Цар тахал, түүнээс үүдсэн эдийн засгийн уналт, ядуурал гээд олон зүйлээс шалтгаалан, УИХ-аас Төсвийн тодотгол хийхээр болж, Засгийн газраас “Хэмнэлтийн тухай хууль”-ийг өргөн бариад аль аль нь хэлэлцүүлгийн шатанд явна. Язгуур санаа нь ердөө эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай давах, ард түмнээ өлсгөхгүй байх юм.
Гэтэл Төсвийн тодотгол, “Хэмнэлтийн тухай хууль”-иар энэ язгуур хоёр санааны нэг нь лав маш ихээр зөрчигдөж байгааг харж болно. Мэдээллээс харж байхад цэрэг, цагдаа, онцгой гэх мэт газруудын дүрэмт хувцас дахин шинээр хийхийг хориглож, үүнд зориулан суулгасан хоёр тэрбум төгрөгийг танасан сураг бий.
Мөн зарим хэвлэл мэдээлэл, хэвлэлтийн зардлыг танаж гээд яриад байвал эргээд ард түмнийхээ эсрэг тодотгол хийх гэж байна.
Тухайлбал, дотоодын цэрэг, цагдаагийн дүрэмт хувцасыг “Батзүү”, “Өүлэн инч” гэх мэт дотоодын арваад оёдлын үйлдвэр хуваан авч оёдог байна. Тэгэхээр төсвийн тодотголоор хасаж байгаа хоёр тэрбум төгрөг эдгээр үйлдвэрүүдийн ажилчдын цалин хөлс, тэдний ар гэрийн талхны мөнгийг танаж байна гэсэн үг. Эдгээр ажилчдын талхыг таначихаад “ард түмнээ өлсгөхгүй тулд” хэмээн ярих нь дэндүү өрөөсгөл.
Цэрэг цагдаа нь гандсан хувцастай явж болох ч цаана нь өөр асуудал босож байна. Ингэхээр төсвийг бодлогогүй тодотгох нь ард түмнээ өлсгөхгүй байх, эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах арга биш гэдгийг харж болно.
Энэ мэт олон зүйлийг танаж байгаа нь ард түмний амьдрал ахуйд сөрөг нөлөөлөхөөс өөр үр дүн гарахгүй. Хэвлэл мэдээллийн зардлыг танаж, хэвлэлтийн зардлыг хориглож байгаа нь ч сэтгүүл зүй, хэвлэлийн газруудын хоолыг булааж байгаа хэрэг. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулж, тэдний үйл ажиллагааг сурталчлах замаар санхүүжиж ирсэн.
Хэвлэлийн газруудын санхүүгийн эх үүсвэрийн нэгээхэн хэсэг нь ч энд бий. Үүнийг таначихаар хэвлэл мэдээллийн салбар, хэвлэлийн газруудад ажиллаж байгаа мянга мянган иргэнийнхээ хоолыг булааж байна гэсэн үг. Ийм л төсвийг хэлэлцэж байна даа. Энэ тодотгол нь төсөвтөө л хэрэгтэй байх. Харин ард иргэдэд бол ямар ч хэрэггүй гэдгийг дээрх хоёрхон жишээнээс харж болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )