгийн боловсролын системд зайлшгүй шаардлагатай хүүхэд сургах үйл ажиллагаа байлаа. Мөн сурагчдадаа зориулсан Үлгэрч багш өдөрлөгийн хүрээнд хүүхдүүдэд хүүхэлдэйн театр бүхий жүжигчилсэн байдлаар үлгэр ярьж өгдөг байна.
Н .АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )