«Орос-Монгол: шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр дүн ба хэтийн төлөв» олон улсын эрдэм шинжилгээний хурал 4 дүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Эрхүү хотод боллоо. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Эрхүү хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан энэхүү хурал нь хоёр орны хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд чиглэгдсэн байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол улсыг төлөөлж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, сансрын нисгэгч Монгол улсын баатар Ж.Гүррагчаа, академич С.Батмөнх, С.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев нэгдсэн хурлын нээлтийн үгэндээ Монгол улс бол Эрхүү мужийн эртний стратегийн түнш болохыг тэмдэглэж, эдийн засгийн ба сайн хөршийн харилцааг бэхжүүлэхэд хоёр тал ихээхэн анхаарал хандуулж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, бүс нутгийн гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2021 онд 85 сая долларын түвшинд хүрсэн байна. Үүнээс гадна дээд боловсрол, эрдэм шинжилгээний салбарт хамтын ажиллагаа, оюутан болон эрдэмтэн солилцох хөтөлбөрүүд зогсолтгүй үргэлжилсээр байна. Боловсрол, шинжлэх ухаан- экологийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2021 оны 11 сард Эрхүү хотын Улсын их сургууль дээр суурилагдсан Орос-Монголын хүний нөөцийн төв байгуулагдсаныг Кобзев онцолсон байна.
Дараагийн илтгэгч ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар (ШУА-ийн СС)-ын Байгал нуурын асуудлаарх зөвлөлийн тэргүүн академич Валентин Пармон: “ОХУ-ын ШУА-ийн СС ба Монгол Улсын эрдэмтдийн хамтын ажиллагааны түүх нь Орос-Монголын харилцаатай адилхан эртний түүхтэй” болохыг тэмдэглэв. Тэрээр “ОХУ-ын ерөнхийлөгч Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчтэй 2021 онд хийгдсэн судалгааны ажлын үр дүнтэй танилцах уулзалтын үеэр “хиймэл оюун ухааны тусламжтай Төвдийн гар бичмэл тайлж байгаад онцгой анхаарал хандуулсан” гэдгийг тэмдэглээд “Дараагийн ээлжид монголын эртний гар бичмэл, уран зохиолыг хиймэл оюун ухаан ашиглан судлах нь хоёр улсын түүхчдийн хувьд чухал” болохыг онцлон хэлэв.
Мөн “Хоёр улсын эрдэмтдийн дипломат харилцаа нь улс хоорондоо холбоо тогтоох ирээдүйтэй хэлбэр бөгөөд Монголын болон Эрхүү мужийн эрдэмтдийн хамтын ажиллагааны үзүүлэх нөлөө чухал билээ. Энэхүү хурлын үеэр хийгдэх хэлэлцүүлэг нь маш үр дүнтэй байх болно. Ийм л нөхцөлд нийгэм болон эдийн засгийг ч сайжруулах харилцаа холбоо бий болж, шинэ санаа урган гарч шинжлэх ухаанд эергээр нөлөөлөх юм” хэмээн академич дүгнэжээ.
Тус үйл ажиллагааны үеэр Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Орос, Монгол: Шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр дүн, хэтийн төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д. Рэгдэлийн хэлсэн үг
2022.04.06 Эрхүү хот
Эрхүү мужийн захирагч ноён Кобзев И.И.,
Эрхэм хүндэт Валентин Николаевич,
Эрхэм хүндэт Ерөнхий консул Ж.Эхжаргал,
Эрхэм хүндэт найз нөхөд, хамтран зүтгэгч нараа,
Юуны өмнө манай улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Эрхүү хотод Ерөнхий консулын газар нээгдсэний 50 жилийн ойд зориулсан “Орос, Монгол: Шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр дүн, хэтийн төлөв” олон улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулж буй Оросын ШУА-ийн Сибирийн салбар болон Эрхүүгийн шинжлэх ухааны төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Манай хамтарсан бага хурал эрт дээр үеэс Орос улсын зүүн хаалга байсан, Монголыг зорих шинжлэх ухааны олон экспедицүүд хөдөлсөн Оросын монгол судлалын ууган төвүүдийн нэг гэдгээрээ алдартай Эрхүү хотод зохион байгуулагдаж байгаа нь онцлогтой юм.
Ковид-19 цар тахлын тархалт эхэлснээс хойшхи илтгэгчид биечлэн оролцох боломжтой болсон анхны олон улсын арга хэмжээний нэг болж байгаагаараа энэхүү хурлын нээлт нь онцлог болж байна. Бидэнд сүүлийн 2.5 жилийн хамтарсан судалгааны үр дүнг тайлагнаад зогсохгүй жинхэнэ найз нөхдийн хувиар уулзалдаж баярлах бүх шалтгаан бий.
Эрхүү хот Орос-Монголын харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд одоо ч гүйцэтгэсээр байгаа билээ. Энэ хотод Монгол улсын бараг бүх салбар дах олон арван мянган чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэж, өнөөг хүртэл суралцсаар байна. Тэднээс 20-р зууны Монголын төрийн томоохон зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, орчин цагийн Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хамгийн нөлөө бүхий зүтгэлтэн, академич Базарын Ширэндэв нарыг л нэрлэе. Өнгөрсөн жил Эрхүү хотод маш чухал үйл явдал болсныг би энд дурьдая. ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан Монголын нэрт эрдэмтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч, академич Базарын Ширэндэвийн дурсгалын самбарыг Эрхүүгийн улсын их сургуулийн байрны гадна байрлуулсан юм. Манай 2 улсын найрамдалт харилцааг гэрчлэх дурсгалт газрууд эгнээгээ нэмэгдүүлсэнд би маш их баяртай байгаа.
Яг энэ жил бид Эрхүүгийн их, дээд сургуульд монгол оюутнууд элссэний 50 жилийн ойг тэмдэглэж байна. МАВСУЗ-ийн Ерөнхийлөгчийн хувьд би өнөөдрийн чуулганы нийт оролцогчдыг энэ оны 9-10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй энэхүү гайхамшигт үйл явдалд зориулсан арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Хоёр талын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухайд Орос, Монголын эрдэмтэн судлаачид бид сүүлийн 100 гаруй жил гар нийлэн, бие биеэ дэмжиж, харилцан туршлага солилцож ирсэн. Үүнийг нэг талаас шинжлэх ухааны олон нийтлэл, хамтарсан төсөл, хурал зэрэг нотолж байна. Тэдгээрийн нэг нь бидний өнөөдрийн “Орос, Монгол: Шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр дүн, хэтийн төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Нөгөөтэйгүүр, Монголд өнөөдрийг хүртэл судалгааныхаа чиглэлээр гол албан тушаалыг хашиж байгаа шинжлэх ухааны боловсон хүчин бэлтгэгдсэн явдал юм.
Өнгөрсөн онд бид Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэж, 2020 онд шинжлэх ухааны салбарын түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2024 онд дуусгахаар төлөвлөж байгаагаа дурдах хэрэгтэй. ШУА-ийн бараг бүх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон бусад байгууллагууд тийшээ нүүхээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу шинжлэх ухааны салбарын төсвийн санхүүжилтийг 2024 оны эцэс гэхэд 2020 оны түвшинтэй харьцуулахад 4 дахин өссөн байхаар тусгагдсан юм. Тиймээс гадаадын эрдэмтэдтэй хамтран ажиллах нөхцөл мэдэгдэхүйц сайжирч, та бидний хувьд шинэ, илүү өргөн боломжууд гарч ирнэ.
“Орос, Монгол: Шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр дүн, хэтийн төлөв” олон улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал нь хамтарсан судалгааны цаашдын чиглэлийг тодорхой болгох, улмаар МУШУА, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үр дүнгээ өгнө гэдэгт би эргэлзэхгүй байна.
Та бүхэнд эрдэм шинжилгээний хуралд нь үйл ажиллагаанд амжилт хүсэж, эрүүл энх, цаашдын ажилд нь амжилт хүсье!
Эрдэмтдийн хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийн талаар илтгэгч нар дэлгэрэнгүй танилцуулжээ. Тодруулбал, Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Эрхүүгийн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн захирлууд Дорнын эрчим хүчний стратегийг бий болгох, Хөвсгөл нуурын бүсийн экологийн тоон мониторинг зохион байгуулах боломжийн талаар, Эрхүүгийн анагаах ухааны байгууллагуудын илтгэгчид эрүүл мэндийн чиглэлд хийгдэх хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Мөн Орос Монголын бүс нутагт шинжлэх ухааны хөгжлийг шинэ түвшинд гаргахад хоёр орны залуу эрдэмтдийг солилцох, тогтмол үйл ажиллагаатай эрдэм шинжилгээний чиглэлүүдийг хөгжүүлэх, хамтарсан шинэ экспедиц байгуулах хэрэгтэйг илтгэгчид санал нэгтэйгээр ярилцсан байна.
Хуралд оролцогчид “Биологи, хими болон экологи”, “Геологи, геохими, газар зүй”, “Эрчим хүч”, “Физик ба астрономи”, “Математик ба мэдээлэлзүй”, “Анагаах ухаан” болон Залуу эрдэмтдийн салбар хуралдааны хүрээнд цаашдын хамтын ажиллагааны чиглэл бүрийг илүү нарийвчлан хэлэлцжээ. Салбар хуралдаанд Монгол улсаас 35 судлаач эрдэм шинжилгээний илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
Бүрэлдэхүүний хувьд хамгийн олон судлаачид ООГХ-ээс оролцож нийт 9 аман илтгэл орос, англи хэл дээр тавьжээ
Сэтгэгдэл ( 0 )