Монгол Улсын Засгийн газраас 2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцсэн. Энэ сарын 07-ны өдөр эхэлсэн "Өөрсдөө хэмнэ, ажлаа хий" уриатай залуусын тайван жагсаалын дараа Засгийн газар хэмнэлтийн горимд шилжинэ гэдгээ амласан. Хэмнэсэн мөнгөөрөө иргэдийн амьжиргааг дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулна хэмээн хэлэлцэж буй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын төслөө танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэлсэн. Энэ оны төсвийн тодотголын хоёрдугаар бүлэгт Үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжих тухай заасан байдаг.
Тус бүлэгт Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор төлөвлөсөн. Мөн энэ буцаан олголтыг 2022 он дуустал хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа. Тиймээс энэ асуудал иргэдийн дунд талцал үүсгэсэн. Түүнчлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгохдоо аж ахуй нэгж, байгууллагаар нь бус тухайн ажилтны цалингийн хэмжээгээр хязгаарлах нь зүйтэй гэсэн санал оруулсан гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдсэн юм.
Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнхбаяр “Манайх шийдвэр гаргагч бус хэрэгжүүлэгч чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс хуулийн төсөл эхний хэлэлцүүлэг дээрээ явж буй энэ үед буцаан олголтыг үед ямар журмаар яаж олгох талаар мэдээлэл бидэнд алга. Хуулийн төсөл дэмжигдэж албан ёсоор батлагдвал тухайн үед нь холбогдох журам нь тодорхой болно” гэж хариуллаа. Харин энэ талаар иргэд өөр өөр байр суурь илэрхийлж байна. Тэдний зарим нь нийгмийн даатгалын шимтгэлийнхээ тал хувийг буцаан авахыг зөв гэж үзсэн бол нөгөө хэсэг нь эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байлаа.
ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АШИГЛАЖ, МӨНГӨ АМСУУЛЧИХ ГЭЭД БАЙНА УУ ДАА...
Төрийн байгууллагын ажилтан Н.Б 32 настай эрэгтэй
-Миний хувьд буцаан олголтод хамрагдахгүй юм шиг байна лээ. Учир нь миний цалин нэг саяас дээш төгрөгөөр бодогддог. Буцаан олголтыг олгохдоо цалингын хэмжээгээр нь ялгах дэмий. Үүнийг би мөнгө тараалт гэж харахгүй байгаа. Хүмүүсийн амьдралд их бага гэлтгүй мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч энэ мөнгийг зүгээр аваагүй. Ажлаа хийж, татвараа төлсөн болохоор авсан нь зөв. Харин ингэхдээ авдаг цалингаар нь ангилах нь шударга бус байна. Хэрэв ингээд юм бүхэн дээр ялгаварлаад байвал нийгмийн давхаргын том ялгаа үүсэх эрсдэлтэй.
Оюутан Б.Бат-Орших 20 настай эрэгтэй
-Насаараа нийгмийн даатгалаа төлөөд л байдаг дараа нь үр ашиг нь олигтой гардаггүй санагддаг. Даатгуулагч тэтгэвэрт гарахад нь сайндаа л 50 мянган төгрөг нэмж өгч буй мэт л санагдах болсон. Буцаан олголт гэхээр бас л НӨАТ шиг бага мөнгө орох байх гэж бодож байгаа. Энэ оныг дуустал сар бүр 50 хувийг нь буцаан олгоно гэдэг нь миний хувьд ард иргэдээ хуурсан, түр зуур аргацаасан үйлдэл мэт санагдсан. Өмнөх туршлага шигээ “Ингээд л нэг аргалчихдаг даа” гэсэн танил зүйл мэдрэгдээд байна. Нийгмийн даатгалын шимтгэлд авдаг хувиа бууруулна гэдэг бол өөр асуудал. Өнөөгийн нийгэмд хүмүүс цалин, тэтгэвэр хүрэлцэхгүй байна, барааны үнэ өсөж байна гэж шуугьж байна. Үүнийг далимдуулж багахан мөнгө амсуулчих гээд л байна даа.
НИЙГМИЙН ДААТГАЛАА НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖИЙГ ДАХИН ОЛГООЧ
Хувийн байгууллагын ажилтан Г.Б 28 настай эрэгтэй
-Саяас дээш төгрөгийн цалинтай болохоор буцаан олголтыг нь авахгүй. Мөн энэ шийдвэр зөвхөн ажилтан бус ажил олгогч талыг ч ялгаварлаж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ мянга төлөөд улсын эмнэлгээс үйлчилгээ авч чадахгүй байна шүү дээ. Тиймээс арай бага хувиар шимтгэл аваад тэтгэврийн санд хуримтлуулбал зүгээр санагдсан. Төлөх үгүй нь аж ахуй нэгж, ажилтны шийдэх асуудал болж болно. Бүхий л зүйлс дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой гэдгээр боож бас болохгүй. Тодорхой төлөх ёстой хэмжээгээр нь авбал зүгээр байх. Өндөр дүнгээр шимтгэл авах нь ялангуяа байгууллагуудад маш хохиролтой байгаа санагддаг. Төлөөд л яваад байхад буцаан олголт байхгүй, байнга өрөнд орж байна шүү дээ.
Сайн дураараа нийгмийн даатгал төлөгч иргэн Ж.Б 54 настай эмэгтэй
-Яриад, хэлэлцээд байгаа буцаан олголт миний хувьд хэрэгтэй байгаа. Бидэн шиг байгууллагаас нь албан журмаар аваад татвараа төлдөггүй хүмүүст заримдаа хүндрэл үүснэ. Буцаалт өгч байгаа гэдгийг нь сонсоод нэг жил ч гэсэн авъя гэж бодож байгаа хүмүүс байгаа. Энийг мөнгө тараалт гэж бодохгүй байна. Би бол шуудхан л жилээр нь төлчихмөөр санагдаж байна. Тэтгэвэрт гарах нас маань ч дөхлөө. Тиймээс бүрэн төлөөд, төлсөн мөнгөнийхөө хувийг ганц жил ч болтугай авсан нь амьдралд дэмтэй. Миний хувьд төрд ажиллаж байсан туршлага үгүй. Аравдугаар анги төгссөн цагаасаа хувиараа бизнес эрхэлж амьдарч байна. Мөн нэг хэсэг нийгмийн даатгалаа төлөөгүй сар, жилийнхээ мөнгийг нөхөж өгөх боломж нээгдсэн. Энэ нь олон хүнд тус болсон гэж санадаг. Үүнийг дахин хэрэгжүүлээсэй.
ТӨСӨВЛӨЖ БУЙ МӨНГӨӨРӨӨ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙ
Төрийн байгууллагын ажилтан Б.Б 24 настай эмэгтэй
-Нийгмийн даатгалын шимтгэлийг бидний ирээдүйд зарцуулагдах мөнгө гэж ойлгодог. Гэтэл үүнийг нь буцаагаад өгчихөөр бидний ирээдүйд авах тэтгэврийн мөнгө хаачих вэ, хорогдох уу гэсэн асуудал гарна. Тиймээс хуулийн төсөл боловсруулахдаа энэ тал дээр анхаарч байгаа юу гэдгийг мэдмээр байгаа. Миний хувьд энэ буцаан олголтыг өгөхгүй байсан нь дээр гэсэн байр суурьтай байна. Хэрэв үнэхээр буцааж өгмөөр байвал цалингаар нь ялгалгүй хүн бүрд л өгөх хэрэгтэй. Адилхан л шимтгэлээ төлж байхад өгнө, өгөхгүй гэдэг нь онцгүй санагдаж байгаа. Хоёрын хооронд хэдхэн сар буцаалтын мөнгө өгч байхын оронд төсөвлөж буй 172 тэрбум төгрөгөөрөө бүтээн байгуулалт хийж, ядаж хотоо цэвэрхэн болгомоор юм. Жилийн жилд улаан шороо манарсан, аймшигтай бохир хотод амьдармааргүй байна шүү дээ. Ирээдүйд бид тэтгэвэрт гарах үед инфляц өсчихсөн л байна.Тиймээс тэр үед бидэнд тэтгэвэр өгч хүрэхүйц мөнгө нийгмийн даатгалын санд үлдэх ёстой. Мөн тэр мөнгөөр бүтээн байгуулалт өрнүүлж, төслүүдийг санхүүжүүлэн эргэлдүүлж өсгөх ёстой гэж боддог. Энэ мөнгийг өглөө гээд баяжих хүн байхгүй шүү дээ.
Хувийн байгууллагын ажилтан Г.Т 36 настай эрэгтэй
-Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголт авах хүмүүст би багтахгүй юм билээ. Ер нь бол төр иргэддээ тэгш үйлчлэх ёстой. Гэтэл хамгийн их хувиар татвар төлж буй хэсгийн иргэдээ ялгаварлаж байгаа нь таалагдахгүй байна. Энэ төрлийн хүмүүс л нийгмийн даатгалын санд илүү их өгөөж өгч байгаа даа. Систем нь иргэдээ ялгаварлаж байгаа нь илүү цалин авсан хэсгээ хохироож буй мэт санагдаж байгаа. Ерөнхийдөө зарим талаар нь хардвал бага цалин өгөөд халамж өгөх сонирхол байгаа юм уу ч гэж бодох юм. Энэ бол шуудхан хэлэхэд нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэг шиг л юм болж байна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )