Манай улсын хүн ам өдөрт 1.5 сая шоо метр ус ашигладаг. Энэхүү тоонд ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ус багтсан юм. Мөн хэрэглэж буй усныхаа 80 гаруй хувийг газрын гүнээс авдаг байна. Энэ зуур газрын гүнээс авсан цэвэр усаа даралтаар шүршиж машин угаагаад дуусгадаг нь харамсалтай. Нийслэл хотод 240 гаруй авто машин угаалгын газар бий. Тэдгээр угаалгын газрууд өдөрт дунджаар 2000 тонн цэвэр усыг урсгаж байна. Тиймээс бид цэвэр усыг хайр гамгүй ашиглаж байна гэгддэг авто угаалгын газруудын нөхцөл байдлыг сурвалжиллаа.
СААРАЛ УС АШИГЛАХ ЗАХИРАМЖ БҮРЭН ХЭРЭГЖИЖ ЧАДАЛГҮЙ ДӨРВӨН ЖИЛ БОЛЛОО
Хотын гудамжаар алхахад хүнсний дэлгүүр, зоогийн газар, зочид буудал, үсчин, эмийн сан элбэг олдоно. Түүнтэй адил авто машин угаалгын газар ч чамгүй олон таарах болжээ. Ченж угаалга, дрилен өнгөлгөө, хөөстэй угаалга, уураар угаана гэх мэт олон нэршил болон хаяг хадсан газартай хаа сайгүй таарна.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр XI хорооллын Дөрвөн уул худалдааны төвийн баруун талд байрлах авто угаалгын газарт очиход гаднаа нэр хаяг өлгөөгүй байлаа. Үнэнч үйлчлүүлэгчдээ аль хэдийн татчихсан тус угаалгын газар хүнээр тасардаггүй аж. Машиныхаа түлхүүрийг үлдээгээд гарсан үйлчлүүлэгчдийнхээ машиныг 2-3 үйлчилгээний ажилтан шалмаг гэгч нь угаана.
Угаалгын ажилтнууд эхлээд машины гаднах шороог даралттай усаар шүршиж, шалавч, дугуй зэргийг угаадаг байна. Ингээд тоос шороог нь унагаачихсан тул дараагийн шат буюу хөөсөн цэвэрлэгээ хийнэ. Энэ мэтчилэн цэвэрлэхэд нэг машиныг угаахад дунджаар 80-100 литр ус зарцуулж байгаа гэдэг нь үнэний ортой байлаа.
Тус Авто угаалгын газрын үйлчилгээний ажилтан Г.Аззаяа: “Машин угаалгадаа саарал ус ашиглаж амжаагүй явна.Төхөөрөмж нь их үнэтэй юм байна лээ. Угтаа бол манайх төхөөрөмжийг нь захиалах гээд хүсэлтээ өгсөн ч одоо болтол холбогдох газраас нь хариу өгөөгүй. Мөн УСУГ-тай гэрээ хийж амжаагүй байгаа. Энэ чиглэлээр үйлчилгээ эрхлэгч байгууллагууд харьяа дүүргийнхээ удирдлагуудтай Zoom -ээр холбогдож хуралддаг юм шиг байна лээ. Тэр хуралд нь УСУГ-аас оролцох ёстой мэргэжилтнүүд суугаагүй. Миний хувьд тус хуралд хоёр удаа суусан ч эрх бүхий албан тушаалтнууд олигтой юм хэлэхгүй байсаар дууссан даа. Саяхан ажилд орсон болохоор нэг машин угаахад хэдэн литр зарцуулдагыг мэдэх юм алга” гэв.
Ерөнхийдөө Авто угаалгын газрууд тухайн машины бохирдлоос нь хамаарч бага оврын нэг машиныг угаахад 50-60 литр ус зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тиймээс хүчин чадал ихтэй том угаалгын газрууд овор ихтэй машин угаахад 100 литр ус хангалттай зарцуулдаг байна. Машин угаахад зөвхөн ундны цэвэр ус үрэгдээд дуусахгүй. Угаах тоолонд цэвэрлэгээний бодис урсаж хөрсийг бохирдуулна.
Мөн тэндээс гарсан хаягдал усанд их хэмжээний авто машины хөдөлгүүрийн тос агуулагддаг байна. Түүнчлэн Улаанбаатар хотын захирагчийн албанаас 2019 оны тавдугаар сар гэхэд бүх авто машин угаалгын газрыг саарал ус ашигладаг болох тухай захирамж гаргаж байв. Гэвч өнөөдрийн байдлаар тус ажил олигтой хэрэгжсэнгүй.
Энэ талаар бид УСУГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Солонгоос тодруулахад: “Өнөөдрийн байдлаар нийслэлд манай байгууллагатай гэрээтэй 134 авто машин угаалгын төв байна. Тэдгээрийн 34 нь саарал ус хэрэглэж үйлчилгээгээ эрхэлж байгаа” хэмээлээ. 134 гэдэг бол зөвхөн УСУГ-тай гэрээтэй авто угаалгын газар юм. 2018 онд Улаанбаатар хотын хэмжээнд 167 авто машин угаалгын газар үйл ажиллагаа эрхэлж байж.
Харин Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч асан Д.Ихбаярын дурдсанаар одоогоор 240 гаруй авто угаалгын газар хотод байгаа. Гэхдээ энэ тоо нь өөрсдийн гэсэн зориулалтын байртай, албан ёсны бүртгэлтэй угаалгын газруудынх юм. Үүний цаана ил задгай талбайд угаалга хийдэг хэчнээн газар байгааг тооцоход бэрх аж. Саарал ус ашигладаг угаалгын газрын тоо 2020 оноос хойш өссөнгүй. Угаалгын газрын ажилтнуудын хэлж буйгаар төхөөрөмж нь хэт үнэтэй, төлбөрийн хөнгөлөлт байхгүй зэрэг шалтгаанаар энэ технологийг ашиглаж чадахгүй байгаа гэнэ.
УУРААР МАШИН УГААВАЛ 10 ДАХИН БАГА УС АШИГЛАНА
Авто угаалгын газар хайж явах зуураа ахимаг насны эр байрныхаа гадна талбайд жижиг хувинтай ус тавиад машиныхаа шалавчийг угааж байхтай таарлаа. Тиймээс тухайн иргэнээс угаалгын газрын талаар товч тодруулсан юм.
Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Н.Алагаа: “Цэвэр усаар машин угаах нь буруу шүү дээ. Хамаг байгалийн ус үүгээр урсаад алга болно гэдэг харамсалтай санагддаг. Нэг машин угаахад доод тал нь 80-100 литр ус зарцуулдаг гэж сонссон. Ингэж бодохоор манай хотод хэчнээн угаалгын газар байдаг билээ. Бас угаалгын чанарын хувьд ихэнх нь тааруу байдаг. Заримдаа зориод очихоор угаалгын төлбөр нь их үнэтэй болчихсон байна билээ. Миний жижиг тэргийг угаахад л 20 мянган төгрөг болсон байх жишээтэй. Тиймээс тэр бүр очоод байх боломж алга. Ямар сайндаа орцныхоо гадна 5-10 литр ус ганц хувиндаа хийгээд бага сагаар угааж байх вэ дээ. Тэр яриад байдаг саарал усыг нь зөв ашиглаад машинаа угаавал их хэрэгтэй гэж боддог. Угаалгын газруудад нь тэр технологийг нь ашиглах боломжийг олгож, тусалж дэмнэвэл хэчнээн литр ус хэмнэж болохыг мэдэхгүй шүү дээ. Ингэж усыг замбараагүй хэрэглэж байгаа нь голын усанд машинаа угааж байгаатай адил онцгүй байдаг” гэж хариуллаа. Зөвхөн авто машин угаалга гэлтгүй саарал усыг цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий.
Тухайлбал, MCS, АПУ, Би цэ Трейд XXK саарал усыг цэвэршүүлэн, нийслэлийн ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж байгаа аж. Мөн Зорчигч тээвэр гурав компани өөрийн тоног төхөөрөмжөөр усаа цэвэршүүлэн, 150 автобусыг саарал ус ашиглан угааж буй. Хархорин захын замын эсрэг талд байрлах авто угаалгын газар хүн ихтэй. Учир нь тус газар энгийн авто угаалгаас арай өөр технологоор үйлчилгээ үзүүлдэг байна.
Биднийг ирэхэд тухайн байгууллагын захирал уриалгахан угтаж авлаа. “Ах нь захирал биш ээ, ажилчидтайгаа л адилхан ажил үүргээ гүйцэтгээд явдаг хүн. Харин авто машины ууран угаалгын газрыг монголд нутагшуулсан хүн гэвэл зохино” хэмээн инээд алдан ярих эрхмийг Э.Мөнхбадрах гэдэг.
Тэрбээр 10 гаруй жил БНСУ-д ажиллахдаа авто угаалгын газарт угаагч хийсэн байна. Тэр зуураа бодон бодон явсаар эх орондоо ирэхдээ хүний газраас угаалгын технологи өвөртлөөд ирсэн аж. Тэрээр “Манай угаалгын газар уураар авто машин угаах дээр монголдоо анхдагч гэж хэлж болно. 150-200 хэмийн халуун уураар автомашиныг угаадаг бөгөөд нэг машинд ердөө 3-6 литр ус зарцуулдаг. Зарим тохиолдолд машины овор хэмжээнээс шалтгаалж том машиныг найман литр усаар угаах тохиолдол бий. Тооцоод үзвэл өдөрт 200-400 литр ус ашигладаг. Гэхдээ 400 литр хүрэх нь ховор л доо. Зарим үед 130-180 литр ус ашиглах нь ч бий. Ингээд бодохоор бид нэлээдгүй ус хэмнэж байгаа” гэв.
Энэ төрлийн авто угаалга БНСУ-д маш өргөн тархсан байдаг гэнэ. Emart сүлжээ дэлгүүрийн салбарт бүрд уурын авто угаалгын газар байрлах бөгөөд технологи нь ч өндөр хөгжсөн байдаг аж. Тийм учраас тус улсын иргэд нийтийн тээврийн автобусаа ч уураар угааж цэвэрлэдэг байна. Эелдэг, найрсаг харилцаатай, шалмаг хөдөлгөөнтэй тус угаалгын газар УСУГ-тай гэрээ хийж хараахан амжаагүй гэнэ.
Одоогоор зөвшөөрлийн бичгээ өгчихсөн байгаа гэж захирал нь хэлж байв. Олон улсад саарал усыг өргөнөөр ашигладаг. Ялангуяа Япон улсад том хэмжээний барилга барихад саарал ус ашиглах шаардлага тавьдаг байна. Мөн саарал ус ашиглаж байгаа хувийн байгууллагуудад татварын хөнгөлөлт, бага хувийн хүүтэй зээл олгох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлдэг аж. Харин БНХАУ-ын Засгийн газар 2017 онд саарал усны тусгайлсан тогтоол гаргаж, саарал усыг газар тариаланд ашиглаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжийг урамшуулах тогтолцоог нэвтрүүлжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )