Манант хот

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

Энэ явдал яг өнөөдрийнх шиг усархаг бороотой бямба гарагийн өглөө эхэлсэн юм.

Амралтын өдөр учраас сурсан зангаараа тэр 10:00 цаг хүртэл унтаад, өндөг шарж хоёр талхтай идчихээд зөөврийн компьютерээ асаан суулаа. Дутуу орхисон өгүүллэгээ үргэлжлүүлэхээр шийдсэн ч бодол санаа нь хоосорсон лонх шиг оргиж, дотор нь эвгүйцсэнд босч цонхоор ширтлээ. Бороо хүрхрээ шиг асгарч байгааг харж зогссон тэрээр гэнэтхэн гутлаа өмсөж, хүрмээ аваад гэрээсээ гарав. Таван давхарын явган шатаар бараг л гүйх шахам буусан ч гадагшаа гарахын өмнөхөн хэсэг зогсов. Гэлээ ч хүрэмнийхээ захыг босгоод усан бороон дундуур тэр гудамж уруудан алхалаа...

Манант хот ихэнхдээ манан бүрхсэн байдаг болохоор ч ингэж нэрлэсэн байж магад. Харин жилийн яг өдийд хувингаар асгах шиг бороо ордог юм. Бороонд дуртай учраас тэр энэ хотод шилжиж иржээ. Гэхдээ эндхийн бороо түүний хүүхэд байхад ордог байсан борооноос огт өөр. Бага байхад ээж нь сэвлэгийг нь илбэх шиг тийм зөөлнөөр бороо шивэрч, ихэнхдээ хачин гоёмсог солонго татдаг байсан юм. Ер нь тэр багын л бороонд дуртай байжээ...  

...Даваа гаригийн өглөө түүний ажил дээр маш сонин зүйл боллоо. Учир нь сүүлийн арван жилийн туршид 08:00 цаг гэхэд ажил дээрээ ирчихсэн суудаг тэр алга. Бүр маргааш нь ч, лхагва гаригт, баасан гаригт ч ирсэнгүй. Утас нь холбогдохгүйд аргаа барсан эрхлэгч нь бямба гарагийн өглөө түүний гэрлүү очиж, юу тохиолдсоныг олж мэдэхийг туслахдаа даалгаад гэртээ харьжээ. 

* * * *

“Босоорой миний хүү” гэсэн ээжийнхээ зөөлөн дуунаар тэр эрхлэнгүй сэрлээ. Ээж нь түүнийг энхрийлэн үнсээд чихэнд нь “Бороо орж байна” гэж шивнэв. Бүрэн хувцаслаж дууссан тэрээр өрөмтэй талхнаасаа хэд хазан дутуу орхиод гадагш гарлаа. Саахалтынх нь ах, дүү хоёр аль хэдийнээ гадаа гарчихсан нүцгэн хөлөөрөө газарт шингэж амжаагүй борооны усыг туучин гүйлдэнэ. Тэр ч тэдэнтэй нэгдлээ. Хэсэгхэн цагаан үүлнээс зөөлөн бороо шивэрч, зүүн уулын орой дээгүүр мандсан өглөөний нарны гэрэлд болор адил гялтганана. Болор гэснээс тэр түүнийг ганц л удаа харж байжээ. Өнөөх л саахалтынхаа ах дүү хоёртой дэггүйтэж явахдаа тэд хойд ууланд гарчээ. Ягаан өнгийн талст хэлбэртэй жижигхэн чулуу яагаад ч юм түүний анхаарлыг татаж, таг гөлрөн зогсов. Ах, дүү хоёртой хамт яваагаа, тэр бүү хэл хаана буйгаа ч хэсэгхэн хугацаанд мартаж орхиж.

Харин түүнийг нэрээр нь дуудах үед гэнэтхэн сэхээ орж өнөөх “гайхамшиг”-т зүйлийг аваад халаасалчихжээ.  

Түүнээс хойш ганцаараа байх үедээ өнөөх чулуугаа гаргаж үздэг болов. Харах бүр л түүнийг чулуу ямар нэгэн байдлаар татаж, энэ дэлхийн хамгийн сайхан зүйлийг өөрийн гартаа оруулсан юм шиг санах болжээ. Нэг удаа байшингийнхаа сүүдэрт гудас хаяад хэвтэж байхдаа өнөөхөө гаргаж ирээд наранд гялбуулан нэг нүдээ онийлгон харж байхад нь аав нь хүрээд ирэв. Тэр аавыгаа ингэж уурлаж байхыг үзээгүй билээ.

Энэ зүйлийг чи хаанаас авсан, хэл! хэмээн уурлаж, анх удаа түүнийг гурамсан чөдрөөр гөвдрүү суутал гурван удаа ороолгожээ. Тэгээд аав нь хэсэг зуур тамхи татаж, жаахан бодолхийлж сууснаа, түүнд хандан:

-Миний хүү наад чулуугаа анх байсан газар нь аваачиж тавь. Эцэг өвгөдийн үеэс шүтэж ирсэн “Гэрэлт хайрхан”-аасаа дахиж юу ч битгий аваарай. Тэгээд ч “Байрнаасаа хөдөлсөн чулуу байраа олох гэж гурван жил зовдог юм” гэж хэлжээ.

Хүү ч эхэр татан уйлж суухдаа чухам юу ярьсныг нь ойлголгүй үлдсэн бөгөөд гагц “гайхамшиг”-аасаа салахаар болж буйгаа л ойлгож байж. Ингээд аавын хэлсэн ёсоор анх байсан газар нь аваачиж “салах ёс” хийх хэрэгтэйг ойлгосон тэрээр хойд уулаа чиглэн ганцаар явав. Хамгийн хачирхалтай нь тэр шууд яваад л өнөөх алганд багтдаг жижиг чулууны анх байсан газрыг, тэр бүү хэл ормыг нь хүртэл олчихов. Гэсэн ч тэр чулууны оромны газарт өнөөхөө атгасан хэвээр нилээд суув. Эцэст нь тэрээр бүхнийг орхиод явахаар шийдсэн хүн шиг шийдэмгийгээр босч, баруун гартаа атгасан чигээр гэр лүүгээ гүйжээ.

Харин гэртээ юмуу, өөртөө байлгах аюултайг ойлгосон учраас ойролцоох зурамны хуучин нүхэнд нууж, өдөртөө нэг ирж үздэг болсныг түүнээс өөр хэн ч мэдээгүй билээ.

****  

Ус туучин баахан гүйлдсэн тэд морины уяаны цаахантай татсан солонгыг барих гэж хэсэг оролдов. Гэрээсээ ч нилээд холджээ. Энэ хооронд бороо намдсан учир тэд мөөг түүхээр явлаа. Эндхийн хүүхдүүд бороонд дуртай шигээ бороо намдахыг бас хүлээдэг. Учир нь гэрийн буйрын чинээ газар хананы шийрний мөр шиг тойрог болон хагас дугуй хэлбэртэй мөөгөн хүрээнээс цагаан мөөг түүхийг тэсч ядан хүлээнэ. Ядаж байхад бороо намдсаны дараахан л мөөгнүүд суга, суга гараад ирнэ. “Хурган цагаан” гэж нэрлэдэг тэрхүү мөөгийг ихэд хичээнгүйлэн түүж ирэх бөгөөд түүнийг нь ээж нь хэлхэж хатаах бол арай томхоныг шилж аав нь давсаар амтлан ил гал дээр шарж түүнд өгнө. Өрөмтэй хольж идэх хичнээн амттай байдаг гэж санана.

Тэр сурсан зангаараа түүсэн мөөгөө бороонд нэвт норсон цамцаараа ороон тэвэрсээр гэртээ орж ирэв.

-Өө миний хүү. Яасан их мөөг түүгээ вэ? хэмээн ээж нь солих хувцас гаргаж өгөв. Харин энэ хооронд аав нь

-Хамаагүй их битгий мөөг түүгээд бай. Тэнгэр задалж бороо оруулаад, бороонд норсон мал олигтой таргалдаггүй юм шүү дээ гэж түүнд хандсан уу, эсвэл ганцаараа ярьсан уу аль нь үл мэдэгдэх хоолойгоор өгүүлэв. Тэгээд мод толгойтой тамхиа асааж цээж дүүргэн соронгоо,

-Муу хүүгээ эртээд арай л хэтрүүлчих шиг боллоо доо. Гэхдээ яахав зодуулах аавтай байх сайхан гэдэг байх аа. Тэгээд ч эцэг өвгөдийн шүтээн Гэрэлт хайрханаа хайрлах ухаан, байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцахыг сургахсан л гэж бодох юм даа хэмээн ээжтэй нь ярилцаж байхыг сонсчээ.

****

Нэгэн бямба гарагийн бороотой хамт түүнийг алга болсноос хойшхи долоо дахь даваа гараг эхлэхэд ажлынхан нь бараг л мартаж байлаа. Чухам энэ л өдөр тэрээр зорьсон газраа иржээ...

...Тэр хэд хоног нэг эмэгтэйг зүүдэлжээ. Эсвэл тэр эмэгтэй түүнд зүүдлэгдсэн ч байж болно. Гэхдээ энэ нэг их чухал биш юм.

Хаашаа ч харсан битүү цасан дунд арьсан дээл өмсөж, үсээ хоёр салаа сүлжсэн залуухан бүсгүй түүний өөдөөс инээж байх боловч юу ч үл дуугарна. Гагц тэр л ганцаараа ярьж, түүний нэрийг асууж, өөрийгөө хаана байгааг мэдэхийг оролдох ч бүсгүй инээсээр л байх аж. Энэ зүүдэндээ тэр үргэлж л бүсгүйрүү тэмүүлэх боловч хичнээн явлаа ч тэр хоёрын хоорондох зай багассангүй...

Харин тэр нэг бямба гарагийн өглөө урьд шөнийн зүүдээ цонхоор харж зогсохдоо санасан байна. Зүүдэнд нь өнөөх л бүсгүй талимааран инээж байхдаа нэрээ Амирлан гэж танилцуулаад Цагаан Хайрхан гэдэг газар амьдардаг хэмээн хэлжээ. Амьдардаг газар, бүсгүйн нэрийг санасан даруйдаа тэрээр гэрээсээ гарч, гудамж уруудан ойролцоох бичгийн хэрэгсэлийн дэлгүүрээс газрын зураг худалдан авчээ. Үүнийхээ дараагаар өдөр бүрийн 14:00 цагт орж аяга кофе, хөнгөн зууш авдаг газартаа сууж өнөөх газрын зургаа нэг бүрчлэн харав. Энэ бүхэндээ бараг хоёр цагийг зарцуулж байж газрын зураг дээр улсынх нь хилийн орчим маш жижигхэнээр тэмдэглэсэн “Цагаан хайрхан” гэсэн бичгийг олжээ. Мөн гэдэгт нь ч  итгэжээ. Тиймээс л тэрээр цалингаасаа илүүчилж хийсэн хэдэн төгрөгөө банкнаас аваад шууд л замын унаанд суужээ. Тэр өнгөрсөн бүх хугацаанд замын унаа, нийтийн автобус, морин тэрэг гээд бараг л бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчиж, хүрэх ёстой газраа чиглэн явжээ. Хамгийн сүүлд тэрээр өөр нэгэн томоохон хотоос олон улсын галт тэргэнд суув. Билет шалгагчид хаа хүрэх гэж яваагаа хэлсэн тул хэсэг хугацааны дараа түүнийг буух болсныг санууллаа.

*****

Алс газрын жижиг өртөөнд тэр ирлээ.

Түүнийг ирэхийг хэн нэгэн мэдээгүй, угаас таних хүн байхгүй болохоор хэн ч тосох билээ. Галт тэрэгнээс буухад л өсч төрсөн газар шиг нь дотно санагдаж байлаа. Тэрээр халааснаасаа тамхи гаргаж асаан, өртөөний жижиг модон сандал дээр суун шуналтайгаар соронгоо гэрээсээ гарснаас нь хойш огт санаанд нь буугаагүй ажлынхаа талаар анх удаа бодож, бугуйн цагаа харав. Цаг 16:30-ыг заана. Гэнэтхэн эрхлэгчийнх нь уурлахаараа үлээсэн шаар шиг бөмбийгөөд, өтгөн мананг нэвтэлж ядан гэрэлтэх өглөөний нар шиг царай гаргадагийг нь бодон түс хийтэл инээв. Харин түүний эл бодлыг таслан бороо ганц нэг дусалж, тэр анх удаа дэмий ч наашаа ирэв үү? гэж бодлоо. Хэсэг хугацааны дараа бороо яг л Манант хотынх шиг ширүүнээр асгаж эхэлсэн нь бодлоо улам бүр зөвтгөх шалтаг болжээ.

Өртөөний байр гэж жижиг дүнзэн байшин байх бөгөөд түүнийг орвол өртөөний ажилтан бололтой нэг эмгэн суух аж. Хөх өнгийн алчуурыг эрүүвчилж зангидаад богино ханцуйтай бор өнгийн дан дээл өмссөн нь түүнийг үлгэр дотор ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлжээ. Нүднийхээ хуучин шилэн дээгүүрээ өнгийж харах эмгэн:

-Хэрэг зориг хэнд вэ?

-Хэт нутаг хаана вэ? гэж юу юугүй асуух юм шиг санагдав. Гэвч тэр ингэж асуухаас нь өмнө тэндээс гарлаа. Эмгэн яг ингэж асуух байсан ч байж мэдэх юм.

Гадаа гараад юу ч бодолгүй тэнгэр харж зогссон түүнийг

-Сайн байна уу? гэх ялдам хоолой самгардуулав. Хажуу тийшээ харвал зүүдэнд ороод, эсвэл орж ирээд байсан өнөөх бүсгүй дүрээрээ мөн байлаа. Гайхаж балмагдсан тэр хариу дуугарсангүй. Харин бүсгүй

-Чамайг өнөөдөр л ирэх байх гэж бодсон юм. Өвөөгийн төлөг ер алдаж байгаагүй л дээ. За тэгээд явах уу? гэсэн үгсийг дуржигнуулаад жижиг гар цүнхийг нь аваад цааш алхав. Өөрийгөө сэрүүн байгаа эсэхэд эргэлзсэн тэр дуугүй л дагахаас өөр аргагүй болжээ. Өртөөний хашааны гадаа жижигхэн хонх зүүсэн морин тэрэг байна. Загал далтай ганган хул морь хөллөжээ.

Амирлангийнх энэ өртөөнөөс нэг их холгүй байх агаад тэрээр өвөөтэйгөө хамт амьдардаг ажээ. Энэ жил 21 нас хүрч байгаа түүнийг ухаан орсон цагаас хойш л хоёр бие биендээ хань болон тэртээ дүнхийх уулын энгэрт амьдарчээ. Тэр хоёр жилийн дөрвөн улиралд энэхүү уулаа л тойрч амьдрах учир суурин газраас хаа л нэг тэднийхийг зорьж хүмүүс ирдэг байна. Бүсгүй өвөөгийнхөө яг хэдэн настайг мэддэггүй, түүний мэддэг ганц зүйл нь өвөө нь шагай хаяж мэрэг хийдэг, тэр нь хэзээ ч алдаж байгаагүй. Энэ бүхнийг замын турш Амирлан ярьж тэр гагц сонсож л явлаа. 

Өвгөн залууг ирсэн даруйд нэг их сүрхий харснаас өөрөөр юм ч ярьсангүй. Өвгөнийг Мээеэ гэж дуудах бөгөөд жинхэнэ нэрийг нь энэ нутгийнхан бүү хэл Амирлан ч мэддэггүй аж.

Ирсэн цагаасаа хойш тэр Амирлангийн ярихыг сонсож, эргэн тойрны уул, усыг ажиглахаас өөрийг хийсэнгүй. Харин нэг өглөө өвгөн түүнийг хамтдаа хойд уулынхаа оройд гарахыг урьжээ. Өвгөнийг даган уулын нарийн жимээр өгсөж явахад байгаль дэлхийн бүхий л гоо сайхан нэгэн дор цогцолсон юм шиг харагдана. Гэвч түүнд нэг л таатай сэтгэгдэл төрөхгүй л байлаа. Уул өгсөх тусам манан өтгөрнө. Гэвч энэ манан хотынхоос тэс өмнөө ажээ. Манант хотын манан хуурай саарал бөгөөд зүрх судасны өвчтэй бүү хэл эрүүл хүний ч амьсгал боогдом байдаг бол харин энэ манан чийглэг, удах тусам хувцас нь чийг дааж, цээж дүүрэн амьсгал авч болж байлаа.

Тэр хоёр өгссөөр уулын орой дээр гарав. Өвгөн жижигхэн овоог нар зөв гороолон чулуу өргөөд хажуугийн тэгш газар суун тамхи нэрэв. Уулын оройд өнөөх манан үгүй бөгөөд яг л үүлэн дээр буй мэт харагдана. Удтал тамхи татсан Мээеэ өвгөн гэнэтхэн

-Чамд өнөөх чинь бий юу? гэсэн сонин асуулт асуув. Гайхсан харцтай түүнийг үл анзааран өвгөн:

-Яагаав Ягаан болор чинь... хэмээн нэмж хэллээ.

-Байгаа гэж хариулах үедээ “Тэр нэгэн өдрөөс хойш өөрт нь буйг хэн ч мэдээгүй байтал энэ өвгөн” гэсэн бодол зурсхийв.

Харин өвгөн юу ч болоогүй мэт утаагаа үлээгээд дараах домгийг ярьжээ.

...Гэрэлт хайрханы өвгөн савдаг долоон охинтой, амар амгалан аж төрж байжээ. Том зургаан охин нь аавынхаа зааж сургасан бүхнийг ягштал биелүүлж, нас биед хүрэхдээ ойролцоох жижиг уулсын эзэн савдаг болцгоосон байна. Харин бага охин нь аавынхаа болохгүй гэсэн бүхнийг зөрчиж сүүлдээ жирийн хүний амьдралаар амьдрана хэмээн зөрүүдлэх болжээ. Эцэст нь аргаа барсан өвгөн савдаг охиноо үзэмжит сайхан Ягаан болор болгон хувиргаж, өөрт нь чин сэтгэлээсээ татагдсан залуу гарах бөгөөс түүнийг жирийн хүний амьдралаар амьдруулна хэмээн зөвшөөрчээ...

... Сурсан зангаараа 10:00 цагийн үед орноосоо өндийж өнөөх л өндөг талхаа шарж идэв. Мэдээж дутуу орхисон өгүүллэгээ дуусгахаар суусан ч бичих янз огт алга. Гадаа хувингаар асгах мэт бороо орсоор... Гэнэтхэн тэрээр өнөөх Ягаан болорыг санан гаргаж үзэх гэсэн ч сүүлийн арван хэдэн жил нэг л газраа байсан чулуу нь алга. Өдөр өнгөртөл хайсан ч өөрт нь зориулж худалдаж авсан жижигхэн модон хайрцаг нь бахь байдгаараа байх боловч чулуу л олдсонгүй. Аргаа барсан тэрээр нэг хэсэг цонхоор ширтэн тамхи татаж зогсоод гэнэтхэн гадуур хүрмээ авч гэрээсээ гаран бороон дундуур гудамж уруудан алхлаа. Тархи толгой, зүрх сэтгэл нь хоосорсон юм шиг санагдаж хаачихаа мэдэхгүй бороон дундуур алхсаар нэг мэдэхэд ажлынхаа ойролцоо иржээ. Ажил дээрээ аваачиж орхисон байж магадгүй гэсэн сонин бодол гэнэтхэн харван орж ирэхэд тэрээр ажилруугаа орлоо. Амралтын өдөр учраас үүдний жижүүрээс өөр хэн ч алга. Түүнтэй долгой дохин мэндэлсэн боловч өнөөх нь анзаарсан эсэхийг ёстой бүү мэд.

Нарийн хонгилоор алхсаар олон ширээ эгнүүлэн тавьсан шилэн ханатай ажлынхаа өрөөний үүдэнд ирэв. Харин цонхон тушаа байх ширээн дээр хэзээ авхуулснаа огт санахгүй түүний цээж зургийн доогуур улаан тууз татан жаазлан тавиад өмнө нь цагаан сарнай цэцгийн баглаа тавьжээ.

 2017 он  МЗЭ-ийн шагналт Т.Дарханхөвсгөл

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Will Smith(202.126.89.21) 2022 оны 06 сарын 07

Энэ чинь бараг ”Silent Hill” -ын зохиол юм биш үү?

0  |  0
Top