-Хонхны баярын төсвийг танаад, танаад хоёр сая төгрөгөөс хол давж байна-
Хичээлийн шинэ жил дуусаж төгсөлтийн хонхны дуу цангинах мөч ойртсоор байна. Ерөнхий боловсролын дунд сургуулиа төгссөн, оюутан цагаа үдсэний баяр гээд ар араасаа хөвөрнө. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд оюутан сурагчдын хонхны баяр болоогүй. Тэгвэл энэ жил хонхны баяр хийхийг их сургуулиуд өөрсдөө шийдэх юм байна. Их дээд сургуулиудын төгсөлтийн баяр дөхсөн энэ өдрүүдэд төгсөгчдийн бэлтгэл ажил зургийн цомог, дээл хувцсаар үл тогтоно. Хонхны баяраар өмсөх хувцас, дипломын бичвэр, зугаалга гээд төсөвлөх зүйл ихтэй. Хоёр жилийн турш хонхны баяраа ёслох төдий өнгөрсөн хүүхэд залуус энэ жил өргөн хүрээнд тэмдэглэхээр шийдсэн бололтой. Тэд энэ жил хонхны баяраар хэдэн төгрөг шаардлагатай байгааг сурвалжлахаар зарим зах, худалдааны төвүүдийг зорилоо.
ХИЛЭЭР ОРЖ ИРЭХ АЧАА ГАЦСАН ТУЛ ГОЁЛЫН ХУВЦАСНЫ ҮНЭ ӨНДӨР БАЙГАА АЖ
Манай сурвалжлах баг эхлээд олон хүн үйлчлүүлдэг Бөмбөгөр худалдааны төвийн эмэгтэй дээл, эрэгтэй костюм, гутлын худалдааны тасгаар орсон юм. Иргэдийн зүгээс дээл хувцас худалдан авахад үнэ өмнөх жилүүдээс нэмэгдсэн байна гэж байлаа. Харин худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар торго, даавуу болоод бусад материалуудын үнэ хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор дээлийн үнэ өссөн аж.
Хэдийгээр үнэ нэмэгдэж ирсэн ч үндэсний хувцас байнгын борлуулалттай байдаггүй учир аль болох олон бараа зарахыг илүүд үзэж их ашиг хардаггүй гэлээ. Үндэсний дээл, хувцас борлуулагчид “Хонхны баяр дөхөөд ирэхээр иргэд эртлэн хувцас хэрэглэлээ авдаг тул одоогоор ачаалалтай ихтэй. Хугацаа дөхөх тусам хувцас хэрэглэл шилэгддэг тул иргэд аль болох эрт бэлддэг” гэсэн юм. Тус худалдааны төвд дан дээл 120-190 мянган төгрөг гэж байлаа. Хажуу талын Алтжин Бөмбөгөр худалдааны төвд эмэгтэй дан дээл материал, хийцээсээ шалтгаалаад 200 мянга төгрөг хүртэл үнэтэй байв.
Эмэгтэй дээл борлуулж буй худалдагч “Манай ихэнх дээл цагаан сарын худалдаанаас үлдсэн, яг хонхны баярт өмсөх гоёлын дээл ховор учир ийм үнээр нь зарж байгаа. Шинээр материал нэмж аваад оёх гэхээр үнэ нь өссөн тул энэ жилдээ байгаа цөөн хэдэн дээлээ зарж байгаа” гэлээ. Харин эрэгтэй костюмын хувьд өнгө, материал, дан болон хос зэргээс хамаарч 180-260 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна. Энэ үнэд дотуур өмсөх сорочка цамцны үнэ ороогүй гэлээ. Дотуур өмсөх сорочикны үнэ тусдаа 40-90 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Эрэгтэй хувцас борлуулагчид “Эрээний хил асуудалтайгаас болоод костюмууд Туркээс ирж буй учир өртөг өндөр гарч зарагдах үнэ өссөн болохоор цамцтай нь нийлсэн үнэ хэлэхээр иргэд үнэтэй байна гэж ойлгоод байгаа” хэмээв. Дээл, костюмаа авсан хүн шинэ гутал авах нь дамжиггүй биз ээ. Тэгвэл тус худалдааны төвд эрэгтэй ботинк 180-260 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Харин эмэгтэй туфль 70-150 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Хөдөө аж ахуйн их сургуулийн төгсөх ангийн оюутан Д.Чулуунчимэг “Төгсөлтийн үйл ажиллагаанд гутал хувцас, нүүр будалт, дипломын ажил, зугаалга, бэлэг сэлт гээд одоогоор бараг л сая төгрөг орно түүнээс ч дээш гарах байх гэж төсөвлөж байна. Энэ бол миний бүх зүйлийн үнийг дундажлан танаж гаргасан тооцоо юм” гэв. Түүний тооцооллоор дундаж гоёлын дээл ээмэг зүүлттэйгээ 350-500 мянга төгрөг болох бөгөөд дипломын ажилд л 200 мянган төгрөг орох аж. Төгсөлтийн үйл ажиллагаанд зургийн цомог, зугаалга, ресторан гээд энэ бүхэнд 400 мянган төгрөг орно хэмээн төсөвлөсөн байна. Эдгээрээс гадна нүүрээ будуулах, үсээ янзлах гээд чамгүй мөнгө орно. Үүнээс харахад хоёр сая төгрөг хол давж дундаж цалинтай өрхийн сарын орлого бүтнээрээ хүрэлцэхгүйд хүрчээ.
ХОНХНЫ БАЯРЫНХАА ЗАРДЛЫГ НИЙГЭМД ТУСТАЙ САЙН ҮЙЛСЭД ЗАРЦУУЛВАЛ ЯАСАН ЮМ БЭ
Эмэгтэйчүүдийн хувьд төгсөлтийн арга хэмжээнд дээл өмсөх нь бараг л уламжлал болоод буй. Дээл авах шаардлагатай хүн бүрийн бодолд шууд л Дүнжингарав худалдааны төв тусдаг. Дүнжингарав худалдааны төвийн үүдээр орох төдийд л баруун жигүүрт үндэсний хувцас харагдана. Тэнд үндэсний дээл, өнгө, загвар, хийцээр нь зэрэгцүүлэн өлгөсөн дээлүүдээс иргэд баярын гоёогоо хайж яваа хүмүүс олширчээ. Доторгүй дээлний дундаж ханш нь 250 мянган төгрөг байсан бол гоёлын дээл голлон захиалгаар хийгддэг тул үнэ нь 250-450 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг юм байна.
Худалдагч Т.Энхбаяр “Дээлээ яг л авах гээд сонирхох үед үнийг нь буулгаад өгдөг” хэмээн хэлж байлаа. Дээл борлуулагч өөр хоорондоо үнийг дундажлан барьж байдаг тул борлуулалтаа бодоод үнийг хэтэрхий хямд болгон буулгаж болдоггүй ажээ. Үүнээс гадна Ивээл, Номт, Эртний монгол хийц, Дээдсийн гоёл зэрэг зэрэглэл өндөртэй дээлний салонуудын үнэ ханш нэг сая төгрөгөөс эхлээд тэнгэрт тулсан үнэтэй. Оюутнууд халаасныхаа хэмжээнд тааруулж дээрх худалдааны төвүүдээс сонголтоо хийдэг нь ч нууц биш. Гоёмсог, дахин давтагдашгүй зөвхөн өөрт байх чамин хувцас өмсөх дуртай хүн цөөнгүй байдаг.
Тийм учраас гоёлын дээл, хувцас худалдааны төвөөс бус загварын салонд хэдий хэмжээний үнэтэй байх талаар судаллаа. Оёо гоёо салоны хувьд гоёлын загварын дээл захиалгаар хийгдэх бөгөөд энгийн цулгуй дээлийг бэлнээр хямд үнээр худалдаалдаг аж. Торгон болоод загварын дээлийг 200-500 мянган төгрөгийн хооронд хийх юм байна. Харин Төгс гоёл салоны хувд гоёлын дээлүүд 180-250 мянган төгрөгийн хооронд бэлнээр худалдаалагдаж цөөн захиалга авах юм байна. Төгсөлтийн баяр зөвхөн гоёлын хувцсаар хэмжигдэхгүй юм. Төгсөгчид дипломоо аваад хамт олноороо хүлээн авалтын зоог барьж баярлан, амралт зугаалгаар явж төгсөлтийн баяраа өндөрлөдөг.
Тэгвэл хонхны баярын захиалга авч буй ресторануудын багцын үнэ 70-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Амар зочид буудлын хүлээн авалтын захиалга 70-150 мянган төгрөгийн хооронд байхаар багц боловсруулжээ. Уг багцад нэг болон хоёрдугаар хоол, салат, цай, сархад тэргүүтэн багтах аж.
Харин “New garden” ресторан 95-120 мянган төгрөгийн үнэ бүхий багц боловсруулжээ. Тухайн багцад үндсэн хоол, салат, уух зүйлс зэрэг багтсан аж. Оюутан цагийнхаа гэрэлтэм агшныг зурганд мөнхөлж, мартагдашгүй төгсөлтийн баяраа анги хамт олноороо өнгөрөөхийн тулд тэд хоёр саяар тогтохгүй зардал гаргах нь тодорхой байна. Үүнээс гадна амралт зугаалганд явах, чөлөөт хувцас гэх мэт зардлыг эс тооцсон болно. Дөрвөн жил хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулсан эцэг, эхчүүд хонхны баярт нь зориулж цалингийн зээл авах уу, эд хөрөнгөө барьцаалан мөнгө олох уу гэдэг шаналгаа нэмэгдэх болж байна.
Учир нь хоёр хүний сарын цалин нийлээд ч гар дээр хоёр сая хүрэхгүй байгаа энэ үед томчуудын толгойны өвчин эхэлж байна. Эцэст нь хэлэхэд энэ их зардлаар сайн үйлсийн аян, хандив тусламж зохион байгуулах санаачилга гаргасан бол гэж халаглах сэтгэл ч төрж байснаа нуух юун. Ганц өдөр идэж уугаад, гангарч гоёод дуусах мөнгөөр сургуулийнхаа номын санг арвижуулах, тохижуулах, өнчин ядуу хүүхдэд сургалтын төлбөрийг нь даах гээд нийгэмд тустай үйлс хийе гэсэн эрмэлзэлтэй төгсөгчид ер гарсангүй.
Б.Нарангоо
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Яам сайд нь уг нь уриалаад л байсан тоох сургууль байхгүй бололтой хонхны баяр үсэглэлийн баяр тэмдэглэвэл маш хатуу хариуцлага тооц гэсэн хуультай болвол ердийн дарамтгүй болох биз Ер нь тийм их чухал баяр биш гэдгийг мэдэж байгаа мөртлөө зогсохгүй зогсоохгүй юм даа
Khonkhny bayaryg zogsoo. Zaluuchuud ukhaalag bailda.said zakhiramj gargaachee
Соц үед хонхны баяр гэдэг юм байхгүй зөвхөн хаана хуваарилагдах бол гэхээс сэтгэл түгшүүртэй байдаг байлаа одоо бол толгой хоосон тэгсэн мөртлөө нэг нэгнийхээ дээр гарах гэж аав ээжийгээ өрөнд оруулж санаа нь амардаг болсон юм уу даа ажил төрөл яах бол гэж санаа ер зовохгүй эсвэл ийм тэнэг юм уу ёстой ойлгохгүй юм аа