М.Бадамсүрэн: Хүний буруутай үйлдлээс болж түймэр гарсан бол хохирлыг нөхөн төлүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Дорнод аймгийн Халхгол сумын нутгийг хамарсан ой хээрийн түймрийг өнөөдөр /2022.04.21/ өглөө 05.00 цагийн орчимд цурманд оруулж унтраасан байна. 4-р сарын 18-ны өдөр дэгдсэн ой хээрийн түймрийг унтраахаар Хилийн цэрэг, Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын ЗДТГ-ын ажилчид, иргэд, газар тариалангийн компаниуд хамтран ажиллажээ. 

Энэ талаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Түймэр гарснаас хойш унтрах хүртэлх хугацаанд салхины хурд 10-14 м/с хүрч байсан бөгөөд байгалийн саад ихтэй, өвс өндөр ургасан бүс нутаг учраас түймрийг унтраахад ихээхэн хүндрэлтэй байсан. Тус түймрийг унтраах үйл ажиллагаанд Халхгол сумын Онцгой байдлын анги, сумын иргэд, Хилийн ангиуд, Газар тариалангийн аж ахуйн нэгжүүдээс трактор, техник хэрэгслүүд, Газрын тосны аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд ажилласнаас гадна аймгийн төвөөс Онцгой байдлын алба хаагчид нэмэлтээр очиж ажилласан. Аймгийн Онцгой комиссын хуралдаанаас тухай бүр нь түймэр гарах болсон шалтгаан нөхцөлийг шуурхай тогтоож, хэрвээ хүний буруутай үйл ажиллагаанаас болж түймэр гарсан бол хуулийн хариуцлагыг тооцож, хохирлыг нөхөн төлүүлж ажиллахыг холбогдох сумын Засаг дарга нар, Байгаль орчны байгууллага, Онцгой байдлын алба, Цагдаагийн байгууллагад үүрэг чиглэл өгч байгаа. Хуурайшилт ихтэй хавар, намрын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж хэрэгжүүлж ажиллаж байгаа хэдий ч зарим нэгэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас түймэр дэгдэж байгаль орчинд үнэлж баршгүй ноцтой хохирлыг учруулсаар байна" гэлээ. 

Дашрамд өгүүлэхэд, өчигдрийн мэдээллээр Халхголд суманд гарсан түймэр сансрын зургаар гурвалжин хэлбэр үүсгэн 150 км гаруй газар нутгийг хамарч, алаг цоог асч байсан юм. Түүнчлэн байгаль, газар зүйн онцлогоос шалтгаалан ихэвчлэн явганаар түймэр унтраасан байдаг. Мөн түймэр гарсан шалтгааныг хилийн заставын хогийн цэгээс гарсан байж болзошгүй гэсэн анхны таамаглал байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top