“Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2022.04.20/ боллоо.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь эрчим хүчний шинэ сэргэлтийн бодлогыг шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх угтвар нөхцөлийг бүрдүүлэх, эрчим хүчний дэвшилтэд, шинэ технологийн үүсвэрүүдийг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр явуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дүнг танилцуулах, техник-технологийн шийдлийг санал болгоход оршиж байгаа юм.
Тус хурлыг санаачлан зохион байгуулагч, академич Д.Сангаа хэлэхдээ “Эрчим хүчний системийн бие даасан байдал гэдэг бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд маш чухал. Энэ асуудалд эрчим хүчний мэргэжилтнүүд анхаарах ёстой мэт боловч үнэндээ ШУА-ийн ФТХ-ийн физикийн салбарын мэргэжилтнүүд, их дээд сургуулийн судлаачид ихээхэн сонирхож анхаарлаа хандуулж байна. Яагаад гэвэл, эрчим хүчний асуудлын гол тулгуур нь физикийн хуулиудаар үндэслэгддэг эрчим хүчний үүсгэрүүдийн дизайн, хийц ашигт үйлийн коэффициент гэдэг бол математик дээр суурилдаг.
Тиймээс манай физик, математикийн судлаачид анхаарахаас аргаггүй юм. Нөгөөтэйгүүр дэлхий дахинд энергийн шинэ эх үүсвэрүүд бий болж байна. Өөрөөр хэлбэл хиймэл нарыг яаж дэлхий дээр мандуулах вэ гэдэг бол манай энергийн эрчим хүчний алс холын асуудал. Энэ бүхэн явж явж эрчим хүчтэй холбоотой юм. Тиймээс ШУА-ийн Физик-Математик-Имформатикийн чуулганы эрдэмтэд санал гаргаад Техник, технологийн салбарын бага чуулгантай хамтраад монголын хөгжилд чухал ач холбогдолтой энэ салбарын тухай цогцоор нь ярилцах ажлыг зохион байгуулж байна” гэлээ.
“Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч” эрдэм шинжилгээний хурал нь цахим болоод танхимаар хослон явагдлаа. Хуралд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, эрчим хүчний үйлдвэрүүдэд ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид, инженерүүд давхардсан тоогоор нийт 126 хүн, 47 илтгэл ирүүлснээс өнөөдөр 24 илтгэлийг хэлэлцүүлжээ.
Хурлыг нээж Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ: Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2022 онд тохиож байгааг онцлоод “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ыг 2020 онд, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны өмнөхөн батлан гаргалаа.
Улсын урт хугацааны болон дунд хугацааны дээрх бодлогуудад эрчим хүчний салбарын өмнө тусгагдсан нэг томоохон зорилт нь эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хөгжүүлэх асуудал юм. Иймээс салбарын 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлуудын нэг хуралдааны үндсэн сэдэв нь энэхүү зорилтод чиглэгдсэн бөгөөд эрдэмтэд, судлаачид, шинийг санаачлагч инженерүүдийнхээ санал санаачилга, бүтээлийг олны хүртээл болгох, салбарын цаашдын хөгжилд уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчтэй хамтад нь авч үзэж зорилготой юм.
Ер нь манай улсын эрчим хүчний эх үүсвэрийг бүтцийн хувьд улс орныхоо цахилгаан, дулаан хангамжийг хамгийн эхний ээлжид найдвартай хангахад чиглүүлэн чадлын дутагдлыг арилган, аль болох импортыг багасгахад чиглүүлж ажиллаж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг орхигдуулалгүй дэмжиж хөгжүүлэх ёстой. 2030 он хүртэл чадлын дутагдалгүй болохын тул 1000 МВт-аас доошгүй чадлыг ДЦС-д тулгуурлан бий болгох, өндөр нам хүчдэлийн түгээх сүлжээнд бага чадлын тархмал нар, салхи, усан станцуудыг холбон сүлжээний үр ашгийг дээшлүүлэх ажлыг бид өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан хийж болно гэж үзэж байгаа.
Дэлхий нийт нүүрснээс татгалзаж байгаа өнөө үед өөрийн орны нүүрсний нөөц баялгийг хаягдал багатай, экологи, эдийн засгийн хувьд үр ашигтай байж болох цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлж хэрэгтэй болж байна. Дэлхийн болон манай орны эрчим хүчний салбар нэг хэсэгтээ нүүрсэнд тулгуурлах нь зайлшгүй. Харин нүүрсийг боловсруулж ашиглах судалгаа шинжилгээг эрт эхлүүлж, тухайлбал: нүүрс устөрөгчийн энерги буюу метанол гаргах, нүүрсний хийг ашиглах шийдлийг боловсруулах, ирээдүйн ийм төрлийн станцуудыг байгуулж эрчим хүч үйлдвэрлэх болно гэж үзэж байгаа.
Түүнчлэн, манай улс нүүрс, нар, салхины эрчмийн нөөцөөр баян орон. Эл баялагтаа тулгуурлаж эх орныхоо эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах төдийгүй экспортлогч орон болох ёстой” гэсэн юм.
Хурлын нээлтийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Аливаа улс орны тогтвортой хөгжлийн нэг гол баталгаа бол эрчим хүчний бие даасан байдал юм. Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг нь эрчим хүчний асуудал байдаг. “Эрчим хүчийг хэн захирч байна, тэр дэлхийг зална” гэсэн үг бий. Энэ бол яах аргагүй үнэн. Монгол улсын хувьд эрчим хүчний тогтолцоогоо тасралтгүй хөгжүүлсээр өнөөгийн түвшинд хүргэж ирсэн явдал бол үе үеийн манай эрчим хүчний инженер, технологийн ажилчид, энэ чиглэлийн эрдэмтэн судлаачид, төр засгийн бодлогын бодит үр дүн гэж бид харах ёстой. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэх илтгэлүүд олон чухал сэдэвтэй, илтгэлийг тавьж байгаа илтгэгч нар нь Монгол улсын эрчим хүчний салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид, менежерүүд байгаа нь хурлын хөтөлбөрөөс ойлгомжтой харагдаж байна. Ийм шилдэг эрдэмтэд салбартаа онцгой анхаарал тавьж, монгол улсад эрчим хүчний орчин цагийн тогтолцоо үүссэний 100 жилийн ойн хүрээнд илтгэлээ тавихаар ирсэн явдалд баяртай байна.
Газраас олборлодог түүхий эдээр эрчим хүч үйлдвэрлэх явдал ойрын ирээдүйд хязгаарлалтад орох нь тодорхой учраас бид дараагийн асуудлаар өнөөдөр санал, бодлоо ярилцах байх гэж бодож байна. Одоо төр засгийн бодлого зарим асуудал дээр бодож өгөхгүй байна. Нэгдүгээрт, Нарны эрчим хүчийг яах ёстой юм бэ? Энэ төр засаг тодорхой зорилготой дуугарах ёстой.
Талбай дээр гарч ирээд Цөмийн эрчим хүчийг эсэргүүцдэг хүмүүсийг аяыг дагаж бодлогоо гаргахгүй удах тусам асуудал хүндэрнэ гэж би бодож байгаа. Тиймээс төр засагт дэмжлэг болж энэ хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг та бүхэн хэлж өгөх ёстой. Яагаад гэвэл мэргэжилтнүүд та нарын хэлсэн, хэлэх үгийн ард шинжлэх ухаан байгаа. Хоёрдугаарт, нүүрстөрөгчийн эрчим хүчийг бид нар яах вэ. Үүнийг монгол улс хөгжүүлэх үү, үгүй юу? хэрвээ хөгжүүлэх юм бол бид одооноос, өнөөдрөөс анхаарал тавьж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөө хуваарилаад явах ёстой. Ингэхгүй бол бид бас л хөгжлийн галт тэрэгнээс хоцорчих асуудал байгаа.
Мэдээж хэрэг монгол улс нүүрсний асар их баялагтай орон. Би зөв бодож байгаа бол 170 тэрбум тн нүүрсний нөөцтэй гэж үздэг. Хэрвээ дэлхий даяар нүүрснээс татгалзаад эхэлбэл энэ нүүрсийг яах вэ гэдэг асуудал гарцаагүй тулгарна. Тиймээс нүүрс химийн салбарынхан одооноос нүүрсийг гүн боловсруулах асуудал руугаа анхаарлаа хандуулаад явбал энэ нь цаад агуулгаараа эрчим хүчний салбарын болоод улс орны хөгжлийг дэмжиж байгаа хэрэг.
Монгол улсын газраас дэвшүүлэн тавьж УИХ-аар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг гол хэсэг нь Эрчим хүчний сэргэлтийн асуудал байгаа. Эрчим хүчний сэргэлтийн асуудал гээд хамгийн түрүүнд Атомын цахилгаан станц байгуулаад явах уу, эсвэл хугацаа алдаж байхаар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг байгуулах уу. Монгол улсын хөгжилд аль хэрэгтэй вэ гэдгийг эрдэмтэн докторууд та бүхэн хэлж өгөх ёстой. Зөвхөн энэ хоёр жишээ ч биш, өөр бусад станцуудын судалгаанууд дээр судлаачид өөрсдийн байр суурийг заавал илэрхийлж байх ёстой гэж би боддог” хэмээн онцоллоо.
Гадны бусад орны туршлагаас үзэхэд засаг төрөөс аливаа алсын хараатай даацтай шийдвэр гаргахдаа заавал эрдэмтдийн саналыг тусгасан байдаг. Тиймээс энэ хурлын үр дүнд гарсан зөвлөмжийг төр засаг хүлээн авч бодлого шийдвэртээ тусгана гэдэгт итгэлтэй байгаагаа зохион байгуулагчид хэлж байна. Мөн өнөөдрийн хурлын сэдэв “Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч” нэршлийн тухайд тэд энэ нэрээрээ тэд олон зангилаа асуудалд хариулт өгөхийг зорьжээ. Тодруулбал, эх үүсвэр гэдэг нь өнөөдөр манай улс V цахилгаан станцаа байгуулах уу, үгүй юу гэдгээ шийдээгүй байж дахиад л Атомын цахилгаан станц барья гэдэг. Үүний хариултыг энэхүү эрдэм шинжилгээний хурлаас олох. Харин альтарнатив эрчим хүч гэдэг бол уламжлалт эх үүсвэр дээр нэмээд салхи, нар, газрын гүнийн дулаан, хий гэх мэт энэ бүгдийг ашиглая гэсэн санааг багтаажээ.
Сэтгэгдэл ( 0 )