Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж өргөн тэмдэглэдэг. Тус өдрийг угтаж Номын сангийн удирдлагын магистр Ч.Түмэннасттай ярилцлаа. Тэрбээр ЭЗШУИС-ийн Номын сангийн эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ “Дижитал номын сангийн чиг хандлага, зохиогчийн эрхийн шийдэл”, “Номын тэмдэглэл бүтээлчээр хөтлөх” номыг уншигчдын гарт бэлтгэн хүргээд байгаа билээ. Түүнтэй дижитал номын сангийн тухай болон зохиогчийн эрхийн талаарх сэдвийг хөндөн ярилцлаа.
-НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлан өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. ЭЗШУИС-ийн сангаас багш, оюутнуудад зориулан ямар ямар ажлыг зохион байгуулдаг вэ?
-Дэлхийн 100 гаруй орон тэмдэглэдэг энэхүү баярыг манай сургуулийн номын сангийн уламжлал болгон тэмдэглэдэг бидний хамгийн дуртай баяр болсон. Сургуулийнхаа эрдэмтэн багш, профессоруудын тухайн хичээлийн жилд эрхлэн гаргасан ном, сурах бичгийг оюутнуудад сурталчлах, номын нээлт хийх, номын үзэсгэлэн гаргах, шинэ ном хэвлэлийн бүтээлийг аудио хэлбэрээр сурталчлах зэрэг олон ажлыг зохион байгуулдаг.
“Дэлхийн номын баяр-2021” өдөрлөгөөр зохиолч Б.Сарантуяагийн “Сорхугтани хатан” романаар уншигч, зохиолчдын уулзалтыг онлайнаар зохион байгуулж байсан бол “Дэлхийн номын баяр-2022”-ыг шинээр хэвлэгдэн гарсан М.Бат-Очир багшийн “Зүү төөнө засал” ном, Г.Цэрэнчунт багшийн гурван бүтээл, ЭЗУТ тэнхимээс эрхлэн гарсан хоёр ном нийт зургаан номын нээлтийг долоо, долоо хоногийн хугацаатай төлөвлөн зохион байгуулж энэ сард ном унших аяныг амжилттай зохион байгуулж байна. Мөн манай сургууль жил бүр талбай дээр зохион байгуулдаг Үндэсний номын баярт оролцдог.
-Та номын санч мэргэжлээр хэдэн жил ажиллаж байна вэ. Энэ хугацаанд номын сангийн шинэчлэл, хөгжлийн талаар хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Би 1992 онд номын санчаар төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад Соёлын сургуулийг 2003 онд Номын санч-мэдээллийн ажилтан, СУИС-ийг 2011 онд Номын сангийн удирдлагаар төгсөж магисрын зэрэг хамгаалсан. Миний бие улсад 32 жил ажиллаж Соёлын салбарын номын сан, номын сан судлалын чиглэлээр 18 наснаасаа эхлэн ажиллаж хөдөлмөрлөж байна. Сүүлийн 10-аад жил их, дээд сургуулийн номын санд ажиллажээ. Нийтийн номын сан, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын номын сангийн төрөл, зохион байгуулалт, чиг үүрэг ялгаатай ч, хэрэглэгчдэдээ ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх, тэдний мэдлэг оюуны эрэлт хэрэгцээг хангах, орчин үеийн тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, үйлчилгээний шийдлийг нэвтрүүлсэн, тав тухтай нээлттэй орчинг бүрдүүлж ажилладаг.
Мөн мэдээллийн системийн дэд бүтцийг хөгжүүлэх, виртуаль орон зайд суурилсан номын сангийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх цогц шийдэл бүхий хэрэглэгч төвтэй үйлчилгээ үзүүлж, сан хөмрөгөө бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Номын сангийн шинэчлэл өөрчлөлт ахисан түвшинд хүрсэн гэж хардаг. Цаашид дэлхийтэй хөл нийлүүлэн зэрэгцэн хөгжиж, хийх ч зүйл их бий.
-Таны “Дижитал номын сангийн чиг хандлага, зохиогчийн эрхийн шийдэл”, ном цаг үе, нийгмийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн бүтээл болжээ. Залуучууд ихэвчлэн ямар төрлийн ном уншиж байна вэ?
-“Дижитал номын сангийн чиг хандлага, зохиогчийн эрхийн шийдэл” бүтээлийг бичих шалтгаан бол оюутнууд есдүгээр сарын 1-нд хичээл оронгуут бүх хичээлийн номоо цахимаар авъя, цахимаар л ашиглаж байвал бүхий л мэдээллийг үнэ төлбөргүй ашиглаж болно гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Цахим бүтээлийг ашиглахад ямар, ямар хууль эрх зүйн орчин үйлчилдгийг мэддэггүй ирсэн оюутан бүрд хууль дүрэм яриад байх хэцүү л дээ.
Номын сан эрхийн хуулийг ханган биелүүлэх завсрын чухал субьектын хувьд хэрэглэгчдэд зориулж зохиогчийн эрхийн бүтээлийг зөрчил гаргахгүйгээр ашиглахтай холбоотой суурь мэдэгдэхүүн олгох, мэдээ, мэдээлийг хийх, сурталчлах ажлыг үе шаттай системтэйгээр зохион байгуулах шаардлага зүй ёсоор тавигддаг. Ялангуяа их, дээд сургуулийн оюутан, суралцагч, судлаачдад зориулсан анхан шатны мэдлэг олгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймд энэхүү цахим номыг найман жилийн судалгаанд үндэслэн гаргасан.
“Дижитал номын сангийн чиг хандлага, зохиогчийн эрхийн шийдэл” номын редактораар Доктор А.Нансалмаа, эх бэлтгэлийг ЭЗШУИС-ийн оюутны албаны дарга Б.Энх-Амгалан, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн багш Н.Мөнх-Эрдэнэ нар ажилласан. Энэхүү 3D номыг 3D pageflip програмаар дуу, зураг, мультимедиа, видео өгөгдлүүдийг ашигласан их, дээд сургуульд суралцагсад, судлаачид, номын сангийн ажилтан албан хаагч, нийт хэрэглэгчдэд зориулан эрхлэн гаргалаа. Бидний үеийхэн ном их уншдаг хүүхэд, залуу насандаа роман, тууж, яруу найргийн номыг их уншдаг байж, бүр нүүр нь урагдсан номыг хавтаслаж наагаад гар дамжуулаад уншдаг, их сонирхсон номоо хичээл дээр партныхаа завсраар гүйлгээд уншдаг байлаа.
Одоо бол хүүхдүүд уншдаг нэг хэсэг, огт уншдаггүй нэг хэсэг байна. Залуучууд танин мэдэхүй, хүний хөгжил гэсэн номыг их уншиж байна. Номын төрөл ч өөр болж байна. Орчин үеийн нийгэмд ихэнх хүн ухаалаг утас барих болсон. Тиймээс гар утсаараа дамжуулан олон төрлийн сонирхолтой номуудыг унших, сонсох боломж бүрдэж, аудио ном гэхэд л төлбөртэй, төлбөргүй гэх мэт олон төрөл болжээ.
-Номын сангууд хэвлэмэл бүтээлээс гадна дижитал бүтээлээр номын сангийн танхимд төдийгүй интернэтээр дамжуулж хэрэглэгчдэдээ үйлчилж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд их, дээд сургуулийн сурах бичиг, сургалтын материалуудын цахим сан хөмрөг олноор бий болж ашиглах боллоо. Энэ нь зохиогчийн эрхийн асуудлыг хэр хөндөж байна вэ?
-Глобальчлалын үйл явц асар хурдацтай явагдаж байгаа өнөө үед зохиогчийн эрх, түүний олон улсын үндэсний эрх зүйн зохицуулалт нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж, зарим цоо шинэ төрлийн нэр томьёо гарах болжээ. Үүнтэй холбогдуулан, хадгалагдаж байгаа материалыг сэргээх зорилгоор хуулбарлах шаардлага зүй ёсоор гардаг. Тоон мэдээлэлд мөн адил дээрх эрхийг хангасан байх ёстой. Хэрэглэгчид мэдээллээс өөрт хэрэгтэй байгаа мэдээллээ оновчтой хайж олох дадлага, туршлага дутмаг, нөгөө талаас номын сан хэрэгцээт мэдээллээр бүрэн хангах зорилгодоо хөтлөн зохиогчийн эрх зөрчиж байгаа зарим тохиолдлоо анзаардаггүй.
Мэдээллийн сангийн ихэнх бүтээл нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан байдаг ч мэдээллийн сан нь нийтэд нээлттэй байдаг нь эрх зөрчигдөх үндэс нь болж байдаг. Номын сангийн нэг үндсэн үүрэг нь мэдээллийг хадгалах, хамгаалах байдаг. Үүнтэй холбогдуулан, хадгалагдаж байгаа материалыг сэргээх зорилгоор хуулбарлах шаардлага зүй ёсоор гардаг. Номын сангууд энэ чиглэлээр маш их зүйл хийж байна. Номын сан нь зохиогчийн эрхийн хуулийг ханган биелүүлэх завсрын чухал субьект бөгөөд эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчсөн этгээд хариуцлагыг хүлээнэ. Гэрээ, контракт, лиценз нь зохиогчийн эрхийг хамгаалах хуультай нийцтэй байх ёстой.
Хуульд зааснаас илүү нөхцөл, хамгаалалт тусгаж болохгүй зохиогчийн эрхийг хамгаалах технологийн хамгаалалтуудыг хэрэглэхдээ зохиогчийн эрхийн хуульд зааснаас давж хамгаалж болохгүй. Ийнхүү бүтээлийг өөрийн улсын хил хязгаараас гадагш гарган ашиглах буюу дижитал хэлбэрт оруулснаар дэлхий нийтийн сүлжээгээр зохиогчийн эрхийг хамгаалах, олон улсын гэрээ хэлэлцээрүүд бүх улс оронд үйлчилдэг зохиогчийн эрхийн талаарх үндсэн мэдлэг, ойлголттой бүтээлийг ашиглах явдал нэн чухал юм. Яг өнөөдрийн байдлаар цахим хэлбэрээр хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангаж чадаж байна уу гэвэл номын сангууд өөрсдийн үйлчилгээний төрөл, боловсон хүчин, техник, тоног төхөөрмжөөсөө хамаараад шат шатандаа үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Алдаатай, оноотой ч зүйл ч гарч байна.
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, сан хөмрөгөө баяжуулах, орчин үеийн дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх, зохиогчтой гэрээ хийж ажиллах тал дээр бэрхшээл хэр тулгардаг вэ?
-Зөвхөн би өөрийн ажилладаг номын сангаас жишээ авахад Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, сан хөмрөгөө баяжуулж, орчин үеийн дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх, олон улсын мэдээллийн сан, нээлттэй эх үүсвэрүүдийг сургалт судалгаандаа ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна. Номын сангийн суудлын тоо, уншлагын танхимуудыг нэмэгдүүлэх, интерьер дизайны шийдэл тав тухтай, таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг жил бүр үе шаттайгаар шийдвэрлэн ажилладаг.
Манай сургууль анагаахын шинжлэх ухааны сургууль цахим ном хэвлэл уншиж судлах боломж бүрдүүлэн ажиллаж байгаа ч хичээл нь маш хүнд мэргэжлийн хичээлийн ном сурах бичгийг хэвлэмэл хэлбэрээр ашиглах дуртай байдаг. Өөрийн номын сангийнхаа онцлогт тохируулан зохиогчтой гэрээ хийдэг ч багш оюутан, судлаачдын эрэлт хэрэгцээг бүрэн хангах боломжгүй. Гэхдээ бидэнд гарц боломж байна.
Үндэсний цахим номын сан "ESAN”-тай хамтран ажиллаж байна. Үүний ач холбогдол нь өөрийн номын сангийн сан хөмрөгт байхгүй мэргэжлийн чиглэлийн ном, сэтгүүл, гарын авлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, чөлөөт цагаар уншиж судлах бестселлер ном, яруу найраг, уран зохиол, сонин сэтгүүл зэрэг 30 мянга бүтээл контентийг үзэх боломжтой. Хиймэл оюунаар дамжин бүтээлийг сонсох аудио бүтээл сонсох боломжийг бүрдүүлж өгсөн. Интернэтэд байгаа оюуны бүтээлийг ашиглах, дамжуулах, түгээх, татах, холболт хийх зэрэг нь бүгдээрээ зохиогчийн зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаа бөгөөд хэрвээ зохиогч буюу эрх эзэмшигч нь бүтээлийг нийтэд нээлттэй байршуулсан тохиолдолд л чөлөөтэй ашиглаж болох юм.
Би “Дижитал номын сангийн чиг хандлага, зохиогчийн эрхийн шийдэл” номондоо ОХУ-ын шинжлэх ухааны цахим номын сан, Вашигтоны их сургуулийн номын сангаар жишээ авсан манай улсын их, дээд сургууль зохиогчтой гэрээ хийх, анги танхимдаа олон хувь олшруулж, ашиглах сургуулийн багш, оюутан, албан хаагчид өөрсдийн хаягаар орж ашиглах боломжийг бүрдүүлсэн зэрэг нь адил төстэй. Вашигтоны Их Сургуулийн Номын Сан нь жил бүр хэрэглэгчдээ хэдэн мянган электрон мэдээллээр хангахын тулд (өгөгдлийн бааз, мэдээ, электрон сэтгүүл, бүрэн тест гэх мэт) олон тооны хүмүүс, хэвлэлийн байгууллагатай сая сая долларын гэрээ байгуулдаг.
АНУ-д номын сан архивын онцгой нөхцөлд хувилан олшруулах, тараах ажиллагаа нь шууд буюу шууд бус аргаар ямар нэгэн арилжааны агуулга зорилгогүй, зөвхөн анги, танхимд ашиглах зорилгоор олон тоогоор хувилан олшруулахыг зөвшөөрдөг. Мөн зохиогчийн эрх эзэмшигчид өөрийнхөө бүтээлийг хууль бусаар хэрэглэж байгаа этгээдийн хаягийг вэб сайтаар байнга хянаж байдаг. Хэрэв зөрчил гаргасан тохиолдолд сайтыг хаах үүрэгтэй бөгөөд зөрчил гаргасан этгээд эрх эзэмшигчийн өмнө хариуцлага хүлээдэг байна. Эдгээр санааг номын сангууд хэрэгжүүлж болохоор санагддаг.
-Ном унших, номын сангийн үйлчилгээ, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл технологийн хөгжлийг дагаад асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Таны бодлоор Дижитал номын сан Монгол Улсад байгуулах боломжтой юу?
-Дэлхийн номын сангууд хэрэглэгчдэдээ богино хугацаанд чанартай мэдээллээр хангахын тулд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй мэдээллийг эмхэтгэн цэгцэлж, “Цахим мэдээллийн сан”, “Онлайн мэдээллийн сан”, “Сайт”-ууд болон интернет дэх дижитал эх сурвалжуудад тулгуурлан үйлчилгээ үзүүлэхийг зорилго болгон ажиллаж байна. Дэлхийн аль ч орны номын сангуудаар үйлчлүүлэх, хэрэгцээтэй мэдээллээ олж авч, бусад орны номын сангуудтай цахим хувилбараар ном солилцоо хийж өөрийн номын сангийн фондоо дэлхий дахинд нээлттэй сурталчлах өргөн боломжтой болсон.
Харин номын сан болон мэдээллийн мэргэжилтэнүүд нь хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг хангах, ялангуяа, зохиогчийн эрх нь хамгаалагдсан мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэх зорилгодоо үнэнч байх хэрэгтэй. Дижитал номын сан бол миний мөрөөдөл. Гадаад орнуудад үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэхээр Үндэсний номын сангийнхаа санаачилгаар Засгийн газартаа төсөл бичин Музей, Архивын газар, Ай Ти алба, Хүрээлэнгүүд хамтран бүс нутгийн болон орон нутаг, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, аж ахуй нэгжүүдийн хамруулсан үнэ цэнэтэй мэдээллийн сан, хадгалагдсан ном, архив, музейн цуглуулга дээр үндэслэн сонгодог болон орчин үеийн уран зохиол, хүүхдийн уран зохиол, бүтээлүүдийг ард түмний үндэстнүүдийн хэлний сонголттой олон нийтийн мэдээллийн нэгдсэн системийг өндөр түвшинд зохион байгуулдаг.
Дижитал төвүүдээрээ дамжуулан уншигч үйлчлүүлэгчдэд гэртээ хадгалагдаж байгаа хуучин гэрэл зураг, захидал сэлтийг номын санд авчран дижитал хэлбэрт оруулах, улмаар мэргэжилтний тусламжтайгаар метадатаг үйлдэн дижитал номын сангийн сан хөмрөгтөө багтаан олон нийтэд хүргэх боломжийг олгож байгаагаараа номын сан, үйлчлүүлэгчийн хооронд цоо шинэ өвөрмөц харилцаа үүсгэж, Дижитал Хүмүүнлэгийн Ухааныг шинэ түвшинд гарган хэрэгжүүлсэн байна.
Монгол Улсад асар их үнэт цэнэтэй сан хөмрөг, архив, гар бичмэл, газрын зураг, ховор ном, бичлэг, кино, гэрэл зураг, баримт бичиг, төрөл бүрийн цуглууллага, архитектурын зургийг багтаан мэдээллийн нөөцийг шинжлэх ухаан, соёл, боловсрол бүхий л салбараас бүрдсэн дижитал номын сантай болох цаг ирэх байх. Үндэсний төдийгүй олон улс, дэлхийн мэдээллийг нэгтгэн хил хязгааргүй чөлөөтэй нэвтрэх, ашиглах боломжтой шинэ технологоор дэлхийн хөгжилд олон сая цуглуулгаас бүрдсэн, тив, улс үндэстэн дамнасан хүчирхэг дижитал номын сан бий болно гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Номын сангийн салбарт ийм асуудал ярьж бичиж судласан байгаа хүн ховор байдаг. Амжилт Маш хэрэгтэй мэдээлэл байлаа
Шинэ номын сан ашиглалтанд орврл дижитал номын сан болоа уу.
Баярлалаа дахин дахин уншлаа. энэ номыг хаанаас олж авах вэ. \n
нОМЫН САНГЙН САЛБАРЫН АНХНЫ CD НОМ ГАРГАЖСАН ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕВ нОМЫН САНГИЙН САНГИН САЛБАРЫН ХАМГИЙН ЧУХАЛ СЭДИЙГ СУДЛАЖ БИЧИЖ СУРТАЛЧИЛЖ БАЙГАА ТАНД БАЯР ХҮРГЭЕ В МАШ СОНИРХОТОЙ ЧУХАЛ СЭДЭВ МАШ ИХ ЗҮЙЛИЙГ ОЙЛГОЛОО
Яг энэ сэдвээр сургалт авья. Яаж холбогдох вэ
цаг үеэ олсон чцхал сэдвиГ ХӨНДЖЭЭВ БАЯРЛАЛААВ\n
teneg avgai min yarhaas thaachgui uter turgen nudend hargattal hiij uzeech hayamchig teneg avgai nar yarhaas thaachgui