Ногоон дэлхий, амьд бодьгалын төлөө хүн төрөлхтөн тэмцэх боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Нэг тэрбум мод хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж эхэлсэн. Энэхүү ажилтай зэрэгцэн тасалгааны ногоон ургамал, цэцэг тарих хүсэлтэй хүн бүрд зориулж Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, Дэлхий ээжийн өгөөмөр өгөөж сан, Байгалийн түүхийн музейтэй хамтран “Гоёл чимэглэлийн болон тасалгааны цэцгийн үзэсгэлэн, худалдаа”-г энэ сарын 16-18-ны өдрүүдэд Байгалийн түүхийн музейд зохион байгуулж буй. "Нандин цэцэгс" хэмээх нэртэйгээр зохион байгуулагдаж буй үзэсгэлэнг зорьсон сурвалжилгаа хүргэе.
ЗАЛУУЧУУД ТАСАЛГААНЫ УРГАМАЛ ТАРИХ НЬ ИХЭСЧЭЭ
Амралтын өдрүүдээр Байгалийн түүхийн музей олны хөлд дарагджээ. Учир нь тасалгааны ургамал ургуулах хүсэлтэй иргэд гэр бүлээрээ "Нандин цэцэгс" үзэсгэлэнг сонирхохоор ирсэн байна. Биднийг зочлохоос урьтаж шилдэг цэцэг шалгаруулах уралдаан болоод өндөрлөжээ.
Үзэсгэлэн худалдаанд оролцогч 20 гаруй иргэний 40 цэцгийг гоё, сайхан ургалттай, үзэмжтэй хэмээн эхний шатанд шалгаруулсан байна. Улмаар үзэмж, зөв ургалт гэсэн үзүүлэлтээрээ гурван цэцэг шалгарч эзэддээ мөнгөн шагнал, батламж авчирчээ.
Тухайлбал, нэгдүгээр байрт Клеродендрум буюу Алаг цэцэг, хоёрдугаар байрт домино сортын алаг навчтай нөмөргөнө цэцэг шалгарсан байна. Харин гуравдугаар байрт намхан сортын суккулент алоэ буюу зуун наст ургамал оржээ. Үзэсгэлэн худалдааны үеэр Дэлхий ээжийн өгөөмөр өгөөж сангийн тэргүүн Б.Мартмаагаас үйл ажиллагааны талаар тодрууллаа, “Энэ үзэсгэлэнд 20 гаруй цэцэгчний 400 гаруй нэр төрлийн цэцэг худалдаалагдаж байгаа. Гурав хоног зохион байгуулагдах энэ үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цагаас өндөрлөнө.
Мөн тасалгааны цэцэг, ургамалтай холбоотой дөрвөн төрлийн сургалт, эрдэм шинжилгээний хурал боллоо. Хүн төрөлхтөний өнөөдрийн хөгжлийн шатыг ногоон ургамалгүйгээр төсөөлөх аргагүй болсон. Манай хотын энэ их агаарын бохирдол тоосжилтыг тасалгааны ургамал тарихгүйгээр дарах арга алга. Цэцэг, ургамлыг гоё сайхан гэдгээс илүүтэй агаар цэвэршүүлдэг, эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой гэдэг утгаар нь харах зүйтэй. Энд ирж буй хүмүүсийн насанд хязгаар алга. Тухайлбал, 3-4 настай охин орж ирлээ гэхэд “Ямар гоё юм бэ” гэж л байна. Өнөөдөр хүмүүсийн хандлага их өөр болжээ.
Зөвхөн гэрийн эзэгтэй, бүсгүйчүүд гэлтгүй залуу эрчүүд ч ирж цэцэг сонирхож байна. Тэд ихэвчлэн кактусын төрлийн ургамал тарих сонирхолтой байгаа нь ажиглагдсан. Мөн зөвхөн цэцэг гэлтгүй тасалгаанд ургуулах боломжтой навчит хүнсний ногоо авчирсан байгаа. Ашиг шимийг нь хүртэж болох салатны навч, яншуй, шинцай, гүзээлзгэнэ зэргийг худалдаалж буй нь хүмүүст таалагдсан. Нэг ёсондоо хүчилтөрөгч гаргаж агаараа цэвэршүүлчихээд хүнсэндээ хэрэглэх боломжтой ногоон ургамал нь давхар ач холбогдолтой” гэв.
ЦЭЦЭГ СОНИРХОНГОО МУЗЕЙН ҮЗМЭРТЭЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЖЭЭ
Үзэсгэлэн худалдааны хаалтын өдөр цэцгийн дуудлага худалдаа болох аж. Үүгээр ховор чамин цэцэгсийг өндөр үнээр худалдан авах хүсэлтэй иргэдэд ховор тохиох боломж олдоно. Энэ удаагийн үйл ажиллагаа энгийн бус соёлын үзэсгэлэн болж буйг зохион байгуулагч бүсгүй дурдсан юм. Учир нь хуучин музейн байр нь шинэчлэгдэж, хөл хорионы үеэр хаалттай байсан Байгалийн түүхийн музейн үзмэрүүд энд бий. Нэг сумаар хоёр туулай буудах боломжийг ашиглаж, үр хүүхэддээ музейн амьтан, ургамлыг сонирхуулах болон үзэсгэлэн худалдаанаас тасалгааны цэцэг авах гэсэн эцэг эхчүүд олон байлаа. Амралтын өдрөөр гэр бүлээрээ очиж үзэж, харах зүйл цөөрсөн энэ хотод иймэрхүү төрлийн арга хэмжээ байнга болдог бол сайхан даа гэж хэлэх нэгэн ч цугласан олны дунд байв. “Цэцгийн буянаар л амьдарч явна даа” хэмээн инээмсэглэх эмэгтэйг Ж.Санжханд гэдэг.
Тэрбээр үзэсгэлэн худалдаанд оролцож буй сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Их сайхан үзэсгэлэн болж байна. Миний хувьд 27 жил цэцэг, ургамал тарьж байгаа. Жилдээ тарьж буй цэцгийнхээ тоог тоймлобол ойролцоогоор 2000-3000 цэцэг, ургамал болно. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд 500 орчим цэцэг авчирлаа. Хүмүүс сүүлийн үед том гэхээс илүүтэй үрсэлгээ, жижиг цэцэг худалдан авч өөрсдөө тарих нь ихэссэн. Одоогоос олон жилийн өмнө хүмүүс ихэвчлэн ургуулчихсан, том цэцэг л авах сонирхолтой байлаа. Мөн залуус цэцэг ургуулж, арчлах сонирхолтой болсон байна” хэмээв.
ТАСАЛГААНЫ АГААР ШҮҮХЭЭС ГАДНА ИДЭЖ БОЛОХ УРГАМЛУУД Ч БИЙ
Цэцгийн худалдаачид бүх цэцгээ өөрсдөө тарьж ургуулсан тул анх удаа цэцэг авах гэж ирсэн хүн бүрд төвөгшөөлгүйгээр тайлбарлаж өгч байлаа. Хэдэн удаа услах, нарны тусгалд байлгах эсэх, хэдэн хэмийн дулаанд байлгах зэрэг бүхий л зөвлөгөөг сонирхсон хүмүүст өгч байгаа харагдана. Иргэн Н.Хонгорзул цэцэг тариад 10-аад жил, гүзээлзгэнэ тарьж эхлээд 20 жил болж байгаа гэнэ. Үзэсгэлэн худалдаанд түүний авчирсан цэцэгс дундаас хүмүүс гоё сайхан үзэмжтэй гэдэг утгаар нь Сарнайг ихээхэн сонирхож байгаа аж. Мөн Гааны ургамлыг орчны тоос шороог шүүхээс гадна идэж хэрэглэх боломжтой юм байна.
Ургамлын харшилтай хүмүүст сөрөг нөлөөгүйгээр үл барам харшлын экземийг анагаах шидтэй ажээ. Тиймээс хүмүүс энэ ургамлыг ихээхэн сонирхож байгаа гэлээ. Авиргана цэцэг хөгц мөөгөнцөр устгадаг учир астматай хүмүүст ихээхэн тустай байна. Энэхүү ургамлын хандаар ханиаданд өргөн хэрэглэдэг Гербион, Проспан зэрэг цэр ховхлох сиропон эмийг үйлдвэрлэдэг. Тиймээс нян бактери, хөгц устгадаг Авиргана, Гааны ургамлыг эрүүл мэндээ эрхэмлэдэг хүмүүс тарих дуртай байна. Задгай сансарт байгаа мэт агааргүй орчинд амьдарч буй хүмүүст цэцэг л хүчилтөрөгч нөхөж өгч байгаа гэдгийг тэрбээр онцолж байлаа.
Дөрөв орчим настай охиноо дагуулж ирсэн бүсгүй цэцэг, ургамал бүрийг нарийн харж шинжсээр явахтай таарав. Тухайн иргэн гэртээ ургамал таридаг бөгөөд шинээр үрслүүлэх цэцэг, бордоо, сав зэрэг хэрэгтэй зүйлсээ базаахаар ирсэн байна. Цэцгээрээ гоёдог ургамал, эсвэл гэрт чийгшил сайн өгөх ногоон навчит цэцэг сонирхож байгаагаа хуваалцлаа. Цар тахлын хөл хорионы улмаас хоёр жил гэртээ сууж гадаад орчинтой бүрэн танилцаж чадаагүй багачууд энд үлэг гүрвэлийн яс, харцага, шонхор шувууны чихмэлийг сонирхонгоо өнгө өнгийн цэцэгстэй танилцаж буйдаа баяртай байгаа илт харагдана. Мөн худалдаачид болон зохион байгуулагчид цэцэг сонирхохоор ирсэн хүмүүсийн соёл, хандлага, боловсрол эрс дээшилсэн байгааг онцолсоор байсан юм.Түүнчлэн цаг үеэ олсон уг арга хэмжээг жил болгоны дөрөвдүгээр сард уламжлал болгон нийтэд хүргэхээр төлөвлөсөн гэдгээ зохион байгуулагчид дуулгалаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )