Д.Энхцэцэг: Их даалгавар өгөх нь хүүхдүүдийг ном, хичээлд дургүй болгож байна

2022 оны 04 сарын 18

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Бага ангийн багшийн сургуулийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Тиймээс тус сургуулийн захирлаар ажиллаж байсан, өдгөө МБУТ-ийн багшаар ажиллаж буй доктор, профессор  Дагвын Энхцэцэгтэй бага боловсролын чанар, хүртээмж, эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.


-Манай улсад бага боловсрол эзэмшүүлж эхэлсэн түүхээс яриагаа эхэлье?

-Ер нь боловсролын суурь 1922 онд анх Багшийн сургуулийн сургууль бий болсноос тавигдсан гэж үздэг. Тэр үед хоёр багш, 15 сурагчтайгаар эхэлж, түр курсын багш нарыг бэлдсэн. Ингэж хүн ардаа бичиг үсэгтэй болох ажил эхэлсэн байдаг.

-Бүх нийтийг бичиг үсэгтэй болгох ажил эхэлж байж дээ?

-Тийм. Бичиг үсэгжүүлэхдээ эхлээд монгол бичгээр ороод дунд нь латин үсэг, 1941 оноос кирилл үсэг рүү орсон байдаг юм.

Харин боловсролын тогтолцооны хувьд эхлээд 1-3 ангиа бага, 4-8-р ангийг суурь, 9-10-р ангийг ахлах буюу бүрэн дунд гэж нэрлэж ирсэн байдаг. Ингэж явж байгаад сүүлд 2008 онд зургаан жилийг нэг хэсэг бага боловсрол гэж явсан юм.

-Таны хувьд боловсролын байгууллагатай хэрхэн холбогдож, багшилж эхэлсэн бэ?

-МУИС-ийн Математикийн ангийг 1991 онд дүүргээд 1995 онд 41-р сургуульд багшилж байгаад одоог хүртэл тасралтгүй Багшийн сургуульдаа багшилж байна. Багшийн сургуулийн бага ангийн багшийг бэлтгэх, давтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхээс гадна бага ангийн математикийн сурах бичгийг зохиох зэрэг ажлуудад гар бие оролцсон.

-Өнгөрсөн хугацаанд бэлтгэсэн шавь нараа тоолж байв уу?

-Тэгж байгаагүй ээ. Өмнө нь оюутнуудыг нэгдүгээр дамжаанаас нь эхлээд дөрөв төгстөл нь дааж аваад төгсгөдөг байсан. Харин сүүлд 2014 оноос кредитийн систем рүү бүрэн шилжиж, оюутнууд маань багшаа сонгодог болсон. Дөрвөн жилээс гадна нэг жилээр төгссөн шавь нар олон бий. Тасралтгүй 27 жил ажилласан гээд тооцохоор нэлээд тоо гарах байх. 

-Бага ангийн багш нарын ажиллах нөхцөл, эрх зүйн орчин хэр байгаа гэж та үздэг вэ?

-Хөгжиж ирсэн он жилүүдтэй нь харьцуулахад гайгүй түвшинд явж байгаа л гэж боддог. Хөгжиж буй орнуудтай харьцуулахад манай түүх харьцангуй хожуу эхэлсэн. Гэхдээ дэлхий нийттэй хөл зэрэгцэх, боловсролын өөрчлөлт, шинэчлэлтийг тусгах тал дээр хурдацтай байгаа. Харин сүүлийн хоёр жилд онцгой байдал үүсэнээс болж, танхимаар суралцдаг хэмнэл нь алдагдсанаар нэлээд хүнд байдал бий болж байна. Бага ангийн багш дээр ирэх ачаалал нэмэгдсэн. Тиймээс хүүхдийн хоцрогдлыг арилгахын тулд төгсөх курсын оюутнуудыг туслах багшаар ажиллуулах, эсвэл тэтгэвэртэй гарсан багшийн хүч, оюуныг ашиглах зэрэг дээр улс, сургууль нь мөнгө, санхүү хаях хэрэгтэй.

-Бага ангийн багш гэдэг тухайн хүнд А үсэг заадаг анхны багш нь. Энэ хүн мэдлэг, чадвартай байхаас гадна хүүхдийг ойлгодог, нинжин сэтгэлтэй байх зэрэг зүйл шаарддаг байх. Тиймээс бага ангийн багшийн онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Бага ангийн багшийн мэргэжлийг сонгоод орж ирж байгаа оюутнуудын хувьд ч гэсэн яг сонирхоод орж ирсэн хүүхдүүд нь их хүнлэг, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй байна. Харин нэг их сонирхолгүй, аргагүй байдлаас орж ирсэн хүүхдүүд ч байдаг. Шавь нараа харж байхад мэргэжлээрээ төгсөөд олон жил ажиллах тусмаа мэргэжилдээ их дуртай болоод хүүхдийн төлөө болдог хандлага ажиглагддаг. Тиймээс элсэн орж ирж байгаа оюутнууд дээрээ математик, монгол хэлний оноог нь харахаас гадна ямар сайн дурын ажил хийж байсан, сонирхдог зүйл нь юу зэрэг ярилцлага хийдэг байх хэрэгтэй санагддаг. Орж ирснийх нь дараа ингэ, тэг гэхээс илүүтэй иймэрхүү гуравдагч зүйлийг оруулж өгөх нь зүйтэй. Эсвэл ахлах ангид байхад нь яг бага ангийн багшийн мэргэжилд дуртай, хүүхэдттэй ажиллах сонирхолтой хүүхдүүдийг сонгож бэлдэж байгаад оруулбал илүү мэргэжилдээ дуртай, наалдацтай хүмүүс бий болно.

-Бага ангийн багшаар суралцаж байгаа оюутнууддаа хүүхдийн сэтгэл зүй зэрэг нэмэлт хичээлийг ордог уу?

-Оролгүй яахав. Ер нь энэ төрлийн хичээлүүдийг нэлээд түлхүү ордог. Анх 2014 оноос сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт ороход хүний хөгжлийн сэтгэл судлал, боловсрол судлал, суралцахуй, багшлахуй зэрэг хичээлүүд маш сайн ордог болсон. Дэлхий нийтийн чиг хандлага, хөгжилтэй уялдсан өөрчлөлтүүд их хийгдэж байгаа.

-Сүүлийн үед багш нарын нэр хүнд унах, унагах асуудал их болсон. Нэг үе сурлага муутай хүүхдүүд л багшийн мэргэжил сонгодог гэсэн ойлголт ч байсан. Одоо түүнийг бодвол яг ямар байгаа вэ?

-Багшийн техникум гэж байхад наймдугаар анги төгссөн хүүхдүүдийг оноогоор нь жагсааж байгаад шигшиж авдаг байсан. Ингээд тэндээ арван жилийн боловсрол эзэмшээд багшийн мэргэжлээрээ төгсөж байсан тэр үеийнхэн их чанартай байдаг. Харин зах зээл хөгжөөд хувийн сургуулиуд олноор бий болж гоё сайхан нэртэй мэргэжлүүд олшроод гадагшаа явах боломжууд нээгдээд ирэхээр багшийн сургуульд орж ирэх чанар нь тааруу болсон. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд орж ирж байгаа хүүхдүүдийн чанар маш их мэдрэгддэг. Зарим үед сайн, заримдаа муу болчихдог.

Мөн төр засгийн бодлого их нөлөөлдөг. Багш мэргэжлээр суралцаж байгаа хүүхдүүдийн онооноос хамаарч төлбөрөөс чөлөөлөх болчихоор нэг хэсэг их сайн хүүхдүүд орж ирсэн. Миний бодлоор үнэхээр боловсролыг чанаржуулъя, бага ангийн багшийг чадвартай болгоё гэвэл сурч байх хугацаанд нь тэтгэлэг өгөх хэрэгтэй. Нөгөө талдаа бага ангийн багшийн ачаалал үнэхээр хүнд. Цар тахлын үед энэ мэргэжлийн ачааллыг эцэг, эхчүүд сайн ойлгосон байх. Тийм учраас цалинг нь нэмэх ёстой. Ингээд суралцаж байх хугацаандаа тэтгэлэг аваад, төгсөж гараад өндөр цалинтай ажиллах боломжтой болчихоор элсэж байгаа оюутнуудын чанар дээшлэх боломжтой.

-Авч байгаа цалин нь ажил, амьдралд нь хангалттай хүрэлцээд ирэхээр ажилдаа зориулах сэтгэл, зүтгэл нь ч нэмэгдэх байх даа?

-Тэгэлгүй яахав. Бид Япон руу 45 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад явж байхад тэр улсын бага ангийн багш нарын 80-90 хувь нь эрэгтэй хүн байдаг юм билээ. Тэр эрэгтэй цалингаараа гэр бүлээ хангалттай тэжээж чадаж байгаа учраас тэр мэргэжлийг сонгож ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр манайд ч гэсэн бага ангийн багшийн цалинг нэлээд өндөр болгоод хариуцлагаа тэр хэрээр нэмэгдүүлэх хэрэгтэй. Бас миний боддог зүйл бол багшийн нэр хүндийг унагах зүйлийг сошиалаар давалгаалах, нарийн учрыг нь олоогүй байхад шуурч мэдээлмээргүй байгаа юм. Үнэхээр бүх хүн 100 хувь байна гэж байхгүй.

Олон мянган багш дунд нийгэм, гэр бүлдээ стресстэй хүмүүс байгаад түүнийгээ буруу байдлаар гаргадаг нь ч байгаа байх. Харин үүнийг нь хууль эрх зүй, багшийн ёс зүй талаас нь л шийдэх ёстой. Түүнээс биш хэвлэл мэдээллээр шуугиад, цахим ертөнцөөр давалгаалж мэргэжил даяар нь нэр хүндийг нь унагаж болохгүй. Би өөрөө ном сурах бичиг гаргах, оюутнуудынхаа дадлагыг удирдах гээд байнга бага ангийн багш нартай холбогддог. Тэгээд харж байхад үнэхээр хүнд ачаалалтай ажилладаг юм билээ. Дээрээс нь багийнханы бичиг цаасны ачаалал ч үнэхээр их. Дунд ангийн математикийн багш бол тэр хичээлээ л заана.

-Нэмэлтээр дуулж, бүжиглэдэг байх ч шаардлага үүсдэг байх?

-Байгалийн ухаан, хэл шинжлэл гээд бүх төрлийн хичээлийн суурийг тавьдаг. Тэр ч хэрээрээ их олон төрлийн өргөн мэдлэгтэй байхыг шаарддаг. Ер нь бага ангийн багш нар хүүхдийг хүн болгож төлөвшүүлэх гол ажлаа хийгээд бусад хичээлийн суурийг тавихад зөвлөх багш нарын мэргэжлийн номыг удиртгал болгодог баймаар байгаа юм. Харин тэр номыг нь сайтар бэлдээд салбар яам нь зөвшөөрч баталсан байх хэрэгтэй. Ингэвэл элдэв зүйлд сатаарах, ачаалал нь багасч, хүүхдүүдтэйгээ тулж ажиллах боломжтой болно.

-Манай улсад бага ангийн багшийн мэргэжлийг зөвхөн танай сургууль бэлдэж байгаа юу?

-Үгүй. Нэг жилд төгссөн нийт багшийн 40-45 хувийг л манайх төгсгөдөг. Үлдсэнийг нь Архангай, Ховд, Баян-Өлгий, Дорнод зэрэг аймгийн Багшийн сургууль болоод хувийн сургуулиуд голчлон бэлддэг. Үүн дээр би их сэтгэл эмзэглэж явдаг. Яагаад гэвэл ирээдүйн бага ангийн багш бэлдэж байгаа боловсон хүчин нь өөрөө асуудалтай. Тиймээс хувийн сургуулиудын боловсон хүчинг чадавхжуулахгүй болохоор чадвар муутай багшаас чадвар муутай л бага ангийн багш гарна.

Энэ нь эцсийн дүндээ эргээд хүүхдүүдэд сөрөг нөлөөтэй. Ачааны хүндийг үүрэлцэж байгаа хувийн сургуулиудыг үгүйсгээгүй. Хамгийн гол нь дөнгөж их сургууль төгссөн хүүхдийг дээд сургуулийн багшаар аваад ажиллуулдаг нь л буруу. Тиймээс тэдгээр багш нараа байнга чадавхжуулж байх хэрэгтэй. Бага ангийн багш муу байна гэхээр л хүмүүс манай сургууль руу хардаг юм шүү дээ.

-Бага ангийн хүүхдүүдэд хэтэрхий их даалгавар өгч байна гэсэн шүүмжлэлүүд байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Хоцрогдолтой байгаа учраас түүнийг нь нөхөхийн тулд хүүхдүүдээр их юм хийлгэвэл сайн гэж ойлгоод байгаа юм. Дээрээс нь болсон болоогүй олон хөтөлбөрт нь нийцэхгүй хүртэл гарын авлага, ном байна. Тэдгээрээс тэдээс тэдийг бод гээд даалгавар өгчихдөг. Тэгэхээр нөгөө хүүхэд хичээлээ тарж ирээд шөнө орой болтол хийдэг. Зарим нь хийж бардаггүй. Ингээд л эцэг, эх хүүхдүүдийн дунд маргаан гардаг. Энэ бол хүүхдийг сайжруулах биш эцэг, эхийг нь залхааж байна.

Хүүхдүүдийг эргээд ном, хичээлд дургүй болгож байна. Бараг л амьтан сургадаг нь арга шиг зүйл. Номны завсар дуртай навчийг нь хийгээд байхаар тухайн сармагчин сүүлдээ навчгүй байсан ч эргүүлдэг болдог юм. Харин үүний оронд богино хугацаанд, сайн арга зүйгээр хичээлийг нь заах хэрэгтэй.

-Ер нь сургалтын систем маань жаахан буруу яваад байна уу?

-Миний бодлоор бол эхний есөн жилдээ өгөх ёстой мэдлэгээ бүрэн өгөөд үлдсэн гурван жилд нь мэргэшүүлэх, коллеж маягийн сургалттай болвол зүгээр. Анх удаа 2008 онд зургаан настныг авах үед туршлага солилцохоор Солонгос улс руу явж байхад тэднийх яг ингэдэг юм билээ. Ахлах сургуульдаа чиглэл чиглэлээрээ дагнаад их дээд сургуульд орох бэлтгэл хангах маягаар хичээллэдэг. Хэрэв их сургуульд орж чадахгүй бол давхар мэргэжилтэй болоод төгсдөг. Энэ их зүгээр санагддаг.

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.46) 2022 оны 04 сарын 19

Бага ангийн тооны хичээлийн агуулга арай л хүнд юмаа 12 жилтэй болсноор агуулга дээшээ бус доошоо 1 ээс 5 р анги руу нэмэглэж хүндэрсэн байна дээлсүүдээ

0  |  0
М(66.181.190.45) 2022 оны 04 сарын 18

Мундаг багш!

1  |  0
Top