Манай улсад хүнд сурталтай хүмүүс олон. Бусдыг бодохгүйгээр үргэлж өөрийгөө боддог байдлаас үүдэлтэй биз. Өөрийн гаргасан авираа хүнд суртал гэж бодохгүйгээр бусдад хэнэг ч үгүй төвөг удна. Хамгийн энгийн жишээ бол утсаар холбогдох.
Нэгдүгээрт: Хэн нэгэн хүн рүү ярихдаа нэг, хоёр, гурван удаа залгаад авахгүй бол мессэж бичээд үлдээж сурах хэрэгтэй. Завгүй болоод л утсаа авахгүй байна гэсэн үг шүү дээ. Мөн эсрэгээрээ зурвас бичээд үлдээхэд хариу өгөхгүй хүмүүс бий. Ганц хариу өгөхөд нэг минут бүү хэл хагас минутын хугацааг ч зарцуулахгүй шүү дээ. Энэ мэт байдлаар бид бусдад төвөг удахгүйгээр асуудлыг шийдэх боломжтой.
Хоёрдугаарт: Ажлын цаг дууссан үед залгаж, ажлын талаар ярих. Хэрэв анзаарсан бол Монголд ажлын цаг дууссан ч ажил ярихын тулд залгах хүмүүс бий. Авахгүй бол ахин дахин, ахин дахин залгасаар л байдаг. Бусад хүмүүсийн хувийн орон зайд халдаж, ажлын цаг дууссан үед залгах нь оновчтой зүйл биш. Үнэхээр бүдүүлэг үйлдэл.
Гуравдугаарт: Хэр орой, өглөө болсон нь хамаагүй бусад руу залгах. Хүмүүсийн нойроо авах цаг харилцан адилгүй. Тиймээс хэт орой эсвэл өглөө залгах нь бусдад ихээхэн дарамтыг үүсгэдэг. Таны хувьд яаралтай, чухал хэрэг байж болох ч бусад хүмүүсийн хувьд тийм байх албагүй. Хэн нэгэн рүү залгахаасаа өмнө хэзээ залгах гэж буйгаа анзаарах нь чухал юм. Сүүлийнх нь хүнтэй ярих үедээ эхэлж мэнд мэдвэл зохистой. Сайн, муугаа мэдэлцэж, ойрд юу хийж, үйлдсэн зэрэг наад захын яриа хөөрөөний дараа гол асуудлаа ярилцах хэрэгтэй. Танихгүй хэн нэгэнтэй холбогдож байгаа бол өөрийгөө түрүүлж танилцуул. Энэ нь ч бусдад төвөг удахгүй атлаа утсаар зохистой ярих энгийн соёл. Бүх хүн мэдэх хэдий ч өөрийн хэв маягаа болгож чадахгүй үйлдэл юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )